| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2024/07868/И |
| Дугаар | 210/МА2025/00851 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00851
********гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04551 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 1,996,600 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, хариуцагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,996,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй буюу гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол шаардах эрхийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хассан өөрчлөлтийг оруулна.
4. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********тай 2023 оны 11 дүгээр сарын сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч ******** нь авто засварын зориулалттай гражийг 6 сарын хугацаатай, сарын 1,300,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4/
5. Нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний хугацаа дууссан боловч түрээслэгч буюу хариуцагч ******** нь түрээсийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй тул сүүлийн 1 сарын түрээсийн төлбөр 1,300,000 төгрөг, цахилгааны төлбөр 696,000 төгрөг, нийт 1,996,600 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нь гражийг бусад этгээдүүдтэй хамтарч түрээсэлсэн тул түрээсийн төлбөр болон хэрэглээний зардлыг хамтарч хариуцна гэж татгалзжээ.
5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
5.2. Талуудын байгуулсан гэрээний 3.1-д ... сарын түрээсийг сар болгоны 06-нд хийнэ. Мөн сардаа хэрэглэж байгаа тог болон ус дулааны төлбөрийг 20-ны дотор тухайн байгууллагын дансанд буюу түрээслүүлэгчийн дансанд хийнэ. гэжээ. Хариуцагч ******** нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад цахилгааны төлбөр 696,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргасан. /хх-ийн 4, 33/
Иймээс хууль болон гэрээнд зааснаар хариуцагч ******** нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,300,000 төгрөгийг цахилгааны төлбөр 696,600 төгрөгийн хамт нийт 1,996,600 төгрөгийг нэхэмжлэгч ********д төлөх үүрэгтэй.
6. Хариуцагч ******** нь шүүх хялбар ажиллагааны шүүх нэрийн дор хэргийг яаравчлан шийдвэрлэж иргэдийн эрх ашгийг хохироосон, шүүх хуралдаанд нотлох баримт гаргах гэсэн боловч хүлээн аваагүй, эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч ********д 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн бусад эрх, үүргийг тайлбарласан, хариуцагч нь холбогдох баримтад гарын үсэг зурсан байна. Улмаар хариуцагч ******** нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариу тайлбар гаргасан бөгөөд үүнээс хойш 2 сар гаруй хугацааны дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хийхээр товлон зарлаж, шүүх хуралдааны товыг хариуцагчид 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр буюу 8 хоногийн өмнө мэдэгджээ.
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752.3-т зааснаар иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 сар гаруй хугацаанд үргэлжилсэн байна.
Дээрхээс үзэхэд, хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, түүнд холбогдох баримтаа цуулуулах, гаргаж өгөх бүрэн боломжтой байжээ. Түүнчлэн, шүүх хуралдаан эхлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох талаар тайлбарлан өгч, ойлгосон эсэхийг асуухад зохигч ойлгосон гэж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт, нотлох баримт байна уу гэхэд зохигч байхгүй гэж хариулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04551 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ... 227 дугаар зүйлийн 227.3 ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 19,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ