Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 51

 

 

Ү.Т, Э.Б, Э.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Туул,

өмгөөлөгч Б.Бадраа, Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1413 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар магадлалтай, 201501000095 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Ү-ын Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Р овогт Э-ийн Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Э-ийн Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ү.Т-, Э.Б- нарыг бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг, Э.Б-ийг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Ү.Т-, Э.Б- нарт тус бүр 6 сар баривчлах ял, Э.Б-д 1 жил 8 сар хорих ял тус тус оногдуулж, Ү.Т-, Э.Б- нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Э.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1413 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 5 хоног ...” гэснийг “... 4 хоног...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Ү.Т-, Э.Б-, Э.Б- нарын өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Туул, өмгөөлөгч Б.Бадраа, Д.Энхцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бадраа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Прокурор ял өөрчлөн сонсгох тухай тогтоол үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлд заасан “... шинээр сонсгосон ялын талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд тогтоол үйлдсэн даруйдаа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн нь шүүгдэгч нарын эрхийг зөрчсөн.

Шүүгдэгч нарт тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой байсан боловч баривчлах ялын хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулсан нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж үзэж байна. Учир нь Э.Б-, Ү.Т- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй.

Дээрх байдлуудаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Д.Энхцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Мөн тогтоол үйлдсэн өдөртөө яллах дүгнэлт үйлдсэн нь яллагдагч нарын гомдол гаргах эрхийг зөрчсөн байдаг. Прокурорын дүгнэлтэд яллах дүгнэлтэд яллагдагч Э.Б- нь “ялтай байхдаа” гэж бичиж ял сонсгосон байсныг анхан шатны шүүх зөвтгөн бичиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Б-ийг уг хэрэгт оролцоогүй талаар яллагдагч Т-, Б- нар мэдүүлсээр байхад “эсрэг сонирхолтой” шүүгдэгч нарыг нэг өмгөөлөгчтэй шүүх хуралдааныг явуулсан.

Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ү.Т- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж байна. Сонирхлын журмаар хэрэглэж үзээд ахин хэрэглэх хүсэл сонирхол байгаагүй тул дээгүүр нь тайрсан ундааны саваар хийсэн үнсний саванд хаясан байсан. Миний хувьд хадгалсан гэж үзэхгүй байна. Мөн Б-ий хувьд энэ хэрэгт олж авч хадгалсан зүйл байхгүй. Энэ нь Б-гийн олж ирсэн зүйл байсан. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Энэ хэрэгт Б-, Т- нар оролцоогүй, миний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Дээрх зүйлийг би олж найз Т-т өгснөөс ийм хэрэг үүссэн. Б-, Т- нар нь хэрэглэсэн болохоос хадгалсан олж авсан ямар нэгэн буруугүй” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгч Б.Бадраа “энэ хэргийг хүлээчих, энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байна хөнгөн ял оноож өгнө үү гэж хэлээрэй тэгвэл ялгүй гарна” гэж хэлсэн. Би энэ хэргийн гэрч болохоос сэжигтэн биш. Өмгөөлөгчийн буруутай үйлдлээс болоод ялтан болсондоо гомдолтой байна. Тухайн үед эмнэлгийн гадаа надад өгсөн тамхийг би хар тамхи гэж мэдээгүй, май гээд өгөхөд нь аваад сорж үзээд тамхи биш гэдгийг мэдээд хая гэж хэлсэн. Тэр хар тамхийг хаанаас яаж олж авсныг би мэдэхгүй. Миний машинд бөөгийн шашны зан үйлд хэрэглэдэг гаанснаас өөр зүйл байгаагүй” гэжээ.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Туул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хориотой мансууруулах бодис шүүгдэгч нарын шээснээс илэрсэн. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол өөр байсан. Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 32 тоот “Аргачилсан заавар батлах тухайн” тушаал нь 2015 оны 08 дугаар сард хүчингүй болсон. Прокурор Оргил-Очир нь ял зөвтгөх, өөрчлөх, сонсгох тогтоол үйлдсэн нь мөрдөн байцаагчийн яллагдагчаар татсан тогтоолыг хуулийн дараалалд оруулж, хуулийн хэллэгтэй болгож зөвтгөсөн болохоос ял өөрчлөн сонсгоогүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Ү.Т-, Э.Б-, Э.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд мөрдөн байцаалтын явцад болон анхан, давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хууль ёсны тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн зөрчил тогтоогдож байна.

 

Тухайлбал, прокуророос Ү.Т-, Э.Б-, Э.Б- нарт 2015 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд “2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодисыг 35-20 УБП улсын дугаартай автомашин дотор борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн” гэж ял сонсгож, яллагдагчаар байцаалт авсны дараа уг сонсгосон ялыг зөвтгөж ял өөрчилж сонсгох тогтоолыг үйлдэхдээ “Ү.Т-ийн тухайд, уг бодисыг олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн өдрийг 2015 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө, мөн 2015 оны 08 дугаар сарын 17-нд гэртээ ганцаараа хадгалсан гэх үйлдэлд нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан” зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэж, төгссөн өдрүүдийг өөрчилж, хадгалсан 2 үйлдлээр ял сонсгож,

“Э.Б-гийн тухайд, эхний өдөр олж авч, дараагийн өдөр нь хадгалсан” гэж,

“Э.Б-ий тухайд, олж авч, хадгалсан гэх 2 үйлдлийг дан ганц хадгалсан” гэж үйл баримтыг өөрчилж ял сонсгосон атлаа энэ талаар огт байцаалт авалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Энэ нь иргэнд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах ...” эрхийг нэр бүхий яллагдагч нарт эдлүүлээгүй, сонсгосон ялыг өөрчилсөн буюу нэмсэн тохиолдолд яллагдагчийг байцаах, байцаалт явуулах тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь заалтыг прокурор зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Б.Бадраа нарын гомдолд дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийн талаарх үндэслэлийг хүлээн авч, уг зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1413 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Ү.Т-, Э.Б-, Э.Б- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ