Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 533

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Долгион /томилолтоор/, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М-ийн М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902004350192 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, аав, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-ийн М.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 720 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлгэсэн,

Мөн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 720 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.М-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм төрлийн өвс татаагүй, цаашид татахгүй байж чадна, үсчингийн дамжаанд суралцаад үсчин хийж байгаа, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дархан хотруу оройн 20 цаг 35 минутын галт тэргээр яваад вокзал дээр 2019 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цагийн үед буун такси бариад Шинэ Дархан ороод цааш алхаад цэргийн ангиас 200-300 метр зайд өвс ургаж байсан газар очоод тэндээс жижиг уутны талаар өвс түүж аваад буцаад Дархан хотын авто вокзал дээр өглөөний 07 цагийн үед очоод унаа хүлээн сууж байгаад суудлын автомашинд суугаад Улаанбаатар хотруу явсан. Тухайн үед би унаж явсан машин, жолооч болон хамтдаа сууж явсан хүмүүсийг сайн харж чадаагүй. Бүгд л тэндээс замын унаанд сууж төлбөрөө төлөөд явцгаасан. Улаанбаатар хотод өдрийн 12 цаг өнгөрч байхад ирээд гэртээ байж байгаад өдрийн 15 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн хажуу талын байрны дэргэдүүр явж өнгөрсөн. Тэндээсээ шууд Энхтайваны гүүрний дэргэд, зүүн талд байрлах замын доод талын хэсэгт очиж түүсэн өвснөөсөө татаж хэрэглэсэн. Тэндээс гараад 19-ийн урд талын автобусны буудлын дэргэд байрлах эмийн санруу орж комикс гэдэг нэртэй хоолойны эм авах гэж яваад цагдаа нарт баригдсан. Цагдаад баригдаж эд зүйлсээ шалгуулахад цүнхнээс каннабис илэрсэн учир хар тамхитай тэмцэх газарт хүргэгдэж ирсэн. ...Би уг өвсийг Дарханаас ганцаараа очиж түүсэн. Надтай хамт явсан хүн байхгүй. Би урьд өмнө ...мөс, шавар хэрэглэж байгаагүй. Өвс л татаж байсан. ...Дарханд өвс ургадаг талаар урьд нь хүнээс сонсож байсан. Тэгээд л нэг өдөр санаад Дархан хотруу явсан...” /хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлэг,

Хүний биед үзлэг хийсэн тухайн тэмдэглэл: “...Би биедээ мансууруулах бодис хагалж байгаа гэж хэлээд үүрч явсан хар өнгийн цүнхнээсээ хүрэн улаан өнгийн түрийвчнээс нугалсан тугалган цаас гаргаж ирэв. Мөн уг цүнхэн дотроос цагаан өнгийн ууттай хоёр ширхэг тусдаа, ногоон өнгийн өвс мэт зүйлийг гаргаж ирснийг стандарт бус жингээр жинлэж үзэхэд том хэмжээтэй ногоон өвс мэт зүйл нь уутны хамтаар 182,2 грамм жинтэй, жижиг хэмжээтэй ногоон өвс мэт зүйл нь уутны хамтаар 64,7 грамм жинтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав...” /хх-ийн 3-8/ гэсэн,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл “...6 төрлийн мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар /ТНС/ тетрагидроканнабинолын агууламжтай бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав..." /хх-ийн 9-10/ гэсэн,

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “...Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод нэгжлэг хийх ажиллагааг явуулж, ...сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд М.М нь “Би мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд зочны өрөөний голд байх “Т” хэлбэрийн буйданг сөхөж дотроос нь цайвар ягаан өнгийн даавуун ууттай, ногоон өнгийн өвс мэт зүйл, шкафны доод захын шургуулганаас цаасан савтай, нугалсан тугалган цаас зэргийг гаргаж өгснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авлаа...” /хх-ийн 11-15/ гэсэн тэмдэглэлүүд,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “М.М-ын биед хийсэн үзлэгээр хураан авч 1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, /гялгар ууттай жин 175 рамм/ цэвэр жин 145 грамм жинтэй нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, /гялгар ууттай жин 65 грамм/ цэвэр жин 57 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 2 ширхэг тугалган цаас, 4 гэж дугаарласан даавуун уутанд хийсэн, нойтон ногоон өнгийн ууттай жин 583 грамм /цэвэр жин 518 грамм/ нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 5 гэж дугаарласан “KITCHEN FOIL” гэсэн бичигтэй, ашиглагдаагүй хуйлсан тугалган цаас зэргийг эд мөрийн баримтаар тооцсон” /хх-ийн 25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 11- ний өдрийн №3359 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжэлгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “М.М шээсний дээж” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 33-34/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14- ний өдрийн №3366 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна. “1" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай даавуун уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 175 г, цэвэр жин 145 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 65 г, цэвэр жин 57 г, “4” гэсэн хаягтай даавуун уутанд хийсэн нойтон ногоон ургамал мэт зүйлийн даавуун ууттай жин 583 г, цэвэр жин 518 г байна...” /хх-ийн 37-41/ гэсэн,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №831 дүгээр дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.М нь 2016 оноос эхлэн каннабис буюу өвсийг хэрэглэж эхэлсэн байх боломжтой байна.

Одоо М.М нь Каннабинойлын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.

М.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

М.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

М.М нь ял эдлэх чадвартай байна.

М.М-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

М.М нь каннабинойлын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна...” /хх-ийн 43-45/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/,

- Шүүгдэгч М.М-ын хувийн байдалтай холбоотой гэрч М.Анударийн мэдүүлэг /хх-ийн 28-29/, ял шалгах хуудас /хх-ийн 90/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 92/, суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл /хх-ийн 93-98/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 109/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 720 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлгэсэн,

Мөн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 720 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс дээж авч, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, нэгжлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №3359, №3366, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны №831 дугаартай дүгнэлтүүд, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч М.М нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, биедээ хадгалсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, ар гэрийн болон түүний насны байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.М-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор баривчилж /хх-ийн 53/, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр прокурорын тогтоолоор сулласан /баримтыг шүүх хуралдаанд улсын яллагч гаргаж өгсөн/ бөгөөд энэ хэрэгт нийтдээ 2 /хоёр/ хоног баривчлагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1902004350192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар гялгар ууттай 175 гр /цэвэр жин 145 гр/ жинтэй нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, /гялгар ууттай жин 65 гр/ 57 гр цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 2 ширхэг тугалган цаас, 4 гэж дугаарласан даавуун уутанд хийсэн, нойтон ногоон өнгийн ууттай 583 гр /цэвэр жин 518 гр/ жинтэй нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 5 гэж дугаарласан “KITCHEN FOIL” гэсэн бичигтэй, ашиглагдаагүй хуйлсан тугалган цаас зэрэг нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Б овогт М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч М-ийн М-ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг М.М-ад анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь энэ хэрэгт 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан гялгар ууттай 175 гр /цэвэр жин 145 гр/ жинтэй нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, /гялгар ууттай жин 65 гр/ 57 гр цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 2 ширхэг тугалган цаас, 4 гэж дугаарласан даавуун уутанд хийсэн, нойтон ногоон өнгийн ууттай 583 гр /цэвэр жин 518 гр/ жинтэй нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 5 гэж дугаарласан “KITCHEN FOIL” гэсэн бичигтэй, ашиглагдаагүй хуйлсан тугалган цаас /Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн 1902004350192 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР