Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2025/00026

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар 19-ний өдрийн 150/ШШ2025/00062 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Д.*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ын *******гийн өмчлөлийн 643 метр квадратаас ******* нь 11.47 метр квадрат талбайг хууль бусаар эзэмшиж байгаа талбайг чөлөөлүүлэх тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Б.Гомбодорж нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...Ү1310002177 үл хөдлөх хөрөнгө 36 м2 талбайтай, миний өмчлөлийн 643 м2 талбайгаас Д.*******ын 11.47 м2 талбайг хууль бусаар эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар чөлөөлүүлж өгнө үү.

2. Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* гэдэг хүнээс Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах Шим худалдааны төвийн талбайг худалдаж авсан. Шим худалдааны төв нь надаас гадна 4-н өмчлөгч, эзэмшигчтэй байсан. Үлдсэн талбайг би худалдаж авсан. Миний хувьд анх авахдаа 671.1 м2 талбай, 1524.2 м2 газрын хамт *******гаас худалдаж авч байсан. ******* гэдэг хариуцагч байгаа гудам, орц, гарцыг хааснаас болж би өөрийн эзэмшлийн талбайгаа хэмжүүлсэн. Миний кадастрын зурагт яг төв хаалганаас коридор байдаг. Энэ ямар учиртай коридор байдаг юм гэхээр *******, ******* хоёрын коридор байдаг юм. Үүнийг *******, ******* нарт хэлэхэд үгүй бид хоёр хөрш энд чиний газар байхгүй гэдэг маргаан анх үүссэн. Би ******* констракшн гэдэг компаниар 2022 оны 10 дугаар сард авчраад зөвхөн өөрийнхөө талбайд хэмжилт хийлгэсэн. Хэмжилтийг хийлгэхэд *******, *******, *******, ******* нараас тус тус тодорхой хэмжээгээр м2 талбай хууль бусаар эзэмшсэн гэдэг нь харагдсан. Энэ хүмүүст би хэлэхэд аль аль нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Намайг шүүхдээ нэхэмжлэлээ өг гэж хэлсэн. 2023 оны 05 сарын 29-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргаж өгсөн. *******ын хувьд Эй Би Эн дизайн шинжээчээр томилогдсон. Тэгээд анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн. Давахаас хэрэг буцсан. Эргээд Шинжээчийн дүгнэлтүүд дутуу дулимаг гарсан байна гэдэг хүсэлтийг манай талаас гаргаж байгаа. 2021 оноос хойш 4 жил гаруй өөрийнхөө талбайг хууль бусаар эзэмшүүлж байна. Үүнийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна.

Бид нарын хувьд дундын тооцооны асуудал байдаг. Энэ талаар ашиглалтын гэрээ хийгдээгүй явж байгаа. Ашиглалтын гэрээ хийе гэхээр би чамаас худалдаж аваагүй, ******* гэдэг хүнээс худалдаж авсан учир чамтай гэрээ хийх шаардлага байхгүй гэдэг. Шугам сүлжээ, ус суваг, хот тохижилт бүгд надтай нэгдсэн нэг гэрээтэй. Бүх тооцоо над дээр гардаг. Энэ хүмүүст хуваахаар дандаа дутуу өгдөг. Шим худалдааны төв дундын ашиглалтын зардлыг би хувиасаа төлдөг. Дандаа засвар хийдэг. *******аас ашиглуулж байгаа талбайг нэхэмжилнэ. Ашиглалтын гэрээ хиймээр байна гэсэн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1. ...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Би 2015 онд ******* гэдэг хүнээс 36 м2-ийг худалдаж авсан юм. Тухайн үед объект нь банкны барьцаанд байсан учир үл хөдлөхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ гарах боломжгүй байсан юм. Худалдаж авахдаа яг газар дээр нь ердийн метрээр хэмжээд 36 м2 гэж худалдаж авсан. 2021 онд банкны барьцаанаас объект гарсан. Гэрчилгээгээ авъя гэдэг асуудал яригдсан. Үл хөдлөхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ гарсан. Тухайн үед 05 сарын дундуур хаврын эд ажил эхэлсэн байсан учир хөөцөлдөх ажилд явж чадаагүй. ******* ерөнхийд нь бид нарыг хариуцаад явсан. Ингээд газрын үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Тэгээд нөгөө 4 өмчлөгчөөсөө ******* газрын гэрчилгээ, гэрээ, зургийг надад хэрэг болно гээд 1 хувийг авсан. 2023 онд ******* над руу утсаар ийм ийм асуудал байна. Та миний талбайгаас 11.47 м2 талбайг илүү эзэмшээд байна гэж хэлсэн. Би тийм юм байхгүй гэдэг талаараа хэлсэн. Та илүү эзэмшээгүй гэж байгаа бол манай өмгөөлөгчтэй ярь гэсэн. Утасны дугаарыг нь аваад би ярьсан. Учир байдлаа хэлсэн. Ирээд хэмжээд үз гэж хэлсэн. Улаанбаатар хотоос над руу чинь очиж чадахгүй гэж хэлсэн. Цаг тохироод видео саll хийе гэж хэлсэн. Тэгтэл утсаа аваагүй. Тэгээд байж байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ажлын хэсэг томилогдоод газар дээр нь үзлэг хийсэн. Миний талбайг эндээс энэ хүртэл 36 м2 талбай байдаг гэж үзүүлсэн, хэмжүүлсэн. Дараа нь Эй Би Эн дизайн ХК ирж хэмжилт хийсэн. Минийх хэмжилт дээр 35.8 м2 талбай байна гэж гарсан. Баганыг хэмжээ цэвэр зайндаа ордоггүй юм байна. Энэ хэмжээг хасахаар 0.2 м2 талбай хасагдаад 35.8 м2 талбай гэж гарсан. Дараа нь хэмжилт хийхэд 35.8 м2 талбайгаараа гарсан. Дараа нь Сэлэнгийн Газрын харилцаа геодез зураг зүйн газар хэмжилт хийхэд 2630 м2-талбай худалдаж авсан гэж яриад байна. Эзэмших эрхтэй газрыг худалдаж авах нь зөв асуудал юм уу. 2008 оны захирамж дээр уг барилгын газрын доорх газрыг эзэмшүүл гэсэн захирамж гарсан байсан. Тэгтэл уг барилгын доорх газрыг биш тэндээс нь урагшаа, хойшоо илүү гаргаад 2630 м2 газар олгосон байгаа. ******* тэрийг нь худалдаж авсан гэж яриад байна. Барилгын доорх газрыг тусгай багаж хэрэгслээр хэмждэг юм байна лээ 2635 м2 талбай, ******* 671 м2-ыг худалдаж авсан гээд байгаа юм. Худалдаж авахдаа яг хаагуур гэдгийг ерөөсөө хэмжээгүй. Цаасан дээр тоо хасаад 671 м2 талбай худалдаж авсан гэж хийсвэрлээд явсан. Мэргэжлийн байгууллага хэмжихээр *******гийн талбай яг 551 м2 талбай л байгаа. Энэ зөрүүг бид нараас авна гээд байгаа юм. Ер нь яаж бодсон ч би 36 м2 талбай худалдаж авсан юм. Доорх газрын талаар дүрэм журам байгаа. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6.1-д газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар эзэмших эрх мөн адил шилжих болно гэж заасан байна. Тэгтэл миний 36 м2-ийн доорх газраас авна гэж байгаа нь зохимжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй. ...Тэнд 5-н өмчлөгч байгаа тэгэхэд бусдынхаа үгийг ******* сонсдоггүй. Бүгдийг нь өөр дээрээ авчхаад тэдэн төгрөг болсон би л хийгээд байна гэдэг. Залуу хүн цаашид өсөж дэвжиж явах байх ийм байдлаар бол бүтэхгүй шүү. Уг нь бүгд ярилцаж байгаад дулаанаа яахын тэрийн яахын гээд шийдэж болох асуудал юм. Энэ миний гэрчилгээ байж байна. Egazar.mn-ээс өнөө өглөө би хэвлэж авсан. Энэ кадастр дээр газрын координат үл хөдлөхийн координат байж байгаа. 36 м2 талбай дээр таны 36 м2 үл хөдлөх хөрөнгө багтаж байна гээд байж байна. Би үүнийг нотариатаар баталгаажуулаад өгье гэсэн боловч бар код байгаа учир баталгаажуулах шаардлагагүй гэж хэлсэн. Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг асуудал үүсээд ингээд явж байна. Үүнийг ойлголцоод шийдэх бүрэн боломжтой. Бид мэндтэй устай явдаг байсан. Тэр талбайг аваад л би мундаг хүн гэж боддог юм уу. Худалдаж авахдаа хүртэл хэмжилт хийхгүй авсан. Мэргэжлийн байгууллага хэмжиж үзэхээр баганын хэмжээ хасагдаад 35.8 м2 талбай байна гэж мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй дүгнэлт байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар 19-ний өдрийн 150/ШШ2025/00062 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасан үндэслэлгүй тул Б.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох хууль бусаар эзэмшиж байгаа 11.47 м2 талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 150/ШШ2025/00062 тоот ИХШХШТХ-115.2.3 дахь заалтаар гарсан шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.******* Өмгөөлөгч М.Ундармаа /3005/ би Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1 дэх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Гомдлыг үндэслэл: Нотлох зайлшгүй шаардлагатай нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн талбай Хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийн талбайн давхцал, Нэхэмжлэгч талын гаргасан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28.1 .Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ гэснийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 05-ний өдөр дугаар 150/Ш32024/00476 тоот Шүүгчийн Захирамж гарсан.Барилга хот байгуулалтын яам,Барилгын Хөгжлийн төв 2024 оны 06 дугаар сарын 27 ний өдрийн 2/1781 тоот шинжээчээс татгалзсан байдаг.

Тус байгууллага Шинжээч байгууллагаас татгалзлын үндэслэлээ Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 11.4 Шинжээч үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах Монгол Улсын иргэн Шүүхийн шинжилгээний сургалтад суусан байх гэж заасан учир Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.8 дахь заалтын дагуу шинжилгээний цар хүрээ шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн тус төвийн чиг үүрэгт хамааралгүй тул шинжээчээр ажиллахаас татгалзсан байдаг.

Ингээд 2024 оны 10 дугаар сарын 02 ний өдөр дахин Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийг удирдлага болгож шинжээч томилуулах хүсэлт захирамжийн биелэлт хангуулах шаардлагын хүрээнд дахин хүсэлт тавьсан. Шүүхээс Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтэс нэр бүхий 4 мэргэжилтэн Шинжээчээр томилсон юм.

Ингээд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 2024/г-05 дугаартай Шинжээчийн дүгнэлт гэх үндэслэлгүй, Шинжээчийн эрхгүй төрийн албан хаагч нар Шинжээчээр томилогдсон ч Шинжилгээ огт хийгээгүй. Газрын Геодизи хэмжилт хийгээгүй:

Үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг Геодизийн хэмжилт зэргийг хэмжиж, тусгай мэргэжил бүхий эрх бүхий этгээдийн хийх ёстой үйлдэл огт хийхгүйгээр Хариуцагч *******ын газар нэгж талбар дээр үл хөдлөх хөрөнгийн ******* тоот үл хөдлөх хөрөнгө хэрхэн багтаж байгааг дүгнэлт тодорхойлж өгөөгүй. Гэвч Шүүхийн томилсон гэх Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтэс нэр бүхий 4 мэргэжилтэн Шинжээчээр томилсон дүгнэлт хэсгийн 10 дугаар хэсэгт Газрын Кадастрын бүртгэл хийж газрын нэгдсэн санд бүртгэсэн материалуудыг иш үндэслэл болгож дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ Дүгнэлтийнхээ хариулт №10 дугаар хэсэгт:

Газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан материал болон газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сантай тулгалт хийх замаар тодорхойлолт гаргасан гэж дурдаж, шүүхийн шинжилгээний тухай хуулийг буруу хэрэглэж, нотлох баримт шинжээч байгууллагын шинжээчийн хүрээнээс давж тодорхойлолтыг дүгнэлт мэтээр буруу хэрэглэж, шүүхэд илгээснийг Шүүх Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж хэргийг шийдэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийг буруу хэрэглэж буруу тайлбарлаж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагаж мөрдөн журам, хууль, дүгнэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1, дүгээр зүйлд заасан 47.1. Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно. Үүнтэй уялдуулан Шүүхийн Шинжилгээний тухай хуулийг

28.1.Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.

28.2.Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно.

28.3.Дахин шинжилгээ хийх хугацааг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтооно.

28.4.Дахин шинжилгээ хийхэд анхдагч болон нэмэлт шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объектыг бусад холбогдох материалын хамт ирүүлнэ гэснийг үндэслээгүй.

Шүүх дараах үйл баримтыг огт үнэлээгүй:

1.Хариуцагч *******ын эзэмшлийн дугаартай 36 м.кв нэг талбарын дугаартай кадастрын зургийг анхаарч үзнэ үү. Барилгын нэгж хоосон байхад яаж *******ын үл хөдлөх яаж газарт багтаж байгааг дүгнэж хэлээгүй.Бид анхнаасаа л шүүх хурал бүр дээр ойлгомжтой хэлдэг. *******ын газрын координатын цэг дээр үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ бүртгэгдээгүй шүү. Үл хөдлөх хөрөнгө талбайн хэмжээ болох ЭЙ БИ ЭН ДИЗАЙН ХХК-ний хэмжиж өгсөн 35.8 м.кв талбай газрын 36 м.кв талбайд багтахгүй учир ******* өнөөдрийг хүртэл талбайн координатыг оруулдаггүй юм.

2.Нэхэмжлэгч ******* болон *******ын талбайн хэмжээ Шүүхийн шинжилгээний 28.1,2,3,4 д зааснаар газрын хэмжээг огт хэмжээгүй, Үл хөдлөх хөрөнгийн талбайг хэмжээгүй.

3.Шинжээч байгууллага нь дараах шалгуурыг хангасан байх гэх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11.1 Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл /цаашид зөвлөл гэх/ ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно. Энэ хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаал 2023,05,04 ний өдрийн А/158 дугаартай журам батлах тухай түүнтэй холбоотой харилцааг зохицуулсан байхад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11.4 дэх хэсэгт хамаарах асуудлыг 8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн гэж тодорхойлж шинжилгээгүй хийгээгүй Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн анхны бүртгэл мэдээллийг үндэслэн тодорхойлолт гаргасныг эс зөвшөөрч байна.

4.Захирамжаар ЭЙ БИ ЭН ДИЗАЙН ХХК-ний Шүүх өөрөө томилсон ч шүүгч хэргийн хэлэлцүүлэгт шинжээч байгууллагын зардал, зохигчдын хэн төлөх эсэх талаар огт хэлэлцүүлээгүй. Шүүхийн шийдвэрт ч дурдагдаагүй байна. Шүүх шийдвэр гаргахдаа илт агуулгын алдаатай байна. Хэлэлцэх асуудлыг хэлэлцээгүй, шинжээч байгууллагын дүгнэлт тодорхойгүй, нотлогдоогүй байхад Шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн шийдвэр гаргасан зэрэг нь Шүүхийн шийдвэрийн агуулга илт агуулгын алдаатай байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5 шүүхийн шинжээчийн зардал төлүүлэх зэрэг тодорхойгүй үлдээсэн нь Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Шүүхийн Шүүгчийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж гомдол гаргаж байна.

5.Шүүх байгууллага бол иргэний зөрчигдсөн эрхийг эцсийн байдлаар үнэн зөв гэдгийг тогтоох байгууллага. Шүүх Газрын тухай хуулийн /33.7.Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна гэснийг шалгаж үзээгүй. Улсын Бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 47.1., иргэний хуулийн 106.1., 106.3. 140., дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй, холбогдох гомдлыг шалгаж үзэлгүй тул 2025 оны 03 дүгээр сарын 25-ний өдрийн 150/ШШ2025/00062 тоот шийдвэр гаргасан нь хэт нэг талыг баримтлан, хэргийг хянаж чадаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Ер нь 36 м.кв талбай дээр 36 м.кв үл хөдлөх багтах ямар ч боломжгүй байтал хариуцагч тал өөрийн үл хөдлөх хөрөнгийн Бүртгэл үнэн зөв эсэх, Шүүх түүний зөрчилтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоох бүрэн боломжтой байсан. Улсын Бүртгэл Эд хөрөнгө бүртгэлийн тухай хуулийн 7.7. Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна, гэснийг шалгаж үзээгүй. Бүртгэл нь алдаатай учраас хариуцагч 36 м.кв талбай нь нэхэмжлэгчийн талбай руу ороод байна уу гэдгийг шүүх огт шалгаж үзээгүй.

Нотлох баримтад авагдсан материалыг газрын мэдээллийн сан, үл хөдлөх хөрөнгийн хэмжсэн координатын цэгийг суулгаж нэгдсэн мэдээллийн сангаар давхцалыг шалгаж Нэхэмжлэгчийн шаардлага байгаа эсэхийг тодруулчихаар байтал Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, үндэслэлгүй, шинжээч эрхгүй этгээдийн тодорхойлолтыг, шүүхийн хэлэлцүүлэгт асуудлыг дутуу орхигдуулсан зэрэг зарчмын шинжтэй агуулгыг орхигдуулсан нь Дэлгэрсайхан шүүгчийн шийдвэрийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 150/ШШ2025/00062 хүчингүй болгох үндэслэлтэй байгаа тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс 36 м.кв талбайгаас илүү 11.47 м.кв газрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл миний зүгээс тухайн газраа эхэлж худалдан авсан бөгөөд 36 м.кв талбай л байгаа. Миний зүгээс илүү талбай эзэмшсэн зүйл байхгүй, өөрсдөө ирээд хэмжээд үз гэж хэлж байсан ч ирж үзээгүй. Мөн миний газар дээр шинжээч үзлэг хийхэд нэхэмжлэгч нар байсан. Мөн БИ ЭН ДИЗАЙН ХХК нь миний газрыг 35.8 м.кв байна гэж хэмжээд гаргачихсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын зүгээс Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын геодезийн газрыг шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй этгээд гэж үзэн гомдол гаргасан. Газрын тухай асуудал нь Засгийн газрын тухай хуульд зааснаар Ерөнхий сайдын эрхлэх хүрээний асуудал юм. Ерөнхий сайдын эрх хүрээний асуудлын хүрээнд газрын харилцааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын геодезийн газар нь асгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн харьяа орон нутаг газрын харилцаа геодези зураг зүйн асуудлыг хариуцаж ажиллаж байгаа ийм мэргэжлийн байгууллага учраас дүгнэлт гаргах эрхтэй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т мэргэжлийн байгууллага гэж гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Тухайн байгууллагаас 4 мэргэжилтэн ирээд хэмжилт хийхэд талууд бүгд байсан. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Кадастрын зураглалын улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ гэж заасан тул дүгнэлт гаргах эрхтэй байна. Энэ байгууллага нь дүгнэлттээ улсын бүртгэл дээр байгаа мэдээлэлтэй өөрийн гаргасан хэмжээтэй тулгалт хийн дүгнэлт гаргасан гэж тодорхой дурдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбодорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын зүгээс Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дүгнэлт үндэслэлгүй, дүгнэлт гаргах эрхгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан байна. Мөн шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан мэтээр тайлбар хэлж байна. Нэгдүгээрт Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ гэж заасан. Гэтэл Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын гаргасан дүгнэлтийн аль хэсэг нь эргэлзээтэй, тодорхойгүй гэдгийг тодорхойлохгүйгээр миний эрхийг хязгаарлаад байна гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Мөн дээрх байгууллагыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т зааснаар энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч биш учраас дүгнэлт гаргах эрхгүй гэж маргаад байгаа ч дээрх хуулийн 8 дугаар зүйлд 4 этгээдийг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд хамаарна гэж заасан. Тэгэхээр тухайн заалтын мэргэжлийн байгуулага гэсэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын хувьд Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь хамаарна. Мөн энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдэж байна. Өмнө нь дахин шинжээч томилох шаардлагатай гэж буцаасан бөгөөд магадлалд заасан ажиллагаа хийгдсэн бөгөөд давхцал байхгүй байна гэсэн дүгнэлт гарчихсан байна. Тиймээс өөрт ашигтай дүгнэлт гарах хүртэл шинжээч томилуулах хүсэлт гаргах ёстой мэтээр тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөлийн 643 метр квадратаас Д.******* нь 11.47 метр квадрат талбайг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ..шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн шаардлагад дүгнэлт хийгээгүй... гэж тайлбарлажээ.

4.Хэргийн үйл баримтаар:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн Хөтөл 2-202 тоот хаягт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалт бүхий Шим худалдааны төвийн үл хөдлөх хөрөнгө Мон ТББ ХХК-ний өмчлөлд байсан бөгөөд тус компани нь тухайн үл хөрөнгөөс нэр бүхий иргэдэд буюу хэсэгчлэн худалдаж үлдэх 643 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.******* худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн хөрөнгийн өмчлөгч болсон байна.

Нэхэмжлэгч Б.******* нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсны дараа бусад өмчлөгч нартай нийтийн зориулалтай талбайн ашиглалттай холбоотой асуудлаас болж маргаан үүсэж, улмаар өөрийн өмчлөлийн талбайгаа мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсэн байх ба ******* констрашн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр RC-72/2023 дугаартай сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлээр ******* нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд заагдсан 643 м.кв талбайн хэмжээнээс бага буюу 554.66 м.кв талбай байна гэж дүгнэлт гаргасан байна. /хх-ийн 6-9-р хуудас/

Тус дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Б.******* нь бусад өмчлөгч нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн талбайгаас илүү талбайг хууль бусаар эзэмшсэн гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогддог.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.******* нь өөрийнх нь өмчлөлийн хэсгээс 11.47 м.кв талбайг илүү эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр түүний хууль бус эзэмшлээс талбайг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргажээ.

5.Хариуцагч Д.******* нь татгалзлаа 2015 онд Мон ТББ ХХК-ны захирал Н.******* гэдэг хүнээс 36 м2-ийг худалдаж авсан. Б.*******гийн өмчлөлийн талбайгаас хууль бусаар эзэмшээгүй, Эй Би Эн дизайн ХХК-ын дүгнэлтээр энэ нь батлагдсан, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар буюу мэргэжлийн байгууллага хэмжилт хийгээд нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайтай давхцалгүй гэсэн дүгнэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

6.Хэрэгт авагдсан баримтаар:

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* констрашн ХХК-ийн дүгнэлт болон схем зургийг үндэслэн хариуцагч Д.*******ыг өөрийн талбайгаас 11.47 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байна гэж тайлбарладаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчдоос шинжээчийн дүгнэлттэй холбоотой маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэжээ.

6.1.Шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 534 дугаартай захирамжаар хариуцагч Д.*******ын эзэмшлийн талбайн хэмжилт хийлгэхээр Эи Би Дизайн ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба шинжээчээр томилогдсон Эи Би Дизайн ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 23/263 дугаартай дүгнэлт гаргажээ. Тус дүгнэлтээр хариуцагч Д.*******ын ашигтай талбай нь 35.8 м2 байна гэсэн дүгнэлтийг гаргаж, шинжээч дүгнэлт гаргасан тухай тайлбараа бичгээр ирүүлжээ. /1-р хх-ийн 54-58, 61-67/

6.2.Нэхэмжлэгч Б.*******гийн өмгөөлөгчөөс Эи Би Дизайн ХХК нь дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай хуулийн зарчмыг баримтлаагүй, шинжээч нь дүгнэлт гаргахдаа хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулаагүй, зөвхөн үл хөдлөх хөрөнгийн дотор талбайг хэмжсэн, үл хөдлөх хөрөнгийн тайлбай, газрын координатын талбай давхцалыг гаргаагүй гэсэн үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаснаар шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 00476 дугаартай захирамжаар шинжээчээр Улаанбаатар хотын Барилгын хөгжлийн төв-ийг томилсон бөгөөд Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1781 дугаар албан тоотод Тус төвд шинжээчийн үйл ажиллагаа эрхэлж зөвшөөрөл авсан, сургалтад хамрагдсан албан хаагч байхгүй, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, мөн тус төвийн чиг үүрэгт хамааралгүй тул шинжээчээр ажиллахаас татгалзаж байна гэх албан тоотыг ирүүлжээ. /1-р хх-ийн 239-242, 2-р хх-ийн 20/

6.3. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан хүсэлтийг хангах үүднээс шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 699 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэснээр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2024/Г-05 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргажээ. /2-р хх-ийн 47-52/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрхи шинжээчийн 2024/Г-05 дугаартай дүгнэлт гарсны дараа шинжээчээр томилогдсон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй мэргэжлийн бус байгууллага, шүүх хэргийн зохигчдоос гаргасан хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй гэж дахин шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гаргаж улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ...шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй мэргэжлийн бус байгууллага тул түүний гаргасан шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

8.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хариуцагч Д.******* нь өөрийн эзэмшлийн талбайгаас 11.47 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа нь ******* констрашн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн RC-72/2023 дугаартай дүгнэлтээр тогтоосон гэж түүний хууль бус эзэмшлээс талбайг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэж тайлбарласан бол хариуцагч Д.******* нь улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 36 м.кв талбайгаа эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээтэй холбоотой маргаан үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар тусгай мэргэжил шаардагдах асуудлыг буюу хариуцагч Д.******* нь өөрийн эзэмшлээс илүү талбай эзэмшиж байгаа болон түүний эзэмшлийн талбай нь бусдын эзэмшлийн талбайтай давхацсан эсэхийг тодруулах зорилгоор зохигчдын хүсэлтээр Эи Би Дизайн ХХК, болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалт геодез зураг зүйн газрыг тус тус шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ.

Шүүхээс томилогдсон шинжээчийг дүгнэлт гарсны дараа нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас шинжээчээр томилогдсон этгээд нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд бус гэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх ба шүүхээс түүний энэхүү хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 мэргэжлийн байгууллага нь шинжилгээ хийх этгээдэд хамаарахаар хуульчилсан байх ба мөн зүйлийн тайлбарт мэргэжлийн байгууллага гэж тухайн хэрэг маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно гэжээ.

Тус хэрэгт шинжээчээр томилогдсон Эи Би Дизайн ХХК нь барилга хот байгуулалтын яамнаас олгосон архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бол Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалт геодез зураг зүйн газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-д заасан мэргэжлийн байгууллагад тооцогдохоор байна.

Түүнчлэн шүүгчийн захирамжаар ямар этгээд шинжээчээр томилогдож байгаа талаар нэхэмжлэгч мэдсээр байж шинжээчээр томилогдсон этгээдээс дүгнэлт гарсны дараа шинжээчийн эрх зүйн байдлын талаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх зохигчдоос гарсан гомдол хүсэлт тус бүрийг шийдвэрлэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй зохигчдын хуульд заасан эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн түүний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

9.Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар Мон ТББ нь өөрийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий Шим нэртэй худалдааны төвийн талбайг нэр бүхий иргэдэд хэсэгчлэн худалдсан байх ба хэргийн зохигчид нь дээрхи талбайг худалдан авахдаа мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгээгүй, худалдан авч буй талбайн хэмжээг үл хөдлөх хөрөнгийн дотор талын талбайн хэмжээгээр тооцон худалдан авсан. нэр бүхий иргэдээс талбай худалдан авсны дараа Шим нэртэй худалдааны төвийн барилгаас үлдсэн хэсгийг нэхэмжлэгч Б.******* нь худалдан авсан, хэргийн зохигчдын хэн аль нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгээгүй тогтоогоогүй харин зургийг үндэслэн худалдан авсан үйл баримт тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч ******* констрашн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн RC-72/2023 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шаардлага гаргасан байх ба тухайн ******* констрашн ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд гэдэг нь тодорхойгүй тул анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Эи Би Дизайн ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 23/263 дугаартай дүгнэлт Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2024/Г-05 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг тус тус үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасантай нийцжээ.

10.Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжээч Эи Би Дизайн ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 23/263 дугаартай дүгнэлтийн хавсралтаас 2 хуудас баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үрэгдсэн тухайн баримт нь нэхэмжлэгчийг 551 м.кв талбай эзэмшдэг гэдгийг тогтоосон баримт байсан гэж тайлбарладаг.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн хуудсыг тус тус дугаарласан байх ба хэргийн 61-63 т дугаарласан баримт алга болсон гэж байгаа боловч хэргийн тухайн дугаарлалтыг өөрчилсөн, засварласан байдал тогтоогдоогүй тул түүний баримт үрэгдсэн гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгчийн шаардлага нь хариуцагч Д.*******ыг өөрийн өмчлөлийнхөө талбайнаас илүү хэмжээгээр буюу 11.47 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж 36 м.кв түүний хөрөнгөө эзэмших эрхийг зөрчсөн гэж тайлбарладаг бөгөөд дээрхи үрэгдсэн гэх баримт нь хариуцагчийг өөрийн эзэмшдэг талбайгаас илүү хэмжээний талбайг эзэмшиж байгааг нотолсон баримт бус харин нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайн хэмжээг тодорхойлсон баримт гэж үзэхээр байх тул тухайн баримт нь хэрэгт ач холбогдол бүхий баримт гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.

11.Иймд хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн талбайг хууль бусаар эзэмшиж түүний өмчлөх эрхийг зөрчсөн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байна.

12.Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар 19-ний өдрийн 150/ШШ2025/00062 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар 19-ний өдрийн 150/ШШ2025/00062 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН