| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0486/Э |
| Дугаар | 505 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 505
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч Д.Э, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С овогт Б-ийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910007310343 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүү нарийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ....... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ авсан, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Б-ийн Б-т /РД: ......./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Аэро” караоке бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа уг бааранд үйлчлүүлж байсан Д.Э-д “камерын бичлэгийг үзүүлэхгүй" гэж маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Д.Э-: “...2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “Аэро” караокед 2 найз, нөхрийн хамт орсон. Манай нөхөр гарч тамхи татаад орж ирэхдээ нүдээ хэн нэгэнд хатгуулсан байсан учраас би караокений ажилчдаас камерийн бичлэгийг шүүж үзэхийг шаардсан. Гэтэл эмэгтэй зөөгч нь “манай караокены газар камер байдаггүй” талаар хэлсэн. Би караокены ажилчдаас ямар шалтгааны улмаас камер нь ажилладаггүй талаар асуухад шүүгдэгч камерийг үзүүлэхээс татгалзсан тул бид хоёр маргалдаж эхэлсэн. Маргаанаас болж шүүгдэгч намайг хана руу түлхэж гэмтээсэн. Би шүүгдэгчээс эмчилгээний 2.860.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: шүдний аппаратны үнэ 1.200.000 төгрөг, шүд залгах төлбөр 150.000 төгрөг, хамарны мэс заслын төлбөр 1.200.000 төгрөг, эмийн сангаас баримтгүй эм 75.000 төгрөгийн зардал тус тус болсон. Шүдний аппарат, хамрын хагалгааг намраас хийлгэнэ, би тухайн үед бухимдаж байсан учраас шүүгдэгчийг түлхсэн нь үнэн. Гэтэл шүүгдэгч намайг хүчтэй түлхэж унагааж миний эрүүл мэндэд хохирол учруулсан...” гэв.
Шүүгдэгч Б.Б-: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хохирогч миний ажилладаг “Аэро” караоке пабд шөнийн 02.00 цагийн үед нөхөр, хоёр найзын хамт орж үйлчлүүлсэн. Хохирогчийн нөхөр караокены гадаа тамхи татах гэж гарахдаа танихгүй хүмүүст нүдээ хатгуулчихсан гэж орж ирсэн. Хохирогч нөхрийнхөө эрүүл мэндэд санаа зовниж бид нараас камерийн бичлэг байдаг эсэхийг асууж, камерийн бичлэгийг шүүж үзнэ гэж дайрч эхэлсэн, би хохирогчид “та маргааш ирээд буудлын захирлаас камерийн бичлэгийг аваад үзнэ үү” гэж хэлсэн. Учир нь миний ажилладаг караокены камер нь ажилладаггүй, хохирогч ууралсандаа намайг цохиход би хохирогчийг өөрөөсөө холдуулах гэж цээжин хэсэг рүү нь түлхэхэд хохирогч хана мөргөж унасан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Э, найз Солонго, түүний нөхөр Сайханжаргал бид нар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аэро” караоке баранд шөнө 03 цагийн үед үйлчлүүлэх гээд орсон юм. Тэгтэл манайх хаах гэж байгаа болохоор нэг цаг үйлчлүүл гэсэн. Бид нар сууж байгаад манай нөхөр Э тамхи татахаар гарсан. Буцаж орж ирэхдээ миний нүд рүү хатгасан гээд орж ирсэн. Тэгэхээр нь би хэн хатгасан юм бэ гэхэд мэдэхгүй байна гадаа танихгүй хүн миний нүд рүү хатгасан гээд байсан. Тэгэхээр нь би баарны зөөгчид хандаж танайд хяналтын камер байдаг юм уу манай нөхрийн нүд рүү хатгасан байна камер шүүж үзье гэхэд зөөгч залуу манай хяналтын камер байгаа, гэхдээ та нарт үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдсан чинь намайг түлхэж би баарны хана мөргөөд унасан. Миний хамар хавдаад, зүүн дээд 1 дүгээр шүд эмтэрч, дээд доод уруул няцарсан байсан. Би гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлж зураг авахуулаад 140 000 төгрөг зарцуулсан. Хамар шүдээ янзлуулахад 3 000 000 төгрөг бол байна...” /хх-ийн 8-10/ гэсэн,
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Нэг танихгүй залуу ирээд надтай хэрүүл өдөөд бид хоёр маргалдаж байгаад би буцаад караоке орсон чинь манай эхнэрийн амнаас нь цус гараад зогсож байхаар нь юу болсон юм, яасан бэ гэж асуухад зөөгч нь намайг түлхчихлээ гэж хэлсэн. Тэгээд зөөгч залууг чи яах гэж эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд нөгөө залууг толгойгоороо дух хэсэгт нь хоёр удаа мөргөсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй..." /хх-ийн 15-16/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аеро” нэртэй пабд 2019 оны 3 дугаар сарын эхээс ажиллаж байна. Болсон асуудлын талаар гэвэл 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад 30 орчим насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүн орж ирээд өрөө аваад нэг шил архи аваад үйлчлүүлсэн. Тэгээд дуулж байгаа өрөө рүү нь орсон чинь нэг микрофон залгадаг залгуурыг нь эхнэр, нөхөр хоёр булаацалдаж байгаад тасалчихсан байсан. Тухайн үед би хараагүй, камер шүүж байгаад харсан. Дотор байхад нөгөө эгч миний хацар руу цохиод дахиж цохих гэхээр нь би хойшоо болоод түлхсэн чинь тэр эгч саваж унахдаа хана мөргөөд унасан..." /хх-ийн 38/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №3652 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Э-ын биед хамар ясны зөрөөгүй хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, сулрал, хамар болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Тухай улаан өнгийн куртка өмссөн залууг хар өнгийн цув өмссөн эмэгтэй түлхэж байв, тухайн үед өрөөн дотор байгаа хүмүүс гараад улаан өнгийн куртка өмссөн залуу, хар өнгийн цус өмссөн эмэгтэйтэй хоёулаа үлдэв. Тухайн үед эмэгтэй 01 минут 31 секундэд тухайн залуугийн нүүр рүү 1 удаа алгадаад дахиад залууг түлхэх гэж оролдоход залуу 01 минут 32 секундэд түлхээд унагахад тухай эмэгтэй хана мөргөөд унав...” /хх- 20/ гэсэн тэмдэглэл,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Аэро” караоке бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа уг бааранд үйлчлүүлж байсан Д.Э-д “камерын бичлэгийг үзүүлэхгүй" гэж маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Э-ын “...би баарны зөөгчид хандаж танайд хяналтын камер байдаг уу?, манай нөхрийн нүд рүү хатгасан байна, камер шүүж үзье гэхэд зөөгч залуу манай хяналтын камер байгаа, гэхдээ та нарт үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдсан чинь намайг түлхэж би баарны хана мөргөөд унасан. Миний хамар хавдаад, зүүн дээд 1 дүгээр шүд эмтэрч, дээд, доод уруул няцарсан байсан. Би гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлж зураг авахуулаад 140,000 төгрөг зарцуулсан. Хамар шүдээ янзлуулахад 3,000,000 төгрөг болж байна...” /хх-ийн 8-10/ гэсэн, гэрч Ц.Э-ын "...манай эхнэрийн амнаас нь цус гараад зогсож байхаар нь юу болсон юм, яасан бэ гэж асуухад зөөгч нь намайг түлхчихлээ гэж хэлсэн. Тэгээд зөөгч залууг чи яах гэж эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд толгойгоороо нөгөө залуугийн духанд хоёр удаа мөргөсөн...” /хх-ийн 15-16/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ийн “...Дотор байхад нөгөө эгч миний хацар руу цохиод дахиж цохих гэхээр нь би хойшоо болоод түлхсэн чинь саваж унахдаа хана мөргөөд унасан...” /хх-ийн 38/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №3652 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Э-ын биед хамар ясны зөрөөгүй хугарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, сулрал, хамар болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...улаан өнгийн куртка өмссөн залуу, хар өнгийн цус өмссөн эмэгтэйтэй хоёулаа үлдэв. Тухайн үед эмэгтэй 01 минут 31 секундэд тухайн залуугийн нүүр рүү 1 удаа алгадаад дахиад залууг түлхэх гэж оролдоход залуу 01 минут 32 секундэд түлхээд унагахад тухай эмэгтэй хана мөргөөд унав...” /хх-20/ гэсэн зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ авч, энэ хугацаанд хуульд зааснаар үүргийг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн хохирогч Д.Э-ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн байх тул шүүх түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б Баянгол дүүргийн шүүхэд дээрмийн болон бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хянагдаж байхад энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож байгаа хэргийг үйлдсэн, шалгагдаж байгаагаа хэлээгүй, хэлдэг тухай мэдээгүй, тус тусдаа ял авна гэж бодсон талаараа мэдүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 311 дугаартай шийтгэх тогтоол 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд уг тогтоолын тогтоох хэсэгт заасан хоёр жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахаар заасныг шүүх хөндөхгүйгээр энэ шийтгэх тогтоолоор үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн хуралдаанд оролцсон хохирогч Д.Э гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор хамрын хагалгаанд орох шаардлагатай, “ЭММЖ” нэртэй хувийн эмнэлэгт үзүүлэхэд хамрын хагалгаанд намар ордог, ойролцоогоор 1,200,000 төгрөг, мөн шүд хөдлөөд далий эдгэсэн учир шүдний аппарат зүүнэ, аппаратны үнэ 1,200,000 төгрөг болно, шүд залгуулахад 150,000 төгрөг, бусад шинжилгээ өгөх болно гэсэн тул нийт зардалдаа 3 сая төгрөг нэхэмжилж байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч надад 130,000 төгрөг шилжүүлсэн, 3 сая төгрөгөөс хасаж тооцоод үлдэх мөнгөө нэхэмжилнэ, гомдолгүй гэжээ.
Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтаар 128,000 төгрөгийн баримт авагдсан /хх-ийн 44-45/, мөрдөн шалгах ажииллагааны явцад 130,000 төгрөг шилжүүлсэн баримттай /хх-ийн 46/ байх тул хэрэгт авагдсан баримтаар хохирогчид учирсан эмчилгээний зардлыг шүүгдэгч төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор хохирол төлбөргүй байна. Харин хохирогч нь хамрын хагалгаанд орох, шүдэндээ аппарат зүүх, шүд залгуулахтай холбоотой ирээдүйд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан байна.
Шүүгдэгч Б.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг ү йлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1910007310343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б хохирогч Д.Э-д 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.Э нь өөрт учирсан хөнгөн хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлсугай.
6. Эрүүгийн 1910007310343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР