Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 948

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр         Дугаар 181/ШШ2016/00948           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 10-143а тоотод оршин суух, Чонос овогт Алтанхуягийн Даваадалай /РД:ФМ87061974/-н гаргасан

  

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Баттулгыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие А.Даваадалай 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ц.Баттулгатай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, Улаанбаатар хотоос Ховд аймгийн Алтай суманд Komatsu, 220 маркийн Эксковаторыг хүргэж өгч, хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу буцаан тээвэрлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнг 10,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд тээвэрлүүлэгч тал гэрээний төлбөр 2,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 7,500,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон хэдий ч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэх үндэслэлээр Ц.Баттулгаас 7,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.  

Гэтэл Ц.Баттулга нь хаягандаа байдаггүй болохыг засаг дарга тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Даваадалай нь хариуцагч Ц.Баттулгыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан           шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.  

 

Ц.Баттулга нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Даваадалайтай байгуулсан тээврийн хэрэгсэл түрээсэлж явсан тухай тохиролцоо хэрэгт авагдсан байх тул уг тохиролцоогоор шаардсан А.Даваадалайгийн нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.    

 

Ц.Баттулга нь тээврийн хэрэгсэл түрээсэлж явсан тухай тохиролцоо хийсэн үеийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 68 байр, 35 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.   

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Боржигон овогт Цэдэнпилийн Баттулгыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Цэдэнпилийн Баттулга /РД:ДЖ79072311/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Боржигон овогт Цэдэнпилийн Баттулгыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 64,800 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Ө.УЯНГА