| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 197/2025/02894/И |
| Дугаар | 210/МА2025/00763 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00763
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/02116 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Гэм хорын хохиролд 3,361,670 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 3,361,670 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч *******ий өмчлөлийн орон сууцнаас ус алдаж 3,081,000 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирол болон үнэлгээний зардал 2*******,670 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 50,000 төгрөг, нийт 3,361,670 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч уг орон сууцыг *******т түрээслүүлсэн байсан бөгөөд миний буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учраагүй тул би хариуцахгүй, түүнчлэн тухайн ус алдсан тохиолдолд хамааралгүй хохирлыг нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж татгалзсан байна.
5. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч *******ий өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ******* байр, 20 тоот орон сууцны хүйтэн усны тоолуурын нүүр задарч ус алдсанаар тус орон сууцны ******* тоот буюу нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн орон сууцанд ус нэвтэрч хохирол учирсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07, 20-ны өдрийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. /хх-ийн 28, 49-р тал/
5.1. Дээрх 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд ... ******* байрны 20 тоот айлд гал тогооны хүйтэн усны тоолуурын нүүр задарч ******* тоотын айлруу ус алдуулсан байв. ... ******* тоотын айлын том өрөө, гал тогооны өрөө, таазны эмульс замск хуурч унасан байв, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд ... ******* байрны ******* тоотын том өрөө жижиг өрөө, коридор, гал тогооны тааз норж шарласан, паркетан шал хөөсөн том болон жижиг өрөө гал тогооны хана таазны эмульс, замаск норж, том өрөөний цахилгааны монтаж богино холбоо үүссэн байв гэжээ. Түүнчлэн, хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцнаас ус алдсан үйл баримтыг үгүйсгээгүй.
5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зохих ёсоор арчилж хамгаалаагүйгээс бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй. Иймд, орон сууцыг бусдад түрээслүүлсэн хугацаанд ус алдсан тул хохирлыг хариуцахгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
5.3. Хариуцагч *******ий өмчлөлийн орон сууцнаас ус алдсантай холбоотойгоор нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн хөрөнгөд нийт 3,081,000 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ. Нэхэмжлэгч ******* нь үнэлгээний ажлын хөлсөнд 2*******,670 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 12-18-р тал/
5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тус тус баримтаар нотлох үүрэгтэй. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч ******* нь хөндлөнгийн байгууллага болох ******* ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн, өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй.
Нөгөө талаар, дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч ******* нь тус дүгнэлтийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байх тул 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ус алдсан тохиолдолд хамааралгүй хохирлыг нэмж оруулан тооцсон гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6. Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд шал норж, хохирол учирсан гэж дурдаагүй, уг дүгнэлттэй холбоотойгоор тайлбар авах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй гэжээ.
Хэрэгт авагдсан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд том өрөө, гал тогооны өрөө гэж бичсэн байхаас гадна ус алдсан нөхцөл байдлыг тодруулсан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд шал хөөсөн талаар нэмж дүгнэсэн. Мөн ******* ХХК-ийн тайланд эмульс болон замаск норж, паркетан шал норж хөөсөн талаар дурдаж, хохирлын үнэлгээг 3,081,000 төгрөгөөр тогтоосон байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ******* нь хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженер *******ыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч түүний оршин суух хаягийн мэдээллийг хүсэлтэд дурдаагүй байх тул шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/02116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 67,937 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ