Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00926

 

 

  

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02899 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

2,791,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие ******* нь ******* ХХК-д хувцас, барааны лангуу түрээслэн худалдаа эрхэлж байсан. 2014-2015 онд хариуцагч ******* нь лангуунаас зээлээр авсан барааны үнийг төлж барагдуулаагүй болно. Иймд, лангуунаас бэлэн авсан барааны үнэ 116,000 төгрөг, лангуугаа чөлөөлөхөд зээлээр авсан барааны үнэ 498,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Солонгосоос захиалсан хувцас, барааны үнэ 1,200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлдэж авсан 250,000 төгрөгийг төлсөн тул хасаж, хууль зүйн туслалцаа авсан төлбөр 500,000 төгрөг, мөн зээлээр өгсөн барааны үнэ 477,000 төгрөг, нийт 2,791,000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч *******тай 2018 онд танилцсан. ******* ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл барааг зараад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. 2019 оны 07 дугаар сард нэхэмжлэгч өөрөө ирээд цүнхтэй бараагаа аваад явсан. 3 сарын дараа надаас бараа дутуу байна гэж 500,000 төгрөг нэхсэн. Би тухайн үед ноорог цаасны ард тооцоо хийж тэмдэглэсэн баримтыг сүүлд олж шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримтдаа үндэслэж, 477,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 477,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,314,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,974+14,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүх холбогдох нотлох баримт байсаар байтал зөвхөн хариуцагчийн хэлснээр хохирол гаргасан ба хэт нэг талыг барьж хохирлыг буруу шийдвэрлэсэн. Хариуцагч ******* нь анхнаасаа барааг буцаан өгсөн, нэг ч төгрөгийн төлбөргүй гэж худал мэдээлэл өгч, төөрөгдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй. Хариуцагч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.12 дахь заалтаар хүсэлт гаргаж болох байсан. Хариуцагч ******* нь 477,000 төгийг хүлээн зөвшөөрсөн. Үлдэх 2,314,000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч *******гаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар үзлэг хийлгэх, баримтуудад шинжээч томилуулж, сэжигтэн гэрчээр татах, нэхэмжлэлийн хэмжээг нэмэгдүүлж, шинээр үүссэн нотлох баримтуудыг хуралд нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа учир анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 477,000 төгрөгийн хувьд барааг зарах үнийг бичиж өгсөн. Бид хоёрын хэн хэн нь тооцоогоо бичиж авсан. Үүнээс бусад зүйл нь үндэслэлгүй. Би ямар нэгэн зүйлийг заавал өөрийн гараар бичиж явдаг. 498,000 төгрөгийн хувьд надаас гаргаж өгсөн баримтаас харвал 10 сарын 07-ны өдөр авсан гэж бичсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 10 сарын 17-нд Баянзүрх дүүргийн ******** дүгээр хорооны ******** тоотод аваачиж өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Сүүлдээ 2018 оны 10 сарын 07-ны өдөр 498,000 төгрөг, 1,200,000 төгрөг авсан гэдэг. Шүүхийн өмнө бодит зүйлийг ярина. Би бараа аваагүй гэж хэлээгүй. Би авсан барааныхаа баримтыг өгсөн. Миний гарын үсэггүй, балласан зүйлээрээ намайг гүтгэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан барааны үнэ болон хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд нийт 2,791,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* нь миний лангуунаас ашиг гарган зарж борлуулах зорилгоор зээлээр бараа авсан боловч үнийг төлөөгүй, мөн би хууль зүйн туслалцаа авахад 500,000 төгрөг төлж хохирсон тул хариуцагчаас гаргуулна гэх агуулгаар тодорхойлсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч баримтаар нотлогдож байгаа 477,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх шаардлагын хувьд нотлох баримтууд нь бүгд засвартай миний нэр, утасны дугаарыг нэмж бичсэн байх тул баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна гэж татгалзжээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байх тул давж заалдаж шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

4.1. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээг талууд бичгээр хийж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, эсвэл үнийг тодорхойлох журмыг заавал тусгахаар хуульчилсан. Тодруулбал, талууд дан ганц үнийг дараа хэсэгчлэн төлөхөөр тохирсон нь шууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулахгүй юм. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагыг заасан бөгөөд талууд дээрх гэрээг бичгээр байгуулж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг тохирсон байх ёстой.

Зохигч бичгийн гэрээ байгуулаагүй бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас үнийг дараа төлөхөөр хувцас, бараа хүлээн авсан талаар хэн аль нь тайлбарласан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ердийн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн барааны үнэ 116,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн барааны үнэ 498,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн барааны үнэ 1,200,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 500,000 төгрөг, зээлээр өгсөн барааны үнэ 477,000 төгрөгийг хамааруулан тооцсон бөгөөд тэрээр нэхэмжлэлд дурдсан үнэ бүхий хувцас, барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх, хариуцагч буюу худалдан авагч ******* нь хүлээн авсан барааны үнэд хэчнээн төгрөг төлөх үүрэг үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гараар бичсэн бүртгэлүүдийг гаргасан байх боловч эдгээрийг талууд тооцоо нийлж баталгаажуулаагүй, нэг талын баримтууд байх ба хариуцагч тал маргаж байгаа тохиолдолд дээрх баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэх үндэслэлгүй юм. /хх-ийн 22-26/

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч *******гийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу түүнээс 477,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь хууль зүйн туслалцаа авсны хөлс 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцаа авч 500,000 төгрөг төлсөн нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд, ... хариуцагч *******гаас 2,314,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... утасны мессежид үзлэг хийлгэх, гэрч оролцуулах, шинжээч томилуулах, шинээр нотлох баримт гаргаж шийдвэрлүүлэх хүсэлттэй тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 51,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ