Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 524

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Н-ын Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910010410483 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа морь уядаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ....... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Н-ын Ж .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туулын задгай тоотод иргэн Б.Д-ийг машинаа холдуул гэлээ гэж маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б.Д-: “2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шөнө 01 цаг 00 минутын үед гэмт хэрэг болсон. Би өөрийн хашааны гадаа машинаа оруулах гэж байсан боловч шүүгдэгчийн суусан такси хашаа руу орох замыг таглаад зогссон байсан. Би “хашаандаа оръё” гэж шүүгдэгчид хэлэхэд шүүгдэгч намайг хэл амаар доромжилж бид маргалдаж эхэлсэн. Шүүгдэгч болон түүний найз нар намайг хамт бүлэглэж зодсон. Хэсэг хугацааны дараа Б намайг бүсэлхийгээр тэвэрч харин шүүгдэгч гэрээсээ гаргаж ирсэн галын хайчаар миний толгой руу цохиж гэмтээсэн” гэв.

 

Шүүгдэгч Н.Ж-: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хашааны үүдийг таглаад нэг машин зогсож байхаар нь би цонхоороо “машинаа оруулъя” гэж хэлтэл тухайн таксины жолооч нь “одоохон гарлаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр машины гадаа байсан хоёр залуу “юун сүртэй юм, одоо гарах л гэж байгаа биз дээ пизда минь” гэхээр нь би машинаасаа буугаад тэр хоёртой маргалахад цэнхэр курткатай /Ж-/ залуу нь миний шилбэнд нэг удаа өшиглөчихөөд хашаандаа орчихсон. Тэгэхээр нь би өөрийнхөө хашаанд орж тэр айл руу хашаа давж ороод тэр залуугийн хүрэмнээс барьж аваад “юун хүмүүс орж ирээд байгаа юм” гэж хэлтэл тэр залуу нь намайг цохиод авсан. Тэгэхээр нь би тэр залууг барьж авах гэтэл надаас зугтаагаад байсан ба нөгөө залуу нь намайг салгах гээд бүсэлхий хэсгээс тэврээд авсан юм. Тэгтэл тэр залуу гэрээсээ гартаа нэг юм барьчихсан гарч ирээд миний толгой хэсэгт 3-4 удаа цохьсон, энэ үед манай эхнэр салгах гээд голоор орох үедээ бас гарандаа цохиулсан. Тэгээд манай эхнэр тэр залуугийн барьж байсан галын хайчийг нь булааж авсан. ...Тухайн цэнхэр куртиктэй залуу /Ж-/ намайг эхлээд нэг удаа нүүрэнд гараараа цохьсон, дараа нь гэрээсээ галын хайч гаргаж ирээд миний духны баруун хэсэг, толгойн орой хэсэг, баруун дал хэсэгт 3 удаа цохьсон. Харин нөгөө залуу нь намайг цохиогүй..." /хх-ийн 15 хуудас/ гэсэн,

 

Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туулын задгай тоотод байх гэртээ унтсан. Тэгээд намайг унтаж байхад гадаа хүмүүс муудалцаад байгаа юм шиг байхаар нь гадаа гараад харахад манай хашааны хаалганы хэсэгт манай нөхөр Д-ийг танихгүй хоёр эрэгтэй хүн зодож байхаар нь би очоод салгахад танихгүй эрэгтэй хүн би чамайг ална. Чамайг алчихсан байхад надад төлбөр төлөх чадвар байна гээд цаашаа гүйгээд галын хайч авчраад намайг цохиод Д-ийг зодоод болихгүй байж байхад цагдаа нар ирээд бид нарыг хэлтэс дээр авчирсан.

...Миний хураалгасан галын хайчаар цэнхэр өнгийн куртиктэй /Ж-/ залуу манай нөхрийг цохиж байгаад газарт хаячихаар нь би цагдаад хэрэгтэй байх гэж бодоод аваад нуучихсан байсан юм..." /хх-ийн 9-10, 19-20/ гэсэн,

 

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж бид хоёр түрүүлээд машинаас буухад араас машин сигналдаад “зайлаач хашаандаа ормоор байна” гэтэл Ж “юу гээд байгаа пизда вэ” гэтэл тэр ах машинаасаа буугаад ирэхээр нь би Ж-ийг боль гээд түүнийг аваад хашаанд нь оруулсан. Тэгтэл тэр ах хашаа даваад ороод ирсэн, Ж-тай барилцаад авахаар нь би тэр хоёрыг салгаад Ж-ийг гэртээ ор гэж явуултал тэр ах Ж-ийн хойноос нь дайраад байхаар нь түүнийг хориод “болиоч дээ ах” гээд суган доогуур нь толгойгоо хийгээд тэврээд Ж-ийн хойноос явуулахгүй байж байтал Ж уурлаад хүрч ирээд миний хорьж байсан ахыг цохьчих шиг болсон. Тэр үед нь би хараагүй, тэр ахаас салаад хартал Ц Ж-ийг аваад гэрт орж байсан, манай эхнэр намайг дуудаад гэрт орсон. Сүүлд нь гэрт ороод юу болсон талаар Ж-аас асуухад “уур хүрээд галын хайчаар цохьчихлоо” гэж хэлсэн...” /хх-ийн 24/ гэсэн,

 

Гэрч И.О мөрдөн шалгах ажиллаганы явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр Б-тай хамт 21 дүгээр хороололд найзынхаа төрсөн өдөрт явчихаад Ж уучихсан болохоор машинаа тэндээ орхиод Б бид хоёр арай ойрхон болохоор Ж-ийн гэрт хонохоор такси бариад явсан. Тэгээд бид нар Ж-ийн гэрийн үүдэнд иртэл манай суусан такси айлын хаалга таглаад зогссон юм билээ. Тэгээд манай таксины хойноос нэг машин ирчихсэн намайг машинд сууж байхад Ж, Б хоёр хойд талын машины жолоочтой маргалдаад байхаар нь би буугаад тэр машины ахаас уучлалт гуйгаад салцгаасан. Тэгээд Ж-ийн хашаанд ороод явж байтал анх хэрүүл хийгээд байсан ах хашаа давж орж ирээд Ж-ийг бариад авсан ба манай нөхөр тэр хоёрыг салгаж байсан. Тэгээд би хойшоо явж нөхрийнхөө малгайг хашааны үүдэнд уначихсан байхаар нь авчихаад буцаад иртэл Ж тэр ахын толгойг төмөр галын хайчаар цохьчихсон, эхнэр нь тэр хайчийг нь барьчихсан зогсож байсан...” /хх-ийн 26/ гэсэн,

 

Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд бид нар гэртээ орох гээд хашаандаа орсон байхад хажуу айлын хашаанаас нэг залуу орж ирээд Ж-тай барилцаж аваад манай нөхрийг нэг удаа цохьчихсон юм. Тэгтэл Б тэр хоёрыг салгаад манай нөхөр гэртээ орох гээд явж байхад нь тэр хашаа давж орж ирсэн залуугийн эхнэр нь манай нөхрийг алгадчихсан. Тэгтэл Ж гэрийн үүдний амбаарт байдаг галын төмөр хайчийг авч гараад тэр залуугийн толгойд нь нэг удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би нөхрийгөө салгаж аваад гэртээ орсон...” /хх-ийн 28/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр залуугийн эхнэр нь намайг алгадаад авахаар нь би гэрийн үүдний амбаарт байсан галын төмөр хайчийг аваад уурандаа нөхрийнх нь толгойд хоёр удаа цохичихсон юм. ...Би Д-ид дээрх гэмтлүүдийг учруулсан..." /хх-ийн 54/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №5046 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ ...Дүгнэлт 1. Б.Д-ийн биед духны баруун хэсгийн гадна ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, шууны зөөлөн эдийн няцрал, даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 34 хуудас/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 6/,

- Эд зүйл хураан авсан тухай /хх-ийн 29/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 32/, 

- Шүүгдэгч Н.Ж-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                               

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туулын задгай тоотод иргэн Б.Д-ийг машинаа холдуул гэж хэллээ гээд маргалдаж, улмаар зодож биед нь “духны баруун хэсгийн гадна ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, шууны зөөлөн эдийн няцрал, даланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Д-ийн “...Тэгтэл тэр залуу гэрээсээ гартаа нэг юм барьчихсан гарч ирээд миний толгой хэсэгт 3-4 удаа цохьсон, энэ үед манай эхнэр салгах гээд голоор орох үедээ бас гарандаа цохиулсан. Тэгээд манай эхнэр тэр залуугийн барьж байсан галын хайчийг нь булааж авсан...” /хх-ийн 15/ гэсэн, гэрч Г.Ц-гийн "...Цэнхэр өнгийн куртиктэй /Ж-/ залуу манай нөхрийг тэр төмрөөр цохиж байгаад газарт хаячихаар нь би цагдаад хэрэгтэй байх гэж бодоод аваад нуучихсан байсан юм..." /хх-ийн 19-20/ гэсэн, гэрч Н.Б-ын “...Ж уурлаад хүрч ирээд миний хорьж байсан ахыг цохьчих шиг болсон...” /хх-ийн 24/ гэсэн, гэрч И.О-гийн “...Ж тэр ахын толгойг төмөр галын хайчаар цохьчихсон, эхнэр нь тэр хайчыг нь барьчихсан зогсож байсан...” /хх-ийн 26/ гэсэн, гэрч М.Цгийн “...Тэгтэл Ж гэрийн үүдний амбаарт байдаг галын төмөр хайчийг авч гараад тэр залуугийн толгойд нь нэг удаа цохих шиг болсон...” /хх-ийн 28/ гэсэн, шүүгдэгч Н.Ж-ийн “...Тэр залуугийн эхнэр нь намайг алгадаад авахаар нь би гэрийн үүдний амбаарт байсан галын төмөр хайчийг аваад уурандаа нөхрийнх нь толгойд нь хоёр удаа цохичихсон юм..." /хх-ийн 54/  гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №5046 дугаартай дүгнэлтэд: “...1. Б.Д-ийн биед духны баруун хэсгийн гадна ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, шууны зөөлөн эдийн няцрал, даланд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 34 хуудас/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д “...Гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгсөн, үүнээс гадна сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг нэхэмжилж байна, иймд хохирлын мөнгө, сэтгэл санааны хохирлыг гаргуулах саналтай...” гэжээ.

 

Хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 270,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүх гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Ж-аас 270,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Д-ид олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг хангахгүй орхих нь зүйтэй байна. Учир нь: Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоож гаргахаар хуульд заасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд духны баруун хэсгийн гадна ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, шууны зөөлөн эдийн няцрал, даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь цээжний болон толгойны компьютер томографын зураг авахуулахад 270,000 төгрөг зарцуулсан баримт авагдсан /хх-ийн 65/ ба баримтын хүрээнд энэ зардлыг гаргуулж, хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй. Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан бөгөөд сэтгэл санааны хохирлыг арилгуулахаар хуульд тусгайлан заагаагүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ажил эрхэлдэггүй хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910010410483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг галын хайч хураагдсан ирсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч Ш овогт Н-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нанжидын Ж-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Ж-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ж-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-аас 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Д-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн 1910010410483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Ж-т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

      

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Д.АЛТАНЖИГҮҮР