| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/00261/И |
| Дугаар | 210/МА2025/01018 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01018
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/02478 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******ид холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******той 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.
1.2. Орон сууцны нийт төлбөрөөс худалдагч *******ийн бусдад төлөх ёстой байсан 135,830,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 94,170,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн.
1.3. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн 001278847 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авч, тус орон сууцны хууль өмчлөгч болсон.
1.4. Гэтэл өмчлөгч болсноос хойш 5 сар гаруйн хугацаанд өөрийн байрандаа орж чадаагүй, өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд ороод байна.
Иймд Баянзүрх дүүрэг, *******, 13 хороолол, *******, ******* ******* хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Баянзүрх дүүрэг, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг *******ад 230,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд тэрээр орон сууцны үнэд 94,170,000 төгрөгийг шилжүүлсэн.
Харин гэрээний 3.2-т 135,830,000 төгрөгийг иргэн *******ийн бусдад өгөх төлбөрийг барагдуулсан гэж бичсэн боловч ******* нь миний бусдад өгөх өр төлбөрийг барагдуулаагүй.
Иймд худалдах,, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа тул орон сууцыг чөлөөлөх боломжгүй, *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ын Баянзүрх дүүргийн *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* нь *******той 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худадах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийн нөхцөлийг 94,170,000 төгрөгийг байрны барьцаанд, үлдэх 135,830,000 төгрөгийг хариуцагчийн бусдад төлөх өр төлбөрт суутган тооцохоор тохиролцож ******* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн.
4.2. Анхан шатны зүгээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй хэмээн дүгнэсэн. Гэвч тухайн өр төлбөр нь нотлох баримтаар авагдсан 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр талуудын үйлдсэн баримтад дурдсан компаниудын авлагад тооцогдож дууссан. Одоог хүртэл эдгээр авлагатай компаниуд нь хариуцагчаас уг баримтад дурдсан өр төлбөрийг нэхэмжлээгүй, тухайн компаниуд өр төлбөрөө нэхэмжилж байгааг нотлоогүй.
4.3. Анхан шатны шүүх өр төлбөр төлөгдсөнтэй холбоотой нотлох баримтыг компаниудаас цуглуулж авах, нэхэмжлэгчийн энэ талаар нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэ болох 230,000,000 төгрөг төлөхөөс 94,170,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж, үлдэх 135,830,000 төгрөгийг түүний бусдад төлөх өр төлбөрт тооцох байдлаар үнийг бүрэн төлж, өмчлөгч болсон гэж тайлбарласан бол хариуцагч ******* нь 135,830,000 төгрөгийг нэхэмжлэгч огт төлөөгүй гэж маргасан.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
4.1. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр ******* худалдаж авахаар тохиролцжээ.
4.2. Гэрээний 3.2-т төлбөрийг 135,830,000 төгрөгийг иргэн *******ийн бусдад өгөх төлбөрийг өгч барагдуулсан ба үлдэгдэл болох 94,170,000 төгрөгийг төлөөд барьцаанаас чөлөөлж дуусгана. Төлбөрийг төрийн банкны тоот данс руу шилжүүлнэ гэжээ. Хариуцагчаас анхан шатны шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хариу тайлбарт Гэрээний 3.2-т төлбөрийг 135,830,000 төгрөгийг иргэн *******ийн бусдад өгөх төлбөрийг өгч барагдуулсан... гэж бичсэн боловч ******* нь бусдад төлөх миний өр төлбөрийг төлж барагдуулаагүй байна гэж маргасан.
Хэдийгээр нэхэмжлэгч 135,830,000 төгрөгийг төлсөн гэж гэрээнд тусгасан, талуудын хооронд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн хэлцэлд ******* овогтой нь Улз буянт пропертиз компанийн 34,622,000 төгрөг, ХХК 45,000,000 төгрөг, ББСБ-ын 46,548,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн 2% татвар 4 сая 600,000 төгрөг, зуучлалын төлбөр борлуулалтын ремакс 5 сая 600 мянган төгрөг нийт 135 сая 830 мянган төгрөгийг 0745 дугаартай нотариатын худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар орон сууцны төлбөрт тооцуулав. *******ад гэж бичигдсэн боловч хариуцагчийн өмнөөс бусдад мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх байдал бодитоор хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй тохиолдолд анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан саатуулан барих эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
5. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/02478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА