| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2022/00878/И |
| Дугаар | 201/МА2025/00024 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 201/МА2025/00024
*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2025/00221 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хариуцагч *******гээс 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2017 оны 05 сарын 12-ны өдөр ******* сум дахь ******* баг Хаан банкны зүүн талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******гээс худалдан авсан. ******* нь *******, ******* нарт өртэй гэдэг асуудал гарч ирсэн. *******, ******* нарын болон банк бус санхүүгийн байгууллагын өрийг ч бас би төлж байсан.
Уг байрыг төлбөрийн үүрэг гүйцэтгэж дуусахаас өмнө нэр дээрээ болгоё гэхэд ******* олон хүнд өртэй болохоор бэлэглэлийн гэрээ хийчихвэл мөнгө төгрөг төлдөггүй юм байна гээд 2018 оны 04 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. ******* бид хоёр гэр бүл болоогүй хамтран амьдарч байсан ч эр хүний нэр дээр л гэрээ хийсэн. Гэтэл ******* уг объектыг авахад нэг ч төгрөг төлөөгүй. Би цалин орлоготой учир төлбөр тооцоог нь би хийсэн байтал одоо ******* ганц өмчлөгч нь гэсэн гэрчилгээ гаргуулж авсан болохыг мэдлээ. ******* өр зээлийн барьцаанд тавих зорилготой болсон байна. ******* бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оны зунаас салсан. ... Одоо ******* сум хөгжүүлэх санд өртэй. Иймд бид хамтран амьдрах явцад бий болсон хөрөнгө өр төлбөрийнхөө асуудлыг ч цэгцлэх шаардлага үүсч байгаа юм.
Иймд Б.Адъяасүрэн, ******* нарын хооронд 2018 оны 04 сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар миний төлсөн 20 000 000 төгрөг болон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас надад учирсан хохирол болох 20 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие ******* гэдэг хүнээс Дорнод аймгийн ******* суманд байрлах, Улз цагаан дэв, 6 гудамж, ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 04 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлэн авсан. ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь миний бие. *******гээс ******* намайг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахад ******* хамт байсан. Гэтэл нэхэмжлэлдээ ганц өмчлөгч нь гэсэн гэрчилгээ авсныг мэдлээ гэсэн үндэслэлгүй зүйл бичсэн байна. *******тэй 2018 оны 04 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээг хуулийн хүрээнд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. ... Би тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй, би тодорхой хэмжээний мөнгө төгрөг олдог байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийг авахад миний оролцоо тодорхой хэмжээнд байсан гэж үзэж байна. Одоо нэхэмжлэгч нэгэнт энэ байрыг авна гэж байгаа бол би өгөхөд бэлэн байна. Гэхдээ миний оролцоо огт байгаагүй гэдгийг зөвшөөрөхгүй... гэжээ.
3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2017 онд ******* сумын Улз багт байрлах 100 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө *******д 20 сая төгрөгөөр худалдсан нь үнэн. ******* гэрээ ёсоор надад сар бүр төлбөрөө төлж байсан ч байшин банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан тул ******* барьцааг чөлөөлж өгсөн. Ц.Бямбасүрэн нь надаас өр нэхэж шүүхэд хандсанаар үл хөдлөх хөрөнгө шүүхийн битүүмжлэлд орох болсон тул *******, Ц.******* нар хугацаатай төлбөр барагдуулах гэрээ байгуулж байшинг бүрэн шилжүүлэн авахаар болсон. Энэ мэтээр тухайн байшинг худалдахтай холбоотой нийт 4 гэрээ *******ы хамааралтай хийгдсэн байгаа. Тухайн үед миний бие өр төлбөрийн асуудлаас шалтгаалж гар дээрээ авсан мөнгөгүй байшинг шилжүүлж өгөх болсон тул худалдан борлуулсан орлогын албан татварт 400 000 төгрөг төлөх боломж үнэхээр байгаагүй. *******ы зүгээс Нөхөр болох хүнийхээ нэрээр гэрчилгээгээ гаргуулъя гэсэн учраас би Г.Идэрбаттай бэлэглэлийн гэрээ хийсэн. Түүнээс биш би *******тай ямар ч холбоо хамааралгүй, эд хөрөнгө бэлэглэх шалтгаан байхгүй. Миний бие *******ы шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т зааснаар 2018 оны 04 сарын 02-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч *******гээс 40 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 900 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 426 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
4. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Миний зүгээс талуудын хооронд 2017 оны 5 сарын 02-ны өдөр байгуулсан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон 2018 оны 4 сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулсан талаар огт маргаагүй. Харин 2018 оны 4 сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулах болсон шалтгаан нь эд хөрөнгийн үнийн дийлэнх хэсгийг төлсний дараа хариуцагч *******гээс гаргасан саналын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх зорилгоор байгуулсан гэрээ юм.
Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.
Учир нь хуулийн энэ зохицуулалтаар хэрэг маргааныг шийдвэрлэх тохиолдолд халхавч болон халхавчлагдсан гэх хоёр төрлийн хэлцэл байх шаардлагатай.
2018 оны 4 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч талууд бүгд байлцаж халхавч гэх Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг байгуулсан талаараа тайлбарлаж байгаа бөгөөд энэ гэрээг хэрэгжүүлэх буюу *******ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн тул халхавчилсан, халхавчлагдсан хоёр хэлцлийг бүгдийг хэрэгжүүлэх хүсэл зориг байсан тул дээрх хэлцлүүд хэрэгжиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн.
Тиймээс гэрээг хэрэгжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл бодитоор байсан тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй.
... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ уг үл хөдлөх эд хөрөнгийг би худалдаж авсан, би төлбөрийг төлсөн, *******ын оролцоо байхгүй гэснээс үзвэл гэр бүлийн хамтын амьдралтай байх үед бий болсон дундын хөрөнгийн талаар маргаж байгаа юм.
...Тухайн хөрөнгө нь одоо миний өмчлөлд бүртгэлтэй байгаа учраас надаас үнийг гаргуулах эсвэл үл хөдлөх эд хөрөнгөнөөс ногдох хэсгээ шаардах, хөрөнгийг бүхэлд нь шаардах гэсэн шаардлагуудын аль нэгийг гарган шийдвэрлүүлэх боломжтой. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч *******г татан оролцуулж, нэхэмжлэгчид мөнгө өгүүлэх замаар маргааныг шийдвэрлэх боломжгүй.
...Анхан шатны шүүхийн шийдвэр нь дундын хөрөнгийн өмчлөгчийн эрхийг шууд үгүйсгэж, маргаж байгаа *******, ******* бидний хоорондын хөрөнгийн маргааныг гуравдагч этгээд буюу хариуцагч *******гийн ашиг сонирхолд хөтлөгдөж шийдвэрлэсэн шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ******* төлсөн учраас төлсөн мөнгөө ******* надаас шаардсан бол тухгэхайн үнийг надаас гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байхад гэрээ байгуулах үедээ хүсэл зоригоо бодитоор илэрхийлсэн худалдагчаас үнийг гаргуулан, хэд хэдэн удаагийн хэлцлээс зөвхөн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж болохгүй.
... Хэрэв нэхэмжлэгч надад холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргасан бол тухайн эд хөрөнгийг худалдан авахад оруулсан хөрөнгөө нотлох баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой юм.
Нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн.
Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч ******* бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан боловч шүүх хуралдаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг гэжээ. Энэ тайлбар болон нэхэмжлэлийн шаардлага хууль хэрэглээний хувьд өөр өөр үр дагавар үүсгэх ёстой байхад шүүх үүнийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Харин ч уг тайлбараар *******, ******* нарын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаан үүссэн гэдэг нь тодорхой байгаа юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу дундын өмч гэж үзэхгүй байгаа юм. ******* бид хоёрын хувьд энэ өмчтэй холбоотой ямар нэг хэлцэл хийгээгүй, дундаа өмчлөх хуулийн зохицуулалт байхгүй гэж харж байна. Гэр бүлийн тухай хуулиар гэрлэлтийг хуульд заасны дагуу төрийн байгууллагад бүртгүүлснээр гэрлэгчид тооцно гэсэн байдаг. Тиймээс бид хоёр гэр бүлийн харилцаатай байсан дундын өмч гэж үзэхгүй байна. Анх энэ нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сард гаргаж байсан. Ингээд 2025 оны 02 дугаар сард энэ хэргийг шийдвэрлэх хүртэл *******ын хувьд өөрийн өмч гэж үзэж байгаа бол нотлох баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Бид худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тухайн эд хөрөнгийг шилжүүлж байсан. ******* эгчийн хувьд тухайн үед маш их өр төлбөртэй байсан. Би өр зээлийг нь өөр дээрээ шилжүүлж авч байсан. Татварт төлөх 400,000 төгрөгийг л төлж чадахгүй байсан учраас бэлэглэлийн гэрээг байгуулж байсан. Бид хоёр тухайн үед хамт амьдарч байсан. Айл гэрийн эр нөхөр болох хүн гэж бодоод гэрээг *******ын нэр дээр хийлгэхийг зөвшөөрсөн. гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******: ******* суманд байгаа хашаа байшинг бид хоёр хамтдаа бүтээж хөдөлмөрлөж олж авсан зүйл юм. Энэ зүйлийг Адъяасүрэн гэж хүнд өгөх ямар ч шаардлага байхгүй. Тухайн хашаа байшинг авахад би ч гэсэн нойргүй, хоолгүй л явж байж бүтээсэн. Миний тооцсоноор 40 орчим сая төгрөгийн үнийг шингээсэн гэж үзэж байна. Энэ талаар баримтууд миний компьютерт хадгалагдсан. Би Адъяасүрэнд өгөхийг зөвшөөрөхгүй байна. гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Өөр хэлцлийг халхавчилах зорилготой гэж үзэж байгаа бол дахин нэг хэлцэл байх ёстой. Хэргийн материалд нийт 4 хэлцэл байгаа. 2017 оны 05 сарын 02-ны худалдах, худалдан авах гэрээ, дараа нь хийгдсэн нэмэлт гэрээ, дараа нь иргэд хоорондын гэрээ байгаа. Энэ гэрээн дээр гол нь Бор-Охин, Идэрбат нар худалдаж авч байгаа гэдгээ илэрхийлсэн. Ингээд авах үедээ бэлэглэлийн гэрээ байгуулчихсан байна. Эрх, үүргийг хэрэгжүүлэх хүсэлт зориг талуудад байдаггүй. Бэлэглэлийн гэрээ нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд байна. Нэхэмжлэгч эхлээд нэхэмжлэл гаргахдаа Идэрбат өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байгааг нэхэмжлэл гаргах үедээ мэдсэн гэж ярьдаг. Гэтэл анх л гэрээ байгуулах үедээ өрхийн тэргүүн буюу Идэрбатын нэр дээр гэрээг байгуулж өөрөө санал гаргаж баталгаажуулсан. Ийм хүсэл зориг амьдрал дээр маш олон байдаг. Энэ хэргийн гурван оролцогч дээрх нөхцөл байдлыг аль аль нь илэрхийлсэн. 2018 оны 4 сарын 02-ны өдөр эд хөрөнгө шилжүүлэх хэлбэрээ сонгосон байгаа юм. Ингэхээр өмнөх гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр үлдсэн. Бэлэглэлийн гэрээ гэж нэрлэсэн нь л буруу байгаа юм. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлд бүрэн заагдсан. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй байна. Анх нэхэмжлэл гаргаж байх үеийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн хариу тайлбарыг харахаар би дийлэнх хэсгийг гаргасан, би бүхэлд нь гаргасан гэж яригддаг. Гэтэл энэ бүхэн чинь өөрөө гэр бүлийн харилцаатай байх үедээ бий болгосон дундын өмч юм. Идэрбатын хувьд Бор-Охинтой хамт амьдарч байсан учраас хуваах ёстой гэж үзээд л нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрч байгаа. Дундын өмч байсан нь үнэн учраас хуваах боломжтой гэдгийг зөвшөөрсөн. Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэв хэрэгсэхгүй болгох юм бол дундын өмчлөлтэй холбоотой маргаан хамаарахгүй гэж харж байна. 2018 онд тухайн үл хөдлөх хөрөнгийг 20.0 сая төгрөгөөр зарсан. *******гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Яагаад гэхээр тухайн үед буюу 7 жилийн өмнө 20.0 сая төгрөгөөр худалдаалагдаж байсан эд хөрөнгө одоо ханш нь өссөн буюу өндөр үнэлгээтэй болсон. Тиймээс *******гийн хувьд овжиноор ашиглаж ашиг хийх сонирхол төрсөн байх боломжтой байна. Хэн ч байсан ийм зүйлийг хийх нь ойлгомжтой. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******, ******* нарын хооронд 2018 оны 4 сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч *******гээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 20,000,000 төгрөг болон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2017 оны 5 сарын 12-ны өдөр ******* сумын ******* багт худалдаа, үйлчилгээний зориулалттай 100 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******гээс худалдан авахаар болсон. ******* нь тухайн үед хүмүүст өртэй байсан ба *******, ******* нарт өрөө төлөхөөр тус объектоо зарна гэж байхад нь тэр өрийг нь би төлөхөөр болсон. Мөн Банк бус санхүүгийн байгууллагын өрийг нь ч би төлж байсан. Уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийн тулд төлбөрийн үүрэг гүйцэтгэж дуусахаас өмнө нэр дээрээ болгоё гэхэд ******* олон хүнд өртэй болохоор бэлэглэлийн гэрээ хийчихвэл мөнгө төлдөггүй юм байна гээд л 2018 оны 4 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. ******* бид хоёр гэр бүл болоогүй хамтран амьдарч байсан ч эр хүн гэдэг утгаар нь түүний нэр дээр гэрээ хийсэн. Би цалин орлоготой учир төлбөр, тооцоог нь хийсэн байтал одоо ******* дангаараа өмчлөгч нь гэсэн гэрчилгээ гаргуулж авсан бөгөөд өр зээлийн барьцаанд тавих зорилготой байгааг мэдсэн. ******* бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оны зунаас салсан.
Миний бие хариуцагч *******тэй 2017 оны 5 сарын 12-ны өдөр байгуулсан эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* сумын Улз багт байрлах 100 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд гэрээгээр тохиролцсон 20,000,000 төгрөгийг төлбөрийн үүргээ биелүүлсний дараа өмчлөл шилжүүлэх үед *******гийн нөхөр зуурдаар нас барж, хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татварт 400,000 төгрөг төлөх боломжгүй байсан учраас бэлэглэлээр шилжүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу миний хамтран амьдарч байсан *******ад 2018 оны 4 сарын 02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгө шилжиж очсон. Тухайн үед би *******тай цаашдаа гэр бүл болж амьдрах бодолтой байсан учраас айлын эр хүний хувьд өмчлөлийг *******ад үлдээхийг зөвшөөрч бэлэглэлийн гэрээнд хамтран оролцоогүй. ******* бидний хоорондын харилцаа нэгэнт дууссан тул миний бие өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн уг хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-56.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад миний төлсөн 20,000,000 төгрөг болон зах зээлийн ханштай уялдуулж тухайн эд хөрөнгийн үнэлгээний зөрүүгээр надад учирсан хохирол 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: Миний бие ******* гэдэг хүнээс Дорнод аймгийн ******* суманд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 4 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлэн авсан. ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь миний бие. Намайг *******гээс үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахад ******* хамт байсан. *******тэй 2018 оны 4 сарын 02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хуулийн хүрээнд байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээ юм. Намайг тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг авахад миний оролцоо тодорхой хэмжээнд байсан гэж үзэж байна. ... гэжээ.
6. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй үндэслэлээ: Миний бие 2017 онд ******* сумын Улз багт байрлах 100 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө *******д 20,000,000 төгрөгөөр худалдсан нь үнэн. ******* гэрээ ёсоор надад сар бүр төлбөрөө төлж байсан ч байшин банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан тул ******* барьцааг чөлөөлж өгсөн. Ц.******* нь надаас өр нэхэж шүүхэд хандсанаар үл хөдлөх хөрөнгө битүүмжлэгдэх болсон тул *******, Ц.Ыямбасүрэн нар хугацаатай төлбөр барагдуулах гэрээ байгуулж байшинг бүрэн шилжүүлэн авахаар болсон. Энэ мэтээр тухайн байшинг худалдахтай холбоотой нийт 4 гэрээ *******ы хамааралтай хийгдсэн байгаа. Тухайн үед миний бие өр төлбөрийн асуудлаас шалтгаалж гар дээр авсан мөнгөгүй байшинг шилжүүлж өгөх болсон тул худалдан борлуулсан орлогын албан татварт 400,000 төгрөг төлөх боломж үнэхээр байгаагүй. *******ы зүгээс нөхөр болох хүнийхээ нэрээр гэрчилгээ гаргуулъя гэсэн учраас би *******тай бэлэглэлийн гэрээ хийсэн. Түүнээс биш би *******тай ямар ч холбоо хамааралгүй, эд хөрөнгө бэлэглэх шалтгаан байхгүй. Миний бие *******ы шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Дорнод аймгийн ******* сумын ******* багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар 2017 оны 5 сарын 12-ны өдөр Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 сарын 22-ны өдөр *******, *******, баталгаа хүсэгч Ц.******* нарын хооронд Нэмэлт гэрээ, 2018 оны 01 сарын 22-нд Иргэд хооронд хийгдсэн гэрээ-г *******, Ц.*******, ******* нар байгуулж төлбөрийг худалдан авагч ******* төлсөн, 2018 оны 4 сарын 02-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ-гээр Дорнод аймгийн ******* сумын ******* баг Улз, ХААН банкны зүүн талд байрлах 100 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай 000347092 тоот гэрчилгээтэй, ******* улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь *******ын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.
9. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2017 оны 5 сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч *******г гэрээний үүргээ биелүүлэх явцад түүнд ар гэрийн гачигдал тохиолдож үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлөх боломжгүй болсны улмаас хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх болсон талаар талууд маргадаггүй ба шүүх хариуцагч *******, ******* нарын хооронд 2018 оны 4 сарын 02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь *******, хариуцагч ******* нарын хооронд 2017 оны 5 сарын 02-ны өдөр байгуулсан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг биелүүлэх явцад уг гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул мөн зүйлийн 56.5 дахь заалтын дагуу шилжүүлсэн бүх зүйлсээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэсэн заалтыг хэрэглэх нь зүйтэй байна.
10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэж заасан ба шүүх нэхэмжлэгч *******ыг 2018 оны 4 сарын 02-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн сонирхогч этгээд болохыг зөв тогтоож, хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэжээ.
11. Хариуцагч ******* үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 20,000,000 төгрөг болон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2025/00221 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 56 дугаар зүйлийн 56.5 гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 427,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч *******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Ц.ЭРДЭНЭЗУУ