Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00927

 

 

 

  

********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01527 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ********ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн ********гаас орон сууцыг авч төлбөрийг төлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Миний бие орон сууцаа захиран зарцуулж эзэмших гэтэл дотор нь ******* амьдарч саад учруулж, орон сууцыг чөлөөлж хүлээлгэж өгөхгүй байна. Иймд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж *******байр, ******* тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******г Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, *******байр, ******* тоот хаягт байршилтай, 60,75 м.кв талбайтай орон сууцнаас албадан чөлөөлөхөөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01527 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тус шүүхээс дээрх шүүхийн шийдвэрийг гаргахдаа шүүхийн шийдвэр хуульд үндэслэх, бодит байдалд нийцэх зарчмыг баримтлаагүй. Хариуцагч *******г шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өөрийгөө хууль ёсны эрхээр хамгаалах эрхээр хангаагүй. Миний бие муу, шүүх хуралдаанаас өмнө акт цахим хэлбэрээр илгээсэн боловч түүнийг харгалзаж үзэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Хууль бус эзэмшил гэдгийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй нь тус шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй гэж үзэхэд хүргэж байна. Ийм учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр бүрэн хангасан. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаж, хурлыг хойшлуулсан. Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад хариуцагч гарын үсэг зурсан. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдаан даргалагч шүүхийн цахим хуудсанд хүсэлт ирсэн эсэхийг тодруулсан ба энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хүсэлт ирүүлээгүй байсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж *******байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч хариуцагч нь уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байх тул албан чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар хариу тайлбар гаргаагүй байна.

 

3.2. Нэхэмжлэгч ******** нь маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206052575 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж *******байр, ******* тоот хаягт байрлах 60.75 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогджээ. /хх-4/

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, үүнээс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй буюу тайлбар өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ талаарх тайлбараа шүүхэд гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Иймд, хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч ******** нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

4. Хариуцагч давж заалдах гомдолдоо ... хууль бус эзэмшил гэдгийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй ... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж *******байр, ******* тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа болохоо баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан түүний гомдлыг хангахгүй. /хх-ийн 4, 26-р тал/

 

Түүнчлэн, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй, шүүх хуралдаанаас өмнө цахим хэлбэрээр акт илгээсэн боловч харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

Шүүх хариуцагч *******д 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан. /хх-ийн 13/

 

Хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хуулийн зөвлөгөө авах тухай хариуцагчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулан, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр товлосон байна. /хх-ийн 22, 23/

Хариуцагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ. Хариуцагч нь эмнэлгийн магадалгааг шүүх хуралдаан эхэлснээс хойш шүүхийн цахим хаягаар илгээсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, цахим шуудангийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг мөн хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ