| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 115/2024/0024/з |
| Дугаар | 001/ХТ2025/0003 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2025/0003
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын
Сонгуулийн хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 115/ШШ2024/0020 дугаар шийдвэр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0688 дугаар магадлалтай
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0489 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-эы өдрийн “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1.“... Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1.3-т тус тус заасан өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн гэх нөхцөл байдлыг эсрэг талын Ардын намаас зориуд зохиомлоор бий болгосон эсэхийг ч нягталж тогтоолгүйгээр, хуурамч цахим бүртгэлийг ашиглаж, бид хоёрын огт бөглөж байгаагүй Ардын намын гишүүний анкетыг үндэслэл болгон нэр дэвшигчээс хасаж шийдвэрлэсэн нь иргэн бидний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар зөрчсөн үйлдэл гэж үзэж, гомдолтой байна. Бид Ардын намын гишүүн биш гэдгээ дахин албан ёсоор илэрхийлж байна.
2.2.Иймд хууль бусаар нэр дэвшигчээс хассан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сонгуулийн хорооны “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэх агуулгатай байна.
3.Хариуцагчийн хариу тайлбар:
3.1.“... Замын-Үүд сумын Монгол Ардын намын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/31 дүгээр албан бичгээр хууль зөрчсөн асуудлын талаарх гомдлыг сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн. Энэхүү албан бичигт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.М, З.Ц нар нь 2011, 2015 онуудад сумын Монгол Ардын намд гишүүнээр элссэн тухай болон цахим бүртгэл, гишүүнийг бүртгэх хуудас зэрэг материалыг хавсарган, хуулийн дагуу шийдвэрлэн, албан ёсоор хариу мэдэгдэхийг хүссэн.
3.2. ... сумын Сонгуулийн хороо хуралдаанаараа нэр дэвшигч Б.М, 3.Цэцэнсайхан нар нь Монгол Ардын намаас гарах өргөдлөө ирүүлсэн тухай баримт нотолгоо ирүүлээгүй учраас Ардын намын ирүүлсэн баримтынх нь хүрээнд тус намын гишүүнчлэлтэй гэж үзэж, шийдвэрээ гаргасан болно. Нэр дэвшигч Б.М, 3.Ц нарыг Монгол Ардын намд 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэрхэн Монгол Ардын намд элссэнийг сумын Сонгуулийн хороо тогтоох боломжгүй тул ирүүлсэн баримтын хүрээнд нэр дэвшигчээс хасах тухай шийдвэрийг гаргасан ... нь хууль зөрчөөгүй” гэх агуулгатай тайлбар гаргав.
4.Хэргийн нөхцөл байдал:
4.1.Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын Ардчилсан Намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын 6 дугаарт З.Ц, 19 дүгээрт Б.М нар бичигдсэн байна.
4.2.Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны маргаан бүхий 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх заалт, сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Замын-Үүд сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Б.М, З.Ц нар нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус Монгол Ардын намын хорооны гишүүнээр элссэн нь e-nam.mn цахим бүртгэлд бүртгэлтэй нь тогтоогдсон бөгөөд Монгол Ардын намаас гарсан тухай баримт нотолгоо байхгүй тул Монгол Ардын намын гишүүд гэж үзэж, орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын Ардчилсан намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хасаж уг тогтоол гарсантай холбогдуулан тус Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон” байна.
5.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
5.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь хэсэг, Улс төрийн Намын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, Улс төрийн намын тухай/2005 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
5.2.1. ... нэхэмжлэгч нарын тухайд Монгол Ардын Намын гишүүн болох нь тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлгүй байна. ... Намын гишүүний бүртгэл нь дангаараа тухайн Намын гишүүн болохыг нотлох баримт болохгүйн дээр нэхэмжлэгч нараас нэгэнт Монгол Ардын Намд огт элсээгүй хэмээн маргаж байгаа тухайн тохиолдолд тэдгээрийг тус Намаас гарах өргөдөл гаргасан эсэхийг бус, харин сайн дурын үндсэн дээр тус намд эвлэлдэн нэгдэх хүсэл зоригийнх нь гол илэрхийлэл болох бичгээр гаргасан өргөдөл, хүсэлт байгаа эсэхийг нь гомдол гаргасан этгээдээс тодруулах ажиллагааг явуулахаар байжээ.
5.2.2.Гэтэл хариуцагч сумын Сонгуулийн хороо нь тухайн иргэдийн МАН-аас гарах өргөдөл, хүсэлт /баримт/ байхгүй гэх үндэслэлээр, зөвхөн МАН-ын хорооноос ирүүлсэн баримтын хүрээнд тус намын гишүүнчлэлтэй хэмээн дүгнэлт хийн холбогдох шийдвэрийг гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасантай нийцээгүй байна.
5.2.3. ... Хариуцагч сумын Сонгуулийн хорооноос гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэний ...сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах ...(ыг) хориглоно” гэж заасныг зөрчсөн хууль бус байх бөгөөд тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрх” зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.М, З.Ц нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.” гэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 115/ШШ2024/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Улсын төрийн намын тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:
6.1.1.“…Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн ... зохицуулалтаас үзвэл нэр дэвшигч нь өөр нам эвсэлд бүртгэлтэй бол намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцохоор байхад нэхэмжлэгч Б.М, З.Ц нар нь Монгол Ардын намын гишүүн бөгөөд намаас гарах тухай өргөдөл гаргалгүйгээр Ардчилсан Намаас нэрээ дэвшүүлсэн болох нь МАН-ын гишүүнийг бүртгэх хуудас болон нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь гарын үсэгтэй цахим бүртгэлийн анкет мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Монгол Ардын намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/34 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.
6.1.2.Нэхэмжлэгч нараас Бид Монгол Ардын Намын гишүүн биш гэж маргах боловч Монгол Ардын Намын гишүүн мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхаас гадна Монгол Ардын намаас гарсан тухай баримт байхгүй энэ тохиолдолд иргэн Б.М, З.Ц нарыг Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын Ардчилсан намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хассан хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хороог буруутгах үндэслэлгүй.
6.1.3.Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй, нэхэмжлэгч нарын тухайд Монгол Ардын Намын гишүүн болох нь тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлгүй, тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрх зөрчигдсөн байна гэж дүгнэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцсэнгүй.
6.1.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.” гэжээ.
7.Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.1.“... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй, нэхэмжлэгч нарын тухайд "Монгол Ардын Намын гишүүн" болох нь тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлгүй, тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрх зөрчигдсөн байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ... хууль зүйн үндэслэлгүй ба 2 шатны шүүх хууль зөрүүтэй хэрэглэсэн.
7.1.2. ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1.3-т тус тус заасан өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, намын гишүүнээс татгалзаж, намаас гарах өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцох тухай хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч нар хэрэгжүүлэх боломжгүй, тэд Монгол Ардын намд элсэж байгаагүй, гишүүн биш этгээдүүд гишүүнээс татгалзах, намаас гарах өргөдөл гаргасан байх ёстой гэдэг үндэслэл нь буруу юм.
7.1.3.Нэхэмжлэгч нараас Монгол Ардын намын гишүүн биш гэдгээ илэрхийлж тайлбарлаад байхад Сумын сонгуулийн хороо нь аливаа эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох эрхгүй атлаа өөрт олгогдоогүй эрх буюу мөрдөн шалгах, хянан шалгах ажиллагаа явуулсан нь хэт нэг талыг барьж нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн атал давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөж байгаа нь эсрэгээрээ хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байна.
7.1.4.Мөн Сумын сонгуулийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гишүүдийн хурлаар нэр дэвшигч нарыг нэр дэвшигч нарын нэрсээс хасаж шийдвэрлэсэн атлаа тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж мэдэгдсэн нөхцөл байдал нь захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл мөн эсэхэд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
7.1.5.Иймд давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээгүй зөрүүг арилгаж магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх агуулгаар гомдол гаргасан.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0489 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Э нарт 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
11.Хариуцагч Сонгуулийн хороо нь Замын-Үүд сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Б.М, З.Ц нар нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус Монгол Ардын намын хорооны гишүүнээр элссэн нь e-nam.mn цахим бүртгэлд бүртгэлтэй, Монгол Ардын намаас гарсан тухай баримт нотолгоо байхгүй гэж үзэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын Ардчилсан намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хасаж шийдвэрлэжээ.
12.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д "Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: 32.1.3. өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн” гэж тус тус заасан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэгдсэн Б.М, З.Ц нар нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус Монгол Ардын намын хорооны гишүүнээр элссэн талаарх баримт гарч ирсэн, үүнийг үгүйсгэх баримтыг нэр дэвшигч нар Сонгуулийн хороонд гаргаж өгөөгүй тохиолдолд Б.М, З.Ц нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын Ардчилсан намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хассан хариуцагчийн шийдвэр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасантай нийцсэн гэж үзнэ, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
13.Нэхэмжлэгч нараас “бид Монгол Ардын Намын гишүүн биш” гэж маргах боловч тус намд гишүүнээр элссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, эдгээрийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч нараас хариуцагч Сонгуулийн хороо болон шүүхэд гаргаж өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нараас нэгэнт Монгол Ардын Намд огт элсээгүй хэмээн маргаж байгаа тухайн тохиолдолд тэдгээрийг тус Намаас гарах өргөдөл гаргасан эсэхийг бус, харин сайн дурын үндсэн дээр тус намд эвлэлдэн нэгдэх хүсэл зоригийнх нь гол илэрхийлэл болох бичгээр гаргасан өргөдөл, хүсэлт байгаа эсэхийг нь гомдол гаргасан этгээдээс тодруулах ажиллагааг явуулахаар байна” гэж, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
14.Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь намаас гарах тухай өргөдөл гаргаснаар намаас гарсанд тооцогдох үр дагавартай байхад өргөдөл гаргаагүй буюу өргөдөл гаргаж намаас гарсан талаарх баримтаа ирүүлээгүй тул хариуцагч Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгосныг “Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар зөрчсөн” гэж үзэхгүй.
15.Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан, энэ тохиолдолд “Ардчилсан намаас нэр дэвшигч Б.М, З.Ц нар нь ... Монгол Ардын намд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр элссэн бүртгэлтэй байхад ... өөр намаас нэр дэвшиж, нэр дэвшигчийн жагсаалтад бүртгэгдсэн нь хууль зөрчсөн” гэх агуулгатай өргөдлийг шалгах ажиллагааны хүрээнд хариуцагч Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч нар нь “Монгол Ардын намын гишүүнээр бүртгэлтэй эсэх” талаар холбогдох тодруулах ажиллагаа хийсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Сумын сонгуулийн хороо нь аливаа эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох эрхгүй атлаа өөрт олгогдоогүй эрх буюу мөрдөн шалгах, хянан шалгах ажиллагаа явуулсан нь хэт нэг талыг барьж нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн атал давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөж байгаа ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
16.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: 32.1.3. өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн” гэснийг магадлалын тогтоох хэсэгт баримтлаагүй байх тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0688 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “28.5,” гэсний дараа “32 дугаар зүйлийн 32.1.3,” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ