Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00862

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01819 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

 

9,870,751 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч ******* ХХК-д 2018, 2019 онуудад 12,486,991 төгрөгийн үнийн дүн бүхий мэдээлэл технологийн багаж, төхөөрөмжийг нийлүүлсэн. Хариуцагч талаас 2,616,240 төгрөгийг 2019 оны 12 дугаа сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Үлдэх 9,870,751 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Хариуцагч талтай тооцоо нийлэхэд домофон үзүүлэнгийн өрөө гэдэг төхөөрөмжийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байгаа гэдэг агуулгаар тооцоо нийлж, акт үйлдсэн байдаг.

Иймд, нэхэмжлэлд 9,870,751 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгож өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 2018-2019 онд ******* ХХК-ийн хэрэгжүүлсэн ******* орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Энэ хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК-тай хамтран ажиллаагүй, ажил гүйцэтгэх ямар нэг эрх зүйн баримт бичиг үйлдээгүй болно. Хэрэгт авагдсан тооцооны баримтууд нь хувь хүмүүсийн хоорондын худалдан авалтын баримт байх тул манай компани хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК /РД:5179912/-иас 9,870,751 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,883 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 172,883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч ******* ХХК нь 9,870,751 төрөгийн нэхэмжлэл гаргасан ба энэ дунд манай компанид хамааралгүй өөрсдөө хариуцан хийж ашиг олохоор хийсэн тоног төхөөрөмжөө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл 4,870,756 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй байгаа юм.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-ийн оффист автоматаар гэрэл асч, хөшиг өөрөө нээгдэх ухаалаг технологийг туршилтын журмаар суулгасан боловч уг систем нь ажиллаагүй ба төхөөрөмжөө ав гэхэд өөрсдөө аваагүй.

******* ХХК-тай худалдан авалт хийж байсан боловч чанарын шаардлага хангаагүй ухаалаг системийн үнийг оруулан тооцсоныг анхан шатны шүүх ялгаж, салгалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж үзсэн боловч худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байхад хамааралгүй, гуравдагч компаниас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ******* ХХК-д холболгдолгүй хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 343 дугаар зүйл буюу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ажлын гүйцэтгэлийн үр дүнг шаардсан боловч шүүхээс бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүргийн харилцаа буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэж үзсэн асуудал нь шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эрх зүйн үйл баримт, хууль зүйн үндэслэлийг тодорхойлж шийдвэрлэсэн тул үндэслэлтэй. Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ компанитай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй. Энэ нь тусдаа асуудал гэх агуулгаар тайлбарладаг. Шүүхээс хариуцагчийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэ харилцаа нь худалдах, худалдан авах хариу төлбөртэй үүрэг байсан гэх нөхцөл байдлыг няцааж чадаагүй гэж дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

Нэхэмжлэгч компанитай ямар нэгэн гэрээний харилцаа үүсгээгүй гэх нөхцөл байдлаа дурдаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад тоног төхөөрөмж доголдолтой байсан учраас хүлээж аваагүй гэдэг. Худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ, хуульд заасан тусгай нөхцөлөөр доголдолтой байсан бол тухайн доголдолтой холбоотой гомдол гаргах, доголдлыг арилгахтай холбоотой шаардлага гаргах байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг илэрхийлээгүй. Нэхэмжлэгч компани өөрт байсан эд хөрөнгөө хариуцагч компанийн байранд аваачиж байрлуулж, суурилуулсан. Үүнтэй холбоотой гаргасан зардлаа аваагүй төлбөрийн үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д  холбогдуулан гэрээний үүрэгт 9,870,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* ХХК-д 2018-2019 онд 8 төрлийн 12,486,991 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн ба үүнээс хариуцагч нь 9,870,751 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа нэхэмжлэгч ******* ХХК-тай гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаагүй, хэрэгт хавсаргасан баримт нь хувь хүмүүс хоорондын тооцоо байх тул манай компани хариуцахгүй гэжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Харин хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үндэслэн, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтыг буруу тогтоосон байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор ******* ХХК-ийн тооцооны баримтын жагсаалт, 9,870,751 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг хэрэгт хавсаргасан боловч эдгээрийг талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй нэг талын баримт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй.

Дээрх тооцооны баримтын жагсаалтад домофон үзүүлэн өрөө 4,870,756 төгрөг, гадна камер, свитч 839,300 төрөг, сүлжээний кабел, разетка 141,900 төгрөг, бичигч төхөөрөмж, гадна камер 3,498,000 төгрөг, сүлжээний свитч 154,000 төгрөг, дотор камер 682,000 төрөг, бичигч төхөөрөмж, адоптар 71,335 төгрөг гэж тусгасан байх ба үүнээс домофон үзүүлэн өрөө 4,870,756 төгрөгийг хасах, зөвшөөрч байгаа дүн 4,999,995 төгрөг гэсэн бичилт хийжээ.

Нэхэмжлэгч нь хэдийгээр 9,870,751 төгрөгийн үлдэгдэлтэй гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд хэргийн 6, 7 дугаар талд авагдсан баримтаар хариуцагч нь 4,999,995 төгрөгийг зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо 9,870,751 төгрөгийн үнийн дүн бүхий дээрх тооцооноос 4,999,995 төгрөгийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрч байгаа хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

Иймд, хариуцагч ******* ХХК-аас 4,999,995 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,870,756 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 4,999,995 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,870,756 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2 гэж, ... хариуцагч ******* ХХК-иас 172,883 ... гэснийг хариуцагч ******* ХХК-иас 94,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 92,882 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ