Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 510

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Г.Ганчимэг,

хохирогч А.Ц, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б-ийн Э-т холбогдох 1910012900496 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Үүрийн сэргэг” ХХК-ийн захирал, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ...... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт Б-ийн Э.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Нисэх” караокены гадна А.Ц-гийн нүүр тус газар цохиж хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч А.Ц “Би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Нисэх” кафе, караокед найзын хамт орж 2 пиво ууж байгаад гарсан. Караокеноос гараад такси барих үед шүүгдэгч намайг өдөж “буудал орох уу” гэж асуусан. Би шүүгдэгчийн асуултад татгалзсан хариулт өгсөн тул шүүгдэгч миний хамар руу цохиж гэмтээсэн. Би хамрандаа цохиулаад унасны дараа цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн. Би шүүгдэгчээс эмчилгээний 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч одоогоор 1,500,000 төгрөгийг надад төлсөн ” гэв.

 

Шүүгдэгч Б.Э “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисэх” караокед найз Н-ийн хамт орж дуулж байгаад караоке хаахаар нь тухайн караокеноос найз Н-ийн хамт гарсан. ...Би тухайн үед караокены шатны хажууд зогсож байтал 40 орчим настай бор царайтай 160 см орчим өндөртэй /Б.Э-/ залуу над дээр дөхөж ирээд хоёулаа буудал орох уу надад мөнгө байна гэж хэлэхээр нь би тан шиг  хүнтэй буудал ордог хүн биш гэж хэлтэл яасан маягтай юм гэж хэлээд миний хамар руу гараараа 1 удаа цохиж унагаасан. Тухайн үед миний ухаан санаа балартаж унасан газартаа хагас сууж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисэх” караокед найзын хамт орж дуулж байгаад караоке хаахаар нь тухайн караокеноос найзын хамт гарсан. Би зам дээр унаа дуудах гээд утсаар яриад байж байгаад найз А.Ц рүү эргээд хартал манай найз газар унаж байсан. Би очоод юу болсон талаар асуутал намайг энэ залуу хамар руу цохисон. ...Тухайн үед манай найзын хамраас нь цус гарчихсан, хамрын гол хэсэгт язарч цус гарчихсан байсан...” /хх-ийн 29-31/ гэсэн,

                                   

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн караоке хаах цаг нь болж үйлчлүүлж байсан хүмүүсээ гаргахаар би гартал надтай хамт дуу дуулж байсан хоёр эмэгтэйгийн нэг гадаа зогсож байхаар нь хамт буудалд орж ганц нэг пиво уух уу гэж хэлтэл намайг эр янхан минь зайл гэх мэтээр хэлсэн. Энэ үед караокеноос гарч байсан нэг залуу яг тийм шүү гэж хэлэхээр нь миний уур хүрээд тэр залууг цохих гэж байгаад тэр эмэгтэйгийн нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг удаа цохичихсон юм. Би тухайн үед эмэгтэй хүн цохисондоо балмагдаад жоохон зайтай хараад зогсож байтал тэр эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...” /хх-ийн 43/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №6196 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.Ц-гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 3-5/,

- Илтгэх хуудас /хх-ийн 47

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 7-9, 10-11, 17-20, 22,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Гурав. Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Нисэх” караокены гадна А.Ц-гийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж биед нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Ц-гийн “...Би тухайн үед караокены шатны хажууд зогсож байтал 40 орчим настай бор царайтай 160 см орчим өндөртэй залуу над руу дөхөж ирээд хоёулаа буудал орох уу, надад мөнгө байна гэж хэлэхээр нь би тан шиг  хүнтэй буудал ордог хүн биш гэж хэлтэл яасан маягтай юм гэж хэлээд миний хамар руу гараараа нэг удаа цохиж унагаасан...” /хх-ийн 26-27/ гэсэн, шүүгдэгч Б.Э-ын “...Тухайн караоке хаах цаг нь болж үйлчлүүлж байсан хүмүүсээ гаргахаар би гарсан, надтай хамт дуу дуулж байсан хоёр эмэгтэйгийн нэг нь гадаа зогсож байхаар нь хамт буудалд орж ганц нэг пиво уух уу гэж хэлэхэд намайг эр янхан минь зайл гэх мэтээр хэлсэн. Энэ үед караокеноос гарч байсан нэг залуу яг тийм шүү гэж хэлэхээр нь миний уур хүрээд тэр залууг цохих гэж байгаад тэр эмэгтэйгийн нүүрэнд зүүн гараараа нэг удаа цохичихсон...” /хх-ийн 43/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №6196 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч А.Ц-гийн эрүүл мэндэд биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогчид эмчилгээний зардал 1,500,000 төгрөг төлсөн хохирогч нь цаашид гомдол саналгүй, хамрандаа хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ шүүх шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч У овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь хохирогч А.Ц-д 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Ц нь өөрт учирсан хөнгөн хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлсугай.

 

6. Эрүүгийн 1910012900496  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР