Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 52

 

 

Б.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол,

Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, 201507000170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ж овогт Б-ийн П- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.П-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Б.П- нь хохирогчийн биед санаатай хүнд гэмтэл учруулах гэсэн санаа зорилго байхгүй байсан. Хохирогч Б.Б нь Б.П-ын цээж рүү өшиглөж энэ үед П- арагшаа савж унан дахин цохих гээд байхаар нь гартаа тааралдсан зүйлээрээ зүүн шанаан тус газар нь цохисон гэдэг. Шүүгдэгчийн биед тодорхой хэмжээний зулгаралтууд үүссэн байдаг. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Хохирогчийг тоосгоор цохисон гэж үзэж байгаа боловч гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь хэргийн материалд нотлох баримт болон эд мөрийн баримтаар бэхжигдсэн зүйл байхгүй байгаа. Тоосгоор цохисны улмаас үүссэн гэмтэл эсэх, арагш савж унасны улмаас үүссэн гэмтлийн алин болох нь эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Шүүгдэгч “хохирогч миний хамар руу цохиод цус гаргасан. Би цусаа угаагаад сууж байтал миний цээжин тус газар өшиглөн намайг хойшоо савж унагаасан. Газар унасан хойно миний дээрээс цохих гээд байхаар нь гарт таарсан тоосгоо аваад шанаан тус газар нь цохисон” гэж мэдүүлсэн. Хохирогчийн “юу болсон талаар би санахгүй байна. Явж байгаад шуудууны хажууд гараа угаахаар нь алив бос дэлгүүр хаалаа мөнгөө” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн биед шарх сорви, үүссэн байгаа нь араггүй хамгаалалт хийсэн нь нотлогдож байна. Шүүгдэгч Үндсэн хуульд заасан 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан эрхээ хамгаалсан. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг удирдлага болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгийг харахад хохирогч Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсан. Гэнэтийн аюултай байдал бий болж өөрийгөө гэнэтийн халдлагаас хамгаалсан гэх үйлдэл нотлогдохгүй байна. Хохирогчийн мэдүүлэг хөтөлбөргүй байсан. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчид ямар гэмтэл учирсан болох нь нотлогдож, тогтоогдоогүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй. Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.П- нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Б-тай маргалдаж, улмаар түүний ар талаас, толгойн баруун чамархай хэсэгт тоосгоор цохиж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан  үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Б.П-ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”  гэмт хэргээр зүйлчилж, энэ зүйл хэсэгт заасан хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.П- нь Л.Б-ын хууль бус довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалах зорилгоор гэмтэл учруулсан тул аргагүй хамгаалалт гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн цохиулсан эсхүл савж унасны улмаас гэмтэл учирсан нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Л.Б-ын зүгээс Б.П- руу аюултай халдлага хийсэн, уг халдлага бодитой болон дуусаагүй үргэлжилж байсан, энэ үед Б.П- аргагүй хамгаалалтын байдалд орж хариу арга хэмжээ авсан гэх нөхцөл байдал, мөн Б.П- нь Л.Б-ын толгойн хэсэгт тоосгоор цохиж гэмтэл учруулснаас өөрөөр Л.Б уг гэмтлийг авсан гэх үйл баримт тус тус тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн үйл баримтын талаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан “Б.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Б.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ГАНЗОРИГ