Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2025/0023

 

 

“Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, уур амьсгалын

өөрчлөлтийн сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:               М.Батсуурь

            Шүүгчид:                                 Г.Банзрагч

                                                                П.Соёл-Эрдэнэ

    Ц.Цогт                               

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

             Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0770 дугаар шийдвэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2024/0748 дугаар магадлалтай

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0056 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын “Х...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х...” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээлгэх”

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1.“... Тухайн үед улс орон даяар Ковид-19 цар тахал дэгдэж Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын онцгой комиссын 01 дүгээр тушаалаар онцгой байдлын улбар шар түвшинд шилжсэн, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоол гарч Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудаас бусад байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарласан. Улмаар Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол батлагдаж хөл хорио тогтоосон. Дээрх тогтоолууд хэрэгжсээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарснаар үндсэндээ бүтэн 1 жил 2 сар төслийн ажлаа эхлүүлэх боломжгүй байсан.

2.2.Хариуцагч талаас газар ашиглах эрхийг цуцлах мэдэгдэл ирүүлээгүй, өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг огт хийгээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл бүрдэж газар ашиглах эрхийг цуцалсан, хүчингүй болгосон гэсэн нь үндэслэлгүй.

2.3.Бид газраа ашиглахын тулд эхлээд “Х д” ХХК-аар аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг 30,000,000 төгрөгөөр зуруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж төсөл хэрэгжих талбайд мод бүхий ногоон байгууламжийг тусгасан. Бид 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектораар батлуулж, №М3Х2022/15-023 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраа авч, үүний дараа барилга, сантехник угсралтын ажил гүйцэтгүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай гэрээ хэлцлийн шатанд явж байна.

2.4.Бид газрын ашиглах эрх цуцлагдсаныг газрын төлбөрийн тооцоо нийлэх акт үйлдэх үед буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг олж мэдсэн. Бид дээрх хугацаанд газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу egazar.gov.mn дээр тавигдсан мэдээллээр холбогдох хууль тогтоомж, журмын дагуу 6,502,032 төгрөгийг төлж төлөлт бүрэн хийгдсэн. Иймд газрын төлбөр тооцоо нийлсэн №01113-2021/00422 тоот актаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь нотлогдоно. Ийм байтал газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй ...” гэх агуулгатай байна.

3.Хариуцагчийн хариу тайлбар:

3.1. ... Тушаалыг гаргахдаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22-793 дүгээр албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэсэн. ... Нэхэмжлэгч “Х...” ХХК нь тус газартаа үйл ажиллагаа явуулаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналаар тогтоогддог.

3.2. ... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулахдаа 21 буюу түүнээс дээш тооны этгээд байсан тул 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өдрийн сонин-ы Баасан гарагийн 6 дугаар нүүрт ... /зар/ байрлуулж 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3-т заасан үйл ажиллагааг явуулах талаар мэдэгдсэн. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй. ...” гэх агуулгатай тайлбар гаргав.

4.Хэргийн нөхцөл байдал:

4.1.”Х...” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Г...-д 20081 м.кв талбай газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон байна.

4.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “Х...” ХХК-д олгосон 2 га газар багтжээ.

4.3.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Өдрийн сонины 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баасан гарагийн дугаарын 6 дугаар нүүрт “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх аваад үйл ажиллагаа явуулаагүй, байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, Ой, усан сан бүхий газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгох жагсаалт”-ыг нийтлүүлж, уг зард 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3-т заасан үйл ажиллагааг явуулах талаар мэдэгдсэн байна.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

5.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1 дэх заалтыг баримтлан “Х...” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын “Х...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

5.2.1. ... Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ... дүүргийн ... дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Г...-д байрлах 20081 м.кв аялал жуулчлалын зориулалттай газрыг ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, үндэслэл бүхий гараагүйгээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх үзлээ.

5.2.2. … Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын буюу шийдвэрийн үндэслэлийн талаар тайлбар, санал гаргах боломж олгож, ийнхүү тайлбар, түүнд хамаарах баримтыг гаргах боломжит хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Уг шаардлагыг хангаж гаргасан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.

5.2.3.Гэтэл хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар, баримт ирүүлж болох хугацаа тогтоосон мэдэгдлийг газар ашиглах эрх авсан этгээдэд хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй байна гэж шүүх үзсэн. … Өдрийн сонины 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаарт нийтэлсэн гэх байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, ой, усан сан бүхий газартай давхцалтай үндэслэлээр ашиглах эрхийг дуусгавар болгох аж ахуйн нэгжийн жагсаалт бүхий сонсох ажиллагааны мэдэгдэл нь өөр өөр ашиглах эрх олгосон шийдвэртэй, өөр өөр байршилд, ашиглах эрхийг хүчингүй болгох өөр өөр үндэслэл заасан 57 аж ахуйн нэгжид хандсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх арга хэрэгсэлд хамаарахааргүй нөхцөл байдалд хуулийг буруу хэрэглэжээ. … Тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайлан хаягаар нь хүргүүлээгүй, өдөр тутмын хэвлэлээр мэдэгдсэнийг сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хийсэн гэж үзэхгүй.

5.2.4. ... Хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн, тооцоо нийлсэн актуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, шүүхэд эрхээ сэргээлгэхээр хандахаас өмнөх хугацаанд маргаанд хамаарах ... 20081 м.кв газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна. Тодруулбал хэрэв газар ашиглах эрхийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хүчингүй болсон гэж үзвэл 2023 оны 3, 4 дүгээр улиралд газрын төлбөрийн илүү төлөлттэй байна.

5.2.5.Хэдийгээр Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/866 тоотоор ирүүлсэн Х... ХХК 2022 оны газрын төлбөр төлөөгүй лавлагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа ашиглах эрхийг хүчингүй болгуулах саналын үндэслэл болгож, хариуцагч шийдвэрийн үндэслэл болгосон ч 2022 оны төлбөрийг ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас үүсгэсэн ногдлоор дүүргийн Татварын хэлтсээс үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу төлсөн, энэ үед газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг газар ашиглагчид хариуцагч байгууллага хуулиар тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй, хүргүүлээгүй байсан тул шийдвэр гарах үед газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй байсан, ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш нөхөж төлсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй биш байна.

5.2.6. ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалтаас үзвэл газар ашиглагчид сөрөг нөлөөлөл бүхий уг шийдвэрийг гаргах бол газар ашиглах эрх авснаас хойш хуанлийн 2 ба түүнээс дээш жилийн хугацаанд, зориулалтаар нь ашиглаагүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх нөхцөл хуулиар тавигдаж байна. Нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ аялал жуулчлалын цогцолбор барихаар нийслэлийн ерөнхий архитектораар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МЗХ2022/15-023 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлтийн хязгаарын схем зураг батлуулж, уг төлөвлөлтийн дагуу “Х д” ХХК-ийн боловсруулсан аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг ерөнхий архитектораар батлуулж, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 15/00901/22 дугаартай цахилгаанаар хангуулах техникийн нөхцөлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас авч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2021/Б-49 дугаартай байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ батлуулж, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээр 2022 оны 4-6 дугаар сард археологийн хайгуул судалгааны ажил, мөн тус академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгээр 2022 оны 6 дугаар сард угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажил тус тус хийлгэж дүгнэлт, тайлан гаргуулсан байх ч хариуцагч шийдвэр гаргахдаа эдгээр үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл, бодит нөхцөл байдлыг огт харгалзаагүй, энэ талаарх тайлбар өгөх, баримт гаргах боломжийг олгоогүй буюу сонсох ажиллагаа хийгээгүйгээс шийдвэр нь үндэслэл бүхий гараагүй байна.

5.2.7.Түүнчлэн анх газар ашиглах эрхийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авах үед болон түүнээс хойших хугацаанд буюу 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Засгийн газрын тогтоолоор шилжсэн байх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, хязгаарлагдсан нийтэд илэрхий нөхцөл байдлыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох эсэхийг харгалзаагүй нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэх нөхцөл боллоо. Цаашлаад энэ хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг тооцсон ч хуанлийн 2 жилийн хугацаа хүрэхгүй...” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:

6.1.1. ... Хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын төлбөр төлсөн, тооцоо нийлсэн актуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ... 2023 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуусталх хугацааны газрын төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчээс тус үйл баримтыг үгүйсгэж маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүхээс ... маргааны үйл баримтад холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.

6.1.2.Учир нь маргаан бүхий акт нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан байх атал нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гарснаас хойших хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газрын төлбөрийг нөхөж төлсөн үйл баримт нь  газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг шийдвэр гарах үед бүрэн төлөөгүй байхад ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш нөхөж төлсөн байхад шүүх түүнийг төлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

6.1.3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсноос хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгохтой холбоотой Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байх хугацаанд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэхийг харгалзаагүй, ...газар дээрээ аялал жуулчлалын цогцолбор барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлтийн хязгаарын схем зураг батлуулж, уг төлөвлөлтийн дагуу аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг ерөнхий архитектораар батлуулж, цахилгаанаар хангуулах техникийн нөхцөлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас авч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ батлуулж, археологийн хайгуул судалгааны ажил, угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажил тус тус хийлгэж дүгнэлт, тайлан гаргуулсан байх ч хариуцагч шийдвэр гаргахдаа эдгээр үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл, бодит нөхцөл байдлыг огт харгалзаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.1.4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт гаргуулсан, мөн нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулсан, Хамгаалалтын захиргаанд дахин хандсан зэрэг үйл баримтууд нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн урьдчилсан нөхцөлийг үгүйсгэхгүй. Мөн УБЦТС ТӨХК-аас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр техникийн нөхцөл авсан боловч 1 жилийн хүчинтэй байх хугацаанд цахилгааны холболт хийлгээгүй, мөн архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлуулсан байх бөгөөд үүнээс хойш 1 жилийн хүчинтэй хугацаа өнгөрсөн, энэ нь газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл болохгүй.

6.1.5.Маргаан бүхий захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх зөрчлийг шалгаж тогтоосон болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаартай албан бичиг, хээрийн судалгааны ажлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.1.6.Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-т хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах; 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж тус тус заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг Өдрийн сонины 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаарт гаргасан байх тул захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй. ...” гэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.1.Нэхэмжлэгч өмгөөлөгч Ө.Э 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд манай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, мөн хуулийн 25-р зүйлд заасан нотлох баримт цуглаагүй шийдвэр гаргасан тул Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж маргасан.

7.2.Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1 болон 27.2.2-д заасныг тайлбарлан хэрэглэхэд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь захиргааны шийдвэр үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдэд чиглэгдсэн тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэх бөгөөд нэг шийдвэр гаргах ажиллагаагаар өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр иргэн хуулийн этгээдэд чиглэгдсэн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд тухай бүрд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулах ёстой. Гэтэл тухайн тохиолдолд өөр өөр байршилд газар ашиглах эрх бүхий хэд хэдэн газар ашиглагчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хуулийн өөр өөр үндэслэлээр хүчингүй болгож байгаа тохиолдолд нэг захиргааны шийдвэр гаргах ажиллагаагаар нэгтгэн явуулж, нэг шийдвэрээр бөөнд нь шийдвэрлэх боломжийг Захиргааны ерөнхий хуулиар зөвшөөрөөгүй.

7.3.Гагцхүү салгах боломжгүй, нэг ижил үндэслэл, баримтаар гаргах гэж буй нэг шийдвэр гаргах ажиллагааны үр дүн нь 21 буюу түүнээс дээш этгээдийн эрхийг нэгэн зэрэг хөндөж буй тохиолдолд шийдвэр гаргах ажиллагааг нэг дор явуулж сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-д заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах эрхтэй. Харин бусад тохиолдолд гарах гэж буй шийдвэрийн улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд тус бүрд мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулж шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах нь захиргааны байгууллагын үүрэг байна.

7.4.Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1, 27.2.2-д заасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тайлбарласан нь хэвээр үлдвэл захиргааны байгууллагууд сонсох ажиллагааг явуулахгүйн тулд хэдий өөр нөхцөлд, өөр байршилд, өөр үндэслэлээр, өөр өөр этгээдүүдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргаж буй хэдий ч түүнийг хурааж бөөгнүүлж байсаар 21 буюу түүнээс дээш тоотой болгомогц хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэлбэр төдий мэдээлсэн байдлаар явуулж иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасаар байх болохоор байна.

7.5. ... ”Х...” ХХК нь газар ашиглах эрхийн төлбөрийг төлөх үед түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгдээгүй. Дээр дурдсанаар сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй тул мэдэх боломжгүй. Мөн 2023.08.10-ны өдөр газрын төлбөр төлж байхад ч энэ талаар мэдэгдээгүй, төлбөр төлж болж байсан.

7.6.Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” мөн хуулийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан. Хариуцагч шийдвэрээ мэдэгдсэн талаар баримт хэрэгт огт байдаггүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тийм баримт байхгүй болохыг хүлээн зөвшөөрдөг.

7.7.Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн газрын албатай газрын төлбөрийн талаар тооцоо нийлэх акт үйлдэхээр хүрэлцэн очих үедээ өөрийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал гаргасан болохыг олж мэдсэн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д зааснаар тухайн тушаал 2023.12.07-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Иймээс нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх хүчинтэй байх хугацаандаа газар ашиглах эрхийн төлбөрийг төлсөн тул давж заалдах шатны шүүхийн: магадлалд хийсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

7.8.Захиргааны ерөнхий хуулийн 46.1 болон мөн хуулийн 43.1-д заасны хэрхэн тайлбарлаж хэрэглэх нь цаашлаад захиргааны байгууллагын гаргасан шийдвэрээ мэдэгдэх гардуулах, түүний эрх зүйн үр дагаврыг танилцуулсан хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байна.

7.9. ... Магадлалын хянавал хэсгийн 4.1-д ... Улсын дээд шүүхийн тайлбарыг хэт явцууруулан буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Барилгын тухай хуулийн 4.1.20. “барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг хэлнэ гэж заасан. ... Өөрөөр хэлбэл барилгын баримт бичиг батлуулах, магадал хийлгэх, барилга байгууламжийн техникийн нөхцөл авах, Археологийн түүхийн авран хамгаалах судалгаа хийлгэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг нь бүгд барилгын үйл ажиллагааны нэг хэсэг байна.

7.10.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 748 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх агуулгатай байна.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0056 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-д 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10.Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулж буруу тайлбарлан хэрэглэсэн, ижил төстэй хэрэг маргаанд Улсын дээд шүүхээс тайлбарласан агуулгаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11.Хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагааны журам”-ыг зөрчсөн эсэх талаарх маргааны тухайд:

11.1.Өдрийн сонины 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баасан гарагийн дугаарын 6 дугаар нүүрт “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх аваад үйл ажиллагаа явуулаагүй, байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, Ой, усан сан бүхий газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгох жагсаалт”-ыг зарлаж, тухайн жагсаалтад орсон нийт 57 этгээдэд хандаж 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3-т заасан үйл ажиллагааг явуулах талаар мэдэгдсэн, хариуцагчаас “... 21 буюу түүнээс дээш тооны этгээд байсан тул энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журамд нийцсэн” гэж маргасан, анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг асуудлаар өөр өөр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс хууль хэрэглээний зөрүү үүссэн байна.

11.2.Энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа явуулах” зохицуулалтын агуулга, зорилгыг тайлбарлах замаар түүнийг зөв хэрэгжүүлэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтооход зорив.

11.3.Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа буюу аливаа захиргааны шийдвэр нь “зорилгодоо нийцсэн”, “бодит нөхцөлд тохирсон байх” ерөнхий зарчмыг баримтлахаар Захиргааны ерөнхий хуульд заасан, эдгээр ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх арга журмыг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэх зэргээр тусгайлан заажээ. Түүнчлэн, захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасан байна.

11.4.Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон эдгээр журмууд нь захиргааны байгууллага шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг урьдчилан бодитоор зөв тогтоох, үүний тулд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг “сонсох”, ингэснээр гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байдлаар гарах нөхцөлийг бүрдүүлэх агуулгыг илэрхийлнэ.

11.5.Үүнээс үзэхэд, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд “оролцогчийг сонсох” зорилго нь нэг талаар тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлэх, баримт гаргах болон учир шалтгаанаа тайлбарлах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгох, нөгөө талаас захиргааны байгууллагад “зорилгодоо нийцсэн”, “бодит нөхцөлд тохирсон”, хууль ёсны шийдвэр гаргахад туслах агуулгатай гэж үзэхээр байна.     

11.6.Иймд захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа”-ны журмыг хэрэгжүүлэхдээ дээрх агуулга, зорилгын хүрээнд бодитой үр дүнд хүрэхүйц байдлаар зохион байгуулах ёстой бөгөөд энэ маргааны хүрээнд хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагааны журам”-ыг дараах байдлаар зохих ёсоор, зөв хэрэгжүүлээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

11.7.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах; 27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д “Ижил утгатай өргөдөл, гомдол гаргасан 20 ба түүнээс дээш этгээд дундаасаа төлөөлөгчөө томилж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож болно” заасан, хуулийн эдгээр зохицуулалтын “сонсох” этгээдийн тоо нь 20 эсхүл 21 хүрсэн эсэхийг дээр дурдсан сонсох ажиллагааны агуулга, зорилгын хүрээнд тодорхойлно.  

11.8.Тодруулбал, захиргааны байгууллагаас гаргах гэж буй тухайн шийдвэрийн агуулгад хамаарах нөхцөл байдлыг зөв тогтоох зорилгын хүрээнд нэг цаг хугацаанд ижил үйл баримтаар нэгэн зэрэг холбогдсон бөгөөд үндэслэл нь ижил нэг шийдвэрийн үр дагаварт өртөж буй олон этгээдүүдийн тоо 21 хүрсэн тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ уг хуулийн 27.2.2-т заасан журмыг баримтална, энэ шалгуурыг хангаагүй, өөр өөр үйл баримттай, тус тусдаа үр дагавар үүсгэх, үндэслэл нь ялгаатай шийдвэрүүд гаргах тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй.       

11.9.Энэ тохиолдолд, хариуцагчаас  Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг баримталж “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх аваад үйл ажиллагаа явуулаагүй”, “байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй”, “Ой, усан сан бүхий газартай давхцалтай” зэрэг өөр өөр үндэслэлтэй, нөхцөл байдал нь ялгаатай 57 иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг жагсааж, өдөр тутмын сонинд зар хэвлүүлсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагааны мэдэгдэл” хүргүүлэх зохицуулалтад нийцээгүй, хуулийн зохицуулалтыг буруу хэрэгжүүлсэн гэх үндэслэл мөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

11.10.Давж заалдах шатны шүүх энэ хуулийн зохицуулалтыг агуулга, зорилгын хүрээнд бус, тоон утгын шалгуураар тайлбарласан нь буруу, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй байхад ... давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн” гэх агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хүлээн авах нь зүйтэй. 

12.Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа”-ны журмыг дээрх байдлаар буруу хэрэгжүүлсэн, сонсох ажиллагааны мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлээгүйн улмаас захиргааны шийдвэр “бодит нөхцөл байдалд тохирсон” байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

12.1.Тодруулбал, “газрын төлбөр төлсөн эсэх” асуудлаар буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт зөрчигдсөн эсэх талаар хариуцагч нь сонсох ажиллагааны хүрээнд тодруулах боломжтой байсан, нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гарснаас хойш буюу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газрын төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлийг анхан шатны шүүх “...  2022 оны төлбөрийг ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас үүсгэсэн ногдлоор дүүргийн Татварын хэлтсээс үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу төлсөн, энэ үед газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг газар ашиглагчид хариуцагч байгууллага хуулиар тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй, хүргүүлээгүй байсан, ... газрын төлбөрийг маргаан бүхий акт гарсны дараа буюу нөхөн төлснөөр нэхэмжлэгчийн зөрчил арилсан” гэж дүгнэсэн нь буруу биш.

13.Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөлийг коронавируст халдварт цар тахлын үеийн маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн, цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн үеийн хугацаанд аливаа үүрэг биелүүлээгүй гэх үйл баримттай холбоотой маргаанд уг нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох талаарх хяналтын шатны шүүхийн өмнө шийдвэрлэсэн хэргүүдийн хуулийг тайлбарлан хэрэглэсэн дүгнэлтээс зөрүүтэй дүгнэлт хийжээ.

13.1.Тодруулбал, нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар ... дүүргийн Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Г...-д 20081 м.кв талбай газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон, энэ цаг хугацаанд коронавируст халдварт цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтож, онцгой нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүний улмаас газар эзэмших эрх авснаас хойш 2 жилийн дотор газрыг эзэмших, ашиглах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн үндэслэл, тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй, энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан хамаарна. Ижил төстэй хэргийн үйл баримттай маргаануудад хуулийг тайлбарлан хэрэглэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудад[1] энэ талаар тодорхой дүгнэсэн байна.  

13.2.Түүнчлэн, нэхэмжлэгч нь газар эзэмших эрх авснаас хойш тухайн газар дээрээ аялал жуулчлалын цогцолбор барих зорилгоор архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлтийн хязгаарын схем зураг, аялал жуулчлалын цогцолборын загвар зураг зэргийг хийж батлуулсан, цахилгаанаар хангуулах техникийн нөхцөл, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, дүгнэлт, тайлан гаргуулсан зэргээр эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан зэрэг нөхцөл байдал нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болно, ижил төстэй хэрэг маргаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тайлбарлан хэрэглэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолуудад[2] энэ талаар тодорхой дүгнэлтүүд хийсэн байна.

13.3.Иймд “давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

14.Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2024/0748 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.БАТСУУРЬ  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                       Ц.ЦОГТ

                                                                                               

 

[1]М… ХХК ба Ховд аймгийн Засаг дарга 125/2023/0052/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0076, “Б...” ХХК ба, Ховд аймгийн Засаг дарга, 125/2023/0054/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0096

[2]“Н...” ХХК ба, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/, 128/2025/0125/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0001, М...” ХХК ба, Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, 114/2022/0010/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2023/0030, “Д...” ХХК ба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 128/2016/0509/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2019/0115