| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1301/Э |
| Дугаар | 1340 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1340
2019 08 29 2019/ШЦТ/1340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Хохирогч Б.Уянга,
Шүүгдэгч А.А.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиагт боржигин овогт А.Бд холбогдох эрүүгийн 1906 03524 1694 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Бнь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, иргэн Б.Уянгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03524 1694 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч А.Бнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн:
Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 22-284а тоотод хадам ээж Амарсайхан, нөхөр А.Б, дүү нь Сарангэрэл 9 настай, Б.Санчир 1 настай хамт амьдардаг. Би 2017 онд нөхөр А.Бтай танилцаж2018 оны 05 сарын 18-ны өдөр Б.Санчир гэх хүүхэдтэй болсон. Манай нөхөр Амарсайхан овогтой А.Б нь Төмөр замд ажилладаг. А.А.Б, хүү Б.Санчир бид нар хоёр гэрийн дунд явж байдаг ба тогтсон гэр байхгүй. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 хороо Өлгийн 22-284а тоотод хадам ээж Амарсайхан, дүү Сарангэрэл, хүү Б.Санчир нартай байхад дүү Сарангэрэл нь манай хүү Б.Санчирыг бөгс, толгой руу нь цохиж, түлхээд байхаар нь би дүү Сарангэрэлд дүүгээ битий зод гэхэд хадам ээж Амарсайхан нь хүү чинь зүгээр л байна шүү дээ, сүртэй юм, зайл гэж хөөхөөр нь би хүүгээ аваад өвөө Чимэддоржийн гэр рүү орой 18 цагийн үед очсон. Тэгэхэд аав Батчулуун, ээж Болормаа, өвөө Чимэддорж нар байсан. Тэгээд маргааш нь хадам ээжийн гэр рүү очиход хүн байхгүй байсан ба хуриманд орох гээд явсан байсан. Тэгээд би хүүтэйгээ унтаж байхад шөнө 00 цагийн орчим хадам ээж Амарсайхан нь согтуу, нөхөр А.Б, дүү Сарангэрэл нар хамт ирсэн. Тэгээд хадам ээж Амарсайхан нь хүү А.Бдаа өмнөх өдөр болсон зүйлийн талаар худлаа тайлбарлаж хоёр гарыг бариулж байгаад намайг нөхөр А.Бд толгой, хоёр мөр рүү цохиж зодсон. Тэгээд би айгаад гэрээсээ гарч авраарай гэж орилход хадам ээж ам таглаж байсан ба намайг цохиж зодсон зүйл байхгүй. Мөн нөхөр гэрээс гарч ирээд баруун гарнаас татаж газраар чирж явсан гэх мэдүүлэг /хх 10-11 тал/,
Гэрч С.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн:
Хүү А.Б, Уянга нар хэрүүл хийж байхад нь би хүүхдийг нь аваад гарсаны дараа манай хүү А.Бнь цээж рүү нь нэг удаа түлхэх үед Уянга хойшоо цонх мөргөж унасан гэсэн гэх мэдүүлэг /хх 13 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7124 дугаартай:
Б.Уянгын биед тархи доргилт, баруун хацарт цус хуралт, баруун хацар, шанаа, мөрний зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 17 тал/,
Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтад өгсөн:
Би эхнэр Б.Уянга, ээж С.Амарсайхан, дүү А.Сарангэрэл /9 настай/, хүү Б.Санчир /1 настай/ нарын хамт амьдардаг. Тухайн өдрийн өглөө би 06 цагт гарч явсан. Тэгэхэд өдөр нь ээж, манай эхнэр нар одонгийн найранд явах ёстой байсан ба эхнэр ээжтэй хамт явна гэж хэлсэн. Тэгээд намайг ажилд явсан хойгуур ээжид тухайн найранд явахгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр утасны цаанаас маргалдсан. Тэгэхэд ээж дүү Сарангэрэлийг аваад найранд явсан байсан ба эхнэр хүүгээ аваад өвөөгийнхөө гэр рүү явсан. Орой эхнэр гэртээ ирэхэд гэрийн түлхүүр байхгүй байна, танай ээж чинь ийм сонин зантай гэх мэтээр ээжийг муугаар хэлээд байсан. Тэгээд ажил тараад очиход ээж архи уучихсан байсан. Тэгэхэд эхнэр Б.Уянга манай гэр бүл, хамаатны хүмүүсийг муугаар хэлээд байхаар нь би толгой руу нь түлхэх үед цаана байсан вакум цонх хагалсан. Мөн над руу маажих гээд дайрхаар нь хоёр гарыг бугуйгаар нь барьсан. Мөн баруун хацар руу нь 3 удаа алгадсан, баруун гар руу нь 2 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх 14 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4 тал/, -Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх 5 тал/,
-Аюулын зэргийн үнэлгээ /хх 36 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч А.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 27 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 28 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 30 тал/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойололт /хх 31 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Бнь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч А.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Уянгын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Уянга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Бнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ