Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Нандинцэцэг /РД:

Хариуцагч: С

500 000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Нандинцэцэг, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 17 цагийн үед Драгон төвийн гадна талд Б.Лутбэхийн эзэмшлийн 7392 УБВ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 маркын автомашинд мөргүүлж, баруун хөл хугарч гэмтсэн. Уг осолтой холбоотой хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Тухайн үед эмчилгээний зардалд нийт 3 000 000 төгрөг гарсан бөгөөд Б.Лутбэхээс гаргуулахаар шаардахад боломжгүй байна багасгаач гэсэн учир  1 500 000 төгрөгөөр харилцан тохиролцож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Хэргийг хэрэгсэхгүй болгох үед 1 000 000 төгрөгийг нь төлсөн бөгөөд үлдэх 500 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл хэлцлээр тохирсон үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд Л.Лутбэхээс хэлцлээр тохирсон 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа гаргаж өгөөгүй, мөн шүүх  хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү

            Шүүх  зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг нь хариуцагч Б.Лутбэхэд холбогдуулан зам тээврийн ослос учирсан хохирлыг барагдуулахаар тохиролцсон хэлцлийн дагуу төлөх төлбөрт 500 000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Лутбэхэд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтууд дээр хариуцагч  гарын үсгээ зурсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй  тул  мөн хуулийн  72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож,  хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг гардуулсан тухай баримтад дурдсан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 39 дүгээр гудамж, 570а тоот хаяг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилөгдсөн тухай мэдээллийг хариуцагч  шүүхэд мэдэгдээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дах хэсэгт заасан журмаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

Хариуцагч Б.Лутбэх нь 2016 оны 3  дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон авто вокзалын замд Г.Мандаагийн өмчлөлийн Тоёота Приус маркын 73-92 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа  Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах заалтыг зөрчин явган зорчигч Г.Нандинцэцэгийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  зам тээврийн осол гаргасан, хохирогч Г.Наранцэцэг нь сайн дураараа яллагдагчтай эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг үндэслэн эрүүгийн хэргийг хэргсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн тайлбар, Тээврийн прокурорын газрын прокуорын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 234 дүгээр тогтоол зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр хариуцагч маргаагүй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгч  шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд талууд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ослоос учирсан хохирлын талаар харилцан тохиролцож бичгээр хэлцэл байгуулж, уг хэлцлээр хариуцагч Б.Лутбэх нь нэхэмжлэгч  Г.Нандинцэцэгийн биед учруулсан хохирлын төлбөрт 1 500 000 төгрөг өгөх, үүнээс 1 000 000 төгрөгийг хүлээлгэн өгч, үлдэх 500 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 1-ний дотор өгөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 19.1.2 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр зохицуулсан ба талууд хэлцлээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ.   

Хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч шаардлагаа гаргасан бөгөөд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын тухайд бус хэлцлээр тохиролцсон төлбөрийг нэхэмжилсэн байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 дэх хэсэгт заасан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Лутбэхээс 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нандинцэцэгт олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650  төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                Т.БАТСҮХ