Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 00097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

                        Улсын яллагч                                  Э.Гантулга

                        Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                                   Иргэний нэхэмжлэгч                         Н.Цт

                        Шүүгдэгч                                             Б.Тб, Б.Сб нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Тб, Б.Сб нарт холбогдох 1832001450073 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 10 дугаар сарын 24-нд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 200000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэх /шийтгэх тогтоолын хуулбар хувь хэрэгт хавсаргаагүй/, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигин овогт Баасанхүүгийн Тб.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Засаг дарга ажилтай, * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Бты Сб.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Тб, Б.Сб нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг “Ар гахайт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Тб шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Сб шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд дэлгэрэнгүй ярьсан учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Цт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 онд Мандал сумын засаг даргын захирамжийн дагуу ой хээрийн хуурайшилт болон бичил уурхайн эрхлэгчдийн хуулийн дагуу хяналт тавих зорилгоор Мандал сумын цагдаагийн хэлтэс, Байгаль Орчны хяналтын тасаг, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан нэгдсэн постыг Мандал сумын 1-р баг Ар гахайтад гаргасан байгаа. 2018 оны 8 дугаар сарын 15-нд байх Тэрэгтийн Ар гахайт гэх газар ямар ч зөвшөөрөл олгогдоогүй талбайд эрүүл газарт нэг эксковатор нүх ухаад орчихсон байсан. Асууж тодруулахад Бт гэдэг хүн би бол мэдэхгүй намайг ух гэсэн гээд эксковатороо далд ортол ухаад орчихсон байсаныг зураг авж баталгаажуулаад хэргийн газрын үзлэг хийгээд техникүүдийг битүүмжлээд буцаж ирээд цагдаагийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүлж өгсөн байгаа. Одоо бол Байгаль Орчинд учруулсан хохирлоо төлчихсөн байгаа учраас иргэний нэхэмжлэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Тухайн газрыг булаад тэгшилсэн байгаа боловч биологийн нөхөн сэргээлт хийгдээгүй. Техникийн нөхөн сэргээлт хийгдсэн гэв.

Иргэний нэхэмжпэгч Н.Цт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Ар гахайтад байрлах нэгдсэн постны алба хаагч нарын ажлыг хүлээлцүүлэхээр явах үед замд буюу Гахайтад эрүүл газар дээр нэг эксковатор газар ухаад орхичихсон байсан. Тэгээд би зөвшөөрлийн бичиг баримтыг нь шалгахад зөвшөөрөл байгаагүй. Зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа гэсэн хариултыг Б.Бт хэлсэн. Тэгээд би тэр газарт нь хэргийн газрын үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлэн авч эксковаторын удирдлагыг нь авч, тэнд байсан тээврийн хэрэгслийг нь битүүмжилж Б.Бтаар гарын үсэг зуруулсан. … Газрын хэвлийд халдсанаар байгаль экологид ямар хэмжээний хохирол учруулсныг тогтоосон мэргэжлийн байгууллагын үнэлгээний тайлан гарах байх тухайн үнэлгээнд заасан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/

Гэрч Б.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тухайн үед би тэр Оогий гэх залуугаас уг газрын зөвшөөрлийн бичиг баримтыг асуухад Төмөрөө, Сб хоёр хөөцөлдөж байгаа 2 хоногийн дараа бичиг баримт нь ирнэ санаа зоволтгүй ух гэхээр нь уг газрын хөрсийг ухсан юм. … Тухайн үед Оогий, Баяраа 2 уг газрыг тусгай зөвшөөрөлтэй Б.Сб, Б.Тб хоёр одоо аваад ирнэ гэж байсан. Тэр үед ашигт малтмал олборлоогүй, алт байгаа эсэхийг тодорхойлохоор нэг л шүрүүп тавьж газар ухсан нь үнэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-39-р хуудас/

Гэрч Б.Бр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэр үед би Тб ахыг байхгүй үед нь техник болон эд зүйлүүдийг нь харж байсан бараг л манаач гэхэд болно. Тухайн үед би ууланд очоод бараг л сар болсон байх би яг сайн тэр өдрийнхөө он, сарыг санахгүй байна ямар ч байсан намайг майхан дотор унтаж байтал гэнэт эксковатор ажиллаад эхэлсэн тэгээд би майхнаас гарч ирж харчихаад тухайн үед нээх юм тоогоогүй байж байтал гэнэт дрон нисээд орж ирсэн. Тэгээд араас нь удалгүй цагаан машинтай хүмүүс ирээд эксковаторын удирдлагыг хурааж аваад яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-р хуудас/

Байгаль Орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: … иргэн Б.Тб, Б.Сб нарын эвдсэн талбай 176,4 м2 буюу 0,02 га хэмжээтэй ухсан нүхийг булж тэгшилсэн байдалтай байсан байна. … Б.Тб, Б.Сб нарын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 176.4 м2 /0,02га/ талбайн эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээг бэлчээрийн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласнаас үүдсэн хохирлын үнэлгээгээр тооцлоо. … Голын гольдрол өөрчлөөгүй, ойн болон усан санд хохирол учруулаагүй байна. Хууль бус үйл ажиллагаагаар иргэн Б.Тб, Б.Сб нарын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 17754 төгрөг болж байна. Тус талбайг булж тэгшилсэн байсан учраас техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ тогтоох боломжгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 63-73-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн хохирол тооцох тухай акт /ХХ-ийн 80-р хуудас/

 

Б.Сб гэрчээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нөхөрлөл байгуулах гэрчилгээ авч орой нь Мандал суманд ирж байгаль орчны хяналтын дарга Ж.Волоожтой өчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны орой Ар гахайтаас хурааж ирсэн эксковаторын удирдлагыг асуухад 2-3 хоногоос больё гэж хэлсэн. Тэгээд би Засаг дарга Н.Лхагвадорж руу нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн албан бичиг бичиж Ж.Отгонзоригоор оруулж уулзуулахад Байгаль орчны хяналтын тасагт хуулийн дагуу шийдвэрлэ гэж цохилт хийсэн байсан. Тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа Ж.Отгонзориг, Байгаль Орчны хяналтын тасгийн дарга Ж.Волоожтой уулзахад 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс өмнө зөвшөөрөлтэй газруудад нөхөн сэргээлтээ хийгээд буу гэсэн албан бичиг хүргүүлсэн байгаа. Ийм болохоор одоо та хугацаандаа амжихгүй гэж хэлсэн. 2019 онд шийдэж өгнө гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрөл бүтэхээ больж Ар гахайтад үйл ажиллагаа явуулахаа түр зогсоох болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43-р 97-98-р хуудас/

Б.Тбын гэрчээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … би 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед байхаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн засаг дарга Б.Сб гэх залуугийн хамт Сэлэнгэ аймаг руу явж ашигт малтмал олборлохоор Мандал сумын харъяат 9 хүний гишүүнтэй нөхөрлөл байгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ар гахайтын постонд гарч байсан байгаль орчны залуу Э.Тамиртай уулзаж бичиг баримтаа бүрдүүлж байгаагаа үзүүлж танилцуулаад газар дээрээ ганц шүрүүп тавьж үзье гэж Э.Тамираас зөвшөөрөл авч эксковаторын жолооч Б.Бт шүрүүп тавих газраа зааж өгсөн. … 2018 оны 08 сарын 22-ны өдөр эксковаторын жолооч Б.Бт ах эксковаторын удирдлага хурааж аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Б.Сб руу залгаж Байгаль орчин болон цагдаагаас хойшоо газар дээр хүмүүс очиж эксковаторын удирдлага хураагаад аваад явсан байна гэж хэлсэн чинь Б.Сб за за би нөхөрлөлийнхөө бичиг баримтаа авч очоод эксковаторын удирдлагыг авна гэж хэлсэн. … Тэгээд удалгүй над руу цагдаагаас ярьж байна та хүрээд ир гэж ярьсан. … Нөхөрлөлийн бичиг, баримт болон гэрчилгээ байна. Тэрнээс яг тэнд ухах эрхийн бичиг байхгүй бүрдүүлж амжаагүй байх хугацаанд ийм асуудал боллоо гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45-р хуудас, 95-96-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 33-34-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 26-28-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Б.Тбын иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 99 дүгээр хуудас/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 107 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Сбын иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 100 дугаар хуудас/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 106 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 104 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Б.Тб, Б.Сб нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг “Ар гахайт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэм буруутай болох нь: Иргэний нэхэмжпэгч Н.Цтын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Ар гахайтад байрлах нэгдсэн постны алба хаагч нарын ажлыг хүлээлцүүлэхээр явах үед замд буюу Гахайтад эрүүл газар дээр нэг эксковатор газар ухаад орхичихсон байсан. Тэгээд би зөвшөөрлийн бичиг баримтыг нь шалгахад зөвшөөрөл байгаагүй. Зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа гэсэн хариултыг Б.Бт хэлсэн. Тэгээд би тэр газарт нь хэргийн газрын үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлэн авч эксковаторын удирдлагыг нь авч, тэнд байсан тээврийн хэрэгслийг нь битүүмжилж Б.Бтаар гарын үсэг зуруулсан. … Газрын хэвлийд халдсанаар байгаль экологид ямар хэмжээний хохирол учруулсныг тогтоосон мэргэжлийн байгууллагын үнэлгээний тайлан гарах байх тухайн үнэлгээнд заасан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/, Гэрч Б.Бты мөрдөн байцаалтанд өгсөн “...Тухайн үед би тэр Оогий гэх залуугаас уг газрын зөвшөөрлийн бичиг баримтыг асуухад Төмөрөө, Сб хоёр хөөцөлдөж байгаа 2 хоногийн дараа бичиг баримт нь ирнэ санаа зоволтгүй ух гэхээр нь уг газрын хөрсийг ухсан юм. … Тухайн үед Оогий, Баяраа 2 уг газрыг тусгай зөвшөөрөлтэй Б.Сб, Б.Тб хоёр одоо аваад ирнэ гэж байсан. Тэр үед ашигт малтмал олборлоогүй, алт байгаа эсэхийг тодорхойлохоор нэг л шүрүүп тавьж газар ухсан нь үнэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-39-р хуудас/, Гэрч Б.Брын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэр үед би Тб ахыг байхгүй үед нь техник болон эд зүйлүүдийг нь харж байсан бараг л манаач гэхэд болно. Тухайн үед би ууланд очоод бараг л сар болсон байх би яг сайн тэр өдрийнхөө он, сарыг санахгүй байна ямар ч байсан намайг майхан дотор унтаж байтал гэнэт эксковатор ажиллаад эхэлсэн тэгээд би майхнаас гарч ирж харчихаад тухайн үед нээх юм тоогоогүй байж байтал гэнэт дрон нисээд орж ирсэн. Тэгээд араас нь удалгүй цагаан машинтай хүмүүс ирээд эксковаторын удирдлагыг хурааж аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-р хуудас/, Байгаль Орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 63-73-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн хохирол тооцох тухай акт /ХХ-ийн 80-р хуудас/, Б.Сбын гэрчээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 42-43-р 97-98-р хуудас/,

-'й


 Б.Тбын гэрчээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 44-45-р хуудас, 95-96-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 33-34-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 26-28-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг   яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Тб, Б.Сб нарыг бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг “Ар гахайт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Сб нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу уг гэмт хэрэгт хамжигч хэлбэрээр оролцсон болох нь хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Б.Тб, Б.Сб нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тб, Б.Сб нарт дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Тб, Б.Сб нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... шүүгдэгч нар Байгаль орчинд учруулсан хохирлоо төлчихсөн байгаа учраас иргэний нэхэмжлэгчийн зүгээс  нэхэмжлэх зүйлгүй. Харин тухайн газрыг булаад тэгшилсэн байгаа боловч биологийн нөхөн сэргээлт хийгдээгүй. Техникийн нөхөн сэргээлт хийгдсэн ... гэж мэдүүлсэн ба эрүүгийн хавтаст хэрэгт биологийн нөхөн сэргээлт хийх талаар нэхэмжилсэн нотлох баримт авагдаагүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, хохирол төлбөр төлөгдсөн гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сбод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тбт урьд 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 149 дугаартай “шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх /цагдан хорих/ тухай “ шүүгчийн захирамжаар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Уг захирамжийн дагуу шүүгдэгч Б.Тб нь цагдан хоригдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй  болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Баасанхүүгийн Тб, Боржигон овогт Бты Сб нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тбыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, Б.Сбыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биологийн нөхөн сэргээлт хийлгэх тухай иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сбод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тбт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.