| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2023/02864/И |
| Дугаар | 210/МА2025/00817 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00817
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01893 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдох,
191,031,452.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* нь тус компанийн Итали Улсаас оруулж ирсэн дарсыг худалдан борлуулж, 90 хоногийн дотор төлбөрийг нь шилжүүлэхээр тохиролцож хамтран ажилласан.
******* бизнесээ өргөжүүлэхийн тулд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, дараагийн татан авалтуудаа компанийнхаа нэрээр хийж байснаас гадна, хувийн цахим хаягаар болон компанийнхаа цахим [email protected] хаягаар бидэнтэй холбогдож, дарс борлуулахаар нэмж авдаг байсан.
******* нь хүлээн авсан дарсны төлбөр тооцоогоо бага багаар тасалж хийдэг байсан ба түүний үйл ажиллагаанд төлбөрийн зарим хэсгийг хасаж хөнгөлөлт үзүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо бүрэн төлөөгүй учраас бид бараа нийлүүлэхээ зогсоож, агуулахад байсан борлуулаагүй үлдсэн дарсыг нь буцаан авсан.
Түүнчлэн ******* ХХК-ийн санхүүгийн ажилтантай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дарсны тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлээ хүлээн зөвшөөрсөн боловч санхүүгийн баримтад гарын үсэг зураагүй.
Санхүүгийн тооцоо нийлэхэд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн нэр дээр ирсэн 6 нэр төрлийн 161,510,124.66 төгрөгийн үнэ бүхий 8,400 ширхэг дарсыг ******* худалдан борлуулахаар гаалиас шууд өөртөө хүлээн авснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн татан авалтаар 309,149,436.66 төгрөгийн 14,862 ширхэг дарсны төлбөр тооцоо гарсан.
******* ХХК-иас манай компани руу дарсны төлбөрт гэж шилжүүлсэн 112,271,584 төгрөг, борлогдоогүй буюу агуулахаас буцаан авсан 804 ширхэг дарсны үнэ 19,046,400 төгрөгийг тус тус төлбөрийн дүнгээс хасаж тооцоход 177,831,452.66 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
Үүнээс гадна, *******гийн бизнесийн үйл ажиллагааг нь дэмжин дарс түгээх, борлуулалтын автомашин худалдан авахад нь зориулж манай компани 13,200,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Уг автомашины үнийг дараа тооцоогоор төлөхөөр тохирсон ч ******* мөн л буцаан төлөөгүй байгаа.
Иймд ******* ХХК-иас дарсны төлбөрийн үлдэгдэл 177,831,452.66 төгрөг, түүний захирал *******гоос түгээлтийн автомашин худалдан авсны төлбөр 13,200,000 төгрөг, нийт 191,031,452.66 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: ******* нь нэхэмжлэлд дурдсанчлан хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй. Харин түүний хувьцаа эзэмшдэг ******* ХХК нь ******* ХХК-тай дарс борлуулах гэрээг амаар байгуулж 2022 оны 11 дүгээр cap хүртэл тодорхой тооны дарсыг худалдан авч борлуулан, тухай бүр дарсны үнийг тус компанид төлдөг байсан.
******* ХХК нь нэхэмжлэлд дурдсанчлан 309,149,436 төгрөгийн барааг аваагүй. Харин 2022 оны 11 дүгээр сарын байдлаар ******* ХХК нь ******* ХХК-иас нийт 138,633,197 төгрөгийн бараа авснаас 117,543,168 төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэлд 112,271,584 төгрөг төлсөн гэж 271,584 төгрөгийн төлбөрийг дутуу тусгажээ.
Улмаар ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлд дурдсанчлан 804 ширхэг борлогдоогүй дарс буюу 19,046,400 төгрөгийн үнэ бүхий дарсыг ******* ХХК-д буцаан өгсөн. Мөн ******* ХХК-ийн захирал ******* ******* нь 2 сая орчим төгрөгийн дарсыг өөрийн хэрэгцээндээ зориулж буцаан авсан байдаг.
Мөн ******* ХХК-ийн зүгээс 12 удаагийн баримтаар 114,788,463 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивж, тус дүнгээр бараа нийлүүлсэн гэж татварт тайлагнасан байна.
Өөрөөр хэлбэл, ******* болон ******* ХХК нь ******* ХХК-д ямар нэгэн дарсны төлбөрийн үлдэгдэлгүй, аливаа хэмжээгээр төлбөр төлөх үүрэггүй болно.
******* ******* болон ******* нар нь хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдрагч байсан бөгөөд үүний дараа ч найз, нөхдийн холбоотой, найрсаг харилцаатай бизнес хамтрагчид байсан. ******* ******* нь *******д бизнесийн үйл ажиллагааг нь дэмжихээр автомашин бэлэглэхээр болж 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 13,200,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Улмаар ******* нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Mazda Vongo маркийн автомашиныг худалдаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл тус автомашиныг авах мөнгийг бэлэг болгож өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг байсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* нараас 191,031,452.66 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар доголдолгүй хөрөнгө хүлээн авсан атлаа хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байгааг шүүх дүгнэлгүй орхисон.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д ... ******* Итали улсаас оруулж ирсэн дарсыг цаашид худалдан борлуулахаар амаар харилцан тохиролцож, улмаар өөрийн үүсгэн байгуулсан ******* ХХК-аар дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ******* ХХК-аас нийлүүлсэн дарсны үнийг төлдөг байсан үйл баримт тогтоогдсон ... гэж дүгнэсэн атлаа хариуцагч төлбөрөө хэрхэн төлдөг байсан, бүрэн төлсөн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч компаниас нэхэмжлэгч компани руу тооцоо нийлэхээр ирүүлсэн и мэйл, түүнд хавсаргасан sheet буюу хуудас бүрд бичигдсэн дарсны болон үлдэгдлийн тооцооны дүн, төлөх ёстой төлбөр гэж бичигдсэн хэсгүүдэд огт анхаарал хандуулахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч тал гомдолтой байна.
Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч ******* ХХК-ийн *******@gmail.com цахим хаягнаас 2022 оны 11 дүгээр сарын 10, 11, 14, 17, 18-ны өдрүүдэд, мөн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд явуулсан имэйл, мөн тус компанийн санхүүгийн ажилтан *******ийн ********@gmail.com цахим хаягнаас 2022 оны 04 дүгээр сарын 29, 07 дугаар сарын 29, 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******.mn цахим хаяг руу ирүүлсэн имэйлуудад нь үзлэг хийлгэсэн баримт хавтаст хэргийн 119-135-р хуудсанд авагдсан ба хариуцагч талын санхүүгийн ажилтнаас нь ирүүлсэн нарийн тооцоо, задаргаануудтай байгаа. Үүнд: тооцооны үлдэгдлийн баталгаа 19,867,6 80 төгрөг, үлдэгдэл 20,862,670,59 төгрөг, 2022 он гэсэн sheet хэсэгт 2022 онд нийт 16,248 шил дарс /вино, wine/ авсны үнэ 383,074,533 төгрөг гэсэн тооцоолол байгаа. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-нд ирүүлсэн Ринора тооцоо гэсэн файл, 2022 оны 11 дүгээр сарын 11, 14, 17-ны өдрүүдэд гаргасан тайлан буюу ******* ХХК-аас дэлгүүрүүдэд тараасан үлдэгдлийн мэдээллүүд буюу Үлэмж гросерс 9,257,201,03 төгрөг, үлдэгдэл 13,582,76 төгрөг, Скай хапермаркет 5,680,910 төгрөг, Гүүд прайс 187 ш дарс, Чингис Хан-Уул" 149 ш дарс үлдэгдэлтэй гэсэн тэмдэглэгээ, бүртгэлүүд байсан.
Эдгээрээс харахад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх тооцоог нийлэхээр нэхэмжлэгч тал руу ирүүлсэн тоо баримтууд гэдэг нь тодорхой харагдаж байхад хариуцагч талын төлөөлөгч огт төлбөр төлөх ёсгүй мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглохоор заасан байхад хариуцагч тал компанийн дансны хуулгаа сүүлийн байдлаар буюу нэхэмжлэгч компаниас дарс авч борлуулж байх үеийн орлогоо нуух байдлаар дутуу гаргаж өгсөн.
Мөн энд дурдахад хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд 2-3 удаа хариуцагч талд хандан Тооцоогоо нийлэх хэрэгтэй байна. Санхүүгийн ажилтнаа явуулаад тооцоогоо нийлбэл асуудал ойлгомжтой болно гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хэлж, 2 удаа шаардаж, шүүгчийн туслахад хүртэл хэлж байхад хариуцагч тал огт тооцоо нийлэхийг хүсээгүй.
Дээрх барааны үлдэгдэл, түүний үнийн дүнгийн талаар хариуцагч компаниас ирүүлсэн мэдээллийг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бөгөөд хариуцагч тал нь дутуу хагас төлбөр төлснөөс өөр баримт гаргаж өгөөгүй. Гэтэл дээр дурдсан Скай их дэлгүүр, Гүүд прайс дэлгүүр, Чингис-Хан-Уул зэрэг олон дэлгүүр, худалдааны төвүүдэд тараасан дарснууд бүгд нэхэмжлэгч талын нийлүүлсэн бараанууд байсан. Учир нь, Итали улсад үйлдвэрлэсэн Toscana Rosso, Toscana Bianco, Toscana Rose, Toscana Lische, Toscana chianti, Bio FFF, Bio Gioio, Quadro Grand нэртэй дарснуудыг зөвхөн манай компани л Монгол Улсад оруулж ирдэг учраас дээр дурдагдсан үлдэгдлүүд нь бүгд хариуцагч талаас баримтаа гаргаж өгөхгүй, тэдгээрийг борлуулаад өөртөө ашиг хонжоо авах гэсэн санааны илрэл, хууль бус үйлдлийн нотолгоо гэж үзэж байна.
4.3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талын санхүүгийн баримт шаардлага хангахгүй байгаа талаар дурдсан боловч энэ нь нэг байгууллагад хамт ажиллаж байсан *******д хэтэрхий их итгэл үзүүлэн өмнөх төлбөрөө төлөөгүй байхад нь нэмж дарс өгч байсны нотолгоо болно. Мөн дэлгүүрүүдэд байгаа дарсны үлдэгдлийн баримт нь дээрх санхүүгийн баримтыг үндэслэн авсан л дарснууд юм.
4.4. Гэрч *******, ******* нарын мэдүүлэгт шүүх ач холбогдол өгөөгүй орхигдуулсан. Тухайлбал: *******" ХХК-ийн санхүүгийн ажилтан, нягтлан бодогчоор ажиллаж байсан ******* шүүхэд өөрөө ******* ХХК-ийн цахим хаяг руу тооцоо нийлэхээр имэйл явуулснаа мэдүүлсэн. Түүний гаргаж өгсөн файл дахь баримтаар дээрх тооцоонууд тогтоогдож байгааг шүүх анхаараагүй.
Мөн борлуулагч, жолоочоор ажиллаж байсан гэрч ******* өөрийн авсан дарсны талаар хүлээн авсан баримт өөрийн санхүүдээ үлдээдэг байсан талаар мэдүүлсэн байхад шүүх шууд л нотлох баримтын шаардлага хангаагүй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй гэж хэт хайнга дүгнэсэн. Гэрч ******* мэдүүлэхдээ баримтыг компанийнхаа санхүүд өгдөг байсан, энэ хэрэгт байгаа гарын үсэг минийх мөн гэж мэдүүлсээр байхад санхүүгийн баримтаа нуугаад гаргаж өгөхгүй байгаа хариуцагчид шүүх шаардлага тавиагүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрч *******ийн мэдүүлэг, явуулсан цахим мэдээлэл дэх тооцоогоор, мөн гэрч *******ын гарын үсэг зурж авсан дарсны тооцоо зэрэг нь нэхэмжлэлд дурдагдсан тооцоонд тус тус авагдсан байхад шүүх дүгнэлт хийгээгүй байна.
Энэ мэтээр хариуцагч тал бусдын итгэлийг ашиглан өөртөө үндэслэлгүйгээр ашиг олохоор зүтгэж байгаад харамсаж байна.
4.5. Мөн үндэслэх хэсгийн 25-д ... цахим зурваст 19,867,680 төгрөгийн өглөгтэй.. гэх тооцооны үлдэгдлийн баталгааны загварыг үндэслэн 177,831,452,66 төгрөгийн авлагатай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болголоо... гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.
Шүүх нэхэмжлэгч талын гаргасан баримтыг санхүүгийн журмаар биш байна гэсэн атлаа хариуцагч талаас ирүүлсэн хэдэн оны хэдэн сараас хэдэн оны хэдэн сард хамаарах тооцооны үлдэгдэл нь 19,867,680 төгрөг болох нь тодорхойгүй байхад шууд л хариуцагчийг дэмжих мэт бүхий л тооцооны үлдэгдэл гэж өрөөсгөл дүгнэсэн байна. Харин нэхэмжлэгч тал Тэгвэл тэр олон дэлгүүр, худалдааны төвд байгаа манай компанийн Монгол Улсад оруулж ирсэн нэр бүхий дарснуудыг надад яагаад хамаагүй мэтээр шийдэж байна вэ. Би *******гоос өөр хүнтэй огт наймаа хийгээгүй, нэг ч дарс бусдад өгч байгаагүйг ******* өөрөө мэднэ гэж шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа.
4.6. Түүнчлэн зохигчдын хоорондоо бичсэн чат мессенжертэй танилцвал хариуцагч тал анхнаасаа хоорондоо тохирсон 90 хоногт төлбөрөө төлөх үүргээ байнга зөрчиж байсан. Авсан дарсны төлбөрөө байнга дутуу хийдэг байсан, төлбөрөө шаардахаар төлнө гэдэг ч амласан хугацаандаа мөнгөө төлдөггүй байсан атлаа уучлаарай, ахин нэмж дарс авъя гэж гуйдаг байсан талаар, дарс нэмж авч байсан талаар нь дэлгэрэнгүй дурдагдсан байгааг шүүх анхаараагүй.
Тэгэхээр хариуцагч талын шилжүүлсэн төлбөрийг өмнөх төлбөрийн үлдэгдэл биш, бүх авсан барааныхаа үнийг төлсөн гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
4.7. Үндэслэх хэсгийн 27, 28-д ...нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* ******* нь *******той хувийн дотно харилцаатай байх үедээ түүний бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, дарс түгээх, борлуулалтын автомашин худалдан авахад нь зориулж, 2021 оны 5 сарын 21-нд 13,200,000 төгрөгийг автомашины төлбөрт шилжүүлсэн, улмаар ******* автомашиныг худалдан авсан үйл баримтад маргаагүй... гээд нэхэмжлэгчийн хүсэл зоригийг үл тоон дотно байсан юм чинь бэлэглэхэд яахав дээ гэсэн байдлаар бэлэглэлийн гэрээний зохицуулалтыг шийдвэрт дурдаж шийдвэрлэсэн.
Тухайн машиныг нэхэмжлэгч бэлэглэсэн гээгүй, үйл ажиллагаанд нь дэмжлэг болж машины мөнгө шилжүүлсэн гэдэг бөгөөд уг машиныг бэлэглээгүй учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч бэлэглэсэн л байж таараа гэж таамаглал дэвшүүлснийг шүүх дэмжиж шийдвэрлэсэн.
Гэрч нарын хэн аль нь бэлэглэсэн эсэхийг мэдэхгүй, бэлэглэсэн байж магадгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүслээр мэдүүлэг өгсөн. Гэвч бодит байдал дээр магадгүй, "мэдэхгүй гэсэн хоёр үг нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхийлэх боломжгүй.
Шүүх үндэслэх хэсгийн 30-д ... ******* тухайн мөнгөн хөрөнгийг ямар нэгэн хариу үүрэг хүлээхгүйгээр шилжүүлэн авсан гэж үзэхээр байх тул... гэж бас л өрөөсгөл дүгнэлт гаргасан. Тухайн үед ******* автомашин авах нь бүү хэл оффистоо тавих ч тавилгагүй учраас ******* ХХК-аас сандал, ширээ гуйж байсан мессеж нь баримтаар хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас үйл ажиллагаанд нь туслаад мөнгө өгснийг шууд л бэлэглэх үйлдэл гэж дүгнэсэн нь хачирхалтай.
Энэ мэтээр шүүх цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй учраас эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01893 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо 2 гэрчийн мэдүүлгийг буруу талаас нь тайлбарлаж байна. Анхан шатны шүүхэд хариуцагч компанийн нягтлан бодогч ******* ирээд би тооцоог хийсэн бөгөөд уг тооцоог хийхдээ компанид байсан бүх анхан шатны баримтуудыг шалгаж үзээд манай компани 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 19,046,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж дүгнээд имэйл явуулсан. Нэхэмжлэгчээс өөрөөс нь ирүүлсэн файл дээр нэмж явуулсан гэж мэдүүлдэг. Хоёр компанийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 19,046,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан. Үүний дараа 11 дүгээр сарын 30-ны өдөр нийт 19,046,000 төгрөгийн барааг буцааж олгосон. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Энэ тооцооноос хойш ямар нэгэн байдлаар талуудын хооронд тооцоо нийлсэн акт болон дарс өгч, авсан зүйл байхгүй. Үүнээс хойш төлбөрийн үлдэгдэл байхгүй.
******* нь дарс авч өгдөг байсан, энэ талаарх санхүүгийн анхан шатны баримтуудыг үйлддэг байсан. Энэ талаарх баримтуудаа гаргаж өгсөн гэдэг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч дарс өгсөн бол ямар анхан шатны санхүүгийн баримтуудаар нотолж байгаа юм. Үнэхээр баримтууд нь өөрсдөд нь байхгүй бол бусад нотолгооны арга хэрэгслээр нотлох боломжтой байсан. Нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал ******* болон ******* нарын хоорондоо харьцаж байсан мессежийг орчуулж нотлох баримтаар өгсөн байдаг. Уг баримтад үзлэг хийхэд, хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сард Чи надад нийт 49,000,000 төгрөгийн өртэй гэх шаардлага тавьсан байдаг. Үүнээс хойш манай компани 2022 оны 11 дүгээр сар хүртэл нийт 40,000,000 гаруй төгрөг төлсөн. Энэ баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнээс үзэхэд ямар нэгэн төлбөрийн үүрэг хариуцагчид байхгүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 300,000,000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан бол НӨАТ-ын баримт шивэх үүрэгтэй. Энэ талаарх баримтуудаас харвал 138,000,000 гаруй төгрөгийн баримт шивсэн. Энэ дүнгээр нь манайх төлбөрөө төлсөн.
Машины төлбөр болох 13,200,000 төгрөгийг зээлсэн гэж гомдол гаргадаг. Хэрэгт авагдсан баримтаар үүнтэй холбоотой зээлийн гэрээ, буцаан төлөх агуулга бүхий үйл баримтыг тогтоогоогүй. Тухайн хоёр хүний хамтран амьдарч, хайр сэтгэлийн холбоотой байх хугацаанд мөнгө шилжүүлсэн үйл баримт байдаг. Үүнээс хойш 13,200,000 төгрөгийг буцаан төлөхтэй холбоотой асуудал чат, мессеж, имэйлд байдаггүй.
Үзлэг хийсэн файл нь төлөгч, авагч нь тодорхойгүй, ямар утгатай эсэх нь тодорхой харагддаггүй. Уг баримтад нэхэмжлэгчийн дурдаж буй 300,000,000 гаруй төгрөг гэх тоо байдаг ч файлыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. 19,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий дарсыг буцааж авсан, хариуцагч нь нэхэмжлэгчид 50,000,000 гаруй төгрөгийг буцаан төлсөн гэх үйл баримтад маргаан байдаггүй. Хэргийн 43-44 дүгээр талд нэхэмжлэгч компанийн өөрийнх нь нягтлан бодогчийн гарын үсэгтэй санхүүгийн тамга тэмдэг бүхий баримт байдаг. Үүнээс үзвэл ******* ХХК-ийн өр төлбөр дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн гаргасан баримтууд хуулбарласан буюу нотариатаар гэрчлүүлээгүй баримтууд байдаг. Мөн хүлээлгэж өгсөн, хүлээн авсан гэх баримтууд байдаг боловч зөвхөн нэг талын гарын үсэгтэй, нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байдаг.
Иймд, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 191,031,452.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК, түүний захирал ******* нар нь манай компанийн оруулж ирдэг дарсыг худалдан борлуулахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 309,149,436.66 төгрөгийн үнэ бүхий дарс нийлүүлснээс 112,271,584 төгрөгийг төлж, 19,046,400 төгрөгийн үнэ бүхий дарсыг буцаасан ба 177,831,452.66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс гадна *******д дарс борлуулалтын автомашин худалдан авахад нь зориулж 13,200,000 төгрөг шилжүүлсэн боловч буцаан төлөөгүй. Иймд борлуулахаар авсан дарсны үнэ 177,831,452.66 төгрөгийг ******* ХХК-иас, машин худалдан авахад зориулан шилжүүлсэн 13,200,000 төгрөгийг *******гоос тус тус гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ******* ХХК-тай дарс борлуулах гэрээг амаар байгуулж тодорхой тооны дарсыг худалдан авч борлуулан үнийг төлсөн, 13,200,000 төгрөгийн тухайд ******* ХХК-ийн захирал ******* ******* нь *******д бэлэг болгож өгсөн ба буцаан төлөх талаар тохиролцоогүй, иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзсан байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин, шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хууль хэрэглэснийг өөрчилнө. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад бэлэглэлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасна. Үүнээс гадна, нэхэмжлэгч нь хариуцагч тус бүрт холбогдуулан хоёр өөр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул шаардлага тус бүрийг тодорхойлсон найруулгын өөрчлөлтийг оруулна.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Талууд бичгийн гэрээ байгуулаагүй боловч хариуцагч ******* ХХК нь Итали Улсаас нэхэмжлэгч ******* ХХК-ийн оруулж ирдэг дарсыг худалдан борлуулж, үнийг төлөхөөр харилцан тохиролцож, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд борлуулалт хийсэн талаар зохигч хэн аль нь тайлбарласан ба нэхэмжлэгч хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн эсэх, хариуцагч буюу худалдан авагч нь үнийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчээс тодорхой тооны дарс хүлээн авч худалдан борлуулсан бөгөөд үнийг тухай бүр төлж байсан талаар тайлбарлаж, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 19 удаагийн гүйлгээгээр нийт 112,007,584 төгрөгийг виноны төлбөр, Baraanii tootsoo, Виноны төлбөр, ******* ХХК, Rinora trade lie, chianti tulbur, Wine төлбөр гэсэн утгаар ******* ХХК-д, *******гийн данснаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 280,000 төгрөгийг 2 box wine гэсэн утгаар, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг гүйлгээний утгагүйгээр ******* *******-гийн дансанд тус тус шилжүүлж, хүлээн авсан дарснаас борлогдоогүй үлдсэн 19,046,400 төгрөгийн үнэ бүхий 804 ширхэг дарсыг буцаан өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгууд, буцаан авсан дарсны жагсаалт зэргээр тогтоогдсон байна. /1хх1-3, 44, 79-80, 93-113/
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор ******* ХХК-д хүлээлгэн өгсөн дарсны тооцоо, зарлагын баримтуудыг гаргасан байх боловч эдгээрийг талууд тооцоо нийлж баталгаажуулаагүй, нэг талын баримтууд байх тул хариуцагч тал маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болж чадахгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.3. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар хариуцагч талаас нэхэмжлэгч компанийн *******.mn хаягт ирүүлсэн цахим шууданд үзлэг хийжээ. Үзлэгээр хариуцагч талаас илгээсэн акцны дугаар илгээлээ, нохойтой хөшөөнөөс гэсэн гарчигтай файлууд, ******* ХХК 20221110" гэх файл, good price THA, Номин THA, E mart THA гэсэн зурган файлууд, үлдэгдэл гэсэн файлыг тус тус илгээсэн нөхцөл байдлыг тогтоосон байна.
Түүнчлэн гэрч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны үед тооцоо гаргаж байсан, уг тооцоог талууд зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулаагүй учраас үнэн баримт гэж үзэхгүй талаар, гэрч ******* нь ******* ХХК-ийн агуулахаас захиалгын дагуу дарс аваад, баримт үйлдэж гарын үсэг зурдаг байсан ба уг баримтуудаа ******* ХХК-д өгдөг байсан талаар тус тус мэдүүлжээ.
Гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал буюу цахим шуудангаар илгээсэн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д дарс нийлүүлж, хариуцагч нь уг дарсыг түгээлтээр борлуулж байсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 309,149,436 төгрөгийн үнэ бүхий дарсыг хариуцагч компанид хүлээлгэж өгсөн гэх үндэслэл эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 125-157-р талд авагдсан баримтуудыг хариуцагч нь нэхэмжлэгчид явуулж байсан баримтууд гэх боловч эдгээр нь талуудын байгуулсан гэрээний үүргийг тодорхойлсон, төлбөрийн дүнг баталгаажуулсан тооцоо нийлсэн баримт биш байна. Иймээс, нотлох баримтыг үнэлээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч *******гоос 13,200,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ түүний бизнесийг дэмжиж, дарс түгээлтийн автомашин худалдан авахад нь зориулж 13,200,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Гэвч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч *******, нэхэмжлэгч компанийн захирал ******* ******* нар нь хувийн харилцаатай байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн буюу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 13,200,000 төгрөгийг ямар нэг хариу үүрэггүйгээр бэлэглэсэн гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01893 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 177,831,452.66 төгрөг, хариуцагч *******гоос 13,200,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,113,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ