Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 24

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн М.Хишигдэлгэрийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад  холбогдох “Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын  чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагатай хэргийг хүлээн авч хянаад, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Максим овогтой Хишигдэлгэр миний бие 2012 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт англи хэлний дугуйлангийн багшаар, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хүүхдийн эрхийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа байгууллагын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ жил бүр А үнэлгээтэй дүгнүүлж үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Балжинням томилогдсон. Томилогдсон цагаасаа хойш өмнөх даргатай төрийн албаны маргаантай асуудлаа ажилчдад хамааруулж, миний чиг үүргийн ажлыг надаар гүйцэтгүүлэлгүй өөр хүнээр хийлгэх, хуулийн дагуу мэргэжил дээшлүүлэх зорилгоор магистрын сургалтад суралцах чөлөө хүсэхэд өргөдлийг хүлээн авахгүйгээр үл барам сурахаар явах юм бол ажил тасалсанд тооцно гэх зэргээр дарамт шахалт үзүүлж байсан. Энэ байдлыг нь албан хаагчдын зүгээс шүүмжилж төрийн албаны ажилд гадны хүн оролцуулахгүй байх, тус тусын хариуцсан чиг үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж ажиллах талаар тавьсан шаардлагыг үл ойшоож манай намын бодлого учраас та нарт хамаагүй, бид бодлогоо хэрэгжүүлж, багаа бүрдүүлнэ гэх зэргээр хүлээн авдаггүй байсан. Улмаар эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн өш хонзон санаж үндэслэлгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тушаалаар намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь О.Балжинням нь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдохдоо “ Төрийн албаны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан “төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам эвслийн үйл ажиллагаанд оролцохгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, “аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуй нэгж, нам, олон нийтийн байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” гэж заасныг, Ашиг сонирхлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж заасныг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “ төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05/2354 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд миний хариуцан ажиллаж байсан мэргэжилтний албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болно. 

Иймд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ. 

 

Хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга  О.Балжинням шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Хишигдэлгэрийн  захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан  “Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын  чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн тайлбарыг шүүхэд  ирүүлсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байсан тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн М.Хишигдэлгэрээс шүүхэд гаргасан “Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын  чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга  О.Балжинням хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД