| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0511/Э |
| Дугаар | 617 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 617
2019 08 07 2019/ШЦТ/617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Арсланбаатарын Ганзоригт холбогдох эрүүгийн 1811030290582 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 91 дүгээр гудамжны 5 дугаар хэсэг, 2775 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Арсланбаатарын Г. /РД: ./,
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4-306 тоотод байрлах Монгол гэрт нэвтэрч, Самсунг эс-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 198.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой ажлаа тараад найз Гомбосүрэнгийн гэрт ирж хоносон. Харин тэр өдрийн маргааш нь тэдний гэрт архи уусан. Тэгээд тэндээс гарч яваад архины мөнгө олох зорилгоор гэр хорооллын гудамжаар явж байгаад нэг айл руу орсон юм шиг байна лээ. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь түр саатуулах байранд хүргэгдсэн байсан. Тухайн үед айл андуураад хохирогчийн гэр рүү орсон байх, тэгээд миний нүдэнд гар утас харагдахаар нь авсан ...” гэх /хх-ийн 29-30х/,
Хохирогч Г.Ширэндэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би ажлаасаа тараад Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булаг 4-306 тоотод гэртээ унтаж байсан чинь 15 цагийн үед санагдаж байна үл таних шар куртиктай залуу орж ирээд миний самсунг эс-6 загварын гар утсыг авч явах гэж байх үед нь би сэрээд үл таних этгээдийг барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 12-13х/,
Гэрч Б.Баярсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өглөө 08 цагийн үед үүрэг авч Согоот 113 дугаар чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Батсайханы хамт Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр 15 цагийн орчим Согоот 10 Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4-306 тоот айлд хулгайч орж гар утас алдагдсан байна гэсэн дуудлага мэдээлэл авч очиж шалгахад гэрийн эзэн Ширэндэвийг гэртээ унтаж байхад нь гаднаас үл таних шар курткатай залуу орж ирээд авсан юм байна лээ ...” гэх /хх-ийн 17х/,
Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЧД-2 18-663 дугаартай” “...Самсунг Эс-6 маркийн гар утас 198.000 төгрөг ...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 20-21х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч А.Г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Гт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Г.Ширэндэв нь “...хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан тул цаашид ямар нэг гомдол санал байхгүй болно, ...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Арсланбаатарын Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Гт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД