Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 537

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Баярхүү, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Туяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Б-гийн Б, Д овогт Б-ийн Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1841000070161 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... баг, .... дугаар гудамж, ........ тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

1994 онд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн В-д зааснаар 11,000 төгрөгөөр торгож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Б-гийн Б,

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... баг, .... дугаар гудамж, ........ тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Б-ийн Н,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Зорчигч үйлчилгээний төв буудал /вокзал/-аас Замын-Үүд чиглэлд явсан 276 дугаартай галт тэрэгний 8 дугаар вагоны 2 дугаар купенд өөрсдийн ачаа тээшиндээ Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн халиун бугын 6 эм, 6 эр бодгалийн гаралтай 12 ширхэг сүүл, хүрэн баавгайн 1 эр бодгалийн гаралтай доньд, түүний шүд, соёо бүхий хоншоорын хэсгийг тус тус хадгалсан, тээвэрлэсэн  гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Б-: “...Би ховор амьтны эд эрхтэнг авч явсан нь үнэн. Гэвч би тэдгээрийг үнэтэй болон хууль бус гэдгийн мэдээгүй. Би анх эдгээр амьтны эд эрхтэнг хямд үнээр худалдан авч, худалдаж авсан үнээсээ жоохон өсгөөд зарах санаатай байсан, яг хэдэн төгрөгийн үнэтэй болохыг мэдэхгүй, ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, намайг амьтны эд эртхэнг авч явсныг хамтран амьдрагч Б.Н мэдээгүй, би түүнд хэлээгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н-: “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б бид хоёр гал тэргээр Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явж байхад цагдаагийн албан хаагчид тухайн галт тэргэнд орж ирээд бид хоёрын авч явсан цүнхэнд  нэгжлэг хийсэн. Миний цүнхнээс гоо сайхны бараа, адууны мах, өрөм, уутанд ороосон ховор амьтны эд эрхтэн гарч ирсэн. Би өмнө ийм төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, энэ талаар мэдэх тул энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй гэдгээ сайн ойлгож байсан. Б.Б надад амьтны эд эрхтэн авч явж байгаа талаар огт хэлээгүй, миний цүнхийг үүрээд явж байхдаа хийсэн байсан, би тэрийг мэдээгүй. Хэрэв би нөхрийгөө ховор амьтны эд эрхтэнг хууль бусаар авч явсныг мэдсэн бол хууль бус үйлдэл хийлгэхгүй байх байсан. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”  гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн дүгнэлтээр ан амьтны гаралтай сүүл гэх 12 ширхэг эд эрхтэн нь 6 эр, 6 эм бодгалийн халиун бугынх, доньд гэх 1 ширхэг зүйл, амьтны хоншоор шүд соёо бүхий зүйлүүд нь нэг эр бодгаль хүрэн баавгайнх, харин амьтны хоншоор шүд соёо, ходоодны хэсэг нь 2 эр бодгаль саарал чонынх болохыг тус тус тогтоосон байна. Халиун буга, хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон. Харин саарал чоно нь нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ороогүй элбэг тархацтай амьтанд хамаардаг. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон бөгөөд эр бодгаль халиун буга нь 6,600,000 төгрөг, эм бодгаль халиун буга нь 7,500,000 төгрөгийн үнэлгээтэй, эр бодгаль хүрэн баавгай нь 6,500,000 төгрөгийн үнэлгээтэй, харин саарал чонын эр бодгаль нь 510,000 төгрөгийн үнэлгээтэй. Ингээд бодохоор буга нь 84,600,000 төгрөг, хүрэн баавгай нь 6,500,000 төгрөг, саарал чоно нь 1,020,000 төгрөг, нийт 92,120,000 төгрөг болж байна. Монгол улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тогтооно гэж заасан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаа учраас гэм буруутай этгээдээр 92,120,000 төгрөгийг хоёр дахин үржүүлэн 184,240,000 төгрөгийг нэхэмжилнэ. ...Монгол Улсын амьтны аймагт хохирол учруулсан буруутай этгээдээр хохирлыг бүрэн нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна...” /2-р хх-ийн 96-97, 123-124 / гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бугын сүүл 12 ширхэг, чонын эрүү, хоншоорын ястай, ясгүй соёо арваад ширхэг, 4 хэсэг болгон хуваасан чонын ходоод зэрэг зүйлүүдийг Эрдэнэт хотын захын орчмоос хүмүүсээс худалдаж аваад үнэ хүрдэг гэхээр нь зарахаар Замын-Үүд рүү авч явсан юм. Баавгайн доньдийг 2018 оны 10 дугаар сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан суманд идэш хоолны малын мах цуглуулж явахад танихгүй залуу архины мөнгөөр өгчихмөөр байна гэхээр нь 15,000 төгрөгөөр худалдаж авсан. ...12 ширхэг бугын сүүлийг 2018 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд Эрдэнэтийн “Хүлэг” захын гаднаас таньж мэдэхгүй хүмүүсээс томыг нь 80,000 төгрөгөөр, жижгийг нь 20,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Чонын эрүү хоншоорын ястай, ясгүй соёог мөн цаг хугацаанд Эрдэнэтийн “Хүлэг” захын гаднаас таньж мэдэхгүй хүмүүсээс томыг нь 20,000-30,000 төгрөгөөр, жижигийг нь 10,000-15,000 төгрөгөөр тохиролцоод худалдаж авсан. ...4 хэсэг болгон хуваасан чонын ходоодны нэг ширхгийг нь 10,000 төгрөгөөр худалдаж авсан, бүтнээрээ бол хоёр ширхэг буюу хоёр чонын ходоод байгаа юм. Уг ходоодыг бас л үнэ хүргэж зарах гэж авсан, бас л эмчилгээнд ашигладаг, ходоод муутай хүн иддэг гэж сонссон. ...Дээрх амьтны гаралтай эд зүйлийг хэн нэгэнд зарна барина гэж тохиролцсон зүйл байхгүй. Үнэ хүрэх байх л гэж бодож Замын-Үүд рүү авч явсан юм. ...Хамтран амьдрагч Н намайг амьтны эд эрхтэнг худалдан авч байгааг мэдээгүй. Н-тэй зарж борлуулах талаар ярилцсан зүйл байхгүй...,

...Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн суудлын галт тэргээр ан амьтны гаралтай түүхий болох бугын сүүл 12 ширхэг, чонын ходоод 2 ширхэг, мөн чонын соёо, хоншоор хэсгийн шүд соёо, баавгайн доньд зэрэг зүйлийг авч явж байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан. Эдгээр зүйлийг Эрдэнэтийн зах дээрээс танихгүй хүмүүсээс худалдаж авсан. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эдгээр ан амьтны гаралтай түүхий эд эрхтнүүдийг гялгар уутанд хувааж өөрийнхөө авч явсан хар өнгийн цүнхэнд мөн өөр нэг цэнхэр цүнхэнд, бас эхнэр Н-ийн авч явсан цүнхэнд хувааж хийгээд авах хүн байвал зарахаар Замын-Үүд рүү авч явж байсан...” /2-р хх-ийн 32-33, 104-106/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 01 дүгээр сард нөхөр Б-тэй Замын-Үүд рүү галт тэргээр явж байхад цагдаагийн ажилтнууд шалгасан, тэгэхэд нөхрийн авч явсан цүнхнээс 10 гаруй бугын сүүл, чонын соёо, ходоод зэрэг зүйл гарч ирсэн. Тэгээд эрүүгийн цагдаагийн газарт авч ирсэн. Энэ хэрэгт би уг нь холбогдолгүй, би ангийн эд зүйлүүдийг аваагүй. Манай нөхөр Б л авсан байсан. Би өөрөө гоо сайхны бараа авч зараад амьдраад болж байгаа. ...Дээрх ан амьтны гаралтай түүхий эдийг манай нөхөр Б хэзээ хаанаас яах гэж олж авсныг би мэдээгүй. ...Би өөрөө өмнөх хэрэг асуудлаас болоод ийм асуудалд холбогдохоосоо айж байсан. ...Б сүүлд нь надад хэлэхдээ Замын-Үүдэд аваачаад болчих байх л гэж бодоод авч явсан гэж хэлсэн. ...Манай нөхөр Б миний авч явсан хөх өнгийн цүнхэд чонын соёо, 2 ширхэг бугын сүүл хийсэн байсныг нэгжлэг хийх үеэр гарч ирэхэд нь би мэдсэн. Миний авч явсан хөх цүнхэнд адууны мах, өрөм, хувцас, гоо сайхны зүйлүүд байсан, тэр дээр нэмээд хийснийг мэдээгүй. Тэр цүнхийг Б өөрийнхөө цүнхтэй хамт үүрээд явж байсан, хэзээ, хаана байхдаа миний цүнхэнд хийсэн болохыг мэдээгүй, миний цүнхэнд ийм тийм зүйл хийсэн гэдгээ надад хэлээгүй. Дээрх ан амьтны түүхий эд зүйлийг хаана юунд ашигладаг болохыг би мэдэхгүй. ...Манай гэр бүл банкинд зээлтэй, би өөрөө гоо сайхны сүлжээний бизнес хийдэг, мөн Хятадаас бэлэн хувцас оруулж ирж хувиараа зарж борлуулдаг орлогын эх үүсвэрээр амьдардаг. ...Би цүнхэндээ тэр зүйлийг хийгээгүй, мэдээгүй, ...Манай нөхөр Б хийсэн...

...Цагаан сар дөхсөн байсан учир сар шинийн зүйл бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр урагшаа Эрээн орохоор Замын-Үүд рүү суудлын галт тэргээр явж байхад цагдаагийн ажилтнууд шалгасан бөгөөд нөхөр Б-гийн цүнхнээс бугын сүүл ангийн эд эрхтэн гарч ирсэн. Миний цүнхэнд манай нөхөр Б бугын 2 ширхэг сүүл хийчихсэн байсан. ...Өөрийнх нь цүнхэнд багтахгүй болохоороо миний цүнхэнд хийчихсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх ан амьтны гаралтай түүхий эд эрхтнүүдийг хэзээ хаанаас олж аваад хаана хадгалсан талаар би мэдэхгүй. ...Халиун буга, хүрэн баавгай нь ховор амьтан гэдгийг мэдэж байсан. Ховор амьтны зэрэглэлд хамаарах бөгөөд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийх нь хууль бус гэдгийг мэдэж байсан... /2-р хх-ийн 35-36, 112-114 /  гэсэн мэдүүлгүүд,

 

Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай гэх 12 ширхэг сүүл нь Халиун бугын согооны сүүл бөгөөд 12 бодгальд хамаарна. Доньд болон соёо шүд бүхий хоншоорын хэсэг нь Хүрэн баавгайн нэг бодгальд хамаарна. Хоёр соёо болон шүд бүхий хоншоорын хэсгүүд болон ходоод нь саарал чонын 2 бодгальд хамаарна. Нийт 3 зүйл амьтны 15 бодгалийн эд, эрхтэн байна.

2. Соёо шүднээс амьтны хүйсийг тодорхойлох боломжгүй. Бусад соёо шүд бүхий хоншоорын хэсэг болон сүүл зэрэг эд эрхтнээс дээж авч хүйс тодорхойлох шинжилгээг хийв. Нийт халиун бугын 6 эм, 6 эр бодгаль, хүрэн баавгайн 1 эр бодгаль, саарал чонын 2 эр бодгалиуд тус тус байна.

3. Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн ховор зүйл. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 6,600,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг. Хүрэн баавгай нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн ховор зүйл. “Сайтис” конвенцийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг. Саарал чоно нь Олон улсын зэрлэг амьтан болон ургамлын төрөл зүйлийг худалдаалах конвенц буюу “Сайтис” конвенцийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны эккологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 510,000 төгрөг, эм бодгаль 600,000 төгрөг...” /2-р хх-ийн 86-88/ гэсэн дүгнэлт,

 

- Илтгэх хуудас /1-р хх-ийн 4/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 246-250, 2-р хх-ийн 1-3/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 91/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 2-3/,

- Үл хөдлөх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянаж, хязгаарласан прокурорын тогтоол /2-р хх-ийн 127/,

- Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 47/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 129/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 71/, гадаад паспортын хуулбар /2-р хх-ийн 74-75/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 135/,

- Шүүгдэгч Б.Н-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 70/, гадаад паспортын хуулбар /2-р хх-ийн 72-73/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 57-67/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Зорчигч үйлчилгээний төв буудал /вокзал/-аас Замын-Үүд чиглэлд явсан 276 дугаартай галт тэрэгний 8 дугаар вагоны 2 дугаар купенд өөрсдийн ачаа тээшиндээ Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн халиун бугын 6 эм, 6 эр бодгалийн гаралтай 12 ширхэг сүүл, хүрэн баавгайн 1 эр бодгалийн гаралтай доньд, шүд, соёо бүхий хоншоорын хэсгийг тус тус хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ын “...Ан амьтны гаралтай сүүл гэх 12 ширхэг эд эрхтэн нь 6 эр, 6 эм бодгалийн халиун бугынх, доньд гэх 1 ширхэг зүйл, амьтны хоншоор шүд соёо бүхий зүйлүүд нь нэг эр бодгаль хүрэн баавгайнх, харин амьтны хоншоор шүд соёо, ходоодны хэсэг нь 2 эр бодгаль саарал чононых болохыг тус тус тогтоосон, гэм буруутай этгээдүүдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирлыг хоёр дахин өсгөж төлүүлж авна...” /2-р хх-ийн 96-97, 123-124/ гэсэн,  шүүгдэгч Б.Б-н “...Бугын сүүл 12 ширхэг, чонын эрүү, хоншоорын ястай, ясгүй соёо арваад ширхэг, 4 хэсэг болгон хуваасан чонын ходоод зэрэг зүйлүүдийг Эрдэнэт хотын захын орчмоос хүмүүсээс худалдаж аваад үнэ хүрдэг гэхээр нь зарахаар Замын-Үүд рүү авч явсан юм...” /2-р хх-ийн 32-33, 104-106/ гэсэн, шүүгдэгч Б.Н-ийн “...2019 оны 01 дүгээр сард нөхөр Б-тэй хамт Замын-Үүд рүү галт тэргээр явж байхад цагдаагийн ажилтнууд шалгасан, тэгэхэд нөхрийн авч явсан цүнхнээс 10 гаруй бугын сүүл, чонын соёо, ходоод зэрэг зүйл гарч ирсэн. Тэгээд эрүүгийн цагдаагийн газарт авч ирсэн. Энэ хэрэгт би холбогдолгүй, би тэр ангийн эд зүйлүүдийг нь авч бариагүй. Манай нөхөр Б л авсан байсан...” /2-р хх-ийн 35-36, 112-114/ гэсэн мэдүүлгүүд,

Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн 2019 оны дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай гэх 12 ширхэг сүүл нь Халиун бугын согооны сүүл бөгөөд 12 бодгальд хамаарна. Доньд болон соёо, шүд бүхий хоншоорын хэсэг нь Хүрэн баавгайн нэг бодгальд хамаарна. ...Нийт 3 зүйл амьтны 15 бодгалийн эд, эрхтэн байна.

2. Нийт халиун бугын 6 эм, 6 эр бодгаль, хүрэн баавгайн 1 эр бодгаль, саарал чонын 2 эр бодгалиуд тус тус байна.

3. Халиун буга, хүрэн баавгай нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн ховор зүйл. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологои-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр хүрэн халиун бугын эр бодгаль 6,600,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг, хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг...” /2-р хх-ийн 86-88/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Амьтны тухай хуульд тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг “ховор амьтан” гэнэ гэж заасан бөгөөд ховор амьтны жагсаалт, ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын тогтоолоор батлахаар тус тус хуульчилжээ.

Хүрэн баавгай, халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-ын хөхтөн амьтны төрөлд багтах бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Н нар нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд явсан 276 дугаартай галт тэрэгний 8 дугаар вагоны 2 дугаар купенд өөрсдийн ачаа тээшиндээ халиун бугийн сүүл, хүрэн баавгайн доньд, шүд, соёо бүхий хоншоорын хэсгийг хийгээд авч явж байсан үйлдлийг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан гэж шүүх дүгнэв.

 

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Ан амьтны экологи-Эдийн засгийн үнэлгээ”-г тогтоосон бөгөөд халиун бугын эр бодгаль нэг ширхэг нь 6,600,000 төгрөг, эм бодгаль нэг ширхэг нь 7,500,000 төгрөг, хүрэн баавгайн эр бодгаль нэг ширхэг нь 6,500,000 төгрөгөөр тус тус тогтоожээ.

 

Гэмт хэргийн улмаас Байгаль орчны газарт “Ховор амьтны жагсаалт”-д багтсан нийт 2 зүйл ангийн 15 амьтны буюу халиун бугын 6 эм (6x7,500,000=45,000,000 төгрөг), 6 эр бодгаль (6x6,500,000=39,000,000 төгрөг), хүрэн баавгайн 1 эр бодгаль (6,500,000 төгрөг)-ийн буюу нийт 90,500,000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Амьтны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж,

мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заасан бөгөөд Байгаль орчны газарт учирсан 90,500,000 төгрөгийн хохирлыг хуульд заасны дагуу хоёр дахин өсгөж 181,000,000 (нэг зуун наян нэгэн сая) төгрөгийг гэм буруутайд этгээдүүд болох шүүгдэгч Б.Б, Б.Н нараас хувь тэнцүүлэн (181,000,000/2=90,500,000) хүн тус бүрээс 90,500,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Н нар нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл 2 хоног цагдан хоригдсон /2-р хх-ийн 12-15, 28-29/-ийг хуульд заасны дагуу тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1765 дугаартай тогтоолоор Б.Н, Б.Б-н нарын бүртгэлтэй Улсын бүртгэлийн Ү-210013642 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум 22 дугаар баг, Яргуйт толгод 30 дугаар гудамж, 12 тоот хаягтай амины орон сууцыг, мөн Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй, Улсын бүртгэлийн Г-2101002543 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум 22 дугаар баг, Яргуй толгод 30 дугаар гудамж, 12 тоот хаягт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөнүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянаж, хязгаарласан /2-р хх-ийн 127/ бөгөөд 181,000,000 төгрөгийн хохирлыг зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Н нарыг зохих гарал үүслийн бичигггүйгээр хоёр саарал чонын эд эрхтэнг худалдан авсан зөрчилд захиргааны шийтгэл оногдуулсан /2-р хх-ийн 139-140/ болохыг тэмдэглэж байна. 

 

Эрүүгийн 1841000070161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, халиун бугын сүүл 12 ширхэг, хүрэн баавгайн доньд 1 ширхэг, хүрэн баавгайн болон саарал чонын шүд соёо бүхий хоншоорын хэсэг 7 ширхэг, саарал чонын соёо 2 ширхэг, саарал чонын ходоод 4 ширхэг зэргийг (Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторид хадгалагдаж байгаа) шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ гэмт хэргийг би үйлдээгүй, манай нөхөр Б.Б нь миний цүнхэнд уг эд зүйлсийг хийсэн байсан, би мэдээгүй, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдээгүй талаараа мэдүүлсэн мэдүүлэг нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны явцад хэрэгт хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий сидиг үзэхэд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг няцаагдаж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-гийн Б, Д овогт Б-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д овогт Б-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Н нарын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн ангийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гөөс 90,500,000 /ерэн сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Н-ээс 90,500,000 /ерэн сая таван зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1765 дугаартай тогтоолоор Б.Н, Б.Б-н нарын бүртгэлтэй Улсын бүртгэлийн Ү-2100..... дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум .... дугаар баг, ..... толгод .....дугаар гудамж, .... тоот хаягтай амины орон сууцыг, мөн Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй, Улсын бүртгэлийн Г-21010..... дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум ... дугаар баг, ..... толгод .... дугаар гудамж, .... тоот хаягт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хамт хавсаргаж, халиун бугын сүүл 12 ширхэг, хүрэн баавгайн доньд 1 ширхэг, хүрэн баавгайн болон саарал чонын шүд соёо бүхий хоншоорын хэсэг 7 ширхэг, саарал чонын соёо 2 ширхэг, саарал чонын ходоод 4 ширхэг (Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хадгалагдаж байгаа) зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн 1841000070161 дугаартай хэрэгт гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР