| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2024/00239/И |
| Дугаар | 208/МА2025/00027 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 208/МА2025/00027
Б.*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 150/ШШ2025/00005 дугаар шийдвэртэй
Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн харилцаан дахь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З******* /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.
1.Хөдөлмөрийн харилцаан дахь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шүүхээр тогтоолгох
2. ...Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохих журмын дагуу, Засгийн газрын тогтоол бусад холбогдох журмын дагуу ******* ******* ХХК-д хуулийн ахлах мэргэжилтнээр сонгон шалгарч ажилд томилогдсон. Дотоод журмын дагуу ажилд 02 сарын туршилтын хугацаагаар томилсон. Үүнээс цаашаа Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар жинхлээд явдаг журамтай. Үүний дагуу би ажилд томилогдсон. Гэтэл үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчөөд ажил олгогчийн санаачилгаар гэрээг дуусгавар болгочихсон. Гэтэл туршилтын хугацаанд юуг туршиж үзсэн, юу нь дээр болохгүй байсан, яагаад ажлаас чөлөөлөгдсөн мэдэгдэл, тайлбар ч байхгүй. Гэв гэнэт туршилтын хугацаа дуусгавар болсны дараагаар жинхлэх тушаалаа шаардахаар ийм тушаал гарч ирсэн. Энэ нь хоёр талын маргаан дагуулдаг. Ажил олгогч шийдвэр гаргагч маань Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хуулийн хэлтсийн нэгжийн даргын саналыг үндэслэж шийдвэр гаргах ёстой. Гэтэл нэгжийн дарга чинь татгалзсан санал оруулж ирсэн гэдэг. Ямар үндэслэлээр татгалзаад байгаа юм бэ захирлаа би ажлаа нэг ч хоног таслаагүй, нэг ч цаг хоцроогүй, удирдлагаас өгсөн бүх тайлан энэ байна. Хуулийн хэлтсийн дарга хүлээгээд авчихсан. Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хуулийн хэлтэс хамаардаг. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга дээр орж уулзахаар би дөнгөж саяхан ажлаа авсан. Аль аль талдаа хэцүү байна. Нэгдүгээрт Хөдөлмөрийн дотоод журамд хуулийн хэлтсийн нэгжийн даргын саналыг үндэслэн томилохоор заасан байдаг. Гэтэл нэгжийн дарга татгалзаад байдаг. Манайд ур чадвар, үйл ажиллагааны үнэлгээг, туршилтын хугацаанд юуг үнэлж үзэхийн гэдэг журам боловсруулагдаагүй юм байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор ороод хэн нь үнэн яриад байгааг шийдээд ороод ирэх үү гэсэн тайлбарыг өгсөн. Үүний дагуу шүүх хуралдаанд Хөдөлмөрийн эрх зөрчиж, хөдөлмөрийн тодорхой заалтуудыг зөрчөөд туршилтын хугацааг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан мэтээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах үндэслэл тогтоогдоогүй байхад 80 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
1. Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй
2. ...Компанийн зүгээс ажилтан, ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад эрх зүйн баримт бичгээр зохицуулдаг.
Ажил олгогч ******* ******* ХХК-ийн зүгээс иргэн Б.*******тай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №ХГ-ЦҮ/24-15 дугаартай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2 сарын хугацаатай байсан.
Туршилтын хугацаанд Б.******* нь ажил үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасны дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд Б.*******ы хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өдрийн Б/649 дугаартай тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, үндэслэл бүхий тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 150/ШШ2025/00005 дугаартай шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдох хөдөлмөрийн харилцаан дахь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 .1ахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
...Анхан шатны шүүхээс 2024.12.27-ны өдөр хянан хэлэлцэж 150/ШШ2025/00005 дугаартай шийдвэр гаргасныг миний бие өөрийн биеэр анхан шатны шүүхээс 2025.01.11-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч хуулийн дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* миний бие, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд хариуцагч Төрийн өмчийн ******* ******* ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн харилцаан дахь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс миний гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн дээрх 150/ШШ2025/00005 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсэгт ... Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч байгууллагад холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаандби ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, харин ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа жичдээ нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх тул энэ шаардлагаасаа татгалзаж байна. гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. гэж бичсэн байх боловч миний хувьд уг шүүх хуралдаан дээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэхдээ нэхэмжлэлийн аль нэг шаардлагаасаа татгалзаж байна гэдгийг огт хэлээгүй юм. Энэхүү нөхцөл байдал нь шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс илтэд зөрүүтэй байдлаар бичигдэж миний эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж байна.
Би өөрийн амаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... Цалин, олговрын талаарх нотлох баримтаа бүрдүүлж чадахгүй байна. Учир нь хариуцагч байгууллагаас нэхэхээр гаргаж өгөхгүй байгаад байна.Одоо нэгэнт шүүх хурал эхэлчихсэн болохоор яахаа сайн мэдэхгүй байна. Жичдээ бүрдүүлж өгөх юм болов уу яадаг юм бол. Уг нь намайг анх 2024.06.26-ны өдөр ажилд томилсон Б/416 тоот тушаал дээр сарын үндсэн цалинг 2,686,824 төгрөг гэж байгаад байгаа учраас энэ баримтаар цалин хөлс олговрыг тооцох боломжтой гэж ойлгож байна гэдгээ л илэрхийлсэн. Гэтэл миний хэлснийг гуйвуулан өөрчилж нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан байгаад гомдолтой байна. Ингэж бичих нь хууль зөрчсөн үйлдэл байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх надаас тодруулж асуулгүй, нэхэмжлэлийн шаардлагаас яг татгалзаж гэж хэлээгүй байхад ингэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа юм.
2.Анхан шатны шүүхээс миний дээрх нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг үнэлэхдээ хуульд насан шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй зүйлсийг /тухайлбал, хуулийн хэлтсийн дарга П.З******* өөрийн цахим шуудангийн хаягнаас над руу миний ямар хаягаар, хэрхэн яаж надад мэдэгдсэн нь тодорхойгүй, би огт үзээгүй, хараагүй, сонсоогүй, мэдэхгүй зүйлийг хэрэгт хавсаргасан. Энэ нь өөрөө нотлох баримтын шаардлагыг хэрхэн яаж хангаж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, уг мэйл нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хангалттай үндэслэл мөн эсэх нь ч тодорхойгүй. Мөн анхан шатны шүүхээс үндэслэл болгосон нотлох баримтуудын жагсаалт-ын 2 дахь догол мөрөнд ... Б.*******ыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахад мэргэжлийн ур чадвар, хувийн зан байдлын хувьд тэнцэх эсэх талаар хамт олны болон харилцдаг нэгжийн санал гэж хуурамч, эрх зүйн үндэслэлгүй, хэзээ, хэний баталсан шийдвэрээр баталгаажсан журмыг баримталж санал авч байгаа нь тодорхойгүй, ийм төрлийн үйл ажиллагаа, үнэлгээ явуулах журам байхгүй байхад цөөн хэдхэн хүний санал авсан гэх боловч энэ нь намайг ажил үүргээ хэвийн зохих ёсоор гүйцэтгэж байхад ийм санал асуулга явуулаагүй, хожим буюу намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ийм баримт үйлдсэн байсныг шүүгч нотлох баримтаар үнэлжээ. Эсрэгээрээ харин Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2024 оны 08 дугаар с арын 31-ний өдрийн 07/01-03/023/01 дугаартай Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Албан шаардлагын Б.-ийн 1.-д: Ажилтны мэргэжлийн ур чадвар, хувийн зан байдлыг үнэлэх үнэлгээний журмаа боловсруулж мөрдүүлээгүй нь хууль зөрчсөн байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож байна. Энэ баримтыг шүүгч огтоос үнэлж дүгнээгүй, мөн няцаагаагүй.
3.Нэхэмжлэгч Б.******* намайг анх ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудад хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Тухайлбал намайг анх ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтыг баримтлаагүй. Байгууллагын гүйцэтгэх захирлын 2024.08.28-ны өдрийн Б/649 дугаартай "Б.*******ы хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 810.1.1-80.1.6-д заасан аль нэг үндэслэлийг тодорхой дурдаагүй, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг чухам ямар үндэслэлээр цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар тодорхой үндэслэл тушаалд дурдаагүй байгаа нь тушаалын хууль зүйн үндэслэл муутай, ойлгомжгүй, хуульд нийцээгүй, тодорхой бодит шалтгаангүй шийдвэр болжээ гэж үзэж байна. Гэтэл энэ асуудлыг шүүхээс хууль зүйн үндэслэлтэйгээр огт дүгнээгүй, тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаагүй байна гэж үзэж байна. Миний хувьд 2024.08.26-ны өдөр туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлтсийн дарга П.З*******т өгсөн бөгөөд хэлтсийн дарга миний тайлантай холбогдуулан надаас нэг ч удаа тодруулга, тайлбар аваагүй, тайланг хэрхэн дүгнэсэн талаар надад огт мэдэгдээгүй, хожим шүүхэд ирүүлсэн миний тайлан дээр өөрийн гараар эрээчсэн зүйлсээ хэлтсийн даргын албан ёсны санал, дүгнэлт гэж үнэлүүлсэн байгаад гомдолтой байна.
4.Мөн шүүхээс хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024.08.28-ны өдрийн Б/649 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиас бусад хуулийг зөвхөн Улсын Дээд Шүүх тайлбарлана гэснээс өөрөөр тайлбарлаж хэрэглэжээ. Тухайлбал, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалт энэ маргаанд хамаарахгүй гэж дүгнэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулан тайлбарлажээ. Гэтэл бодит байдал дээрээ ажил олгогчийн хувьд өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл нь Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож байгаа, ажилтан мэргэжил, ур чадвар нь тэнцэхгүй гэж дүгнээд байгаад гол утга учир нь оршиж байна гэж үзэж байна. Гэтэл энэхүү санаа, хүсэл зоригийг нь шүүгч буруугаар тайлбарлаж, зүв зүгээр байж байгаад туршилтын хугацаа дуусахаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Гэтэл туршилтын хугацаа дуусах нь байнгын ажлын байран дахь хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт огтоос биш юм. Харин ч эсрэгээрээ туршилтын хугацаа дууссан тохиолдолд хууль, гэрээ, журамд зааснаар нэг бол туршилтын хугацаа бүхий хөдөлмөрийн гэрээний хугацааг хуульд зааснаар 3 сар хүртэлх хугацаагаар ахин нэг удаа сунгах, аль эсхүл ажилд жинхлэн томилохгүй болсон талаарх шийдвэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.1-80.1.6-д заасан үндэслэлийн аль тохирох заалтыг үндэслэн шийдвэр гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
5.Нөгөөтэйгүүр ажил олгогчийн зүгээс 2024.08.26-ны өдөр нэгэнт дуусгавар болсон гэрээг 2024.08.28-ны өдөр тушаал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн 17 цаг 00 минутыг дуустал ажил үүргээ зохих ёсоор хэвийн гүйцэтгэж цалингаа авсан байдлыг шүүх үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.
6.Мөн хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрт саналын эрхтэй 5 гишүүний 3 нь ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн байхад шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нотлох баримтаар үнэлж дүгнээгүй, маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг нотлох баримт болгож үнэлээгүйд гомдолтой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.*******ы 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн давж заалдах гомдолтой танилцаад түүний давж заалдах гомдол үндэслэлгүй тухай дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1.******* ******* ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.*******ыг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар туршилтын хугацаагаар ажилд томилж, түүнтэй 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ХГ-ЦҮ/24-15 Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2 сар гэж маш тодорхой заасан. Тиймээс Б.*******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасантай нийцсэн хугацаатай хөдөлмөрийн гэрээнд үндэслэсэн харилцаа юм. Энэ нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасантай нийцнэ.
Тиймээс Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйл Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл 78.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно, 78.1.3 хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж тус тус заасны дагуу буюу хуульд заасан үндэслэл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалтын хүрээнд ажлын тайлан, нэгжийн даргын саналыг харгалзан шийдвэрлэгдсэн тул Б.*******ы хууль ёсны аливаа эрх ашгийг зөрчөөгүй буюу түүнийг ажлаас халах шийдвэрийг ажил олгогч гаргаагүй тул түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
2.Б.******* гомдолдоо Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/649 дүгээр тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслээгүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилтны хувьд 80.1-80.6-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалж, дуусгавар болгох зохицуулалттай хольж үндэслэлгүй гомдол гаргасан бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.Анхан шатны шүүхээс Б.*******ы гомдолд үндэслэлтэй дүгнэлт хийж түүний гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хамаарахгүй, 78 дугаар зүйлийн 78.1.3 хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх заалтад хамаарч байгаа, туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтны хувьд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах, нөгөө талаас шинээр ажил орж байгаа ажилтныг ажлын байранд тэнцэх эсэхийг ажил олгогч шалгах эрхтэй талаар зөв дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.
4.Б.*******ы гомдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах тухай шаардлагатай байх боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн эрхийг болон хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой үндэслэл, тайлбар дурдаагүй байгаа нь түүний гомдол үндэслэлгүй байгааг харуулж байна.
Дээрх үндэслэлүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Б.*******тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/649 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй, Сэлэнгэ аймгийн сайхан сум дах сум дундын шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байгаа тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай үйлдвэр маань сонгон шалгаруулалт хийж туршилтаар ажиллуулсан. Гэхдээ туршилтаар ажиллуулахдаа ямар хугацаанд, ямар шалгуур үзүүлэлтээр ажиллуулах журмыг батлаагүй. Энэ байдал нь хүний эрхийг зөрчиж байна гэдгийг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тогтоочихсон. Миний зүгээс ажлаа цаг хугацаандаа хийгээд явж байхад туршилтын хугацаа дууссан гэсэн үндэслэл гаргаж ирээд ажлаас чөлөөлсөн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Анхан шатны шүүхээс миний дээрх нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй зүйлсийг үндэслэл болгосон. .... хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрт саналын эрхтэй 5 гишүүний 3 нь ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн байхад шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нотлох баримтаар үнэлж дүгнээгүй, маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг нотлох баримт болгож үнэлээгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай зүгээс давж заалдах гомдол үндэслэлгүй талаар тайлбараа шүүхэд өгсөн. Манай компани нэхэмжлэгчтэй 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2 сарын хугацаанд туршилтын хугацаанд ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Туршилтын 2 сарын хугацаагаар ажиллуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал гарч уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ 2 арын хугацаагаар байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 51.2-т хугацаатай хөдөлмөрийн гэрээ буюу туршилтын хугацаагаар ажиллуулах талаар зохицуулалттай. Туршилтаар ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгч нь ажилчидтай ёс бус харьцдаг, үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн гомдлууд удаа дараа ирж байсан. ... Үнэлгээ хийх журмын талаар тайлбар хэлэхэд мэдлэг ур чадвар нь ажилд тэнцэхгүй тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож болдог. Хамт олны санал аваагүй гэж байсан 22-ны өдөр туршилтын хугацааг дуусахаас өмнө харилцааг дуусгавар болгох, үүргийг өгсөн 23-ны өдөр өгсөн үүрэг даалгаврыг нотлох баримтаар гарган өгсөн. Тиймээс холбогдох ажилтнуудаас санал ав гэсэн үүргийн дагуу тухайн саналыг н.Галбадрах дарга саналтай танилцаж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Хавтаст хэргээс иш татаж няцаалт хийхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг ажил олгогчид олгосон эрхийг дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.*******ы нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан Хөдөлмөрийн харилцаан дахь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тус компани нь хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалын ажлын байранд Б.*******ыг туршилтаар ажиллуулахаар 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар Б.*******ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ заримаас татгалзаагүй байхад татгалзсан гэж шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй гэж тайлбарлажээ.
4.Хэргийн үйл баримтын талаар:
Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/416 дугаартай тушаалаар Хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн албан тушаалд туршилтын 2 сарын хугацаагаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажил олгогчоос 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/649 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 78 дугаар зүйлийн 78.1.9, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 3.4.2.3, 3.4.2.10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалт-ыг баримтлан Б.*******ы туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 87, 105/
5.Талууд туршилтын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлтэй эсэх болон нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг үндэслэсэн ажил олгогчоос өөртэй нь байгуулсан гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа бол 80 дугаар зүйлийн тохирох заалтыг баримтлах байсан тул ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй иргэний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан гэж маргажээ.
6.Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. гэж, мөн хуулийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж тус тус заасан бөгөөд гэрээг сунгах эсэх асуудал нь зохигчийн хүсэл, зоригоос хамаарч хэрэгжихээр хуульчилжээ.
Хөдөлмөрийн тухайн хуульд хөдөлмөрийн гэрээг хугацааны байдлаар нь хугацаатай ба хугацаагүй гэсэн төрөлд авч үздэг бөгөөд туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай гэрээний төрөлд хамаардаг.
Ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулдаг бөгөөд ажил олгогчоос гэрээг цаашид сунгах шаардлагагүй гэж хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.*******аас туршилтын гэрээний хугацаа гэрээ дуусах үед гэрээний хугацааг сунгах талаар ажил олгогчид хүсэлт гаргаагүй байх ба гэрээг хуульд заасан хугацаагаар гэрээг сунгах үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2 сарын хугацаа дууссан тул мөн хуулийн 78.1.3-т зааснаар нэхэмжлэгтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.Нэхэмжлэгч Б.******* нь ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажил олгогч шийдвэрээ гаргах байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох зохицуулалт нь өөр өөр ойлголтууд болохыг тайлбарлах нь зүйтэй.
Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөх олговор тооцон гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан гэж шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн хүсэл зоригоос өөрөөр дүгнэсэн алдаа гаргасан байх боловч нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй тухай шаардлага хангагдаагүй тул дээрхи үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.
8.Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 150/ШШ2025/00005 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******ы давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.ДАВААРЕНЧИН