Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00712

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, ****** нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 357,399,686 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******тай 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 35,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******** байр, ******** тоот орон сууцыг, мөн хаягт байрлах дулаан зогсоолын хамт барьцаалсан. ******* нь ажлын шаардлагаар удаа дараа ам.доллар зээлдэн авсан бөгөөд эдгээрийг нэмж нэгтгэн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Уг нэмэлт гэрээгээр ******* нь 30,000,000 төгрөгийг нэмж аваад, өмнө нь цувуулж авсан ам.долларын зээлийн тооцоог нэгтгэж нийт 45,500 ам.долларыг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь өвчний улмаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Иймд, *******ын хууль ёсны өвлөгч болох *******, *******, ****** нараас зээлийн гэрээний үүрэгт буюу 30,000,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүүгийн төлбөрт 23,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,720,000 төгрөг, нийт 58,320,000 төгрөг, мөн 45,500 ам долларын зээлийн хувьд үндсэн зээл 45,500 ам.доллар, хүүгийн төлбөрт 35,793 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 7159 ам.доллар, нийт 88,452 ам.доллар 299,079,686 төгрөг бөгөөд төгрөгийн болон ам.долларын зээлийн төлбөр нийт 357,399,686 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хуульд заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээтэй холбоотой үүрэг үүссэн. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. 2018 онд нэхэмжлэгч тал шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа гэрээний үүрэгтэй холбоотой биш өв залгамжлах эрхийг тодруулахаар шүүхэд хандсан. 2014 оны гэрээтэй холбоотойгоор 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандсан байдаг. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлдэгч ******* нас барсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 240.1.3 дахь хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болсон. 2019 онд залгамжлалын эрх нээгдсэн. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээтэй холбоотой баримтуудыг харахад нэхэмжлэгч талын н.******* гэдэг хүний гарыг үсэг л байгаа, харин нөгөө мөнгө хүлээж авсан хүмүүсийнх нь гарын үсэг байхгүй. Бүр насанд хүрээгүй хүүхдийн гарын үсэг хүртэл байдаг, тэгвэл хуульд бол мөнгийг дансаар өгөх ёстой. Тэгж байж гэрээний үүрэг биелэх ёстой. 2015 оны 09 дүгээр сарын гэрээг 2019 онд нотариатаар батлуулчихсан байсан. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн *******с *******, ******** нарын данс руу 1,635,350 төгрөгийг шилжүүлсэн. Хэрвээ энэ хүмүүс өртэй байсан бол н.******* яахаараа мөнгө шилжүүлэх вэ, тэгэхээр би энэ 2017, 2019 онд гаргасан зүйлийг хуурамч гэж үзэж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, хариуцагч *******аас 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, хариуцагч ******ээс 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 323,399,687 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ******** байр, ******** тоот хаягт байрлах, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, 6 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,863,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ****** нараас улсын тэмдэгтийн хураамжид 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагатай нийцэхгүй байх тул эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлдэгч ******* зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 23,160,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,632,000 төгрөг, нийт 57,792,000 төгрөг, мөн үндсэн зээл 37,000 ам доллар, зээлийн хүү 24,618 ам доллар нэмэгдүүлсэн хүү 4,932 ам доллар нийт 66,539 ам долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 25-ны өдрийн 00039 дүгээр шүүхийн шийдвэрээр маргаж буй зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох ....нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосон гээд 18-д Тухайн орон сууц гэр бүлийн зургаан гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул уг үл хөдлөх хөрөнгийн зээлдэгч *******ын өвлөгдөх хэсэг 16.6 хувьд нь хамаарч байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хүлээнэ гэх байдлаар шийдвэрлэсэн нь зээлийн гэрээ, барьцааны гэрээний харилцаанд бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч чадаагүйгээс зээлдэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гаргалаа.

Зээлийн гэрээ, түүнтэй холбоотойгоор байгуулагдсан Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа, мөн барьцааны гэрээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй хэвээр байгаа юм. Хариуцагч нарын зүгээс ч барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар огт маргаан үүсгээгүй, барьцааны хөрөнгийг суллах талаар сөрөг нэхэмжлэл ч гаргаагүй байгаа нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэдийгээр хуульд зааснаар өвлөгч нар нь өвийг хүлээн авсан хэмжээгээр үүрэг хүлээх боловч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг нь /хэрэгсэхгүй болгосон хэсэг/ нь хүчин төгөлдөр барьцааны гэрээнд дурдсан барьцааны хөрөнгөөр хангагдах учиртай.

Гэтэл анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэхгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зээлдэгчийг хохироох нөхцөлийг бүрдүүлжээ.

4.2. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна, мөн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээтэй холбоотой барьцааны гэрээ байгуулагдаж үл хөдлөх хөрөнгийн барьцаа улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэнийг хариуцагч нар мэдэж байсан болох нь зээлийн төлбөрийг хүлээж авсан баримт, хариуцагч нарын хариу тайлбараас харагдана.

Анхан шатны шүүх ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчин зээлийн харилцаа болон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах асуудлыг бүхэлд нь шийдвэрлэхгүй зөвхөн өвлөх эрхийн харилцаатай холбож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00808 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдол хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрүүд үнэн зөв гарсан. Энэ хэргийн хувьд зээлдэгч нас барсан. 2015 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус. Учир нь 2017 онд нас барсан байтал нэхэмжлэгч тал гэрээ болон гэрээний хавсралтыг нотариатаар батлуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн газарт нэмэлтээр бүртгүүлээгүй. Эд хөрөнгөө барьцаалсан, үүнтэй холбоотой хүний орон байрны асуудал ярьж байгаа, хариуцагч нас барсан учраас Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 240.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ.

2014, 2015 онд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, *******, ****** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 357,399,686 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч ******* ХХК нь *******тай 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь 35,000 ам.долларыг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх-ийн 8/

 

4.2. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, ******** байр, 2 тоот хаягт байршилтай, 143.15 м.кв талбайтай, орон сууц болон уг хаягт байрлах 06 тоот авто зогсоолыг тус тус барьцаалсан. /1 хх-ийн 9/

 

4.3. 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний 1.1 болон 1.3 дахь заалтуудыг шинэчлэн, нэхэмжлэгч ******* ХХК нь зээлдэгч *******ад 30,000,000 төгрөг болон 45,500 ам.долларыг, 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хуваарийн дагуу төлөх, энэ гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр үйлчлэхээр харилцан тохиролцжээ. /1хх-ийн 10/

 

5. Анхан шатны шүүх дээрх зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1, 1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлдэгч *******аас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

5.2. Зээлдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь 5840 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон тул зээлдэгчийн нас барах хүртэлх хугацаагаар тооцсон зээлийн гэрээний үүргийг түүний өв залгамжлагч болох *******, *******, ****** нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /1хх-45/

 

5.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо зээлдэгч ******* нь ажлын шаардлагаар 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 6,500 ам.доллар, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 8,500 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 4000 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16,000 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2000 ам.долларыг тус тус зээлдэн авсан бөгөөд эдгээр авсан ам.долларын зээлийн хүүг тооцож 45,500 ам.доллараар тооцоо нийлэн, төгрөгөөр авсан 30,000,000 төгрөгийг нэгтгэн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

Зээлдэгч ******* нь 30,000,000 төгрөг болон 45,500 ам.долларыг хүлээн авсан баримтыг зөвшөөрч гарын үсэг зурсан хэдий ч 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бодитоор 37,000 ам.долларыг хүлээн авсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдсон. /1хх-12, 53-56/

 

Иймд, нэхэмжлэгч ******* ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээгээр 30,000,000 төгрөг болон 37,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******ад шилжүүлсэн гэж үзэж, түүний нас барсан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон, нийт 57,792,000 төгрөг болон 66,539 ам.долларыг буцаан төлөх үүрэг үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6. Хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр зээлийн барьцаа хөрөнгө болох зээлдэгч *******ын өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, ******** байр, 02 тоот 143.15 м.кв 4 өрөө орон сууц болон №06 тоот авто зогсоолын түүнд ногдох хэсгийн өвлөх эрхийг *******, *******, ********, ******, ******д нарт олгосон байна. Уг өвлөх эрхийн гэрчилгээнд үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн саналыг 340,000,000 төгрөг гэж тусгажээ. /1хх-68/

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх, 535.2 дахь хэсэгт хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээхээр тус тус зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00039 дүгээр шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, ******** байр, 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, 143.15 M2 талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолыг *******, *******, *******, ******, ********, ******** нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоожээ.

 

Өвлөгдсөн хөрөнгө буюу 340,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талийгаач *******ад ногдох хэсэг нь 56,666,666 төгрөг болж байна. Үүнээс үлдэх 5 хууль ёсны өвлөгч тус бүрд 11,333,333 төгрөг ногдох ба хуульд зааснаар өвлөгч нар энэ хэмжээнд өвлүүлэгчийн гүйцэтгэх үүргийг хүлээх тул хариуцагч *******, *******, ****** нараас тус бүр 11,333,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлдэгч нас барсан тул зээлийн үүрэг дуусгавар болсон, мөн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр татгалзлаа илэрхийлсэн.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заасан. Харин зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэгт хамаарахгүй. Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд, зээлдэгчийн нас барснаар үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар гаргасан хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн нийт 1,774,949 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ