| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0518/Э |
| Дугаар | 534 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 534
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Боорчи, улсын яллагч Г.Ганчимэг, хохирогч Д.М, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогт А-ийн Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910009090437 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Төв аймаг Зуун мод сумын .... дүгээр баг ..... хотхоны ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт А-ийн Б ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байхдаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5,365,100 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10,098,000 төгрөгийг тус тус хохирогч Д.М-ээс “байр захиална, цалингийн зээл төлөөд, дахин зээл авч өрөө төлнө” гэж хуурч нийт 15,463,100 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Д.М-: “...Би 2014 онд найз А.Б-ад туслах зорилгоор 4,800,000 төгрөгийг түүнд зээлүүлсэн, дараа нь нэмж 5,365,100 төгрөгийг шилжүүлсэн. Шүүгдэгч бид хоёр миний зээлүүлсэн мөнгөний хариуд шинэ баригдаж буй орон сууцны 8 давхарт байр худалдаж авахаар тохирсон байсан. Харин тэрхүү байрыг очиж үзэхэд 8 давхрын байр биш, нэг давхарт байх байр болж таарсан тул би 1 давхрын байрыг авахаас татгалзаж зээлүүлсэн мөнгөө буцааж авахыг шаардсан. Би шүүгдэгчээс мөнгөө буцааж авах гэсэн боловч ТОСК-оос аваарай гэж надад хэлээд мөнгийг өгөөгүй. Би мөнгөө буцааж авч чадаагүй удсан учраас цагдаад мэдэгдсэн. Одоогоор гомдол, санал байхгүй...” гэв.
Шүүгдэгч А.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2011 оноос 2017 оны хооронд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд А.Б-тай нэг тасагт хамт ажиллаж байсан. 2014 оны 5 дугаар сард Буянт-Ухаа 1 хороололд нэг өрөө байр захиалах гэж байгаа байрны урьдчилгаа мөнгө хэрэг болоод байна гээд 2014 оны 8 сард 4,800,000 төгрөг авсан, тэгээд 2014 оны 11 сард нөгөө байрандаа орохоо болисон талаар Б надад ярьсан. Тэгэхээр нь би чиний нэр дээр байрыг чинь гаргуулж авья, тэгэх боломжтой юу гэж асуухад ТОСК-тай холбогдож асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд удалгүй болно гэж байна гэсэн. Тэгэхдээ нэмж мөнгө тушаах шаардлагатай байна гээд 5,365,000 төгрөгийг Б-ын 5022463821 дугаарын данс руу шилжүүлсэн. Гэтэл мөнгө шилжүүлсэний дараа Б надтай уулзаад Мөөгий эгчээ нөгөө 8 давхрын байр зарагдчихсан, харин нэг давхарт байр байна, та нэг давхрын байрыг авах уу гэхэд би нэг давхрын байрыг авахгүй гээд Б-ыг ТОСК-оос мөнгөө буцааж ав гэж хэлсэн. Тэгээд мөнгөө авч чадахгүй 2018 он болсон, би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б-тай утсаар яриад мөнгөө нэхэхэд ...би Хаан банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авч болох юм билээ, тэгэж авахын тулд цалингийн зээлээ хаах хэрэгтэй гэж банкнаас хэлсэн. Миний цалингийн зээл 10,098,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ зээлээ хаачихвал дахиж 25 сая төгрөгийн зээл аваад танаас авсан зээлээ нэг мөсөн өгчихмөөр байна, та хаагаад өгөх боломж байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь би Б-ын ярьсанд нь итгээд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хас банкны 5002329248 дугаарын данс руу эхлээд 4,000,000 төгрөг, дахин тухайн өдрөө 6,098,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Б нь одоо хүртэл миний өрийг төлөхгүй, асуухаар би зээлээ хаагаад 25 сая төгрөгөө авчихсан. Тэгээд гурав хоногийн хугацаатай цай зардаг хүнд 1 сая төгрөгийн хүүтэй өгчихсөн, та түр хүлээж бай гэж хэлдэг байсан. Тэгээд сүүлдээ байрны өртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 28 сая төгрөгийн өртэй байсан, миний дансыг битүүмжлээд шууд татаад авчихсан гэж ярих болсон, ...Би Б-ад нийт 23,263,000 төгрөг зээлүүлсэн, үүнээс 1,200,000 төгрөгийг эргүүлж авсан, одоо үлдэгдэл 22,063,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 6-7/ гэсэн,
Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2014 онд Буянт-Ухаа 1 хороололд байранд орох эрхийн сугалаанд хожсон. Тухайн үед мөнгөгүй байсан учраас урьдчилгаа мөнгө төлөх гээд М эгчээс 2014 оны 4 сард 3,000,000 төгрөг, 5 дугаар сард 4,800,000 төгрөг, 8 дугаар сард 5,365,000 төгрөг, нийт 13,165,000 төгрөг зээлж авсан. ...Би цалингийн зээлтэй байсан учраас байрны 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болсон. Тэгээд ТОСК-той хийсэн гэрээ цуцлагдаад байрны урьдчилгаанд өгсөн 15 орчим сая төгрөгийг буцааж авахаар болсон. Ингээд би энэ тухай М эгчид хэлээд мөнгийг нь ТОСК-оос авч өгнө гэж хэлсэн боловч буцааж өгсөн мөнгөнөөс 1,200,000 төгрөгийг М эгчид өгөөд бусдыг нь өөрөө хувьдаа хэрэглэсэн. Би 2018 онд 15 сая төгрөгийн цалингийн зээлтэй, мөн “Нэт Капитал” ББСБ-д 5,900,000 төгрөгийн зээлтэй байсан. Тэгээд “Нэт капитал” ББСБ-ын өрийг дарах гээд өндөр хүүтэй мөнгө зээлдэг хувь хүнээс зээлсэн мөнгөний хүү 7,900,000 төгрөгийн өрөнд орсон. Тэгээд тэр хүн манай гэрт өдөр болгон ирээд хаалга үүд тогшоод хэцүү байсан учраас тэр хүний өрийг нь даръя гэж бодсон. Тэгээд 2018 оны 11 сарын дундуур би гэртээ утсаараа фэйсбүүк үзээд сууж байхад М эгч идэвхитэй байсан. Тэгэхээр нь би М эгчээс мөнгө нэмж аваад зээл авсан хүний 7,900,000 төгрөг болон өөр хүнээс зээлсэн байсан 2 сая төгрөгөө даръя гэж бодоод М эгчид цалингийн зээлээ дараад нэмж 25 сая төгрөг авах боломжтой, тэрийгээ аваад урд нь зээлсэн бүх мөнгөө хүүтэй нь өгье гэж худлаа яриад 10,098,000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 7,900,000 төгрөгийг Баасанжаргал гэж мөнгө зээлдэг хувь хүнд шууд өгсөн. Тэгээд үлдэгдэл 2 сая төгрөгийг би Хаан банкны дансанд хийсэн байхад Хаан банкны данснаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар татаж авсан. Би М эгчид учруулсан бүх хохирлоо заавал төлж барагдуулна. Харин сүүлд 11 сард авсан 5,365,000 төгрөгийг би ТОСК-д өгөөгүй хувьдаа хэрэглэсэн юм...” /хх-ийн 57-58/ гэсэн мэдүүлгүүд,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 4/10805 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Б-ын хаан банкин дахь 5022463821 тоот данснаас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөгийн хасалт хийсэн бөгөөд албан бичигт дурдсан данснаас хасалт хийгдээгүй байна...” /хх-ийн 36/ гэсэн,
Хасбанкны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5в/2588 дугаартай “2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолд дурдсан А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус банкинд 12,870,013.18 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас данс барих бичиггүй ба данснаас 2,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй болно...” /хх-ийн 40/ гэсэн албан бичигүүд,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Адъяадоржийн мэдүүлэг /хх-ийн 9-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 15/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 16/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 17/, ял шалгах хуудас /хх-ийн 19/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 21-22/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч А.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байхдаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байр захиална, цалингийн зээл төлөөд дахиад зээл авч өрөө төлнө гэж Д.М-ийг хуурч 5,365,100 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10,098,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.М-ийн “...2014 оны 5 сард Буянт-Ухаа 1 хороололд нэг өрөө байр захиалах гэж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэг болоод байна гээд 2014 оны 8 сард 4.800.000 төгрөг авсан, ...тэгээд удалгүй мөнгө нэмж тушаах шаардлагатай гээд 5,365,000 төгрөгийг Б-ын 5022463821 дугаарын данс руу шилжүүлсэн. ...Тэгээд мөнгөө авч чадахгүй 2018 он болсон, би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б-тай утсаар яриад мөнгөө нэхэхэд ...би Хаан банкнаас 25 сая төгрөгийн зээл авч болох юм, тэгэж авахын тулд цалингийн зээлээ хаа гэж банкнаас хэлсэн. Миний цалингийн зээлийн үлдэгдэл 10,098,000 төгрөг байгаа. Энэ зээлээ хаачихвал 25 сая төгрөгийг дахиж аваад таны зээлийг нэг мөсөн өгчихмөөр байна, та хаагаад өгөх боломж байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь Б-ын ярьсанд итгээд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хасбанкны 5002329248 дугаарын данс руу эхлээд 10,098,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Б нь одоо хүртэл миний өрийг төлөхгүй байна. ...Би Б-ад нийт 23,263,000 төгрөг зээлүүлсэн, үүнээс 1,200,000 төгрөгийг эргүүлж авсан, одоо үлдэгдэл 22,063,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 6-7/ гэсэн, шүүгдэгч А.Б-ын “...Би 2014 онд Буянт-Ухаа 1 хороололд байранд орох эрхийн сугалаанд хожсон. Тухайн үед би мөнгөгүй байсан учраас урьдчилгаа мөнгө төлөх гээд М эгчээс 2014 оны 4 сард 3,000,000 төгрөг, 5 дугаар сард 4,800,000 төгрөг, 8 дугаар сард 5,365,000 төгрөг, нийт 13,165,000 төгрөгийн зээл авсан. ...Би цалингийн зээлтэй байсан учраас байрны 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болсон. Тэгээд ТОСК-той хийсэн гэрээ цуцлагдаад байрны урьдчилгаанд өгсөн 15 орчим сая төгрөгийг буцааж авахаар болсон. Ингээд би тухай М эгчид хэлээд мөнгийг нь ТОСК-оос авч өгнө гэж хэлсэн боловч буцааж өгсөн мөнгөнөөс 1,200,000 төгрөгийг М эгчид өгөөд, бусдыг нь өөрөө хувьдаа хэрэглэсэн. Би 2018 онд 15 сая төгрөгийн цалингийн зээлтэй, мөн “Нэт Капитал” ББСБ-д 5,900,000 төгрөгийн зээлтэй байсан, тэр өрийг дарах гээд өндөр хүүтэй мөнгө зээлдэг хувь хүнээс зээлсэн мөнгөний хүү нь 7,900,000 төгрөгийн өрөнд орсон. М эгчээс мөнгө нэмж аваад зээл авсан хүний 7,900,000 төгрөг болон өөр хүнээс зээлсэн байсан 2 сая төгрөгөө төльё гэж бодоод М эгчид цалингийн зээлээ дараад нэмж 25 сая төгрөг авах боломжтой, тэрийгээ аваад урд нь зээлсэн бүх мөнгөө хүүтэй нь өгье гэж худлаа яриад 10,098,000 төгрөг авсан...” /57-58/ гэсэн мэдүүлгүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4/10805 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Б-ын хаан банкин дахь 5022463821 тоот данснаас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийн хасалт хийсэн бөгөөд албан бичигт дурдсан данснаас хасалт хийгдээгүй байна” /хх-ийн 36/ гэсэн, Хасбанкны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5в/2588 дугаартай “2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолд дурдсан Б нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус банкинд 12,870,013.18 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас данс барих бичиггүй ба данснаас 2,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй болно” /хх-ийн 40/ гэсэн албан бичгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүдэгч А.Б-ын Д.М-ээс “байр захиална, цалингийн зээл төлөөд дахиад зээл авч өрөө төлнө гэж хуурч” 5,365,100 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн, шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байх тул түүний энэ үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар 7.1-д зааснаар түүнд холбогдох энэ хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин А.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “байр захиална, цалингийн зээл төлөөд дахиад зээл авч өрөө төлнө гэж хуурч” Д.М-ээс 10,098,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М-т 15,463,100 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Д.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан А.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар үүрэг хүлээлгэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн 1910009090437 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “байр захиална, цалингийн зээл төлөөд дахиад зээл авч өрөө төлнө гэж хуурч” 5,365,100 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч А.Б-ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1910009090437 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР