Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2025/00007

 

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 317/ШШ2025/00156 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, ... тоотод оршин суух Ш овогт Г.М

 

Хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, ... тоотод оршин суух А овогт Б.М-д холбогдох

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Г.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Б.М-той 2014 онд танилцаад удаагүй гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 15-нд хүү М.З, 2017 оны 02 дугаар сарын 22-нд охин М.З,  2018 оны 11 дүгээр сарын 24-нд хүү М.З нар мэндэлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан, зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин М.З, хүү М.З нар надтай хамт амьдарч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд Б.М-оос охин М.З, хүү М.З нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж, миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.М-ын анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Г.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2014 онд танилцаж 6 жил хамтын амьдралтай байсан. Энэ хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 15-нд хүү М.З, 2017 оны 02 дугаар сарын 22-нд охин М.З,  2018 оны 11 дүгээр сарын 24-нд хүү М.З нар мэндэлсэн. Бид 2020 оноос ярилцаад би том хүү М.З-ыг авч, охин М.З, хүү М.З нар нь ээж дээрээ үлдсэн. Энэ жил хүү, охин хоёроо өөр дэрээ авч хэдэн сар болсон, Г.М хүү, охин хоёрыг асарч хүмүүжүүлж чадахгүй байгаа бол охин М.З, хүү М.З нарыг би өөрийнхөө асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх саналтай байна. Би одоо тусдаа амьдралтай болсон, манай эхнэр ч хүү, охин нарыг авч өсгөж хүмүүжүүлье гэдэг гэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Гэр бүлийн тухай хуульд зааснаар Г.М, Б.М 2 сайн дураараа хамт амьдарсан. 2020 оноос тусдаа амьдарсан. Г.М нь хүү М.З, охин М.З нарын тэтгэлгийн асуудлыг ярьж байгаа нь үндэслэл муутай, гурван хүүхдийг адил тэжээх үүрэгтэй. Том хүү М.З-ыг тэжээн тэтгэх үүрэгтэй. 2020 онд 3 хүүхдийн асуудлыг өөрсдөө тусдаа амьдарч, хүүхдүүдээ аваад шийдсэн байсан. Манай үйлчлүүлэгч М.Золжаргалыг авъя гэсэн. Нэхэмжлэл дээр тус тусдаа амьдрахаар болсон, одоо М.З нь 1 дүгээр ангид орж байгаа, хичээлийн хэрэгслийг ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна гэсэн. Миний хүүхэд биш гэж хаяж явсан асуудал байхгүй. Яагаад шинжээчийн дүгнэлт гаргуулсан бэ гэхээр зан, ёс суртахууны хэн, хэнд нь хамаатай асуудлыг ярьсан. Энэ хүүхдүүдийн эрх ашиг хэн дээр байвал илүү үр өгөөжтэй, сурган хүмүүжүүлэх чадвартай, энэ хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх асуудалд дүгнэлт хийх ёстой. Манай үйлчлүүлэгчийн санаа зовж, хэлж байгаад буруу зүйл байхгүй. Өсгөн хүмүүжүүлж чадахгүй байгаа бол хоёр хүүхдээ авъя гэсэн саналыг шүүхэд тавьсан. Хууль зүйн үндэслэлээр одоо нэг хүүхдийн эрх ашиг яригдаж байна. Эцэг хүн бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн заалт байхгүй. Адилхан тэжээн тэтгэх үүрэгтэй. Манай үйлчлүүлэгчийн олж байгаа орлого, сурган хүмүүжүүлээд хүүхдүүдээ авч явах чадвартай гэж ойлгож байна. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 22-нд төрсөн охин М.З, 2018 оны 11 дүгээр сарын 24-нд төрсөн хүү М.З нарыг эх Г.М-гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 22-нд төрсөн охин М.З, 2018 оны 11 дүгээр сарын 24-нд төрсөн хүү М.З нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.М-оор тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.М-гийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-оос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Б.М болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхээс Г.М-гийн нэхэмжлэлтэй Б.М-д холбогдох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Г.М, Б.М нар нь 6 жил хамтран амьдарч байгаад таарч тохироогүйн улмаас салж тус тусдаа амьдрах болсон. Хамтын амьдралтай байх хугацаанд 2015 онд хүү М.З, 2017 онд охин М.З, 2018 онд хүү М.З нар төрсөн. 2020 онд зохигчид тусдаа амьдрахдаа том хүү М.З-ыг эцэг нь өөрийнхөө асрамжид авч ээжийнх нь асрамжид охин, хүү хоёроо үлдээсэн. Гэтэл шүүхээс нэг эцэг, эхээс төрсөн гурван хүүхдийг ганцхан эцэг тэжээн тэтгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх адилхан тэжээн тэтгэх үүрэгтэй байхад хүү М.З-ын хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож уг хэргийг дахин үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж байсан ч шүүх хүлээж аваагүй болно гэжээ.

 

6. Хариуцагч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би том хүүг өөрийн асрамжид аваад нэг хүүхдийн тэтгэлэг төлөх саналтай байгаа гэв.

 

7. Хариуцагч Б.М-ын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр хүн хамтын амьдралтай байхад хугацаанд гурван хүүхэд төрсөн гэдэг нь тогтоогдсон. Хэргийг энэ агуулгаар шийдвэрлэх нь тэдний дундаас төрсөн том хүү М.З-ын тэтгэлгийн асуудал хөндөгдөх учир хэргийг нэг мөр шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үүсэж байгаа. Мөн Б.М гурван хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэснийг шүүх анхаарч үзээгүй гэв.

 

6. Нэхэмжлэгч Г.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр хүүхдээ эцэг Б.М-д нь өгөхгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.М,  түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

2. Нэхэмжлэгч Г.М хариуцагч Б.М-д холбогдуулан тэдний дундаас 2017 оны 02 дугаар сарын 22-нд төрсөн охин М.З,  2018 оны 11 дүгээр сарын 24-нд төрсөн хүү М.З нарын асрамжийг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрөн маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Б.М-той 2014 онд танилцан гэр бүл болж, 2015 оны 4 дүгээр сарын 15-нд хүү М.З, 2017 оны 02 дугаар сарын 22-нд охин М.З,  2018 оны 11 дүгээр сарын 24-нд хүү М.З нар төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан, зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос тусдаа амьдрах болсон үеэс охин М.З, хүү М.З нар надтай хамт амьдарч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд эцэг Б.М-оос охин М.З, хүү М.З нарт тэтгэлэг гаргуулан өгч, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

4. Хариуцагчаас бид 2014 онд танилцаж 6 жил хамтын амьдралтай байсан, 2020 оноос ярилцаад том хүү М.З-ыг би авч, охин М.З, хүү М.З нарыг ээжид нь үлдээсэн. Нэхэмжлэгч Г.М хүү, охин хоёрыг асарч хүмүүжүүлж чадахгүй байгаа бол би өөрийн асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх саналтай байна. Би одоо тусдаа амьдралтай, эхнэр ч гэсэн хүү, охин хоёрыг авч өсгөн хүмүүжүүлье гэдэг учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

5. Харин зохигчид 2014 оноос 2020 оныг хүртэл хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд тэдний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 15-нд хүү М.З, 2017 оны 02 дугаар сарын 22-нд охин М.З, 2018 оны 11 дүгээр сарын 24-нд хүү М.З нар төрсөн гэдэгтэй маргаагүй байна.

 

6. Анхан шатны шүүх гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ хэмээн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зохицуулсан учир эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэжээн тэтгэх үүрэгтэй,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг, эхийнхээ хэнд нь илүү ээнэгшин дассан, хаана амьдрахад илүү ээлтэй, аюулгүй орчин бүрдсэн талаарх хүүхдийн ярьсан өгүүлэмжийг шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй анхаарах зүйтэй байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн охин М.З ээжтэйгээ амьдарна гэсэн, шүүхээс шинжээч томилж нөхцөл байдлын үнэлгээ хийлгэхэд нэхэмжлэгчийн хувьд одоогийн амьдарч буй ахуй нөхцөл, орчин хүүхэд өсөж бойжиход аюулгүй, тав тухтай, хүүхдийн суурь хэрэгцээг хангах, орлого бүхий тогтсон ажилтай, боловсролын үйлчилгээнд хамруулах боломжтой,

Хариуцагчийн хувьд одоогийн амьдарч буй ахуй нөхцөл орчин хүүхэд өсөж бойжиход зарим нэг зүйлийг сайжруулах шаардлагатай, хүүхдүүдийн суурь хэрэгцээг хангах орлого бүхий тогтсон ажилтай, боловсролын үйлчилгээнд хамруулах боломжтой, цаашид хүү М.Золжаргалд мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах, охин М.З, хүү М.З нарыг аав, ах нартай нь хүссэн үед нь уулзуулж байнгын харилцаатай байлгах гэсэн.

Зохигчид 2020 оноос тусдаа амьдарч эхэлснээс хойш охин М.З, хүү М.З нар нэхэмжлэгчийн асрамжид байсан, хүүхдүүдийн эхдээ ээнэгшин дассан байдал зэргийг үнэлж эхийнх нь асрамжид үлдээн эцэг Б.М-оор хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 22-нд төрсөн охин М.З, 2018 оны 11 дүгээр сарын 24-нд төрсөн хүү М.З нарыг эх Г.М-гийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар М.З, М.З нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны түвшний хэмжээгээг эцэг Б.М-оор тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоон шийдвэрлэжээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсний дараа зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулна өгнө гэж тус тус заасан.

7.1. Гэтэл шүүхээс Г.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШЗ2024/03013 дугаар шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг” үүсгэж, уг захирамжийнхаа 2 дахь заалтаар хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлахаар шийдвэрлэсэн /хх-ийн 13-р тал/ атлаа 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу иргэний хэрэг үүсгээгүй байх үедээ хариуцагч Б.Мд нэхэмжлэлийн хувийг гардуулж /хх-ийн 16-р тал/, эрх, үүрэг тайлбарлан өгсөн баримт /хх-ийн 17-р тал/-д гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй болжээ.

 

8. Мөн шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн зохигчийн дундаас төрсөн хүү М.З-ыг асуусан тэмдэглэлийн биеийн байцаалт хэсэгт “2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, Төв аймгийн Зуунмод сумынд төрсөн 9 настай, эрэгтэй, Төв аймаг, Баянжаргалан сум, Жаргалан, 1 дүгээр багт оршин суух А овогт Б.М /РД:НЕ88112474/” гэж бичигдсэн нь ойлгомжгүй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахуйц, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн үнэлсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.  

 

9. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбар, анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд зэргээс үзвэл хариуцагч Б.М 2017 оны 02 дугаар сарын 22-нд төрсөн охин М.З, 2018 оны 11 дүгээр сарын 24-нд төрсөн хүү М.З нарын асрамжийн талаар маргасаар байхад шүүхээс уг нөхцөл байдлыг нь анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэн оролцох зарчимд нийцээгүй гэж үзэх бөгөөд эдгээр алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй юм.

 

10. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

11. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 317/ШШ2025/00156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЧ, ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                            

                              ШҮҮГЧИД                                               А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                   М.МӨНХДАВАА