Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гэд холбогдох эрүүгийн 19100 0823 0292 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72-50 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 сарын 21-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Г /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 97-23 УНГ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар таксины үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Анар” хотхон руу хүргүүлэхээр суусан иргэн Т.Мг таксин дотор нь унтаж байхад Самсунг Эс-7 маркийн гар утсыг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Гээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид засарч хүмүүжиж зөв амьдарна. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч миний машинд суугаад унтсан байхад гар утас нь машины шаланд унасан байхаар нь аваад, өөрийнхөө дэлгэцгүй утсаа хохирогчийн утасны гэрэнд солиод хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0823 0292 дугаартай хэргээс:

 

1. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-08х, /

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Мн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 3 сарын 28-ны өдөр найз Болдын төрсөн өдрийг 3, 4 дүгээр хороолол орчимд байдаг кафед тэмдэглэсэн юм. Болдын хамт Эрхэс гэх газрын хажуу пабад 3 шил Соёмбо нэртэй архи уугаад, шөнө хэдэн цагт тэндээс гарсанаа санахгүй байна. Өргөө кино театрын автобусны буудлаас таксинд суугаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Анар хотхоны хойд хаалга буюу гэрийнхээ гадаа ирээд сэрсэн.

Жолооч намайг сэрээрэй гээд машинаас буулгаад би гэртээ орж, гар утсаа үзтэл миний гар утасны гэрэн дотор дэлгэцгүй гар утас хийсэн, миний Самсунг Эс 7 Эджэ маркийн гар утас алга болсон байсан юм. Миний гар утсыг солиод, өөр дэлгэцгүй гар утас гэрэнд нь хийсэн байсан. Тухайн таксины жолоочийг л ийм зүйл хийсэн байх гэж бодож байна.

Миний гар утас цэнхэр өнгийн, би шинээр нь худалдаж авсан. Тухайн үед би таксин дотор гар утсаараа яриагүй, архи их уугаад, таксинд нь суугаад тасарчихсан байна лээ. Жолооч залууг дахин харвал танихгүй, залуухан хүүхэд байсан. Би согтуу байсан болохоор ямар машинд сууснаа мэдэхгүй байна, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан байх гэж бодож байна. Таксины мөнгөнд 20.000 төгрөг өгсөн шиг санагдаж байна. Би гар утсаа олж авмаар байна. Би гар утсаа зах зээлийн ханшаар үнэлнэ, Дамно ХХК-ийн үнэлгээний дүгнэлттэй санал нийлж байна. Миний хувьд хохирол төлбөрөө бүрэн гүйцэд буцааж авсан учир цаашид ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х, 14х/,

 

3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ХУ2-19-195 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung S7 Edge маркийн, 64GB багтаамжтай гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 20-21х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гийн гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 3 сарын 29-ний шөнө 03 цаг өнгөрч байхад Өргөө кино театрын автобусны буудал дээр зогсож байхад танихгүй, согтуу ах “Нисэх рүү хэдээр явах вэ” гэхээр нь “10.000 төгрөгөөр явна” гэсэн. Тэгээд тэр ахыг Нисэх хүргэж өгөх гээд явсан ба тэр ахын “эхнэр нь салчихсан, охинтойгоо амьдардаг, маргааш нь хөдөө явна” гэсэн юм ярьж байсан. Нисэхэд ирээд гэрийнх нь гадаа ахыг буулгах гэтэл унтсан байсан ба сэрээх гэж нилээн юм болсон юм. Сэрэхгүй байж байтал тэр ахын гар утас нь машин дотор уначихаар нь би тэр утсыг нь аваад, утасных нь гэрэнд өөрийнхөө эвдэрхий гар утсыг хийгээд бариад байж байтал тэр ах сэрэхээр нь би эвдэрхий гар утас хийсэн гэртэйгээ өгөөд, тэр ах гэртээ орсон. Тухайн гар утас нь Самсунг Эс 7 эджэ маркийн хөх өнгийн гар утас байсан юм. Тэр ах их согтолтгүй байсан шиг санагдаж байна. Би өөрийн эзэмшлийн 97-23 УНГ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х, 27-28х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 30х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 41х/, гэрч Б.Мөнхнарангийн мэдүүлэг /хэргийн 16-17х/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 46-49х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 97-23 УНГ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар таксины үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Анар” хотхон руу хүргүүлэхээр суусан иргэн Т.Мг таксин дотор нь унтаж байхад Самсунг Эс-7 маркийн гар утсыг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан:

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-08х, /

- хохирогч Т.Мн: “...Би 2019 оны 3 сарын 28-ны өдөр ...Өргөө кино театрын автобусны буудлаас таксинд суугаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Анар хотхоны хойд хаалга буюу гэрийнхээ гадаа ирээд сэрсэн. Жолооч намайг сэрээрэй гээд машинаас буулгаад би гэртээ орж, гар утсаа үзтэл миний гар утасны гэрэн дотор дэлгэцгүгй гар утас хийсэн, миний Самсунг Эс 7 Эджэ маркийн гар утас алга болсон байсан юм. Миний гар утсыг солиод, өөр дэлгэцгүй гар утас гэрэнд нь хийсэн байсан. Тухайн таксины жолоочийг л ийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Цэнхэр өнгийн гар утас байсан, би шинээр нь худалдаж авсан. Би таксин дотор гар утсаар яриагүй, архи их уугаад таксинд нь суугаад тасарчихсан байна лээ. Жолооч залууг дахин харвал танихгүй, залуухан хүүхэд байсан. Би согтуу байсан болохоор ямар машинд суусанаа мэдэхгүй байна, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан байх гэж бодож байна. Таксины мөнгөнд 20.000 төгрөг өгсөн шиг санагдаж байна. Би гар утсаа олж авмаар байна. Би гар утсаа зах зээлийн ханшаар үнэлнэ, Дамно ХХК-ийн үнэлгээний дүгнэлттэй санал нийлж байна. Миний хувьд хохирол төлбөрөө бүрэн гүйцэд буцааж авсан учир цаашид ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х, 14х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ХУ2-19-195 дугаартай: “...үнэлэгдэж буй Samsung S7 Edge маркийн, 64GB багтаамжтай гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 20-21х/ болон шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 97-23 УНГ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар таксины үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Анар” хотхон руу хүргүүлэхээр суусан иргэн Т.Мг таксин дотор нь унтаж байхад Самсунг Эс-7 маркийн гар утсыг нь авсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч Б.Гийн гэмт үйлдэлд нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мд 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын бага хэмжээнээс дээш, үлэмж хэмжээнээс доогуур хохиролд хамаарч байна.   

 

Шүүгдэгч нь Б.Г нь хохирогч Т.Мд учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь /хавтаст хэргийн 14х/ баримтаар тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий төлбөргүй байна.  

 

Шүүгдэгч Б.Г нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 42х/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 сарын 21-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол баримт /хэргийн 46-49х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.  

 

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүх, шүүгдэгч Б.Г нь хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж арилгасан, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Т.М нь гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                  ТОГТООХ нь:

 

1. Б.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гэд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

4. Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД