| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0495/Э |
| Дугаар | 504 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 504
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.Б-, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910011910485 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, .... тоотод оршин суух, “Доче вилла” ХХК-д няравын ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Б-ын Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандалай Блуйс монголио” гэх амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б-ийг нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-: “...Манай ажлынхан “Мандалай Блуйс Монголиа” гэх амралтын газар амарч байсан. Амралтын газарт бид архи ууж орой нь би М-той маргалдахад Б маргаанд орж ирж араас татахад би Б-ийн нүүрэнд нь мөргөж хохирол учруулсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэрэгт байгаа баримтаар гарсан хохирлын мөнгийг төлж барагдуулна, одоогоор төлөөгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай ажлынхан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандалай Блуйс монголио” гэх амралтын газарт очиж сургалт зохион байгуулсан. Тэгээд сургалт дуусгаад амралтын газарт үлдэх нь үлдэж болно гэж захирал хэлээд 10-аад хүн үлдсэн. Бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би байрлаж байсан гэрээсээ гарч тамхи татах санаатай алхаж байтал гэрийн баруун урд хүмүүс шуугилдаад байхаар нь очтол манай ажлын залуу Б М-ыг газар унагаачихсан байхаар нь чи яаж байна гээд салгах гээд араас нь татсан чинь над руу эргэж хараад хамар мөргөчихсөн. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 530,000 төгрөгийг авмаар байна..." /хх-ийн 7-10/ гэсэн,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Орой гадаа гэрийн урд Б нэлээн согтолттой Э рүү агсраад байхаар нь би очиж салгатал Б над руу бас агсраад дайраад байсан. Тэгээд нэг нэгнийгээ заамдсан. Тэгтэл би газар унатал Б-гийн араас Б ирээд бид хоёрыг салгах гээд татсан чинь Б босоод Б-ийг мөргөчихсөн. Тэгтэл Б-ийн хамарнаас цус гараад Э Б-ийг аваад цусыг нь угаахаар явсан..." /хх-ийн 13/ гэсэн,
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тамхи татах гээд байж байтал Б ах хажууд нилээн согтолттой байсан. Би одоо орж унтана даа гэж хэлтэл тэгээд чи яах гээд байгаа юм гэж хэлээд над руу агсраад эхэлсэн. Тэгтэл М ах ирээд болиоч гээд Б ахад хэлтэл тэр хоёр барьцалдаж авахаар нь би цаашаа явж тамхи татчихаад буцаж иртэл Б ахын хамарнаас цус гарчихсан, Б хамар хугалчихлаа гэхээр нь би Б ахыг дагуулаад цусыг нь арилгах гээд нойл руу явсан...” /хх-ийн 15/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай ажлынхан “Мандалай Блуйс монголио” гэх амралтын газарт сургалтанд суусан. Тэгээд хэсэг хүмүүс үлдэж хонохоор болсон. Тэгээд орой нь М бид хоёр гадаа тамхи татаад зогсож байхдаа хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл Б араас татахаар нь би эргэж хараад намайг цохих гэж байна гэж бодоод Б-ийг мөргөчихсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна..." /хх-ийн 30/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5918 дугаартай дүгнэлтэд. “...Дүгнэлт 1. Г.Б-ийн биед духны зүүн хөндийн өмнөд ялтас, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 20 хуудас/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 37/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандалай Блуйс монголио” гэх амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б-ийн нүүрэнд мөргөж, эрүүл мэндэд нь духны зүүн хөндийн өмнөд ялтас, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Б-ийн “...Б М-ыг газар унагаачихсан байхаар нь чи яаж байна гээд салгах гээд араас нь татсан чинь над руу эргэж хараад хамар луу мөргөчихсөн. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 530,000 төгрөгийг авмаар байна..." /хх-ийн 7-10/ гэсэн, гэрч Б.М-ын "...Б ирээд Б бид хоёрыг салгах гээд Б-г татсан чинь Б эргэж хараад Б-ийг мөргөчихсөн..." /хх-ийн 13/ гэсэн, шүүгдэгч Б.Б-гийн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай ажлынхан “Мандалай Блуйс монголио” гэх амралтын газарт сургалтанд суусан, тэгээд хэсэг хүмүүс үлдэж хонохоор болсон, орой нь М бид хоёр гадаа тамхи татаад зогсож байхдаа хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл Б миний араас татахаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод эргэж хараад Б-ийг мөргөчихсөн..." /хх-ийн 30/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5918 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Б-ийн биед духны зүүн хөндийн өмнөд ялтас, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн байдал, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 530,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт 408,000 төгрөгийн баримтууд авагдсан /хх-ийн 40/ байх тул баримтын хүрээнд хохирлыг гаргуулж хохирогчид олгох, хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн 1910011910485 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б /Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, РД: ............./-гээс 408,000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Б /Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, ...... тоотод оршин суух хаягтай, РД: .........../-т олгож, хохирогч нь Г.Б гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 1910011910485 дугаартай хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР