Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2025/00024

 

П.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 150/ШШ2025/00013 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.*******

Хариуцагч Т.*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 24,750,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Ажлын хөлс, цалин 24,750,000 төгрөгийг гаргуулах

...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуулд суманд өөрийн малаа маллаж амьдарч байсан. Надтай 2021 оны 03 дугаар сарын дундуур Рашаант тосгонд оршин суудаг ******* гэдэг эмч уулзаад ах нь малаа чамаар маллуулъя сард 750,000 төгрөгөөр цалинжуулна чамайг малтай (үхэртэй) болгож өгнө гэж гуйсан тул би зөвшөөрч бид аман хэлцэл хийж би тэдний 61 тооны үхрийг 3 сарын 21-ны өдөр хүлээн авсан юм. Энэ хугацаанд би малыг нь маллаж 2024 оны байдлаар 43 тооны үхэр маллаж байна. Энэ хугацаанд М.******* гуай өөрөө идшиндээ болон тариа бригадынхаа идшинд хэрэглэхээс гадна хувь хүн компанид малаа зардаг байсан. 2023 он гэхэд Т.******* нь бяруу голдуу 28 тооны үхэр авч зарж байсан. Миний хувьд энэ хугацаанд цалин авч байгаагүй. Харин мал маллахад шаардлагатай мотоцикл 2,450,000 төгрөгөөр, гар утас 300,000 төгрөг, портер маркийн машин 5,000,000 төгрөгөөр авсан ба М.******* гуайн зөвшөөрлөөр нэг бухыг зарж 500,000 төгрөгийг авсан. Би 2021 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 44 сар тэдний малыг малласан. Энэ хугацааны хөдөлмөрийн хөлс цалин 44*750,000=33,000,000 төгрөгийн цалин авах байсан. Үүнээс мотоцикл 2,450,000 төгрөг, гар утасны 300,000 төгрөг, портер маркийн машин 5,000,000 төгрөг, бухны 500,000 төгрөгийг хасахад 24,750,000 төгрөг цалин гаргуулах тооцоо гарсан байна. Малчин хүний ажил цаг наргүй хүнд хөдөлмөр юм. Өвөлд бол голын усыг цоолж үхрээ услахаас эхлээд тэжээх, өргөх гээд асар их хөдөлмөр ордог юм. Үүнийг тэд өөрсдөө сайн мэдэж байгаа. Иймд би Т.*******оос 24,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Т.******* миний талийгаач нөхөр болох М.******* нь үхрээ нэхэмжлэгч болох П.*******ид нутгийн ханш болох сарын 300.000 төгрөгийн хөлсөөр анх маллуулахаар тохирч байсан бөгөөд тухайн үедээ надад болон охин Ч.*******, малчин ******* нарт энэ тухай ярьж байсан. Цалингийн хэмжээ талийгаач нөхрийн минь данс тооцоогоо хөтөлдөг байсан хар дэвтэрт ч тодорхой бичигдсэн байдаг. Нөхөр болох М.******* минь 2023 оны 07 сарын 20-ны өдөр зуурдаар таалал төгсснөөс хойш миннй бие тухайн малчин болох П.*******ийн цалин хөлсийг нь үргэлжлүүлэн олгож эхэлсэн.

П.******* нь надтай 2023 оны 08 дугаар сард ирж уулзаад би талийгаачтай амьд цагт нь өөрийн цалингаа 300,000 тегрөг гэж тохирсон байсан, бензин түлш авдаг, жилдээ 1 бяруу өгдөг байсан болохоор болоод байдаг байсан. Одоо энэ 9 дүгээр сараас эхлэн цалингаа 500,000 төгрөгөөр тооцож авмаар байна. 6. 7, 8 сарын хөлсөө аваагүй гэсэн тул түүний дансанд 6, 7, 8 сарын цалин 100,000 төгрөг. 800,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээгээр 900,000 төгрөгийг шилжүүлсэн.

Үүний дараа 2023 оны 09 сарын сүүлээр надтай уулзаад малын тэжээл татахад тэвштэй машин хэрэгтэй байх тул 5,000.000 төгрөгийн цалингаа урьдчилж бөөнд нь өгөөч гэсэн тул 2024.09.23-ны өдөр түүний 10 сарын цалинтай тэнцэх 5,000,000 төгрөгийг машин зарж буй ******* гэх хүний данс руу шилжүүлснээр П.******* өөрийн гэсэн машинтай болж, уг машины үнээс цалингаа тооцож явж байсан.

...Бид П.*******ийн манай малыг малласан 2021 оны 03 дугаар сараас эхлэн 2023 оны 08 сарыг дуустал нийт 29 сарын хугацааны цалинг сарын 300,000 төгрөгөөр тооцвол 8.700,000 төгрөг, 2023 оны 09 сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл нийт 15 сарын хугацааны цалинг сарын 500,000 төгрөгөөр тооцвол 7,500,000 төгрөг, нийт 16,200,000 өгөх ёстойгоос 24,210,000 төгрөгийг түүнд төлсөн байх бөгөөд 8,010,000 төгрөг илүү төлсөн байна.

Дээрх тооцоо нь хариуцагч Т.******* миний бие П.*******той харилцаж эхэлснээс хойш болон талийгаач нөхрийн минь түүнд өгсөн, төлсөн бидэнд мэдэгдэж буй тооцоонуудын л нийлбэр бөгөөд талийгаач нөхөр минь П.*******ийг хүссэн цагтаа клонкоос миний нэрийг бичүүлээд бензин түлш авч байгаарай гэдэг байсан. түүнд өвлийн нормын хувцас өгч байсан, малд нь өвс, тэжээл байнга зөөчихдөг байсан. Мнний бие П.*******ид дээл хүртэл оёж өгч байсан.

Гэвч П.******* нь үхсэн хүн үг хэлэх биш гэсэн сэтгэлээр нутаг ус, олон түмэндээ хүндлэгдсэн талийгаач нөхрийн минь болон миний сэтгэлрүү ус цацаж байгаад туйлийн гомдолтой байна. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэгчээс гаргасан үндэслэл бүхий бус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 150/ШШ2025/00013 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Т.*******оос мал малласны хөлс 3,047,000 төгрөгийг гаргуулж П.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,703,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 63702 төгрөг гаргуулан П.*******ид олгож,

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 360.2 -д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байж. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 т зааснаар үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр П.******* миний нэхэмжлэлийн М.*******ийн төлбөл зохих хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ******* гуайн дүү *******ийн гар бичвэрийн бичсэн тэр баримтын эх болон гэрчээс шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавихад хүсэлтийг хангахаас татгалзаж хүлээж аваагүй. Мөн энэ баримттай холбоотойгоор гэрчээр *******, нарыг шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн боловч хүлээж аваагүй. Мөн хариуцагч талаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, талийгч ******* гуайн дансны хуулгыг Хаан банкнаас гаргуулах, *******, ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байна. Шүүх хүсэлтийг хүлээн аваад хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ч шийдвэр гаргаагүй.

Гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлтийг шүүх хурал дээр гаргасан нь үндэслэлтэй байхад хүлээж авахаас татгалзсан ба энэхүү шалтгааныг хурлын дараа нь асуугаад ч ойлгоогүй. Хэргийн оролцогчийн хүсэлтийг хангахаас татгалзсанг эрх хязгаарласан, эрх зөрчсөн явдал гэж үзэж байна.

Анхан шатны шийдвэр нь ямар ч ойлгомжгүй эргэлзээтэй тооцооллын хувьд сар өдрийн зөрүүтэй алдаатай байгаа нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 т зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

ИХШХШТхуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчигдсөн. Мөн хуулийн 168.1.7 зааснаар шүүх нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа нь шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж байна. Мөн хариуцагчийн тайлбараар М.******* нас барснаар мал малласны хөлс төлөх үүрэг хэнд залгамжлагчид шилжсэн нь тодорхой байхад нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэргэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй нэхэмжлэгчийн эрх ноцтой зөрчсөн байна. П.*******ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байлаа.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан дахь сум дундын шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 150\ШШ2025\013 дүгээр шийдвэрийг ИХШХШТХуулийн 168 -дугаар зүйлийн 168.3-т зааснаар хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.******* гуай анх хүсэлт тавиад алыг нь 3 жил тасралтгүй малласан. Түүнийг нас барснаас хойш эхнэр ******* нь малаа үргэлжлүүлж маллаач гэсэн хүсэлт гаргаснаар малыг нь малласан. Мал маллахад шаардагдах хэрэгцээтэй мотоцикл, малын тэжээл худалдан авах, өвс тэжээл татах зэрэгт мөнгө хэрэг болдог энэ тус бүрт бага хэмжээний мөнгө шилжүүлж байсан. ******* эгчид эрх шилжсэнээр мал маллахад зарцуулсан мөнгөө цалин өгсөн гэж бичсэнээр бидний хооронд маргаан гарсан. Би 3 жил малыг нь маллаж өсгөж өгчихөөд ажлын хөлсөө нэхэмжлэхээр өгөхгүй гээд байгаа тул нэхэмжлэл дэмжиж байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.10-т зааснаар хэрвээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш хэргийн оролцогч нас барсан болбол энэ хэрэгт залгамжлах асуудал яригдана гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч н.******* нь нас барснаас хойш 1 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр үүрэг гүйцэтгүүлэгч хэн хэзээ шаардлага гаргах байсан бэ гэхээр Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-т зааснаар өвлөгч буюу гэрээс биелүүлэгч эсвэл нотариатад гомдлын шаардлага гаргасан байх ёстой. Дээрх гомдлын шаардлага гаргасан бол хариуг нь авсан бол эсвэл гомдлын шаардлага гаргахаар хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж хуульчилсан. Тэгэхээр өвлүүлэгчийг нас барснаас хойш нэг жилийн дотор Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа огт явагдаагүй, эрх залгамжлагч нь тодорхой байна. Н.*******ийг амьд байхад нь цалин хөлсийг 300,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй П.*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч П.******* хариуцагч Т.*******од холбогдуулан мал малласаны хөлс 24,750,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч мал малласны ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалттай үнэлж чадаагүй гэжээ.

3.Хэргийг судлан үзвэл: Хариуцагч түүний гэр бүлийн хүн болох /талийгаач/ ******* нь нэхэмжлэгч П.*******той мал маллуулах талаар харилцан тохирч 2021 оны 03-р сарын 21-ний өдөр П.******* нь малыг хүлээн авч, 2023 оны 07-р сарын 20-ны хооронд малласан талаар зохигчид маргаагүй.

Харин мал маллагааны ажлын хөлсийн талаар нэхэмжлэгч нь сарын 750.000 төгрөгөөр тохирсон тул 44 сарын ажлын хөлс 24,750,000 төгрөг гаргуулна гэдэг бол хариуцагчаас ажлын хөлсийн сарын 500,000 төгрөгөөр тохирсон ажлын хөлсөндөө идэшний үхэр авах, гар утас, мотоцикл, портер машин, малын өвөлжөө зэргийг авахуулж цалингаа бага багаар цувуулж, зарим тохиолдолд урьдчилан авч байсан гэж маргажээ.

Дээрхи үйл баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь ажлын хөлсөө гаргуулахаар гаргасан түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

4.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 2021 оны 03 сарын 21-ний өдрөөс хариуцагч *******ын нөхөр /талийгаач *******/-ийг нас барах хүртэл буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажлын хөлсөө сарын 750,000 төгрөгөөр тохирсон байх ба тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2. гэрээний нэг тал нас барснаар гэрээ дуусгавар болсон гэж, мөн нэхэмжлэгч П.******* хариуцагч Т.*******той 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 12-ны өдрийн хооронд хүртэл хугацаанд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ шинээр байгуулагдсан гэж дүгнэж гэрээний хугацаанд төлөх ажлын хөлсийг нь тооцон гаргасныг давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй болсон гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Т.*******ын нөхөр талийгаач *******тэй мал маллах гэрээг 2021 оны 03-р сарын 20-ны өдөр байгуулан 2024 оны 11-р сарын 12-ны өдрийн хүртэл малласан үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргадаггүй. Гэрээний зүйл болох мал нь тухайн гэр бүлийн амьжиргааны эх үүсвэр бөгөөд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байх бөгөөд иргэн /талийгаач/ *******ийн хуваарьт хөрөнгө гэдэг нь тогтоогдоогүй тул гэрээг гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хийснээс үл хамаарч гэрээ хэвийн үргэлжилж байсан гэж үзэх тул талийгаач *******ийг нас барснаар тухай гэрээ дуусгавар болсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Т.******* нь гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байгааг шүүх анхаараагүй байгаа боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад дараах дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

6.Зохигчид нь гэрээ байгуулсан эсэх тухайн гэрээний талаар маргаагүй харин ажлын хөлсний хэмжээний талаар маргасан ба нэхэмжлэгч талаас ажлын хөлсийг сар бүр 750,000 төгрөгөөр тохирсон гэдэг бол хариуцагчаас сар бүр 300,000 төгрөгөөр тохирсон 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс сарын 500,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж маргадаг.

7.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар зохигчид нь тайлбар татгалзалаа өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд хэргийн зохигчидоос ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон талаар баримт ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар ажлын хөлсийг хариуцагчаас тодорхой хэмжээнд төлж байсан нь тогтоогддог боловч сар бүрийн ажлын хөлс нь тогтоогдохгүй байна.

8.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан тул гэрээний дагуу П.******* нь мал маллах, ажиллуулагч Т.******* нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд ажлын хөлсөө бүрэн төлөөгүй байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулсан нь хууль зөрчсөн гэж мэтгэлцэж байгаа бөгөөд зохигчид ажлын хөлсийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон харицагчаас гаргуулах боломжтой гэж үзлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоодог энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

9.Зохигчидын хооронд 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 сарын 12- ны өдрийг хүртэл 44 сарын ажлын хөлсийг дараах байдлаар тооцлоо.

-2021 оны 03 сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг сарын ажлын хөлсийг 420,000 төгрөгөөр тооцон (21 сар х 420,000 төгрөг =8,820,000 төгрөг) 8,820,000 төгрөг,

-2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 550,000 төгрөгөөр тооцон (12 сар х 550,000 төгрөг=6,600,000) 6,600,000 төгрөг

-2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл (11 сар х 660,000 төгрөг=7,260,000 төгрөг) 7,260,000 төгрөг нийт 22,630,000 төгрөгийг нэхэмжлэгч П.******* нь ажлын хөлсөнд авах ёстой байсан. Үүнээс: хариуцагчаас гэрээний хугацаанд

Портер машин худалдан авахад нь зориулж 5,000,000 төгрөг

Гар утас худалдан авахад нь зориулж 300,000 төгрөг

Нийт цалинд 3,100,000 төгрөг нийт 8,400,000 төгрөгийг ажлын хөлсийг нэхэмжлэгч П.*******ид өгсөн болох нь баримтаар тогтоогдсон.

Харин ажлын хөлсөнд тооцсон гэх мотоциклын үнийг түүний үйл ажиллагаанд зориулж өгсөн гэж үзэн өвлийн идшинд зориулж 2 үхэр авсан, өвөлжөө худалдан авч өгсөн, шатахууны зардал, хүнсэнд нь зориулж мөнгө шилжүүлсэн гэдгээ хариуцагч нотлоогүй гэж үзлээ.

10.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 44 сарын ажлын хөлс 24,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас түүний ажлын хөлсөнд хариуцагчаас төлөх ёстой 22,630,000 төгрөгөөс нэхэмжлэгчид төлсөн 8,400,000 төгрөгийг хасаж 14,230,000 төгрөгийг хариуцагч Т.*******оос гаргуулан нэхэмжлэгч П.*******ид олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 10,520,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 150/ШШ2025/00013 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Т.*******оос мал малласны хөлс 14,230,000 төгрөгийг гаргуулж П.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,520,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 183,270 төгрөг гаргуулан П.*******ид олгосугай. гэж өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 266,700 төгрөгийгг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Г.ДАВААРЕНЧИН