Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00850

 

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03507 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХК-д холбогдох,

 

3,927,440 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3,927,440 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гэрээний агуулгыг зөв тайлбарлаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Түүнчлэн, шийдвэрийн тогтоох хэсэгтээ даатгалын гэрээний үүрэгт хамааралтай шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн заалт буюу гэм хорын хохирлыг арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ даатгалын гэрээгээр даатгалын тохиолдолд сантехникийн эрсдэл хамаарахаар тохиролцсон тул сантехникийн эрсдэлээс учирсан хохирлыг даатгагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч ******* ХК нь гэрээний 7.2.12-т зааснаар хэвийн элэгдэл хорогдлоос шалтгаалсан өөрчлөлтийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж татгалзжээ.

 

5. Зохигч 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 208/2 байр, 25 тоот орон сууцыг даатгуулж даатгалын хураамж төлөх, хариуцагч ******* ХК нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 10/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.

 

5.1. Даатгалын зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцанд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ус алдаж, паркетан шал норж хөөсөн. Улмаар уг шалыг солиулахад 3,927,440 төгрөгийн зардал гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримт, Худалдаа, хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулга, ******** ОСНААК-ын дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 22-25-р тал/

 

5.2. Талуудын байгуулсан гэрээний 1.2-т сантехникийн эрсдэлийг даатгалын хамгаалалтад оруулахаар, харин 7.2.12-т хэвийн элэгдэл хорогдол, цагийн урсгалаар үйлчлэл үзүүлдэг хүчин зүйлсээс шалтгаалсан агшилт, хийц алдалт, бохирдолт, өнгө, загвар хийцийн өөрчлөлтөд, мөн 7.2.14-т засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан байна.

 

Хэргийн 34 дүгээр талд авагдсан ******** ОСНААК-ын дүгнэлтэд гэмтэл гарсан шалтгааныг ... унтлагын өрөөний халаалтын радиатор /паар/ элэгдэлд орж задарсан нь тогтоогдов гэжээ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/322 дугаар албан бичигт даатгалын гэрээний 7.2.12-т заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзсаныг үндэслэлтэй гэж үзсэн. /хх-ийн 18/

 

Дээрхээс үзэхэд даатгуулагч буюу нэхэмжлэгч *******ын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учирсан үндэслэл шалтгаан нь гэрээний 7.2.12-т заасан хэвийн элэгдэл хорогдлоос үүссэн байх тул уг нөхцөлийг даатгалын тохиолдол гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, даатгал нь ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй эрсдэл /даатгалын тохиолдол/-ийг даатгах агуулгатай бөгөөд уг эрсдэл нь даатгуулагчийн хүсэл зоригоос үл хамаарах шинжтэй байхыг ойлгоно. Харин орон сууцны өмчлөгч нь сантехникийн шугам хоолойн элэгдэл, хорогдлыг урьдчилан тооцоолох боломжтой бөгөөд холбогдох засвар үйлчилгээг хийгээгүйгээс үүссэн эрсдэлийн улмаас учирсан хохирлыг даатгагчаас шаардах эрхгүй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 3,927,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 3,927,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 77,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ