| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0525/Э |
| Дугаар | 540 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 540
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж овогт Г-ийн Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910014460539 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто засварчин гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эгч, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг .... дүгээр хороолол, .... дугаар байр ..... тоотод оршин суух хаягтай, урьд нь:
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж овогт Г-ийн Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд хохирогч Ж.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр рүү нь лаазтай пиво шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Э-: “...Тэнд байсан хүүхдүүд надаас насаар дүү хүүхдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хохирогч Ж.О-ын хөлөн дээр нь гишгэсэн байх, намайг араас түлхээд юм яриад байсан, чимээ ихтэй байсан учир яг юу гэж хэлснийг нь би сонсоогүй, тэгээд би уучлаарай гэж хэлэхдээ эвгүй хэлсэн байх. Би тэр үед хоёр найзтайгаа хамт явж байсан. Хохирогчийн найзын найзууд нь манай найзуудтай найзууд гээд бид нар хамт байсан, гэхдээ би тэднийг таньдаггүй. Хохирогч Ж.О-ын найз залуу нь гээд нэг өндөр залуу намайг ирээд цохиход нь манай найз нар “боль, яах гээд байгаа юм” гээд болиулсан. Хохирогчийн найз залуу намайг цохиход нь би хойш унахдаа гартаа барьж байсан пивийг тэр залуу руу шидсэн, хохирогч Ж.О руу шидээгүй. Тэгээд тэр пивийг хохирогчийн найз залуугийн мөр рүү цацарсан байх гэж бодоод зугтаасан. Тэгээд Төв цэнгэлдэхийн үүдэнд очоод найз руугаа залгахад “чи наагуураа байж бай, ирж хэрэггүй” гэж хэлсэн, миний буруутай үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан, хохирогчийн хохирлын төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 07-ны оройн 22 цагийн үед тоглолт тараад зургаа даруулах гэж байх үед танихгүй залуу урдуур хойгуур бүжиглээд байсан. Тэгээд наана чинь зургаа авахуулж байна, холдоочээ гэж хэлээд нуруу руу нь зөөлхөн цохисон, гэтэл эргэж хараад цохих гээд гараа далайсан, тэгтэл манай найз залуу яагаад байгаа юм бэ? гэхэд яасан хөгшөөн, үзчих үү гээд манай найз залуу руу дайраад байсан. Тэгээд би найз залуугаа яах юм бэ, хэрэггүй гэж хэлээд цаашаа аваад явсан. Хэсэг хугацааны дараа лаазтай пивотой ирээд манай найз залуу руу дайраад үзчихье гээд байсан, гэтэл тэр залуугийн найз нь бас наадахаа шаагаад аваач гээд байсан. Тэгэж байснаа миний нүүр лүү лаазтай пиво шидчихээд зугтаасан. Тэгээд миний нүүрнээс их хэмжээний цус урсаж, би түргэн тусламж хайж Төв цэнгэлдэх хүрээлэнгээс гарсан, тэгээд түргэний машин хайгаад явж байтал нөгөө пиво шидсэн залуу хоёр найзтайгаа цэнгэлдэхийн гадаа байсан. Тэгээд манай найз залуу бариад цагдаад өгсөн...” /хх-ийн 14-15/ гэсэн,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "....Би хот дог авах гээд дараалалд зогсож байгаад эргээд харсан чинь манай найз охин нэг танихгүй залуутай маргалдаад намайг хараад над руу ирж байсан. Тэгсэн нөгөө залуу араас нь хөөе яасан гэнэ ээ гээд ирсэн, тэгээд цохих гэхээр нь би гарыг нь барьж болиулсан чинь чи хэн бэ, хоёулаа үзье гээд өөдөөс дайраад байсан. Тэгээд манай найз охин хая, хоёулаа явья гээд хамт явсан. Тухайн газраас жоохон холдоод зогсож байтал 10 орчим минутын дараа нөгөө залуу өөр нэг залуутай гартаа лаазтай пиво барьсан ирээд түрүүн юу юу гээд байсан бэ? хоёулаа гараад үзчих үү гээд дайраад байсан, тэгэхээр нь би заа хөгшөөн хоёулаа нэг нэгэндээ гай болоод яах вэ, зүгээр цаашаа яв гэж хэлсэн. Манай найз охин ч бас тэгэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу араа харж яваарай гээд лаазтай пиво шидчихээд зугтаасан. Тэгээд би араас нь хөөхөд тоглолт үзэж байсан хүмүүс дундуур ороод алга болсон. Тэгээд би найз охиноо аваад тухайн газраас гараад түргэний тэрэг болон эмч хайгаад явж байхад нэг цагдаа бид нарт түргэний тэрэг зааж өгсөн. Тэгээд явж байхад манай найз охин нөгөө намайг цохисон залуу чинь тэнд явж байна гэхээр нь би очиж барьж аваад цагдаад өгсөн...” /хх-ийн 17/ гэсэн,
Гэрч Т.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 07-ны оройн 22 цагийн орчим тоглолт дуусаад Төв цэнгэлдэх хүрээлэнд найзынхаа зургийг авч өгөх гээд зогсож байхад нэг танихгүй залуу урд нь бүжиглээд зураг даруулахгүй байсан. Манай найз эхлээд холдооч ээ гэж хэлээд нуруу руу нь зөөлхөн цохиход эргэж хараад манай найзруу гараа далайгаад юу гэнэ ээ гэж хэлэхэд О-ын найз залуу нь чи зүгээр цаашаа байгаач гэж хэлсэн, тэгсэн чинь нөгөө залуу чи юу гэнэ ээ, хоёулаа үзэх үү гээд байсан. Тэгээд О чи зүгээр байгаач гэж хэлээд найз залуугаа аваад явсан. Тэгээд 10 орчим минутын дараа нөгөө залуу лаазтай пиво барьчихсан ирээд чи түрүүн юу гээд байсан бэ хоёулаа үзэх үү? гээд куртикээ тайлаад О-ын найз залууруу ойртсон, тэгээд О чи зүгээр цаашаа яв гэж хэлэхэд найз залуу нь за одоо больцгооё гэж хэлэхэд лаазтай пиво О-ын толгой руу нь шидсэн...” /хх-ийн 20/ гэсэн,
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 6 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзээд бүжиглээд байж байтал араас нэг охин цохисон. Би эргэж хараад яасан хөл дээр гишгэсэн үү гэтэл тухайн охины араас нэг залуу ирээд яагаад байна гээд цээжээрээ надтай тулсан, гэтэл манай найз намайг салгасан. Би цаашаагаа яваад тайзны хажууд очоод ганцаараа бүжиглэж байгаад буцаад найзууд дээрээ очиход нөгөө охин найз залуутайгаа манай найзуудын хажууд зогсож байсан. Тэгээд тухайн охины найз залуу над дээр ирээд мөрлөөд намайг цохисон. Тэгээд би хойшоо унахдаа лаазтай пивоо шидээд зугтаасан. Тэгээд Төв цэнгэлдэхийн гадаа байж байгаад цагдаа нарт баригдаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” /хх-ийн 32-36/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №7098 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.О-ын биед тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Шүүгдэгч Г.Э-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн харуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-46/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 55/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 56/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 57/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд хохирогч Ж.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр рүү нь лаазтай пиво шидэж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.О-ын “...Нүүрлүү лаазтай пиво шидчихээд зугтаасан. Тэгээд миний нүүрнээс их хэмжээний цус гарч би түргэн тусламж хайж тухайн тоглолт болж байсан газраас гараад түргэний машин хайгаад явж байтал нөгөө пиво шидсэн залуу хоёр найзтайгаа гадаа хамт байсан. Тэгээд манай найз залуу барьж аваад цагдаад өгсөн...” /хх-ийн 14-15/ гэсэн, гэрч Н.Б-гийн "...Тэгсэн нөгөө залуу араа харж яваарай гээд лаазтай пиво шидчихээд зугтаасан. Тэгээд би араас нь хөөсөн боловч тоглолт үзэж байсан хүмүүс дундуур ороод алга болсон. Би найз охиноо аваад тухайн газраас гараад түргэний тэрэг болон эмч хайгаад явж байхад нэг цагдаа бид нарт түргэний тэрэг зааж өгөөд тийшээ нь явж байхад манай найз охин намайг цохисон залуу тэнд явж байна гэхээр нь би бариад цагдаад өгсөн...” /хх-ийн 17/ гэсэн, гэрч Т.З-гийн “...Б тэр залууг за зүгээрээ, одоо больцгооё гэж хэлэхэд тэр танихгүй залуу барьж байсан лаазтай пиво О-ын толгой руу шидсэн...” /хх-ийн 20/ гэсэн, шүүгдэгч Г.Э-ийн “...Тэгээд би хойшоо унахдаа лаазтай пивоо шидээд зугтаасан. Тэгээд Төв цэнгэлдэхийн гадаа байж байгаад цагдаа нарт баригдаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” /хх-ийн 32-36/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны №7098 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ын биед тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 498,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад бэлнээр 100,000 төгрөг, хохирогч Б.О-тай харилцан тохиролцож үлдэгдэл хохиролд “айфоне-6эс гоулд” загварын гар утас хүлээлгэн өгч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 76/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910014460539 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Г-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Э-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910014460539 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР