Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00928

 

 

 

 ********гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02503 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ********гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ******** ХХК-ийн зүгээс 941,104,200 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний энэхүү орон сууц нь хотын А зэрэглэлийн бүсэд оршдог, нийт 323 м.кв талбайтай, зах зээлийн үнэ нь одоогийн байдлаар мкв 4,2 сая төгрөг буюу 1,356,600,000 төгрөг атал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүнийг үндэслэлгүйгээр 415,500,000 төгрөгөөр буюу 3/2 хувиас их зөрүүтэйгээр багасгаж тогтоон албадан дуудлага худалдаа явуулахыг эсэргүүцэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02159 дүгээр шийдвэрээр Голомт банкнаас авсан ******* ХХК-ийн зээлийн төлбөрт 681,908,373 төгрөгийг ******* ХХК, иргэн ******, ******** нараас гаргуулахаар тогтоосон буюу миний бие төлбөрийг бүрэн хариуцахгүй байхаар заасан юм. Иймд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байгааг хүлээн авч миний өмчлөлийн орон сууцыг үнэлсэн ******** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02159 дүгээр шийдвэрээр ******* ХХК, ********, ****** нараас 681,908,373 төгрөгийг гаргуулж Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ******* ХХК, ********, ****** нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ********гийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ******* дугаар байрны ******* сууцыг битүүмжлэн хурааж, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/19244 тоот, 4-137/19245 тоот, 4-137/19246 тоот, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4-137/20039 тоот, 4-137/20040 тоот, 4-137/20038 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тус тус төлбөр төлөгч иргэд, хуулийн этгээдийн гүйцэтгэх хуудсанд заагдсан, бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ******* дугаар байрны *******, мөн ******* ХХК, ****** нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдлийг ирүүлэхийг ********гийн 99902265 дугаарт залган үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч Голомт банк ХК-аас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээч томилоход ******** ХХК-ийн шинжээч 941,104,200 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч иргэний төлбөрт хураагдсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоохоор 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр оруулах болсныг мэдэгдэж, төлбөр төлөгч ********д 2024 оны 4-137/23356 тоот мэдэгдэл мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/4 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг оршин суух бүртгэлтэй хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад 678,772,940 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Хан-Уул дуүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, ******* дугаар байрны ******* хаягт байрлах 323 м кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 941,104,200 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ********гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ********гийн өмчлөлийн орон сууцыг үнэлсэн үнэлгээ тухайн үеийн зах зээлийн үнэ болох мкв 4,2 сая төгрөгөөс хэт багаар буюу мкв нь 2,913 сая төгрөгөөр тогтоосноор зөрүү нь 415 сая орчим төгрөг буюу төлбөл зохих төлбөрийн 3/2-той тэнцэх хэмжээний төгрөгийг хассан болох нь анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон.

Харин шүүхээс нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, дээрх байдлыг нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг миний бие амаар болон бичгээр удаа дараа гаргасныг шүүгч тухайн бүр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал эд хөрөнгийн 2/3-т өөрчлөлт орсон гэж тайлбарладаг боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу үндэслэлтэй гэж үзэж байгаа нотлох баримт болон хөрөнгөндөө үнэлгээ хийлгэсэн гэх баримт байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан бүхий хөрөнгийг үнэлүүлсэн талаар нотлох баримт байхгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан буюу анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээний компани эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр тодорхойлсныг хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02159 дугаар шийдвэрээр ******* ХХК, ******, ******** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 678,291,764.37 төгрөгийг гаргуулж Голомт банк ХК-д олгуулахаар, хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ********гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж ******* дугаар байр, ******* хаягт байрлах, 323 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон ******* ХХК-ийн Голомт банк дахь *******тоот дансанд орж ирэх борлуулалтын орлогоос 182,167,000 төгрөгийг хэмжээгээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгажээ. /хх-ийн 24-28-р тал/

 

4.2. Төлбөр төлөгч ******* ХХК, ******, ******** нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул төлбөр авагч Голомт банк ХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 183/ГХ2022/01970 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 22-р тал/

4.3. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох ********гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж ******* дугаар байр, ******* хаягт байрлах, 323 м.кв талбайтай, орон сууцыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 54-56, 65-67-р тал/

 

4.4. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнийн талаар тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 75-85-р тал/

 

4.5. Хөрөнгийн үнэлгээний ******** ХХК нь хураагдсан хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж ******* дугаар байр, ******* хаягт байрлах, 323 м.кв талбайтай, орон сууцыг 941,104,200 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайланг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч *******т хүргүүлжээ. /хх-ийн 86-104-р тал/.

 

4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан. Нэхэмжлэгч ******** нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу дээрх хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-1/

 

5. ******** ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Шинжээч үнэлгээг тогтоохдоо тусгай мэдлэгийн хүрээнд, өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэн үнэлж, үүнээс зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээг ач холбогдолтойд тооцон үл хөдлөх хөрөнгийг 941,104,200 төгрөгөөр үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. /хх-ийн 86-102-р тал/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул ... зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн ... гэх нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй.

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул ... анхан шатны шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй ... гэсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ