| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2017/0028/з |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 25
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “Мөнхийн гэгээвч” ХХК-ийн захирал М.Мөнхбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Цогтбаатарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний 120020898 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Мөнхийн гэгээвч” ХХК-ний захирал М.Мөнхбат, хариуцагч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Цогтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мөнхийн гэгээвч” ХХК-ний захирал М.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани сар, улирал, жилийн санхүүгийн тайлангаа аймгийн Татварын хэлтэс, аудитаар баталгаажуулан, зохих газруудад өгч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. “Болор гоулд” ХХК-ийг Монгол Улсад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэж байгаа бөгөөд захирал Б.Болор-Эрдэнэ гэгчийг НӨАТ-ын хуурамч, хий бичилттэй падаан олгож байсныг мэдэлгүй тухайн үеийн тайлан тооцоондоо тусгаж ирсэн.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Энхбат “Болор гоулд” ХХК-ны захирал Б.Болор-Эрдэнийг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэргийг Прокурорын хяналтанд ирүүлсэн байна. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор А.Болорчимэг нь Б.Болор-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг удирдлага болгон яллагдагч Б.Болор-Эрдэнийг анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Намайг уг хэрэгт хохирогчоор тодорхойлоогүй, би гомдол гаргаагүй бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 тоот тогтоол гарсныг мэдэлгүй өнгөрсөн оны эцэс хүргэсэн. “Болор гоулд” ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнэийн хууль бус үйл ажиллагааны хариуцлагыг манай компани хүлээх боломжгүй гэж үзэж байсан.
Ингээд миний бие 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээсээ хойш хувиараа энэ асуудлаар судалж үзсэн. Ингэж судалж үзэхэд манай компани “Болор гоулд” ХХК-наас нэхэмжлэх ёстой юм байна гэж үзэж байгаа учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.
Харин хариуцагч тал одоогийн нийгэм, эдийн засгийн хямрал болон манай компанийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж татвар төлөх хугацааны асуудал дээр уян хатан хандаж, тохиролцооч гэж хүсэж байна.
Сүүлийн хоёр, гурван жил манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа. Үүнийг манай компанийн татварын тайлангаас харж байгаа байх. Тиймээс татвар төлөх хугацааг хойш сунгахыг хүсэж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг ойлголоо. Хуулийн дагуу акт тавигдсан учраас актанд дурдагдсан төлөх татварын хэмжээг ихэсгэх, багасгах эрх хэмжээ татварын байцаагчид байдаггүй.
Татварын байцаагчийн актын хэрэгжилтийг хангуулах нь татварын хэлтсийн орлогын тасагт хамааралтай. Нэхэмжлэгч хугацаа сунгуулах хүсэлтээ татварын орлогын тасагт гаргах ба орлогын тасгийн ахлах байцаагч Татварын хэлтсийн даргад уламжилснаар Татварын хэлтсийн дарга хугацаа сунгах асуудлыг шийддэг. Миний бие Татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн байцаагч тул энэ асуудал манай тасгийн эрх хэмжээнд хамааралгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа юм байна. Татварын байцаагчийн акт хуулийн дагуу гарсан учраас нэхэмжлэлээсээ татгалзсанаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үг биш гэдгийг ойлгож байгаа байх. Харин татвар төлөх хугацааг хойшлуулах асуудал бол Татварын хэлтсийн даргын эрх хэмжээний асуудал учраас бидний зүгээс шийдвэр гаргах боломжгүй учраас энэ асуудал дээр тохиролцох боломжгүй байна.
Татвар төлөх хугацааг сунгуулах хүсэлтээ нэхэмжлэгч тал Татварын ерөнхий хуульд заасны дагуу энэ асуудлаар Татварын хэлтсийн даргад хандах эрхтэйг зөвлөж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мөнхийн гэгээвч” ХХК-ийн захирал М.Мөнхбат нь Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Цогтбаатарт холбогдуулан “Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 120020898 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч хэрэг үүсгэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор заасан.
Нэхэмжлэгч “Мөнхийн гэгээвч” ХХК-ийн захирал М.Мөнхбат нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нэхэмжлэгч “Мөнхийн гэгээвч” ХХК-ний захирал М.Мөнхбат нь Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Цогтбаатарт холбогдуулан “ Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 120020898 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мөнхийн гэгээвч” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА