Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Г-ийн М-д холбогдох эрүүгийн 18100 2462 0018 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Г.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг, Хүрэн булаг 4 дүгээр хорооллын 16 дугаар байр, 107 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Г-ийн М- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны “Оргил” салбарт теллерээр ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 4 иргэний харилцах данснаас өөрийн tllr73-19, vteller 73-6, vcsr73-9 эрхээр нэвтрэн орж, нийт 14.340.799 төгрөгийг завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Би “Хас” банкинд теллерийн ажил хийж байсан ба ажилд томилогдох үед надад tllr73-19, vteller 73-6, vcsr73-9 гэсэн өөрийн эрх олгосон. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад аав, ээждээ хэлж чадалгүй харилцагч нарын данснаас мөнгө авсан. Дотоод аудитын хяналт шалгалт ирээд миний гаргасан зөрчил илэрсэн. Харин харилцагч нараас гүйлгээ хийгдсэн талаар гомдол ирээгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, миний буруу. Би хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Цаашид ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 18100 2462 0018 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч “Хас” банкийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...“Хас банкны” салбар болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах Оргил салбарт ажиллаж байсан Г.М нь албан тушаалаа урвуулан ашиглаж 4 харилцагчийн данснаас 14.340.799 төгрөг хувьдаа авч, завшсан зөрчил гаргасан. Уг зөрчлийг манай банкны аудитын ажилтан Хорол-Эрдэнэ нь Мягмарсүрэнгийн ажилд орсоноос хойш хийсэн гүйлгээ дундаас харилцагч Г.Б, “Хасу-Эрчим” ХХК, М.Б, Л.Б нарын дансны гүйлгээг шалгаж илрүүлсэн.

Дотоод аудитын ажилчид Мягмарсүрэнтэй уулзаж асуухад Мягмарсүрэн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, харилцагч нарт учруулан хохирол болон хүү алданг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед Мягмарсүрэн найз нартайгаа хамт явж байгаад авто тээврийн осол гаргаж, өрөнд ороод харилцагч нарын данснаас мөнгө авсан гэж тайлбарладаг. Манай байгууллагын зүгээс харилцагч нарт мэдэгдэж, бүрэн хохиролгүй болгосон. Одоо манай байгууллагад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Г.М хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

 

2. “...Г.Мягмарсүрүэн нь “Хас” банкны харилцагч Г.Б-ын 5001071913 дугаартай, “Хасу-Эрчим” ХХК-ийн 5000987272 дугаартай М.Б-ийн 5002211572 дугаартай, Л.Б-ийн 5001828222 дугаартай данснаас тус тус зарлага гарган хохирол учруулсан” гэх зөрчлийг илрүүлсэн “Хас” банкны Дотоод аудитын газрын хяналт, шалгалтын багийн тайлан, хавсралт /хэргийн 8-14х/,

 

3. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Г.М “Хас” банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 64-69х/,

 

4. “Хас” банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн В/447 тоот “Түр орон тоонд дадлагажуулан ажиллуулах тухай” тушаал /хэргийн 70х/,

 

5. Теллерийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар баримт /хэргийн 73-74х/,

 

6. “Хас” банкны Дотоод аудитын газрын хяналт, шалгалтаар илэрсэн дутагдлыг баталгаажуулах тухай харилцагч Г.Бд, “Хасу-Эрчим” ХХК, М.Б, Л.Б нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 76-80х/,

 

7. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Г.Мгийн “Хас” банкинд гаргасан тайлбар /хэргийн 82-83х/,

 

8. “Хас” банкны харилцагч Г.Б, “Хасу-Эрчим” ХХК, М.Б, Л.Б нарын депозит данснаас мөнгө шилжүүлсэн тухай орлогын маягт, мемориалын ордер /хэргийн 85-92х/,

 

9. Э.Сүнжидмаа, Б.Нямгэрэл нарын эзэмшлийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 94-112х/,

 

10. Шүүгдэгч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Хас” банкны Оргил худалдааны төвийн салбарт теллерийн ажилд орсон. Уг тооцооны төвд теллерээр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард мөнгөний хэрэг гараад, аав, ээждээ хэлж чадахгүй “Хас” банкны 3 харилцагч, 1 аж ахуйн нэгж байгууллагын данснаас таньдаг хүний данс руу мөнгө шилжүүлж авсан. Миний мөнгө шилжүүлэн авсан таньдаг хүмүүс маань ямар учиртай мөнгө вэ гэдгийг мэдэхгүй, би аав, ээж нараас ирсэн мөнгө гэж хэлээд шилжүүлж авч байсан. Тухайн үед би мөнгөтэй болохоороо харилцагч нарын данс руу буцааж хийж гэж бодсон боловч буцаан хийж чадалгүй ийм байдалд орсон. Би М.Б гэдэг хүний Хас банкны 5002211572 дугаарын данснаас 200.000 төгрөг, Л.Б гэдэг хүний 5001828222 дугаарын данснаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1.340 юань буюу 500.000 төгрөг, “Хасу-Эрчим” ХХК-ийн 500987272 дугаарын данснаас 4.000.000 төгрөг, Г.Б гэдэг хүний 5001071913 дугаарын данснаас 10.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 13.100.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан. Үүнээс 1.000.000 төгрөгийг “Хасу-Эрчим” ХХК-ийн данс руу буцаан хийсэн.

2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр намайг мөнгө авч ашигласан талаар байгууллагын зүгээс мэдээд, хохирол төлбөрөө төлж барагдуул гээд ажлаас халсан. 2018 оны 7 дугаар сардаа багтааж би “Хас” банкны дансанд өөрийн ашигласан мөнгөний алданги, гүйлгээний шимтгэлийн хамт нийт 14.336.586 төгрөгийг шилжүүлж, “Хас” банкыг хохиролгүй болгосон. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, мөн шүүгдэгчийн боловсролын байдлыг гэрчлэх дипломны хуулбар /хэргийн 35х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч “Хас” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлагыг бүрэн төлж барагдуулсан” үндэслэлээр гомдол саналгүй болохоо илэрхийлж /хэргийн 118х/, шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан, улмаар 2019 оны 02 сарын 12-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч ханган, прокуророос Г.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулсныг тэрээр зөвшөөрч /хэргийн 120-121х/, холбогдох эрүүгийн 18100 2462 0018 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны “Оргил” салбарт теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн tllr73-19, vteller 73-6, vcsr73-9 эрхээр орж харилцагч Г.Бын 5001071913 дугаартай данснаас 2017 оны 12 оны дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 10.400.000 төгрөг авч, хүүний 203.571 төгрөг, гүйлгээний шимтгэлийн 2.900 төгрөгийн алдагдалд оруулж, нийт 10.606.471 төгрөг,

“Хасу-Эрчим” ХХК-ийн 5000987272 дугаартай данснаас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 3.992.000 төгрөг авснаас 1.0 сая төгрөгийг нь буцаан шилжүүлснээр гүйлгээний шимтгэлийн 1.600 төгрөгийн алдагдалд оруулж, нийт 2.990.576 төгрөг,

М.Бийн 5002211572 дугаартай данснаас 2017 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 200.000 төгрөг авч, хүүний 8.852 төгрөг, гүйлгээний шимтгэлийн 600 төгрөгийн алдагдалд оруулж, нийт 209.452 төгрөг,

Л.Бийн 5001828222 дугаартай данснаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр /1340.48 юан/ 500.000 төгрөг авч, хүүний /88.20 юан/ 32.898 төгрөг, гүйлгээний шимтгэлийн /3.22 юан/ 1.200 төгрөгийн алдагдалд оруулж 534.000 төгрөг, буюу нийт бусдада 14.340.799 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:  

- Хохирогч “Хас” банкийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжингийн мэдүүлэг /хэргийн 20х/,

- “...Г.М нь “Хас” банкны харилцагч Г.Бын 5001071913 дугаартай, “Хасу-Эрчим” ХХК-ийн 5000987272 дугаартай М.Бийн 5002211572 дугаартай, Л.Бийн 5001828222 дугаартай данснаас тус тус зарлага гарган хохирол учруулсан” гэх зөрчлийг илрүүлсэн “Хас” банкны Дотоод аудитын газрын хяналт, шалгалтын багийн тайлан, хавсралт /хэргийн 8-14х/,

- 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Г.М “Хас” банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 64-69х/,

- “Хас” банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн В/447 тоот “Түр орон тоонд дадлагажуулан ажиллуулах тухай” тушаал /хэргийн 70х/,

- Теллерийн ажлын байрны тодорхойлолт баримт /хэргийн 73-74х/,

- “Хас” банкны Дотоод аудитын газрын хяналт, шалгалтаар илэрсэн дутагдлыг баталгаажуулах тухай харилцагч Г.Б, “Хасу-Эрчим” ХХК, М.Б, Л.Б нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 76-80х/,

- 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Г.Мгийн “Хас” банкинд гаргасан тайлбар /хэргийн 82-83х/, “Хас” банкны харилцагч Г.Б, “Хасу-Эрчим” ХХК, М.Б, Л.Б нарын депозит данснаас мөнгө шилжүүлсэн тухай орлогын маягт, мемориалын ордер /хэргийн 85-92х/,

- Э.Сүнжидмаа, Б.Нямгэрэл нарын эзэмшлийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 94-112х/, шүүгдэгч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 33, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны “Оргил” салбарт теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн tllr73-19, vteller 73-6, vcsr73-9 эрхээр харилцагчийн дансанд хэвтэрч, улмаар 2017 оны 12 оны дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд гүйлгээ хийж,  харилцагч Г.Бын 5001071913 дугаартай данснаас 10.400.000 төгрөг авч, хүүний 203.571 төгрөг, гүйлгээний шимтгэлийн 2.900 төгрөгийн алдагдалд оруулж, нийт 10.606.471 төгрөгийн, “Хасу-Эрчим” ХХК-ийн 5000987272 дугаартай данснаас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 3.992.000 төгрөг авч, гүйлгээний шимтгэлийн 1.600 төгрөгийн алдагдалд оруулж, нийт 2.990.576 төгрөгийн, М.Бийн 5002211572 дугаартай данснаас 2017 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 200.000 төгрөг тус тус авч, хүүний 8.852 төгрөг, гүйлгээний шимтгэлийн 600 төгрөгийн алдагдалд оруулж, нийт 209.452 төгрөгийн,  

Л.Бийн 5001828222 дугаартай гадаад валютын данснаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр /1340.48 юан/ 500.000 төгрөг авч, хүүний /88.20 юан/ 32.898 төгрөг, гүйлгээний шимтгэлийн /3.22 юан/ 1.200 төгрөгийн алдагдалд оруулж 534.000 төгрөгийн, нийт бусдад 14.340.799 төгрөгийн хохирол учруулсан нь үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн тохирсон, шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Мг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

 Хэргийн шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар тус тус маргаагүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан 14.340.799 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирлыг нөхөн төлж, Хас банкийг хохиролгүй болгосон талаар хэрэгт хохирогч байгууллагын төлөөлөгчөөс гаргасан “...хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, бичгээр гаргасан хүсэлт баримттай /хэргийн 20х, 117х/ байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Г.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 36 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.  

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн гэм  буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Г.Мг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт Г.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “Хас” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. С овогт Г-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Мг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг хэсэгчлэн төлж,  06 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Энэ хэрэгт Г.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “Хас” банк, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД