Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0130

 

2020 оны 02 сарын 18 өдөр           Дугаар 221/МА2020/0130                          Улаанбаатар хот

Н.Н-н гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Б.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.Н-н гомдолтой, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 20.2.11, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч Н.Нээс Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.С-д холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.С-ийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Гомдол гаргагч Н.Н-т Монгол Улсын Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.С 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаартай шийтгэлийг оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25 дахь хэсэгт заасан “... ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй ...” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн аль зүйл заалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын нягтлан бодогч биелүүлээгүй талаар тодорхой дурдаагүй, нийтлэг байдлаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

Түүнчлэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч нар ажил үүргийн хувиар, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэдэг ба ерөнхий нягтлан бодогчид зөрчил оногдуулах үндэслэл болохгүй.

Мөн анхан шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.С-ийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгох бус актад дурдагдаагүй хуулийн зүйл заалтыг нэмэн гомдол гаргагчийг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдэл нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй гэж үзэж байна.

Учир нь О.Н-ын хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах явцдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын данснаас шууд 88,483,946 төгрөгийг татан авахдаа Иргэний нисэхийн ерөнхий газарт мэдэгдээгүй бөгөөд үүнтэй зэрэгцүүлэн О.Н нь Иргэний нисэхийн ерөнхий газарт шүүхийн шийдвэр биелүүлэх талаар өргөдөл гаргаж, хүсэлтийн дагуу Хууль, эрх зүйн газар өргөдлийг хянан хариу өгч 6,710,000 төгрөгийн суутгал хийж төлбөрт 11,020,055.20 төгрөгийн гүйлгээг хийсэн байдаг.

О.Н нь 2 газар өргөдөл гаргаж, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсний зэрэгцээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 88,483,946 төгрөгийг данснаас татан авахдаа мэдэгдээгүй зэрэг ойлгомжгүй нөхцөл байдлыг Монгол Улсын Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.С нь шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй бөгөөд шалган тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0013 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/00348 дугаар шийдвэрээр Иргэний нисэхийн ерөнхий газраас 19,383,928 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 249.520 төгрөгийг гаргуулж О.Н-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17291011/17291014 тоот тогтоолын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын данснаас суутган авч О.Н-д олгожээ.

Гэтэл шүүхийн шийдвэрээр О.Намбатад олгохоор шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны олговрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын дансыг битүүмжлэн суутган авсан байхад шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас олгох 19,383,928 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 249.520 төгрөгөөс 6,710,000 төгрөгийг суутган авч, дахин 11,020,055.20 төгрөгийг О.Н-н дансанд шилжүүлсэн байх бөгөөд тус гүйлгээний төлбөрийн даалгаварт тус газрын ерөнхий нягтлан бодогч Н.Н гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь нотлогдсон байна. Тиймээс гомдол гаргагчийн “ерөнхий нягтлан бодогч нь бусад нягтлан бодогчийн ажил үүргийн тодорхойлолт болон үйл ажиллагааны журмаар хүлээсэн үүргээ дутуу, муу хийсэн хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д “ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэлийг хуульчилсны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх ... актад дурдагдаагүй хуулийн зүйл заалтыг нэмэн гомдол гаргагчийг буруутгасан” гэх үндэслэлийн тухайд:

Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэлийн хуудсанд гомдол гаргагч Н.Н-т Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулснаа заалгүйгээр зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан байх боловч гомдол гаргагч Н.Н-т холбогдуулан үүсгэсэн зөрчлийн хэрэг нээхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 20.2.6, 20.2.11 дэх заалтуудыг үндэслэсэн байх тул гомдол гаргагчийг хуулийн уг заалтуудад заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.   Мөн, хариуцагчаас гомдлыг эс зөвшөөрч гаргасан татгалзлын үндэслэлдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх ...”,  20.2.11-д “өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах” зэргээр заасан ерөнхий нягтлан бодогчийн хүлээх үүргийг хангалттай биелүүлээгүй” гэж шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ тайлбарласан байна.

Давж заалдах гомдлын “эрх бүхий албан тушаалтан нь ... нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, ... О.Н нь 2 газар өргөдөл гаргаж, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн” гэх үндэслэлийн тухайд:

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д ““ерөнхий нягтлан бодогч” гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг” ойлгохоор заасан мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг байхаар заасан зэргээс үзвэл ерөнхий нягтлан бодогч нь тухайн байгууллагын гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах үүрэгтэй уг үүргийнхээ төлөө хариуцлага хүлээхээр томилогддог байх тул уг үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь зөв байна.

Учир нь энэ тохиолдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын дансыг битүүлжилж О.Н-д олгох олговрыг суутган авсан байх бөгөөд уг гүйлгээнд Н.Н гарын үсэг зураагүй боловч шүүхийн шийдвэрийг үндэслэн мөнгөн гүйлгээ хийхдээ өмнө нь уг шийдвэрийн дагуу мөнгө олгогдсон эсэх талаар хянаж, баталгаажуулах Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Н.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй..

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ