| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2023/05750/И |
| Дугаар | 210/МА2025/00925 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00925
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01674 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 304,500,000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч *******тай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг объектын хамт авто засварын үйл ажиллагаа явуулахаар 5 жилийн хугацаатай, түрээсийн төлбөрийг эхний 3 сард 6,000,000 төгрөг, 4 дэх сараас эхлэн 7,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцож, түрээслүүлсэн. Талууд түрээсийн гэрээг сунгаж, хариуцагч нь 2019 оны 05 дугаар сараас 2023 оны 03 дугаар cap хүртэл түрээсээр ашиглан, үйл ажиллагаагаа эрхлэн явуулсан. Түрээслэгч ******* нь түрээсийн төлбөрт нийт 90,000,000 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч ******* нь 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар cap хүртэлх 29 сарын түрээсийн төлбөр нийт 203,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч *******гаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 203,000,000 төгрөгийг гэрээний 1.4 зааснаар гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар тооцоход үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар тооцож, алданги 101,500,000 төгрөгийн хамт нийт 304,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулсан. 2019 оноос хойш түрээсийн гэрээг байгуулаагүй байх тул алдангийг шаардах эрхгүй. Гэрээг амаар харилцан тохиролцож, үргэлжлүүлж түрээсэлж байсан нь үнэн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн *******тай байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 10 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг шаарддаг бөгөөд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад 2019 оны 6, 7, 8, 9 10, 11, 12 сарууд, 2020 оны 1, 2, 3, 4 сарууд, 2020 оны 5, 6, 7, 8 саруудын төлбөр 90,000,000 төгрөгөөс татгалзсан байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6, 7, 8, ******* сарыг төлсөн. Мөн өвлийн улиралд цахилгааны төлбөр өндөр төлдөг байсан тул жил бүрийн өвлийн улиралд буюу цахилгааны төлбөр өндөр гардаг тухайн жилийн 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал нийт 7 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр бууруулж 6,000,000 төгрөг болгохоор тохиролцсон. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 6 дугаар cap хүртэлх буюу 8 сарын хугацааны Ковид-19 цар тахлын улмаас ашиглаагүй тул тус хугацааны түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 03 дугаар cap хүртэлх хугацааны төлбөрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь цар тахлын улмаас үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн.
2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ******* цаашид хариуцаж явахаар нэхэмжлэгчтэй тохиролцож, Хаан банк дахь *******дугаар дундын данс нээсэн бөгөөд хэрэгт авагдсан дансны хуулганд бусдаас засварын үйлчилгээ авсан төлбөр нь Авто вишн гэж орсноор нотлогдоно. Нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож, надад гэрээний загварыг цахимаар ирүүлсэн боловч бичгээр баталгаажуулаагүй. Ингээд 2023 оны 03 дугаар сард *******ид хүлээлгэн өгсөн тул 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 03 дугаар cap хүртэл хугацааны төлбөрийг ******* хариуцах үндэслэлгүй.
Хариуцагч 90,000,000 төгрөгөөс гадна 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр *******гийн ******* дугаар данснаас *******ийн ******* компанийн данс руу 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэр н.Оюунтуяагийн *******дугаар данс руу ********ийн данснаас 20,000,000 төгрөг, 2020 оны 0******* сарын 12-ны өдөр хариуцагч *******гийн Хаан банк дахь данснаас *******ийн ******** дугаар данс руу 9,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ төлбөрийг түрээсийн төлбөрт төлсөн тул хасагдах ёстой. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч ******** овогт ******** /РД:*******/-гаас 273 800 000 /хоёр зуун далан гурван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж *******ийн ******** /РД:********1/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 362 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 1 526 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээ учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги нэхэмжлэх эрх байхгүй гэж маргасан байхад шүүх маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл анхан шатны шүүх 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний хүчин төгөлдөр байдалд, түрээсийн гэрээ 2022 оны 12 дугаар cap хүртэл үргэлжилсэн үйл баримтад маргаагүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Тухайн түрээсийн зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан ч газар өөрөө үл хөдлөх эд хөрөнгө учраас гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй, улсын бүртгэлээс шаардах боломжгүй тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүх шийдвэртээ 2019 онд гэрээний хугацааг амаар тохиролцож сунгаснаар 2022 оны 12 дугаар cap хүртэл гэрээ үргэлжилсэн үйл баримтад маргаагүй гэх дүгнэлтийг өмнө нь хийсэн атлаа 2023 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй гэх өөр, өөр дүгнэлт хийсэн. Хариуцагч талаас түрээсийн зүйлийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөх ёстой. Тийм ч учраас түрээсийн төлбөрийг заримдаа урьдчилж, заримдаа хожимдуулж төлж байсан явдлууд байгаа.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ ... түрээслэгч ******* нь 2019 оны 10, 11, 12 саруудын, 2020, 2021, 2022, 2023 оны 03 дугаар cap хүртэл түрээсийн төлбөр 249,000,000 төгрөг огт төлөөгүй ... гэж тайлбарлаж байсан. Гэтэл хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацаанаас хойш нийт 149,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа. Шүүх нэхэмжлэгч *******ийн эхнэр ********гийн *******тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******** ХХК-ийн Хаан банкны ******** тоот данснаас шилжүүлсэн 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******** ХХК-ийн Хаан банкны ******** тоот данснаас шилжүүлсэн 20,000,000 төгрөг, 2020 оны ******* сарын 12-ны өдөр хариуцагч *******гийн ******* тоот данснаас нэхэмжлэгч *******ийн ******* тоот данс руу шилжүүлсэн 9,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч *******гийн Хас банкны данс болох ******* тоот данснаас нэхэмжлэгч *******ийн компани болох ******* ХХК-ийн ******* тоот данс руу шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 59,000,000 төгрөгийг хасаж тооцсонгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлд тусгаагүй сарууд болох 2019 оны 6, 7, 8, 9 саруудын төлбөр тооцоо төлөгдөөгүй юм шиг тайлбарласан. Эдгээр төлбөрийг ******** ХХК-ийн ******** тоот данснаас ********гийн *******тоот данс руу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 35,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч ******* нь 2022 оны 12 дугаар сараас ашиглаагүй тул 2022 оны 12 дугаар capаас хойших төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэгч ******* нь өөрийн биеэр ******** ХХК дээр ирж 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр түлхүүр, цоожоо сольсон. Энэ үйлдлээр хариуцагч *******тай тохиролцсон харилцаа дуусгавар болно. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* надтай тухайн объектыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр хэлцэл байгуулсан. Ийм ч учраас миний бие нь ******** ХХК-ийн инженер ********той харилцан тохиролцож дундын данс нээж олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч ******* нь надтай түрээсийн гэрээ байгуулахаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр facebook чатаасаа гэрээний драфтыг гарын үсэг зурж явуулсан. Мөн үлдэгдэл бараа материалын талаар чат бичсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Тухайн объект нь төвийн шугам, сүлжээнд холбогдоогүй учраас дан ганц цахилгаанаар халаалтын асуудлыг шийдсэн. Миний бие 2022 оны 12, 2023 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрийг төлж чадаагүй. Ямар ч ашиггүй, алдагдалтай ажилласан. Энэхүү байдлаа нэхэмжлэгч *******ид хэлсэн. Гэтэл ******* нь *******ийн барааг агуулах сав байхгүй болчихлоо. Өндөр түрээс төлж байхаар авто гаражаа янзалж засвар хийж байгаад агуулах болгомоор байна гэж хэлсэн. Тэгээд алдагдалтай байсан 3 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, би түрээсийн зүйлийг суллахаар тохиролцсон. Иймээс энэ хугацааны мөнгийг нэхэмжлэх эрхгүй. Гэтэл анхан шатны шүүх 2020 оны 11 сараас 2023 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй гэх дүгнэлт хийж байгаа нь хариуцагчид илтэд хохиролтой, хуульд нийцэхгүй дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна.
Нэхэмжлэгч зөвхөн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны оны 4 дүгээр сарыг дуустал 6 сарын хугацаанд 6,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь худал буюу жил бүр хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 03 дугаар cap хүртэл cap бүрийн төлбөрийг 7,000,000 төгрөгөөр тооцож, ашиглаагүй хугацааны ч төлбөрийг нэмж тооцож байгаа нь үндэслэлгүй. 2020 оны 11 дүгээр сард Ковид цар тахал дэлхий нийтээр тархсны улмаас Монгол Улсын Засгийн газар ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарласан. Энэ бол давагдашгүй хүчин зүйл юм. Энэхүү нөхцөл байдал нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сарыг дуустал ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн алдангийн хэмжээг 10 хувь багасгаж шийдвэрлэж байгаа нь бас үндэслэлгүй дүгнэлт болсон.
Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сараас 2023 оны 03 дугаар cap хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Харин шүүх хуралдаан дээр 2019 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар cap хүртэл түрээсийн төлбөрийн асуудлыг ярьсан. 2019 оны 5, 6, 7, 8, 9 сарын түрээсийн төлбөрийг ******** ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн ********гийн данс руу 35,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр 2019 оны 6, 7, 8, 9 сарын түрээсийн төлбөрийн асуудал яригдахгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч ******* өөрөө 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******** ХХК дээр очиж 2019 онд байгуулсан түрээсийн гэрээгээ цуцалсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Тэгэхээр 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны асуудал яригдана гэж үзэж байна. Энэ хугацаанд түрээслэгч нь түрээслүүлэгч болон түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд төлж байсан түрээсийн төлбөр, түрээсийн төлбөрийн хөнгөлөлт, давагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээсийн объектыг ашиглаж чадаагүй хугацааны төлбөр, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шүүх хасаж тооцох ёстой гэж үзэж байна.
Нэг жилийн түрээсийн төлбөр нийт 78,000,000 төгрөг, үүнээс 11,12,1,2,3,4 сарын түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлж 1,000,000 төгрөг буюу нэг сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, үлдсэн 5, 6, 7, 8, 9, 10 сарын түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөгөөр тооцохоор тооцож үзэхэд нийт 38 cap болж байна. Үүнээс 19 cap нь 6,000,000 төгрөгөөр, мөн 19 cap нь 7,000,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт төлбөр 247,000,000 төгрөг байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 90.000.000 төгрөг, 59,000,000 төгрөг, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон саруудын түрээсийн төлбөр нийт 50,000,000 төгрөгийг тус тус хасаж тооцвол нийт 48,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөхөд маргахгүй.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01674 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 225,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх 2025 оны 02 сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд хариуцагч тал 237,900,000 төгрөгийг төлөхөөр байна гэж амаар уншиж сонсгосон боловч бичгээр гарсан шийдвэрт нэхэмжлэгчид 273,800,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч тал түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Шүүх хуралдаанд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Энэ нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн. 2014 оноос хойш 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт түрээсийн гэрээний үүргийг тухайн хөрөнгийг хариуцагч ашиглан бизнесийн үйл ажиллагаа явуулаад ашиг олсон. Хуралдааны явцад бид тухайн хэмжээний төлбөрүүд дээр хариуцагч талын гаргасан тайлбар баримтуудад тулгуурлаж түрээсийн төлбөрт 90,000,000 төгрөг төлөгдсөнийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Анхан шатны шүүх хуралдааны явцад хөнгөлөлт үзүүлэх талаар яригдсан. Ковидын үеийн хугацаа болох 6 сарын хугацааны төлбөрт түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлээд сарын 6,000,000 төгрөгөөр тооцож хассан нь хууль зүйн үндэслэлтэй. Түрээсийн гэрээний үүргээ хэрэгжүүлэх явцад төлөх ёстой байсан төлбөрийн асуудалд хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн хангасан дүнг зөрүүтэй бичигдсэн нь техникийн алдаа гарсан байж магадгүй гэж үзэж байна. Үндсэн зээл болон түрээсийн төлбөрт 164,000,000 төгрөг, алдангид 50 хувийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөн. Алдангиас 10 хувийг хасаж 73,800,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 304,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй буюу хариуцагчийн төлбөр төлсөн талаарх зарим баримтад дүгнэлт өгөөгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******той 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газрыг, авто засварын үйл ажиллагаа явуулах зориулалтаар, түрээсийн төлбөрийг эхний 3 сард 6,000,000 төгрөг, 4 дэх сараас эхлэн 7,000,000 төгрөгөөр, 5 жилийн хугацаатай хариуцагч *******д түрээслүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх-ийн 1-2, 4-5, 109-р тал/
5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл буюу 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны түрээс 203,000,000 төгрөг, алданги 101,500,000 төгрөг, нийт 304,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусахад талууд тохиролцож сунгасан ба түрээсийн зүйлийг 2023 оны 03 дугаар сарыг хүртэл ашигласан тул уг хугацааны түрээсийн төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Хариуцагч ******* нь түрээсийн зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ашигласан тул ашиглаагүй хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр бус тул алданги шаардах эрхгүй, өвлийн саруудад түрээсийн төлбөрийг хөнгөлөхөөр тохиролцсон, мөн ковид-19 цар тахлын тархалттай холбоотойгоор түрээсийн зүйлийг ашиглаагүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ. /хх-ийн 44-р тал/.
6. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд түрээсийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулж, түрээслэгч буюу хариуцагч ******* нь түрээсийн зүйлийг 2023 оны 03 сарыг хүртэл хугацаанд ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, ... 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1-3 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр болж объектыг суллаж өгсөн ... гэх хариуцагчийн тайлбар, Авто вишн ХХК нь 2014 оноос 2023 оны 03 сар хүртэл хугацаанд тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байсан нь үнэн болно гэх хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээс үзэхэд түрээслэгч буюу хариуцагч ******* нь 2023 оны 03 дугаар сар хүртэл түрээсийн зүйлийг ашиглаж байсан гэж үзэхээр байна.
Нөгөө талаар, хариуцагч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр гэрээ дуусгавар болсон, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч нь эхнэр *******т түрээслүүлэхээр тохиролцсон гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймд, энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлгүй.
6.1. Талуудын байгуулсан гэрээний 1.3-т сарын түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөг, мөн гэрээний 1.4-т төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцсон байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцохоор тус тус заасан.
Анхан шатны шүүхийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээ үргэлжлэх буюу сунгасан талаар дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, талууд харилцан тохиролцож гэрээг сунгасан боловч бичгээр байгуулаагүй тул алданги нэхэмжлэх эрхгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Иймд, нэхэмжлэгч ******* нь хууль болон гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг алдангийн хамт хариуцагч *******гаас шаардах эрхтэй.
6.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь өөрийн болон ******** ХХК-ийн дансаар нэхэмжлэгч *******д 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр нийт 173,700,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн төлбөр авто вишн гэх утгаар, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр auto vision servive гэх утгаар, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр auto vision servive гэх утгаар, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн төлбөр ******** гэх утгаар тус тус шилжүүлсэн нийт 90,000,000 төгрөгийг 2019 он, 2020 оны 1-10 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт тооцон хасаж, үлдэх хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарыг хүртэлх 29 сарын төлбөрт 203,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч талаас жил бүрийн 10-4 дүгээр сар хүртэл буюу өвлийн саруудын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр хөнгөлөхөөр тохиролцсон гэх боловч талуудын байгуулсан гэрээнд энэ талаар заагаагүй байх бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь ковидын үед түрээсийн төлбөрийг хөнгөлөхөөр яригдаж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласныг үндэслэн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрийг сарын 6,000,000 төгрөгөөр, үлдэх буюу 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар, 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл хугацааны сарын төлбөрийг гэрээнд заасан 7,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг 164,000,000 төгрөгөөр тогтоосныг буруутгахгүй үндэслэлгүй. Харин хэрэгт авагдсан хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 2020 оны 0******* сарын 12-ны өдрийн 9,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9,500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 200,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10,000,000 төгрөгийн баримтыг хэрхэн үнэлсэн талаар анхан шатны шүүх шийдвэртээ дүгнээгүй байна.
Дээрх баримтуудаас 9,500,000 төгрөгийн тухайд түрээсийн гэрээний үүрэгт хамааралгүй буюу авто машины үнэд төлсөн талаар зохигч хэн аль тайлбарласан. Харин 10,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь зээлдэн авсан байсан талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иймд, хариуцагч *******гийн нэхэмжлэгчид шилжүүлсэн дээрх 19,200,000 төгрөгийг /2020 оны 0******* сарын 12-ны өдрийн 9,000,000 төгрөг, 2022 оны 0******* сарын 09-ний өдрийн 200,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10,000,000 төгрөг/ түрээсийн төлбөрт тооцон хасах нь зүйтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 1.4-т тус тус зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул алдангийг үнийн дүнгийн 50 хувиар тооцож, үүнээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 10 хувиар бууруулан тооцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.
Иймд, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 164,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 19,200,000 төгрөгийг хасаж, үлдэх 144,800,000 төгрөгөөс 50 хувийн алданги тооцоход 72,400,000 төгрөг болох ба үүнийг 10 хувиар бууруулж 65,160,000 төгрөг буюу нийт 209,960,000 төгрөгийг /144,800,000+65,160,000/ хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгуулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагчаас 237,800,000 төгрөгийг гаргуулах агуулгаар дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт 273,800,000 төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01674 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ... 273,800,000 ... гэснийг 209,960,000 гэж, ... 30,700,000 ... гэснийг 94,540,000 гэж,
2 дахь заалтад ... 1,526,950 ... гэснийг 1,207,750 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 1,286,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ