Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овогт Д-н Э-д  холбогдох 191600000000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ө овогт Д-н Э

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Шинэ-Алтай захын 1 давхарт байрлах ХААН банкны АТМ-д Г.Н-н мартаж явсан гээгдэл мөнгийг завшиж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 11-ны өдөр АТМ ээс мөнгө авах гэж байхад мөнгө гараад ирсэн. Тэгээд би авсан. Миний өмнө хүн зогсож байсныг анзаарсан. Мөнгийг нь өгөх гэхэд явчихсан байсан. Буруу зүйл хийсэн миний буруу...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Н-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг "...Би шинэ-Алтай захын 1 давхарт байрлах АТМ-ээс ХААН банкны ********** тоот данснаас 800.000 төгрөг авахаар зарлага хийсэн боловч тухайн үедээ яараад картаа аваад 800.000 төгрөг авалгүй мартаад явсан байсан. Тус мөнгийг би АТМ-ээс аваагүй Тэгээд захаас гараад явж байтал миний гар утсанд таны данснаас 800.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирхээр нь би Шинэ-Алтай захын ХААН банкны ажилтан дээр орж шүүлгэтэл таны данснаас 800.000 төгрөг гарсан талаар хэлсэн. Би яг АТМ-ээр үйлчлүүлж байх үед ээж Д залгаад хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь би яараад картаа аваад мөнгөө үлдээгээд явсан байна.." гэх мэдүүлэг/хх-ийн 27-28-рт/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Э гэх эмэгтэй Г.Н дээр ирээд би 2019 оны 08 сарын 11-ний өдөр 12 цаг 32 минутад Шинэ-Алтай захын АТМ-ээс мөнгө авахаар үйлчлүүлэх гэж байгаад АТМ-ээс их хэмжээний мөнгө гараад ирэхээр нь сандраад тус мөнгийг нь аваад гараад явсан. Цагдаа нар над дээр ирээд шалгаад байна. Намайг уучлаарай гээд Н-т 800.000 төгрөг өгсөн...." гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-рт/, АТМ-ийн хяналтын  камерын зураг зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Э нь Г.-н мартаж явсан гээгдэл мөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Д.Э-ы яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаа зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Д.Э-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Э-ны хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.Э нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Улсын яллагчын “...900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх санал, шүүгдэгчийн хувийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан  үзэж шүүгдэгчид Эрүүгийн хэрэг тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Д-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА