Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 536

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Боорчи, улсын яллагч П.Э /томилолтоор/, шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Т-ийн Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810006260550 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тоонот хаалга констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ..... хорооллын ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Т-ийн Э ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Э нь “Санзай зусланд байрлах байшинд цонх хийж өгнө” гэж иргэн О.Ц-ийг хуурч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түүний оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 60г байрны 60 тоот гэрээс нь мобайл банкаар 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 50620..... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Т.Э-: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэрэг болсон. Тухайн өдөр миний фэйсбүүк хуудас хаагдсанаас болж хохирогч миний утасны дугаарыг мэдэхгүй, би хохирогчтой фэйсбүүкээр холбогдож чадахгүй болсон тул хохирогч намайг 1 жилийн дараа цагдаад мэдэгдэж залилсан талаар мэдүүлэг өгсөн, би цонх, хаалганы хаалт хийдэг компанитай, надад хохирогчийг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй, цаг хугацаа алдсан асуудал байгаа, цаг хугацаа алдаад дараа нь хохирогчтой холбогдоод тухайн хаалтыг нь хийгээд бэлдчихсэн байгаа, хүргээд хийгээд өгьё гэхэд хохирогч өөрөө зөвшөөрөөгүй, ээжтэй нь холбогдоод хэлэхэд хийчихсэн юм бол очоод хийгээд өгчих гэж хүртэл ярьж байсан, хохирогч өөрөө зөршөөрөөгүй, хийлгэхгүй гэсэн, өнөөдрийн байдлаар би урьдчилгаанд өгсөн 1 сая төгрөгийг хохирогчид буцааж өгсөн байгаа, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...”  гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайд нэг айлын газартай. Тэгээд уг газарт байгаа байшинд засвар хийлгэхээр болоод 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн фэйсбүүкийг үзэж байгаад нэг зар харсан юм. ...Уг зар дээр байсан 8810.... гэсэн утас руу залгатал маргааш миний хийлгэх ажлыг харья гэж надтай нэг эрэгтэй хүн утсаар ярьсан. Ингээд би өнөөх зарын дагуу ирсэн хүнтэй Санзайд байдаг өөрийн зуны байшинд вакум цонх хийлгэхээр уулзаж тэр хүн манай байшингийн цонхны хэмжээг аваад 50620..... гэсэн Хаан банкны данс руу маргааш 1,000,000 төгрөг шилжүүлээрэй, цонхыг чинь 2 долоо хоногийн дотор бэлэн болгоно гэж хэлээд явсан ...Тэгээд маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60г байрны 60 тоот гэртээ байхдаа түүний 50620..... гэсэн Хаан банкны дансруу өөрийн гар утаснаас мобайл банк ашиглаж 1,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Энэ явдлаас хойш 1 сарын дараа дахин фэйсбүүкээр холбогдож түүний гадаад паспортын зургийг авсан. ...Түүнээс хойш Э надтай нэг ч удаа холбогдоогүй юм...” /хх-ийн 22-24/ гэсэн,

Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оны 9 дүгээр сарын сүүлээр Ц гэх залуу утсаар холбогдоод Санзай зусланд тамбарын хаалга, хаалтыг металл болон хуванцар вакум, хаалга хаалтыг хийхээр тохиролцож би хэмжээг нь авсан. ...Тэгээд 50 хувь болох 1,000,000 төгрөгийг авсан байх. Миний данс руу Ц гэж залуу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Уг захиалгыг 14 хоногт хийж гүйцэтгэх байсан. ...Үүнээс хойш би мөнгийг нь ч өгөөгүй, хаалга суулгаагүй, Ц гэх залуутай ч холбоо бариагүй...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

 

- О.Ц-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4190..... дугаартай данснаас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Т.Э-ын эзэмшлийн Хаан банкны 50620..... дугаартай данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-ийн 16/,

- Шүүгдэгч Т.Э-оос хохирогч О.Ц-т хохирлын мөнгө 1,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40/,

- Шүүгдэгч Т.Э-ын эзэмшлийн ХААН банкны 50620..... дугаартай дансны хуулга /хх-ийн 43/,

-  Өргөдөл /хх-ийн 15/,

-  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48/, жолоочийн лавлагаа /хх-ийн 49/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 50/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Э-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Т.Э-ыг “Санзай зусланд байрлах байшинд цонх хийж өгнө” гэж иргэн О.Ц-ийг хуурч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түүний оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 60г байрны 60 тоот гэрээс нь мобайл банкаар 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 50620..... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Э-ыг цагаатгаж шийдвэрлэв.

Т.Э нь Барилгын засвар үйлчилгээ, барилгын материалын худалдааны болон бусад үйл ажиллагаа явуулахаар “Тоонот хаалга констракшн” ХХК-ийг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51/, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Э-ын “...Би хувиараа вакум цонх, хаалганы ажил хийдэг, сонин фэйсбүүк дээр ажлын талаар зар тавьж ажлын захиалга авдаг...” /хх-ийн 31, шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авч буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авахаар хуульчилсан бөгөөд Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надтай нэг хүн утсаар яриад Санзай зуслангийн тэнд зуслангийн байшингийн хаалга, хаалт хоёр хийлгэх гээд захиалга өгсөн, би тэр өдөр БНХАУ руу явах гэж байсан, тэр залуу өнөөдөр ирээд хэмжээ аваад үнээ хэлээд өгөөч гэхээр нь очиж хэмжээг нь авч өгөөд, үнэлгээг нь гаргаж өгсөн. Би тэр залууд хил гарч Эрээн рүү өнөөдөр явна, 3-4 өдөр болох байх, тэгээд ирээд хийж өгьё гэж хэлээд явсан. Ерөнхийдөө өмнө нь авсан ажлаа амжуулж чадаагүй болохоор Ц-ийн захиалсан ажлыг амжаагүй байсан. Ажлаа амжаагүй учир Ц гэх залуутай утсаар ярьж байсан боловч сүүлдээ Ц би захиалгаа буцааж, мөнгөө авна гээд байсан, түүний ээж нь надтай утсаар яриад хийсэн бол байшинд суулгачих гэж хэлсэн. Тэгээд Ц-тэй тохирохгүй байсаар байгаад сураг алдарсан...” /хх-ийн 31/ гэсэн, хохирогч О.Ц-ийн “...Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайд нэг айлын газартай. Тэгээд уг газарт байгаа байшинд засвар хийлгэхээр болоод 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн фэйсбүүкийг үзэж байгаад нэг зар харсан. ...Уг зар дээр байсан 8810.... гэсэн утас руу залгатал маргааш миний хийлгэх ажлыг харья гэж надтай нэг эрэгтэй утсаар ярьсан. Ингээд би өнөөх зарын дагуу ирсэн хүнтэй Санзайд байдаг өөрийн зуны байшинд вакум цонх хийлгэхээр уулзаж тэр хүн манай байшингийн цонхны хэмжээ аваад 50620..... гэсэн Хаан банкны данс руу маргааш 1,000,000 төгрөг шилжүүлээрэй цонхыг чинь 2 долоо хоногийн дотор бэлэн болгоно гэж хэлээд явсан юм. ...Энэ явдлаас хойш 1 сарын дараа дахин фэйсбүүкээр холбогдож түүний гадаад паспортын зургыг авсан. ...Манай ээж Т.Э-той утсаар яриад хийчихсэн бол цонхоо ирээд суулгачих гэж хэлсэн боловч ирж суулгаагүй...” /хх-ийн 24, 26/ гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Т.Э-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Харин Т.Э нь хувиараа вакум хаалга, цонхны захиалга авч хийдэг бөгөөд О.Ц-тэй зуслангийн байшингийн хаалга, цонхны хаалтыг хийж өгөхөөр тохиролцсон боловч хугацаа алдаж, хугацаа алдасны улмаас хохирогч О.Ц хийлгэхээр тохирсон байсан хаалга, цонх хийлгэх асуудлыг цуцалж, мөнгө авах талаар ярилцсан тухай үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, агуулж чадахгүй байна. 

 

Эрүүгийн 1810006260550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд Т.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 6  дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас М овогт Т-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Э-ыг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн 1810006260550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Д.АЛТАНЖИГҮҮР