Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 541

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Б-ийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910010310536 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ....  дугаар хороо, ....  дугаар хороолол, .... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Б-ийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд хохирогч Б.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь архины хундгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, хохирогчид хохирол, эмчилгээний зардалтай холбоотой 3 сая төгрөг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд найз Лхагва-Очир, Иш-Од, Ган-Эрдэнэ нарын хамтаар үйлчлүүлж байгаад зүс таних Б.Б-тэй таарсан. Тэгээд бид хоёр бие биетэйгээ мэндэлцээд салсан. Тэгээд би найз нарынхаа хамт текний хажууд зогсож байсан. Тэр үед Б намайг дуудах шиг болсон, би “яасан” гээд яваад очсон чинь үгийн зөрөөгүй шилэн хатуу зүйлээр миний духан дундуур нэг удаа цохисон. Сүүлд найз нараасаа асуухад архины хундага байсан гэж хэлсэн. Миний духнаас цус гараад би “Минт” баарны хамгаалалтын албаны камерын өрөөнд орсон, Б-, бид хоёрыг цагдаа иртэл энд байж бай гээд оруулсан. Удалгүй яаралтай түргэн тусламжийн 103-ийн эмч ирээд Б.Б бид хоёрыг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч яваад анхны тусламж үзүүлсэн. Тэндээс гараад цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл бичиж өгсөн...” /хх-ийн 9/ гэсэн,

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2019 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө 01 цагийн орчим би найз охин Б-ий хамт “Минт” бааранд орж үйлчлүүлсэн. Б бид хоёр бүжиглэж байгаад VIP өрөө рүү орох гээд текний хажууд явж байгаад би эргээд харсан чинь Б байхгүй байсан, тэгээд хаана байгаа юм бол гээд хараад байсан чинь зүс таних Г гэх залуу манай найз охин Б рүү хэл амаар доромжлоод дайраад давшлаад байсан. Тэгэхэд Г-ын найз нар нь гэх залуучууд Г-ыг боль гээд байсан. Би найзыгаа өмөөрч чи манай найзыг юу гээд байгаа юм бэ гэхэд Г гараараа миний нүүр рүү хүчтэй түлхсэн. Тэгэхэд Г-ын найз нь миний урдуур орж ирээд надаас уулчлалт гуйгаад Г-ыг яагаад байгаа юм бэ гээд загнаад байх шиг байсан. Б цаанаас ирэхээр нь би Б-т хандаж Б бид хоёрыг дээрэлхээд байгаа юм уу? гэж хэлсэн. Удалгүй тэр хэсэгт их дуу чимээ гараад шал цус болсон байсан. Тэгээд хамгаалагч нар ирээд Г-, Б хоёрыг аваад явсан. Бид нарыг гадаа гарахад яаралтай түргэн тусламжийн машин ирсэн байсан. Тэр машинд Г суусан байсан, би цагдаагийн хэлтэс дээр Б-тэй хамт ирсэн...” /хх-ийн 15/ гэсэн,

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө 01 цагийн үед би найз охин М-гийн хамтаар “Минт” бааранд орж бүжиглэж байгаад бид хоёр VIP өрөөнд суух гээд текний хажууд явж байхад Г намайг “хайраа” гээд дуудсан. Тэгэхээр нь би “хэн чиний хайр юм” гээд хэлсэн чинь намайг өдөөд шоглоод байхаар нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэгэхэд манай найз М хүрээд ирсэн. Г М-гийн нүүр рүү нь гараараа хүчтэй түлхсэн. Г намайг хэл амаар доромжилж танхайрч чанга дуугаар дуугарсан. Г-ын найз нар гэх залуучууд Г-ыг “боль” гээд загнаад байсан, нэг мэдэхэд Б миний ард зогсож байсан. Тэгэхээр нь би Б-т хандаж танай найз бид хоёрыг зүгээр байхад хэл амаар доромжилж М-гийн нүүр рүү нь гараараа хүчтэй түлхсэн гээд хэлсэн чинь Б “за байж байгаарай хайраа” гээд Г-ыг дуудаад юм яриад байх шиг байсан. Би тэгэхэд М-тай юм яриад зогсож байсан. Хүмүүс бужигнаад “Минт” баарны хамгаалагч нар Г-, Б хоёрыг аваад гарсан. Тэгээд би араас нь дагаад явсан чинь камерын хяналтын өрөөнд оруулсан. Тэр үед М алга болчихоор нь би найзыгаа хайгаад буцаад хүрээд ирэхэд Б-, Г хоёрыг цагдаа нар аваад явсан. Тэгэхээр нь араас нь дагаад гарахад түргэн тусламжийн автомашин ирсэн байсан. ...Г-, Б хоёрыг суулгаад аваад явсан...” /хх-ийн 18/ гэсэн,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны орой 00:00 цагийн үед найз Саруулжаргалын хамтаар “Минт” бааранд үйлчлүүлж байгаад найз Г-тай тааралдсан. Тэгээд Г-тай ойр зуурын юм яриад байж байхад Г-ыг нэг хүн дуудах шиг болсон. Г уулзах гээд тэр залуу дээр очсон чинь Г-ын духнаас нь цус гарсан байсан. Тэгэхэд хамгаалагч нар Г-ыг дагуулаад хяналтын камерын өрөө рүү орохоор нь би дагаад ороход үл таних 180 см өндөртэй залуу би цохисон гээд ороод ирсэн. Удалгүй түргэн тусламжийн 103 ирээд Г-ыг цохисон гэх залуу, Г нарыг аваад явах гэхээр нь би цуг явна гээд хамт гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлчихээд цагдаагийн хэлтэс дээр ирж Г өргөдөл бичиж өгсөн...” /хх-ийн 21/ гэсэн,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн үед Минт бааранд найз охин Б-, түүний найз М  нарын хамт ороод сууж байгаад Г-тай тааралдсан. Тухайн үед Г-тай мэндлээд өнгөрсөн, Г-ыг миний хамтран амьдрагч Б болон түүний найз охин М нарыг хэл амаар доромжлоод зодох гэж дайрч мангасдаж түлхсэн гэж М хэлэхээр нь би Г дээр очоод яагаад тэгэж байгаа юм гэхэд “тэгэхээр яадаг юм” гэж хэлэхээр нь би гартаа барьсан байсан архины хундагаар нүүрэн тус газар нь цохисон. ...Г-тай хамт эмнэлгээр явсан, маргааш нь бас эмнэлгээр үзүүлж 10 хоногийн дараа эмчилгээний зардал 500,000 төгрөг болсон гэхээр нь уучлаарай гээд 3,000,000 төгрөг өгсөн...” /хх-ийн 13, 34-38/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №4931 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ж.Г-ын биед дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

 

-   Өргөдөл /хх-ийн 4/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 81-91/,

- Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, дипломын хуулбар /хх-ийн 51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 55/, дансны хуулга /хх-ийн 56-75/ гэрч Б.Баясгалан /хх-ийн 76-77/, гэрч Г.Алтангэрэл /хх-ийн 78-79/ нарын мэдүүлгүүд зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд хохирогч Б.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэнд нь архины хундгаар цохиж эрүүл мэндэд нь дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Г-ын “...Тэр үед Б намайг дуудах шиг болсон, би “яасан” гээд яваад очсон чинь үгийн зөрөөгүй шилэн хатуу зүйлээр миний духан дундуур нэг удаа цохисон. Сүүлд найз нараасаа асуухад архины хундага байсан гэж хэлээд байсан...” /хх-ийн 9/ гэсэн, гэрч Б.М-н "...Б цаанаас ирэхээр нь би Б-т хандаж Б бид хоёрыг дээрэлхээд байгаа юм уу? гэж хэлсэн. Удалгүй тэр хэсэгт их дуу чимээ гараад шал цус болсон байсан. Тэгээд хамгаалагч нар ирээд Г-, Б хоёрыг аваад явсан...” /хх-ийн 15/ гэсэн, гэрч Т.Б-ий “...Б надад “за байж байгаарай хайраа” гээд Г-ыг дуудаад юм яриад байх шиг байсан. Би тэгэхэд М-тай юм яриад зогсож байсан. Хүмүүс бужигнаад “Минт” баарны хамгаалагч нар ирээд Г-, Б хоёрыг аваад гарсан. ...Б-, Г хоёрыг цагдаа нар аваад гараад явсан...” /хх-ийн 18/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ийн “...Би Г дээр очоод зүүн гартаа барьсан байсан архины хундагаар толгойн хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №4931 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ж.Г-ын биед дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт, өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г-ын биед дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 сая төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910010310536 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ж.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч С овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910010310536 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЛТАНЖИГҮҮР