Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 911

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 10 өдөр           Дугаар 181/ШШ2016/00911         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/1-т байрлах, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гаргасан

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд “Төмөрхаргуй” ХХК болон захирал Б.Мөнхбат нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Татвар төлөгчийн 5698871 тоот регистрийн дугаартай “Төмөрхаргуй” ХХК улсын бүртгэлд 9011402071 дугаараар 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.

“Төмөрхаргуй” ХХК-ийн улсын бүртгэл болон татварын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хаяг нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд бүртгэлтэй гэх боловч бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон байна. Үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Бадамханд овогтой Мөнхбат нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 1 дүгээр гудамжны 29 тоотод оршин суудаг гэж бүртгэлтэй боловч амьдардаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон.

Тус компаниас 596,764,354 төгрөгийн татварын өр төлбөрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаяг байршилдаа байдаггүй хорооны тодорхойлолт авах боломжгүй байх тул “Төмөрхаргуй” ХХК болон үүсгэн байгуулагч, захирал Б.Мөнхбатыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтын дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Төмөрхаргуй” ХХК болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Мөнхбат нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан           шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

“Төмөрхаргуй” ХХК нь 5698871 дугаартай татвар төлөгч болохын хувьд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын өр шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

“Төмөрхаргуй” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 49/1-301 тоотод бүртгэлтэй боловч тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болохыг 8 дугаар хорооны Засаг дарга тодорхойлсон, “Төмөрхаргуй” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Мөнхбат нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 1 гудамж, 29 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг 28 дугаар хорооны Засаг дарга тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.   

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Өзөөн овогт Бадамхандын Мөнхбат /РД:УК62052039/ болон “Төмөрхаргуй” ХХК /РД:5698871/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Өзөөн овогт Бадамхандын Мөнхбат /РД:УК62052039/ болон “Төмөрхаргуй” ХХК /РД:5698871/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Б.Мөнхбат, “Төмөрхаргуй” ХХК нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ө.УЯНГА