Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                  Нарийн бичгийн дарга                                С.Төртулах

                  Улсын яллагч                                             Э.Гантулга

                  Хохирогч                                                      Г.Гц

                  Иргэний нэхэмжлэгч, Иргэний хариуцагч  Б.Мц

                  Шинжээч                                                           Ц.Одбаяр

                             Шүүгдэгч                                                         С.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Пид холбогдох эрүүгийн 1932000000088 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Сүрэнгийн П.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

С.П нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим “ЗИЛ-131” маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдэрэхэд нь ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй, замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүйн улмаас жолооч Г.Гц нь “Toyota Prius 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин жолоодож яваад араас нь мөргөсний улмаас жолооч Г.Гцын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос 18 цагт тос, масло ачаад механик ажилтай залуугийн хамт гарч замдаа Урьхан зоогийн газарт хоол, цай идэж байгаад гарсан. Зил 131 машинтай явж байсан.Бид хоёр машинтайгаа хөдлөөд Баруунхараа орж ирээд Баянуул хоолны газар машинаа үзчихээд цааш хөдлөөд 164 километр дээр явж байтал машины мотор гэнэт зуураад машин явах боломжгүй болсон, өөрийн бололцоогоор замын баруун талаар нь шахаж машинаа зогсоосон. Анхааруулж зам дээр ундааны сав тавьсан. Би шөнөжингөө сууж байсан. Өглөө үүрээр 5 цагт гэгээ орчихсон байхад машины араас хүчтэй юм мөргөсөн. Буугаад хартал “Toyota Prius 20” маркийн машин жалганд орчихсон байсан. Очтол нэг залуу манай найзыг машинаас гаргаж туслаач гээд байсан. Бид нар Гцыг машиных нь жолоочийн суудлаас авах гэж нилээн оролдсон. Өөрийнхөө бүсний даруулгыг хийгээгүй байсан болохоор хэцүү байсан. Тэгээд хойш нь татаж гаргаж аваад 05 цаг 10 минутад эхний машин ирэхэд хохирогчтой цуг явуулсан. Тэр үед ямар ч өөдөөс машин байгаагүй. Зам чөлөөтэй байсан. Машинд нь архи үнэртэж байсан. Тэгээд жолоочоос бас нөгөө залуугаас нь архи үнэртэж байсан. Тэр осол болох үед өөдөөс машины гэрэл байхгүй байсан. Хэрэв машин гялбасан бол эсрэг талын машиныг мөргөж гэмтээх осол гарах байсан. Үүрээр харьцангуй тайван хөдөлгөөнгүй байсан. Эмнэлэг явсан хүмүүсээс үлдсэнийг нь Дархан руу авч яваад тэндээсээ тэр хүмүүс нь орон нутаг руугаа явсан. Би Дархан хотоос крантай машин дуудаж машинаа чирүүлж авч явж журмын хашаанд аваачсан юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Гц мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт том машин барьж байгаад наашаа гэрлүүгээ харихаар Бх, Аб нартай хамт “Toyota Prius 20 машинтай гарсан юм. Гарахынхаа өмнө бид нар 0,5 литрийн архи хувааж уусан нь үнэн. Тэгээд наашаа явж байхад Аб байнга машин барьж явсан. Замд явж байгаад Баруунхараагийн воганы гарам гарахын өмнө Абын нойр нь хүрээд байхаар нь би машин барьсан юм. Өөдөөс машины гэрлийн гялбаа орж ирсэн гэдэг нь үнэн. Тэр машиныг дөнгөж өнгөрөөгөөд Зил 131 машины араас орж таарсан. Би осол болсоноос хойших зүйлийг санахгүй байгаа. Хоёр хоногийн дараа Эрдэнэтийн эмнэлэг дээр л ийм юм болсон гэж мэдсэн.Миний эрүүний яс хугаралттай, уушиг жаахан бяцралттай, эгэмний яс цууралттай гэж дүгнэлт гарсан. “Toyota Prius 20”-ээс гарсан хохирлыг бас эмчилгээний зардал, баримттай зардал зэргийг Паас нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Б.Мц мэдүүлэхдээ: ... Энэ хүү ослыг тухайн өдрийн өглөө мэдсэн. Дараа нь мэдүүлэг өгсөн. Манай байгууллагын машинд учирсан хохирол нь 275000 төгрөг байгаа. П нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс манай байгууллагад том машины жолоочоор ажилд орсон. Хохирлыг цалингаас нь суутгаж барагдуулна гэжээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хариуцагчаар Б.Мц мэдүүлэхдээ: ...тухайн осол болоход хохирогчоор оролцож байгаа Г.Гц нь өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан буруутай тул хохирол төлбөрийг мөн давхар хариуцаж төлөх ёстой гэж үзэж байна...гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Шинжээч Ц.Одбаяр мэдүүлэхдээ: ... Toyota Prius-20 маркийн “03-61” ОРА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Гц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ЗИЛ-131 маркийн 39-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.П нь ослын гурвалжин тэмдэг тавиагүйгээс болж зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргасан гэв.

Хохирогч Г.Гц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би тухайн үед 80-90 км/ц хурдтай явж байсан байх яг осол болох үед хянах самбар хараагүй, мөн нөгөө жолооч машинаа замаас бүрэн чөлөөлж, ослын тэмдэг тавьсан бол би харах байсан байх. … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгаас Аб, Бх бид 3 гарсан. Тэгэхэд Бх бид хоёр нэг шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архийг хувааж уусан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед Аб нойр хүрээд байна гэхээр нь би жолоо барьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Мц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Зил-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай Толгойтын гол ХХК-ийн эзэмшлийнх юм. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /XX-ийн 37-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч М.Отгонболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14-15 цагийн хооронд байх би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэх газарт том нүүрсний автомашин жолоодохоор болоод очсон. Тэгээд манай нагац ах Аб Эрдэнэт хот руу буцна гэхээр нь би та миний Toyota Prius-20 маркын “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явчих эхнэрт хүргээд өгчих гэсэн. Тэгсэн зөвшөөрөөд Гц, Аб нар явна гэж байсан харин Бх явна гэдгийг би мэдээгүй, Осол болсныг сонссоны дараа мэдсэн. … Toyota Prius-20 маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2018 оны 12 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос хувь хүнээс худалдаж авсан. Тэгээд би уг машиныг авахдаа хүнээс 4 сая төгрөг зээлсэн болохоор тэрийг нь өгөх гэж Эрдэнэт хотын Авто прайм ломбарднаас 4 сая төгрөг зээлсэн. Тэгэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Авто прайм ХХК-ийн нэр дээр явж байгаа байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/

          Иргэний хариуцагч Б.Мц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: С.П нь манай компанид 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс жолоочоор ажиллаж байгаа юм. .. Би С.Пид уг тээврийн хэрэгсэлийг хариуцуулж өгсөн талаар сайн мэдэхгүй, ямар ч байсан уг тээврийн хэрэгсэл нь манай компаний эзэмшлийнх юм... гэх мэдүүлэг /ХХ-н 39 дүгээр хуудас/.

          Гэрч Д.Бж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад компаний жолооч П ахтай тос масло ачаад Улаанбаатар хотоос ЗИЛ-131 маркийн 39-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан шөнө 00 цаг 40 минутын үед машин гэнэт мотор нь зуураад зогссон. Тэгээд бид 2 мотороо үзчихээд мотор болохоо байснаа мэдээд буугаад ослын гурвалжин тавих гэтэл байгаагүй тэгэхээр нь ундааны сав, 3 чулууг машины ойролцоо тавьчихаад машиндаа суусан. Тэгээд би унтаад өгсөн нэг мэдсэн машины араас юм мөргөхөөр нь сэрээд хартал араас машин мөргөсөн, мөргөсөн машин нь замын хажуу руу орсон байхаар нь бид 2 зорчигчтой нь нийлээд суудалтай хавчигдсан жолоочийг арай гэж гаргасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р хуудас/

          Гэрч М.Аб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн үед байх цуг ажилладаг Гц, Бх нарын хамт манай үеэл дүү Отгонболдын Toyota Prius-20 маркын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгаас Орхон аймаг руу явсан. Замд явахад Гц, Бх хоёр 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Би жолоо барьж байсан учраас архи уугаагүй. Тэгээд шөнөжингөө явсаар байгаад Баруунхараа орох гээд явж байхад Гц сэрээд миний архи гарчихсан, нойр ханасан байна гэхээр нь би, чи Дархан хүртэл машин барьчих би жоохон унтаж байгаад машинаа авъя гэсэн. Тэгээд бид 2 жолоогоо солиод би урд талын суудалд суугаад унтсан. Нэг сэрэхэд өөдөөс маш хурц гэрэлтэй машин ирж байсан ба тэгэхэд бид нарын урд замын хажууд 3ил131 машин зогсож байсан бөгөөд араас нь мөргөх шиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/

          Гэрч Ч.Бх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Аб, Гц бид 3 Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Орхон аймаг руу явахаар Абын дүүгийн Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Өмнөговиос гарахаасаа өмнө Гц бид 2 нийлээд 0.5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Тэгээд бид 3 замдаа гараад үүрээр 5 цагийн үед Баруунхараа өнгөрөөд явж байгаад замын хажууд эвдрээд зогсож байсан 3ил131 маркийн машины араас мөргөсөн. … Осол гарах үед Гц жолоо барьж байсан, Аб урд талын суудалд, би арын суудалд унтаад явж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 48-р хуудас/

          2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №284 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

          1. Г.Гцын биед доод эрүүний ясны ооч хэсгийн хугарал, хамрын ясны хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, нүүр, мөчдөд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Доод эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          3. Доод эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархины эдийн 1-р зэргийн няцрал, хамрын ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

          2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №06 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт: ...

 

1. Toyota Prius-20 маркийн “03-61” ОРА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Гц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: ж/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

2. ЗИЛ-131 маркийн 39-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Ес. Анхааруулах дохио ба таних тэмдэг: 9.1. Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ. II. Ослын зогсолтын тэмдэг: 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ:  б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд. 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

3. Toyota Prius-20 маркийн “03-61” ОРА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Гц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ЗИЛ-131 маркийн 39-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.П нь ослын гурвалжин тэмдэг тавиагүйгээс болж зам тээврийн осол гарсан гэж үзэв.

“Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний №1941 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 91 дүгээр хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газрын схем зураг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-10 дугаар хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч С.Пийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /106 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.П нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим “ЗИЛ-131” маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдэрэхэд нь ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй, замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүйн улмаас жолооч Г.Гц нь “Toyota Prius 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин жолоодож яваад араас нь мөргөсний улмаас жолооч Г.Гцын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Гцын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би тухайн үед 80-90 км/ц хурдтай явж байсан байх яг осол болох үед хянах самбар хараагүй, мөн нөгөө жолооч машинаа замаас бүрэн чөлөөлж, ослын тэмдэг тавьсан бол би харах байсан байх. … 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгаас Аб, Бх бид 3 гарсан. Тэгэхэд Бх бид хоёр нэг шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архийг хувааж уусан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед Аб нойр хүрээд байна гэхээр нь би жолоо барьсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Мцийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Зил-131 маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай “Толгойтын гол” ХХК-ийн эзэмшлийнх юм. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /XX-ийн 37-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч М.Отгонболдын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14-15 цагийн хооронд байх би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэх газарт том нүүрсний автомашин жолоодохоор болоод очсон. Тэгээд манай нагац ах Аб Эрдэнэт хот руу буцна гэхээр нь би та миний Toyota Prius-20 маркын “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явчих эхнэрт хүргээд өгчих гэсэн. Тэгсэн зөвшөөрөөд Гц, Аб нар явна гэж байсан харин Бх явна гэдгийг би мэдээгүй, Осол болсныг сонссоны дараа мэдсэн. … Toyota Prius-20 маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2018 оны 12 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос хувь хүнээс худалдаж авсан. Тэгээд би уг машиныг авахдаа хүнээс 4 сая төгрөг зээлсэн болохоор тэрийг нь өгөх гэж Эрдэнэт хотын Авто прайм ломбарднаас 4 сая төгрөг зээлсэн. Тэгэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Авто прайм ХХК-ийн нэр дээр явж байгаа байх...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/, Гэрч Д.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад компаний жолооч П ахтай тос масло ачаад Улаанбаатар хотоос ЗИЛ-131 маркийн 39-74 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан шөнө 00 цаг 40 минутын үед машин гэнэт мотор нь зуураад зогссон. Тэгээд бид 2 мотороо үзчихээд мотор болохоо байснаа мэдээд буугаад ослын гурвалжин тавих гэтэл байгаагүй тэгэхээр нь ундааны сав, 3 чулууг машины ойролцоо тавьчихаад машиндаа суусан. Тэгээд би унтаад өгсөн нэг мэдсэн машины араас юм мөргөхөөр нь сэрээд хартал араас машин мөргөсөн, мөргөсөн машин нь замын хажуу руу орсон байхаар нь бид 2 зорчигчтой нь нийлээд суудалтай хавчигдсан жолоочийг арай гэж гаргасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р хуудас/, Гэрч М.Абын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн үед байх цуг ажилладаг Гц, Бх нарын хамт манай үеэл дүү Отгонболдын Toyota Prius-20 маркын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгаас Орхон аймаг руу явсан. Замд явахад Гц, Бх хоёр 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Би жолоо барьж байсан учраас архи уугаагүй. Тэгээд шөнөжингөө явсаар байгаад Баруунхараа орох гээд явж байхад Гц сэрээд миний архи гарчихсан, нойр ханасан байна гэхээр нь би, чи Дархан хүртэл машин барьчих би жоохон унтаж байгаад машинаа авъя гэсэн. Тэгээд бид 2 жолоогоо солиод би урд талын суудалд суугаад унтсан. Нэг сэрэхэд өөдөөс маш хурц гэрэлтэй машин ирж байсан ба тэгэхэд бид нарын урд замын хажууд 3ил131 машин зогсож байсан бөгөөд араас нь мөргөх шиг болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/, Гэрч Ч.Бхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Аб, Гц бид 3 Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Орхон аймаг руу явахаар Абын дүүгийн Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Өмнөговиос гарахаасаа өмнө Гц бид 2 нийлээд 0.5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Тэгээд бид 3 замдаа гараад үүрээр 5 цагийн үед Баруунхараа өнгөрөөд явж байгаад замын хажууд эвдрээд зогсож байсан 3ил131 маркийн машины араас мөргөсөн. … Осол гарах үед Гц жолоо барьж байсан, Аб урд талын суудалд, би арын суудалд унтаад явж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-р хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №284 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №06 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний №1941 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 91 дүгээр хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газрын схем зураг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-10 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.П нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим “ЗИЛ-131” маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдэрэхэд нь ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй, замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүйн улмаас жолооч Г.Гц нь “Toyota Prius 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин жолоодож яваад араас нь мөргөсний улмаас Г.Гцын биед доод эрүүний ясны ооч хэсгийн хугарал, хамрын ясны хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, нүүр, мөчдөд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Гцын биед хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч Г.Гцаас “Медипас” эмнэлэгт толгойн зураг авахуулсан баримт, “Монос Улаанбаатар” ХХК-иас эм тариа авсан баримтууд  /ХХ-ийн 110 дугаар хуудас/ зэргийг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсарган нийт 540916 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Толгойтын гол” ХХК-иас Авто машин техникийн үнэлгээний тайланг /ХХ-ийн 91 дүгээр хуудас/ нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсарган 275000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч М.Отгонболдоос “Ашид билгүүн” ХХК-ийн орлогын баримт, ШТС-ын баримтууд /ХХ-ийн 112 дугаар хуудас/  зэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган нийт 5059000 төгрөг тус тус нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 “...Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж тус тус заажээ.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Гц нь замын хөдөлгөөний дүрэм болох ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: ж/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалт зэргийг зөрчиж зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарч түүнд эрх бүхий этгээд зөрчлийн хэрэг үүсгэн шалган шийдвэрлэж байгаа ба энэхүү зам тээврийн ослоос иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч С.П, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК, зам тээврийн осол гаргасан зөрчилд холбогдогч Г.Гц нарт тэнцүү хуваан ногдох хэсгийг нь гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Паас 270458 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 270458 төгрөг бүгд 540916 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Хулууд овогт Галбадрахын Гцад олгож, шүүгдэгч С.Паас 137500 төгрөг, зөрчилд холбогдогч Г.Гцаас 137500 төгрөг бүгд 275000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Толгойтын гол” ХХК-д олгож, шүүгдэгч С.Паас 1686334 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-аас 1686334 төгрөг, зөрчилд холбогдогч Г.Гцаас 1686334 төгрөг бүгд 5059000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух, /ОЛ90020674/, Ончууд овогт Мэндбилэгийн Отгонболдод олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас С.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Пийн №104894 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүй, С.Пид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүрэнгийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Паас 270458 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 270458 төгрөг бүгд 540916 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Хулууд овогт Галбадрахын Гцад олгож, шүүгдэгч С.Паас 137500 төгрөг, зөрчилд холбогдогч Г.Гцаас 137500 төгрөг бүгд 275000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Толгойтын гол” ХХК-д олгож, шүүгдэгч С.Паас 1686334 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-аас 1686334 төгрөг, зөрчилд холбогдогч Г.Гцаас 1686334 төгрөг бүгд 5059000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух, /ОЛ90020674/, Ончууд овогт Мэндбилэгийн Отгонболдод олгосугай.

5. Энэ хэргийн улмаас С.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдсугай. 

            6. С.Пийн №104894 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгож зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пид  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.