| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2023/00634/И |
| Дугаар | 201/МА2025/00023 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 201/МА2025/00023
*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 309/ШШ2025/00328 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие төрсөн дүү *******д Дорнод аймаг, Хэрлэн сумын 1-р баг, Равдан ******* тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 1248 м2 газраа дүүдээ бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлсэн. ...Би газараа өгөхдөө дүүдээ хандаж ... чи зарахгүй, энэ тэнд барьцаанд тавьж алдахгүй шүү, тэгвэл би зөвшөөрч нэрээ шилжүүлж болно." гэж хэлсэн. Тэгээд хоорондоо ярьж байгаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр болж нотариат дээр очсон. Нотариатчид учир байдлаа ******* дүү маань хэлж би шилжүүлэх болсоноо хэлсэн. Нотариатын хүн бэлэглэлийн гэрээгээр шилжиж байгаа үл хөдлөх хөрөнгийг банк барьцаалдаггүй гэж хэлж байсан. Тэгээд гарын үсэг зурцгаасан. Гэтэл ******* газрыг зарсан байсан. Энэ асуудлаас болж нотариат дээр очиход өөр хүн сууж байсан. ******* дүүтэйгээ ороход арай өөр царайтай, бор, залуухан бомбогор хүүхэн сууж байсан. Тухайн үед нотариатч солигдсон юм байна гэж ойлгосон. Тэгтэл өмгөөлөгч Хүрэлсүх нотариатч өөрчлөгдөөгүй гэсэн. Үүнээс үндэслэн жинхэнэ нотариатчын үйлдэл хийдэг хүн нь хийгээгүй юм байна гэж мэдсэн. ...Жинхэнэ нотариатч нь батлаагүй, үйлчилгээ үзүүлээгүй учир миний *******д тавьсан болзол нөхцлийг гэрээн дээр бичилгүй хариуцлага алдсан байна гэж үзэж байна. Иймд нотариатын эрхгүй хүний хийсэн хууль зөрчсөн үйлчилгээ байх тул хууль бус болохыг тогтоож, уг 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 4025 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2019.11.22-ны өдөр иргэн *******ын *******, *******ын ******* нарын хооронд хийгдсэн 4025 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г гэрчилсэн. Тус гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Равдан ******* тоот хаягт байрлах, 1248 м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын дугаартай газраа өөрийн төрсөн дүү *******д хариу төлбөргүйгээр бэлэглэсэн.
Би нотариатчийн зүгээс Бэлэглэлийн гэрээ-г хийж, түүнийгээ нотариатчаар гэрчлүүлэхээр ирсэн талуудын хүсэл зоригийг үндэслэн, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан зохицуулалтыг энэ төрлийн гэрээнд тодорхой тусгаж, талуудад гэрээтэй холбоотой бүхий л зөвөлгөөг өгч гэрчилдэг. Мөн энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг Б.*******, ******* нар бүрэн ойлгож хүлээн зөвшөөрсөн, бэлэглэгч Б.*******гийн хувьд тухайн үед бэлэглэлийн зүйлийн ашиглалт, захиран зарцуулалтын хувьд ямар нэгэн болзол, зориулалт заагаагүй учраас гэрээнд тусгаагүй болох нь хүчин төгөлдөр болсон 4025 тоот гэрээгээр бүрэн нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гэрээний талууд уг гэрээг уншиж танилцан, хууль зүйн үр дагавараа бүрэн ойлгож бидний хүсэл зоригт нийцсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан төдийгүй нэхэмжлэгч Б.******* нь энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байна. Харин ******* нь *******д тавьсан болзол нөхцлийг гэрээн дээр бичилгүй хариуцлага алдсан байна гэж үндэслэлгүйгээр намайг буруутгаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би хуульд заасан журмын дагуу нотариатчийн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн болно. Иймд би ажлын байрандаа өөрийн биеэр байж, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 4025 тоот гэрээг гэрчилж, баталгаажуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3, Нотариатын тухай хуулийн 25.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 4025 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхэд шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргахдаа өөрөө нотлох баримтаа гаргаж өгнө гэдгийг мэдээгүй учраас хариуцагч өөрийн гарын үсэгт тохирох бэлэглэлийн гэрээ болон бусад материалыг явуулж, нотариатын гарын үсэг тохирсон гэсэн шинжээчийн дүгнэлт гараад байсан байна.
Би анхан шатны шүүх хуралд бэлэглэлийн гэрээг баталж гарын үсэг зурсан хүн болон сүүлд миний хүсэлтээр гэрээний хуулбарыг гаргаж өгөхдөө гарын үсэг зурсан хоёр өөр хүмүүс нэгэн ижил гарын үсэг зурсан гэх тайлбарыг өгсөн. Гэтэл миний хүсэлтээр гэрээний нэг тал дээр гарын үсэг зурсан хоёр гарын үсгийн харьцуулалт хийх ажиллагаа хийгдээгүй.
Би Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бэлэглэлийн гэрээний хуулбарыг авсан. Тэгэхэд дүү бид хоёрт бэлэглэлийн гэрээг хийж баталж байсан ийг Улсын бүртгэлийн хэлтсийн даргын хажуу өрөөнд сууж байхыг хараад таньсан.
Улсын бүртгэлийн хэлтсээс хуулбарлаж авсан бэлэглэлийн гэрээний гарын үсэг болон хариуцагч шүүх шинжилгээний дээж болгон өгсөн гэрээний гарын үсэг мөн сүүлд надад хуулбарлаж өгөхдөө зурсан гарын үсгүүд энгийн нүдээр харахад өөр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгчийн асуусан Энэ хүнийг хэзээ харсан бэ? гэх асуултад гэрээгээ хуулбарлаж ирэх үед нь харсан гэж хэлсэнтэй нь үнэхээр санал нэгдэж байна. Өмгөөлөгч намайг гэрээний хувиа гаргаад ир гэх үед надад гэрээний хувь байхгүй учраас нотариатын газар руу эргээд очсон. Тэгэхэд өмнө нь харж байгаагүй огт өөр хүн намайг хүлээж авсан. Ингээд би гэрээний хуулбараа авах хүсэлтэй байна гэдгээ хэлэхэд яах гэж байгаа юм, хэзээ байгуулсан гэрээ вэ? Үдийн хойно ир гэж хэлсэн. Ингээд би гэрээгээ аваад Хүрэлсүх өмгөөлөгч дээр очоод гэрээг баталсан хүн нь нотариатч биш өөр хүн гэрээг баталсан юм шиг байна гэдгээ хэлсэн. Ингэхэд Хүрэлсүх өмгөөлөгч Дорнод аймагт хоёр л нотариатч байгаа. Өөр хүнээр гэрээгээ батлуулсан юм шиг байна гэж хэлсэн. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой болж Энхтуяа өмгөөлөгч дээр очиход чи хүн гүтгээгүй биз дээ? Энэ хүмүүс дунд тухайн хүн чинь байна уу гэж асуугаад надад зураг үзүүлсэн. Ингээд би зургийг хараад таньж хэлэхэд гийн туслахаар ажилладаг хүн байна гэж хэлсэн. Ингээд харахаар зарим үед ирж цэвэрлэгээ хийдэг хүнээр нь гэрээгээ батлуулсан юм шиг байна лээ. Одоо би энэ хүчингүй гэрээг цуцлуулах хүсэлтэй байна. Би өмгөөлөгч Эрдэнэбаттай тааралдаад түүнд хандсан. Тэгэхэд надад Улсын бүртгэлийн хэлтэсээс гэрээний хуулбараа ав гэж хэлсэн. Ингээд улсын бүртгэлийн газарт зогсож байхдаа анх миний гэрээг баталсан хүнийг шууд таньсан. Харилцаа хандлага нь хүртэл шууд ил байсан. гэдэг нэртэй юм байна лээ. Би нэрийг нь хүртэл тулгаж харсан. Улсын бүртгэлийн хэлтсийн нарийн бичиг гэсэн албан тушаалтай ажиллаж байгаа юм байна лээ гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нотариатын хувьд төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд юм. Шүүхээс зөвхөн хариуцагч талаас нотлох баримтыг л авч, нэхэмжлэгч талаас огт баримт аваагүй болох нь харагддаг. Тиймээс шүүх хэт нэг талыг баримталж ажилласан гэж үзэж байна. Одоо ганц хүсэх зүйл нь энэ хоёр гэрээний гарын үсгийг нэг хүний гарын үсэг мөн эсэхийг л шалгуулах хүсэлтэй байна. Шүүх аливаа хэргийн оролцогч нарын гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзээд шийдвэрийг гаргадаг. Нэг өдөр зурсан хоёр гэрээ байна. Энэ хоёр нь хоёр өөр гарын үсгийн хэвтэй байгаа нь харагддаг. дээр байгаа гарын үсэг нь хэрэг дотор байна. Улсын бүртгэл дээр байгаа гэрээний гарын үсэг нь өөр байгаа нь энгийн нүдээр харахад илэрхий байна. Тэгвэл улсын бүртгэл дээр байгаа гэрээний хуулбар дээрх гарын үсэг хэний гарын үсэг болох нь тодорхой бус байна. Шинжээчийн дүгнэлт гаргахад хэрэглэсэн 6 хуудас гарын үсэг нь хүртэл гэрээн дээрх гарын үсэгтэй зөрүүтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас нотлох баримтыг шаардаагүй байгаа юм. Тиймээс нэг талыг баримталсан гэж хардаж байна. Тиймээс дээрх баримтад дахин шинжээч томилох саналыг гаргаж байна. Цахим шилжилтэд 2018 оноос хойш орсон гэж хэлдэг. Үнэхээр хурууны хээ ашигласан бол хариуцагч тал айх шаардлагагүй байх гэж бодож байна. Ямартай ч нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хамгаалах хүсэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна. Шүүхээс нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж харж байна гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2010 оноос хойш Дорнод аймагт нотариатаар ажиллаж байна. Миний бие үйлчлүүлэгч нэмэгдээд ажлын ачаалал нэмэгдэх үед гарын үсгээ таталж бичих болсон. Энэ нь ганц надад тохиолдож байгаа зүйл биш юм. Нотариатаар ажиллаж байгаа нотариатч нар ч гэсэн ингэж байна. Улсын бүртгэлийн газраас авсан гэрээний гарын үсэг болон надад хуулбарлагдсан байгаа гарын үсэг хоёр адилхан миний л гарын үсэг юм. Зөвхөн овгийн эхний үсгийг бичсэн, бичээгүй гэдгээрээ л ялгаатай юм. Тэрнээс биш нэг л гарын үсэг юм. Мөн би энэ хүнийг анх удаа харж байна гэж хэлээгүй. Над дээр маш олон хүн ирж үйлчлүүлдэг учраас тэр бүр хүн бүхнийг санадаггүй. Харин маргаан үүсгэсэн хүмүүсийг л санадаг гэдгээ илэрхийлсэн. Харин ч таны хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр гэрээний хуулбараа авахаар очих үедээ хоёр дахь удаагаа харсан гэж хэлсэн байсан. Хавтаст хэргийн 33, 34 дүгээр хуудас дээр нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн дүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар байгаа. Би нэмэлтээр шинжилгээ өгсөн. Ингэхдээ шүүхийн шинжилгээний албаны даргын өрөөнд очиж гарын үсгийн хэвээ зурж өгч байсан. Энэ үед шүүгчийн туслах нь хамт байлцсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад тулгуурлаж шинжээчийн дүгнэлт гарсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байна. Анхан шатны шүүх дээр хэрэг хэлэлцэгдэж байх үед 2 ч удаа шинжээчийн дүгнэлт гарч байсан. Гэхдээ хуралдаан дээр ******* энэ газар манай ааваас өвлөгдөж ирсэн. Дүүгээ сэтгэл санаагаар дэмжихийн тулд тухайн газрыг дүүдээ бэлэглэсэн гэж ярьдаг. Хавтаст хэрэгт тухайн гэрээ нь байна. Хур системээс авсан мэдээлэл нь байна. Бэлэг хүлээн авагч, бэлэглэгч нар нь тухайн жижиг хар төхөөрөмж дээр гарын үсгээ зурсан. Энэ талаар баримт нь хэрэгт авагдсан. Тиймээс нотариатч байсан, байгаагүй гэж ярих шаардлагагүй юм. Талууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр үүрэг, хариуцлагаа мэдээд гэрээг хийсэн байгаа. Ингээд шинжээчийн дүгнэлт хийгдэхээр болсон. Гэвч үүнтэй танилцаад ******* нь би энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж илэрхийлсэн. Гэхдээ яг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж хэлдэггүй. Шүүхээс харин ч зөвхөн *******гийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Дараагийн дугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч өөрөө тайлбар, мэдүүлгээ нотлох үүрэгтэй байгаа шүү. Шүүх нотлох баримтыг цуглуулах үүрэг хүлээдэггүй. Өөрийнх нь хүсэлтээр хоёр ч шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед тэр баримтуудыг зөвхөн гаргаж өгөөгүй нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээ, баримтад тулгуурлан дүгнэлтээ гаргасан. гийн хувьд гарын үсгээ олон хуудас бичиж өгсөнөөс өөр баримт гаргаж өгөөгүй юм. гаас өөр тухайн баримтыг гаргаж өгөх хүн байхгүй. Гарын үсэг яагаад өөр харагдаж байгаа талаар хариуцагч өөрөө тайлбарлаж хэллээ. Анх бол өөрөө л дүүдээ шилжүүлж өгч байсан. Одоо орон гэргүй болох гээд байгаа эсэх нь энэ хоёр хүний л асуудал юм. Анхан шатны шүүхээс үндэслэлээ зөв тайлбарласан, зөв дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Тиймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие дүү *******даа бэлэглэлийн гэрээгээр газраа шилжүүлэхээр болж нотариат дээр очиж учир байдлаа хэлсэн. Тэр үед би ...барьцаалахгүй, зарахгүй, үрэхгүй шүү гэдгийг дүүдээ дахин дахин хэлсэн. Нотариатч бэлэглэлийн гэрээгээр шилжиж байгаа үл хөдлөх хөрөнгийг банк барьцаалдаггүй гэж хэлж байсан. ******* нь газрыг зарсан асуудлаас болж нотариат дээр очиход өөр хүн сууж байсан. *******тай гэрээ байгуулахаар орох үед арай өөр царайтай, бор, залуухан бомбогор хүүхэн сууж байсан. Тухайн үед нотариатч солигдсон юм байна гэж ойлгосон. Өмгөөлөгч Хүрэлсүх нотариатч өөрчлөгдөөгүй гэж хэлсэн. Үүнээс үндэслэн жинхэнэ нотариатийн үйлдэл хийдэг хүн нь хийгээгүй юм байна гэж мэдсэн. Би зургийг нь харвал шууд танина. Жинхэнэ нотариатч нь батлаагүй, үйлчилгээ үзүүлээгүй учир миний *******д тавьсан болзол нөхцлийг гэрээн дээр бичилгүй хариуцлага алдсан байна гэж үзэж байна. Иймд нотариатийн эрхгүй хүний хийсэн хууль зөрчсөн үйлчилгээ байх тул хууль бус болохыг тогтоож, уг 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 4025 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
5. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: Миний бие 2019 оны 11 сарын 22-ны өдөр иргэн *******, ******* нарын хооронд хийгдсэн 4025 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г гэрчилсэн. Нотариатчийн зүгээс талуудын хүсэл зоригийг үндэслэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан зохицуулалтыг энэ төрлийн гэрээнд тодорхой тусгаж, талууд гэрээтэй холбоотой бүхий л зөвөлгөөг өгч гэрчилдэг. Энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг *******, ******* нар бүрэн ойлгож хүлээн зөвшөөрсөн, бэлэглэгч *******гийн хувьд тухайн үед бэлэглэлийн зүйлийн ашиглалт, захиран зарцуулалтын хувьд ямар нэгэн болзол, зориулалт заагаагүй учраас гэрээнд тусгаагүй болох нь хүчин төгөлдөр болсон 4025 тоот гэрээгээр бүрэн нотлогдож байна. Өөрөөр хэлбэл талууд гэрээг уншиж танилцан, хууль зүйн үр дагавараа бүрэн ойлгож бидний хүсэл зоригт нийцсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан төдийгүй нэхэмжлэгч ******* нь энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байна. Харин ******* нь *******д тавьсан болзол нөхцлийг гэрээн дээр бичилгүй хариуцлага алдсан байна. гэж үндэслэлгүйгээр намайг буруутгаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би хуульд заасан журмын дагуу нотариатчийн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн болно. Иймд би ажлын байрандаа өөрийн биеэр байж, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 4025 тоот гэрээг гэрчилж, баталгаажуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан маргажээ.
6. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн төрсөн дүү Суурь бодонгууд овогт *******ын *******тай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн №3862 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2025 оны 02 сарын 19-ний өдрийн №ЕГ0125/724 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр Шинжилгээнд ирүүлсэн 2019.11.22 гэсэн огноотой Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, бүртгэлийн дугаар 4025 гэсэн баримтын арын нүүрний баруун доод хэсэгт дарагдсан байх нотариатчийн баталгааны тэмдгийн Нотариатч гэсний ард зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *******гийн гэх гарын үсгийн чөлөөт загвар, туршилтын загваруудтай тохирч байна. гэх үйл баримт тогтоогдсон байна.
7. Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл нь 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 4025 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хариуцагч нотариатч ******* гэрчилсэн эсэх асуудал болжээ.
8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.
9. Шүүх дээрх маргаан бүхий гэрээг хариуцагч батлаагүй, гарын үсэг нь биш гэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
10. Хариуцагч ******* нь 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 4025 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасан нотариатын үйл ажиллагаанд хориглосон зохицуулалт болох хуулийн хэм хэмжээг зөрчиж, тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүрэг гүйцэтгүүлэх; гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн байна.
11. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй. Гэж, 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн; бол гэжээ.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан гомдооно гэдэг ойлголт нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлөхийг хэлнэ. Бэлэг хүлээн авагч ******* нь бэлэглэлээр хүлээн авсан газрыг бусдад худалдсан нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон, улмаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 309/ШШ2025/00328 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3, Нотариатын тухай хуулийн 25.1.1-д зааснаар гэснийг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ