Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 367

 

Г.Хонгорзулд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

          Прокурор Н.Мөнхцэцэг,

          Ялтан Г.Хонгорзулын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлоор Г.Хонгорзулд холбогдох эрүүгийн 2016 2602 0895 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улаан тэмээт овгийн Гайтавын Хонгорзул, 1990 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Говь-Алтай аймгийн Бигэр сум, 2 дугаар баг, Урт гэх газар оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ДО90072716/,

Г.Хонгорзул нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа давтан үйлдлээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хувцсыг хууль бусаар олж бусдад итгэл төрүүлэх зорилгоор өмсөж хэрэглэн:

1. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Тред” ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд иргэн А.Дүүрэнбилэгийг “цэргийн албанаас чөлөөлж өгнө” гэж 300.000 төгрөгийг,

2. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлнэ, Оросын холбооны улс руу цэргийн сургуульд явуулж өгнө” гэж иргэн Б.Отгонбатаатай утсаар ярилцаж хүү А.Дүүрэнбилэгээр дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Батлан Хамгаалах яамны урд талд 300.000 төгрөгийг,

3. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 1, 2-ны үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Халдвар Судлалын Үндэсний төвийн хажууд автобусны буудлын орчимд иргэн Б.Отгонбатаагаас “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлж өгнө” гэж 300.000 төгрөгийг,

4. 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед Баянзүрх дүүргийн Халдвар Судлалын Үндэсний төвийн хажууд автобусны буудал дээр “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлж өгнө” гэж иргэн Г.Боргилчулуунаас 325.000 төгрөгийг,

5. 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13 дугаар хороололд байрлах “Миний дэлгүүр”-ийн гадаа “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлж өгнө” гэж иргэн Т.Бямбасүрэнгээс 300.000 төгрөгийг,

6. 2016 оны 1 дүгээр сарын 5-ны үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд талд “Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтыг аргалж өгнө” гэж иргэн Ц.Отгончимэгээс 1.000.000 төгрөгийг,

7. 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сансарын колонкын автобусны буудал дээр иргэн Д.Болормаагаас “Цагдаагийн байгууллагад дуудлага хүлээн авагчаар ажилд оруулж өгнө” гэж 300.000 төгрөгийг,

8. 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сонор плаза” төвд Б.Бат-Эрдэнээс “Шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг хямдхан зарна, урьдчилгаа 4.000.000 төгрөг өгчих” гэж “Хаан” банкны өөрийн дансаараа дамжуулан 4.300.000 төгрөгийг,

9. 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Энхбаатарт өөрийгөө Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын ажилтан гэж танилцуулан “Шүүхийн шийдвэрийн дуудлага худалдаагаар хямд хашаа байшин авч өгнө” гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийг,

10. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүр дотор иргэн А.Мандахзулаас “ШШБА-нд хураагдсан зөөврийн компьютер хямд зарна” гэж 240.000 төгрөгийг,

11. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянцээл” дэлгүүрийн орчимд иргэн Д.Буяннэмэхээс “хямдхан хашаа байшин авч өгнө” гэж 3.000.000 төгрөгийг,

12. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Алтанцэцэгээс “хямд байр авч өгнө” гэж 4.250.000 төгрөгийг

13. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар хорооллын автобусны буудлын ойролцоо иргэн Б.Даваагаас “хямдхан байр авч өгнө” гэж 4.000.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан, бусдад нийт 21.615.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

14. Г.Хонгорзул нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Хонгорзулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.Хонгорзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон өөрчилж, Г.Хонгорзулыг “бусдын эд хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 216 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Хонгорзулаас нийт 21.615.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Отгонбатаад 900.000 төгрөг, хохирогч Г.Боргилчулуунд 325.000 төгрөг, хохирогч Т.Бямбасүрэнд 300.000 төгрөг, хохирогч Т.Отгончимэгт 1.000.000 төгрөг, хохирогч Д.Болормаад 300.000 төгрөг, хохирогч Б.Бат-Эрдэнэд 4.300.000 төгрөг, хохирогч Д.Энхбаатарт 3.000.000 төгрөг, хохирогч А.Мандахзулд 240.000 төгрөг, хохирогч Д.Буяннэмэхэд 3.000.000 төгрөг, хохирогч А.Алтанцэцэгт 4.250.000 төгрөг, хохирогч Б.Даваад 4.000.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт 2016 2502 1403, 2016 2501 2212, 2017 2501 0079, 2017 2501 0118 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болно, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн пойлоосон хяр, баавартай эмээл, хазаар, бага гарын тархи манан хөөрөг, бэлнээр хураагдсан 540.000 төгрөгийг хохиролд тооцуулахаар Говь-Алтай аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хувцаснуудыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

            Ялтан Г.Хонгорзул давж заалдах гомдолдоо: “...Намайг 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Нямжигжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тэр үед би батлан даалтад байсан. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Нямжигжид байцаагч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч би хоригдсон. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 28-нд батлан даалтад гарсан. Тэр үед байцаагч солигдон А.Энх-Ирээдүй гэдэг байцаагч шалгаж эхэлсэн. Би батлан даалтад байхдаа байцаагчийн хэлсэн цаг хугацаанд ирж уулздаг байсан бөгөөд А.Энх-Ирээдүй байцаагч “хэрэгтэй үед чам руу залгана” гэж хэлсэн. Тэгээд би очоогүй байж байтал Д.Баярмагнай гэдэг байцаагч гэрээс ирж барьж, шууд хорьсон. Тэр үед надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ялыг сонсгосон. Тухайн үед нь би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч шууд шүүхэд шилжүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан. Иймд дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дахин авч хэлэлцэж өгнө үү...” гэжээ.

            Ялтан Г.Хонгорзулын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь Г.Хонгорзулыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдаг бөгөөд анхан шатны шүүхээс Г.Хонгорзулыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж үзэн ял шийтгэл оногдуулсан. Г.Хонгорзул нь анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлах санаа зорилго байгаагүй бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилготой байсан...” гэв.

            Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.      

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн заалтыг биелүүлбэл зохино.

Иймд мөрдөн байцаалтын шатанд доорх зүйлийг шалгавал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нарийн тогтоох шаардлагатай гэж үзнэ. Үүнд:

1. Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Т.Бямбасүрэнгээс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөгийг, хохирогч Ц.Отгончимэгээс 2016 оны 1 дүгээр сарын 5-ны үед 1.000.000 төгрөгийг, хохирогч Д.Болормаагаас 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 300.000 төгрөгийг, хохирогч Б.Бат-Эрдэнээс 2016 оны 2 дугаар сарын 4-ны өдөр 4.300.000 төгрөгийг, хохирогч А.Алтанцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4.250.000 төгрөгийг, хохирогч Б.Даваагаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөгийг гэж бичигдсэн  байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Т.Бямбасүрэн “2016 оны 1 дүгээр сарын эхээр 300.000 төгрөгийг” /1-р хх-50-52, 2-р хх-171/ гэж,  хохирогч Ц.Отгончимэг “2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн орчим 1.000.000 төгрөгийг” /1-р хх56-58, 2-р хх-163/ гэж,   хохирогч Д.Болормаа “2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 250.000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 50.000 төгрөгийг, нийт 300.000 төгрөг” /1-р хх-170-173, 2-р хх-182/  гэж,  хохирогч Б.Бат-Эрдэнэ “2016 оны 4 дүгээр сарын эхээр 4.000.000 төгрөг, мөн сарын сүүлээр 300.000 төгрөг” /1-р хх-167-169, 2-р хх-28, 161/ гэж, хохирогч А.Алтанцэцэг “2016 оны 11 дүгээр сарын 27-ны орчим 3.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 1-ний орчим 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 250.000 төгрөг, нийт 4.250.000 төгрөг” /2-р хх-62-63, 169/ гэж, хохирогч Б.Даваа “2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг” гэж тус тус мэдүүлсэн байхад дээрх байдлаар яллах дүгнэлтэд зөрүүтэй бичигдсэн байх тул гэмт хэрэг гарсан байдал, цаг хугацааг зөв тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцүүлэн яллах дүгнэлт үйлдвэл зохино.

2. Прокуророос Г.Хонгорзулыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Г.Хонгорзулын оргон зайлсан гэмт хэргийн эхлэл, төгсгөлийг тодорхой тогтоож, заагаагүй, өөрөөр хэлбэл, Г.Хонгорзул нь мөрдөн байцаалтын шатнаас хэзээнээс хэднийг хүртэл оргон зайлсан, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах ямар ажиллагаа хийсэн, тэр талаарх баримтыг хуулийн шаардлагад нийцүүлэн хэрэгт хавсарган шалгаж тогтоосны эцэст түүний гэм бурууд үнэлэлт, дүгнэлт өгч яллах дүгнэлт үйлдэх нь хуульд нийцнэ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Хонгорзулд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Хонгорзулд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

            2. Хэрэг прокурорт очтол Г.Хонгорзулд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ДАВААСҮРЭН    

                                   ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ