| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0330/Э |
| Дугаар | 344 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт С-гийн Бд холбогдох эрүүгийн 19090 1025 0301 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23-17 тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт С-гийн Б /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатад байрлах тэмээтэй хөшөөний гэрлэн дохионы уулзвар орчимд машинтайгаа явж байх үедээ Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний зүүн нүд, хацар, орчимд гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтээ тус шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“..Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Манай эхнэр хохирол төлбөр нэхэмжлээгүй. Бид хоёр тухайн үед ойлголцоогүйн улмаас энэ асуудал болсон. Би урьд өмнө эхнэртээ гар хүрч байгаагүй, бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байна. Одоо бид хоёр эвлэрсэн, хохирогчийн бие, эрүүл мэндийн байдал сайн байгаа. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүдийг би хохирогчид учруулсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19090 1025 0301 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мгийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 06-ны орой ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй 0.5 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад юм ярьж сууж байгаад орой болчихоор нь нөхөр Баатарчулуун руу залгаад “ирээд аваач” гэхэд ирж авсан. Тэгээд замдаа “чи надаас өөр хүнтэй явалдаад заваарсан муухай” гээд хэрүүл болсон юм. Машинаа хурдан, ширүүн бариад яваад байхаар нь “хойно хоёр хүүхэд чинь байхад яаж яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд тоохгүй байхаар нь би нүүрэн тус газар нь цохисон.
Тэгэхэд Баатарчулуун гараа атгаж байгаад миний нүүрэн тус газар цохиж гэмтээсэн ба би гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Намайг “архичин, янхан” гэж хэл амаар доромжилсон. Би тухайн үед 0.5 литрийн пиво уусан, биеэ хянах чадвартай байсан юм. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүдийг Баатарчулуун надад учруулсан. Надад дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09х, 10х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Алимаагийн гэрчээр өгсөн:
“...Манай ажлын Мөнхзаяа, Дэлгэрцэцэг бид гурав Хан-Уул дүүргийн 3 хороо “Q” нэртэй пабад 2019 оны 3 сарын 06-ны өдрийн 20 цагийн үед орсон. Бид 3 дөрөв, дөрвөн пиво ууж байгаад Мөнхзаяагийн нөхөр машинтай ирээд би хамт суугаад явсан. Дэлгэрцэцэг өөр тийшээ явсан.
Хан-Уул дүүргийн 120 мянгатын орчимд Мөнхзаяа нөхөртэйгээ хэрэлдээд байсан ба би гар утсаараа оролдоод сууж байхад Мөнхзаяа нөхөртэйгээ нэг нэгнийгээ цохиод, Мөнхзаяа машины хаалгыг онгойлгоод “бууна” гэхэд нөхөр нь буулгахгүй байсан. Тэгээд гэртээ ирээд Мөнхзаяа цагдаад дуудлага өгсөн. Би Мөнхзаяагийн нөхөрийг танина, Баатарчулуун гэдэг юм. Баатарчулуун Мөнхзаяагийн нүүр рүү зүүн гараараа цохисон, хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Харин Мөнхзаяа Баатарчулууны цээж рүү баруун гараараа цохисон. Мөнхзаяа тухайн үед согтуу байсан ба нөхөр нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3130 дугаартай актын:
1. Б.М-н биед тархи доргилт, зүүн нүд хацар орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүү, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бы яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 3 сарын 06-ны орой 22:00 цагийн үед манай эхнэр Мөнхзаяа над руу залгаад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Q нэртэй пабаас ирээд ав” гэж хэлээд очиж аваад буцаж явахдаа би ширүүн хөдлөөд явахад “өө болж байна, наад автобусаа очоод мөргө” гээд руль булааж, хажуу тийшээ дараад байхаар нь би гарыг нь түлхэж тавиулаад, нүүр рүү нь түлхэхэд хаалганы шил мөргөсөн. Дараа нь харахад хамарнаас нь цус гарсан байсан.
Тэгээд “намайг цус нөжтэй холисон” гээд над руу дайраад байхаар нь гэрлэн дохион дээр зогсож байхдаа нэг удаа зүүн гараараа нүүрэн тус газар нь цохисон. Тэндээс хөдлөөд явахад “машинаас үсэрнэ” гээд байхаар нь Алимаа, бид хоёр зуурж явж байгаад гэртээ очиход “чи намайг зодсон” гээд цагдаа дуудсан юм. Би урьд өмнө Б.Мг зодож байсан асуудал байхгүй, тухайн өдөр зодсон нь миний буруу. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 23х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 26х/, Нийслэлийн ерөнхий боловсролын 140 дүгээр сургуулийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 28х/, Баатарчулуун овогтой Мөнхсаруул, Баатарчулуун овогтой Түшиг нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 32-33х/ баримт, шүүгдэгч С.Бы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, гэрч П.Сүхболд /хэргийн 17х/, гэрч Д.Ганзориг /хэргийн 18х/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 50-51х/ 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж, С.Бд холбогдох эрүүгийн 19090 1025 0301 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Бы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатад байрлах тэмээтэй хөшөөний гэрлэн дохионы уулзвар орчимд машинтайгаа явж байх үедээ Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний зүүн нүд, хацар, орчимд гараараа цохиж, биед нь “...тархи доргилт, зүүн нүд хацар орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүү, уруулд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Мгийн /хэргийн 09-10х/ мэдүүлэг, гэрч Т.Алимаагийн /хэргийн 16х/, мэдүүлэг болон
- хохирогч Б.Мгийн биед “тархи доргилт, зүүн нүд хацар орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүү, уруулд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдсон” тухай шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3130 дугаартай дүгнэлт /хэргийн 19х/,
- шүүгдэгч С.Бы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 44х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Б.Мгийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...тархи доргилт, зүүн нүд хацар орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүү, уруулд цус хуралт,..” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Б нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатад байрлах тэмээтэй хөшөөний гэрлэн дохионы уулзвар орчимд машинтайгаа явж байх үедээ Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний зүүн нүд, хацар, орчимд гараараа цохиж, биед нь “...тархи доргилт, зүүн нүд хацар орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүү, уруулд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокуророос С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч М.Болормаагийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хэргийн хохирогч Б.М нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/ хэрэгт авагдсан байна.
Иймээс шүүгдэгч С.Бы хувьд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад /хэргийн 36х/ тэмдэглэгдсэн тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон хохирогч Б.М нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч С.Баатачулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Болормаа нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш овогт С-гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт С.Б цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД