Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2025/00028

 

*******тэйн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 316/ШШ2025/00137 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******тэйн ******* ХХК,

Хариуцагч Р.*******, Р.******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Р.*******аас 15,000,000 төгрөг, Р.*******ас 30,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч нарын өмгөөлөгч М.Г нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

... Манай "*******тэйн *******" ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ИТХ-ын 2012 оны 12 сарын 22-ны өдрийн дугаар 60-р тогтоолоор , орчмын ойн сангийн 81, 82, 83, 86, 103, 105-р хэсэглэл, нийт 4210 га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж байдаг. Эдгээр хэсэглэлүүдээс 103-р хэсэглэлд хуш модны самрын нөөцтэй бөгөөд үүнийгээ ойн дагалт баялгийг ашиглах эрхийн зөвшөөрөлтэй компаниудад сумын Ойн анги болон ЗДТГ-тай байгуулсан гэрээний дагуу бэлтгүүлдэг.

2020 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт болох Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 2.6, 2.13-р заалтуудыг үндэслэн манай "*******тэйн *******" ХХК өөрийн эзэмшлийн ойн сангаасаа үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүх боломжтой юм гэдгийг мэдэж сумын ИТХ, Ойн анги, Засаг дарга нарт албан бичиг өгч хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл сумын холбогдох байгууллагууд хуулийн мэдлэггүйгээс үүнийг үл хүлээн зөвшөөрч манай зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт өгсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 08/7300 тоот Зөвлөмжөөр ойн сан эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэх боломжтой гэснийг үндэслэн 2021 онд манай "*******тэйн *******" ХХК, "Сэлэнгэ мөрөн байгаль далай" ХХК сумын Засаг дарга, Ойн ангитай гэрээ байгуулан компани тус бүр дээр 20, 20 тонн хэмжээний самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхээр гэрээ байгуулсан. Ингээд Хил хамгаалах Ерөнхий газар, хандан 7 хоног хөөцөлдсөний эцэст 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дугаар 1552 тоот Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгогдож, Ойн сандаа очтол манай компанийн түүх ёстой самрыг ******* *******, ******* ******* нар аль хэдийн хүмүүс гаргаад түүж байсан.

Ингээд би Р.*******аас яаж машин хоосон буцхуу гээд түүсэн самрыг нь аван эд мөрийн баримтаар *******т авчирсан. Гэтэл эгч дүү нар надад ирж энэ самар *******гийнх биш бид нар хоол унд хийж зөрүүд нь сольж авсан самар гээд мөнгийг нь өгөхийг хүссэн. Би манай ойн сангаас түүсэн учир бид хураамжаа аван гээд зараад тодорхой хэмжээний хураамж аваад бусдыг мөнгийг дүү нарт нь шилжүүлсэн.

Ингээд 2 хонож байтал манай талаас гаргасан бригадын хүмүүс энэ ******* байнга дарамталж байна, самар түүлгэхгүй байна гээд утсаар хэлж байсан. Би очъё гээд 2 хонож байтал тэд нар буугаад ирсэн. Ингээд би ******* болон ******* нарыг аймгийн Прокурорт гомдол гаргасан.

Учир нь манай "*******тэйн *******" зөвшөөрлөө хөөцөлдөн арай хийж нэг юм бүтээгээд очтол ******* сумын Хилийн застав Р.*******тай гэрээрхүү юм хийгээд хүмүүсийг самар түүх хугацаанаас өмнө нь гаргасан байдаг. Ингээд цагдаагаар шалгагдаж байгаад эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх саналтайгаар Прокурорт хүргүүлсэн гэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Б. Оын 413 тоот хариу мэдэгдэх хуудсаар 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр надад ирүүлсэн. Ингээд Р. *******, Р. ******* нар тухайн газартаа хуулийн дэмжлэгийг авсан учир үргэлжлүүлэн самар олборлосоор байсан тул 2022 оны 3 сарын орчим би ******* сумын Цагдаад гомдол гарган тэднийг татан буулгасан.

Ингээд манай хоёр компани самаргүй болсон тул шүүхээр сумын Төрийн сангаас самрын хураамжид тушаасан хураамж болох 32 сая төгрөг 00 мөнгө, бас тэмдэгтийн хураамжид төлсөн 2 сая төгрөгөө гаргуулан авсан. Заа ингээд энэ явдал өнгөрч...

2022 онд бас самар ургалаа. Гэтэл Р. ******* надтай гуанзанд уулзая гэхээр нь уулзлаа. Тэгээд надад Хөвсгөлөөс ирсэн 100 гаруй хүн байна. Танай ойн санд оруулаад би авчирсан кг самар тутмаас 30 хувийг нь чамд өгье гэсэн. Ингэхээр нь би зөвшөөрч Хилийн цэргийн 0243-р ангид хүсэлт гарган бичиг баримтаа хөөцөлдсөөр Р. *******ыг хүмүүстэй нь оруулсан.

Дээр нь манай хамаатан болох *******, нар ирж самар худалдан авахаар ирэхээр нь тэднийг Р.*******ыг холбож, оруулж ирсэн кг самар бүрээс 30 хувийг нь авахаар тохирч гэрээ хийн Р.*******д ЗИЛ-131 машин авч өгүүлсэн.

Гэтэл эхний самар оруулж ирснээ ашгийг өгөөгүй байсанаа дараагаас нь бас өрөө дарж эхэлсэн. Тэгснээ ашгаасаа өгөхгүй гэж авгайтайгаа нийлэн өгөхгүй гэж гүрийж эхэлсэн. Ингээд манай хамаатан хоёр самрын ченжээс мөнгийг нь авсан учраас 8 гаруй тонныг оруулж тэдэнд өгсөн. Манай компанид ганц кг самар өгөөгүй, ганц төгрөгийн ашиг өгөөгүй. Харин надаас элдэв дэмжлэг авсныхаа төлбөрийг ч өгөөгүй. Иймээс 10 гаруй тонн самрын 30 хувь 15 сая төгрөг болж байна. Үүнийг Р.*******аас нэхэмжлэх нь зүйтэй юм аа.

Р.*******ы дүү Р.******* болохоор ямар учиртай нэхэмжлэлд өртөв өө гэхээр 2022 онд Р.*******ыг ойн сандаа оруулсан байтал дүү Р.******* нь надтай уулзан бас л хувь тохирч орох гэж байнга гуйж байсан. Гэтэл Р.*******д хэлтэл миний дүү юм даа, оруулаад бид хоёр тохиролцоод явчих байх гэхээр нь бас ******* сумын баахан иргэд нийлсэн хүмүүстэй бригадыг оруулж өгсөн. Гэтэл Р.******* нь намайг хуурч, өөр самрын ченж болох эмэгтэйд самраа өгөх зориулалтаар гарсан юм билээ. Ингээд тэр ойгоос шөнө дөлөөр худлаа элдэв бус аргаар самраа тэр эмэгтэйд өгч байсан юм билээ.

Тэр үед ******* сумын дэлгүүрт Р.*******, түүний эхнэр хоёртой таарч яагаад самраа өгөхгүй байгаа талаар асуутал эхнэр намайг элдвээр хараан доромжилж байсан. Р.Галсандагвын эхнэрийг ******* сумын цагдаад гомдол гаргасан. Энэ самрын асуудлаар бид ******* сумын Экологийн цагдаад гомдол гаргасан боловч таг чиг болсон.

Хариуцагч Р.*******ас надтай гэрээ байгуулан манай компанийн ойн сангаас бусдад хулгайгаар самар бэлтгэж өгч байсныг үндэслэн их ашиг олсон гэж үзэн 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Р.******* хариу тайлбартаа:

...Б.*******гийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, хүнд ойлгогдохгүй байна. Би ямар нэгэн байдлаар хууль зөрчиж нэхэмжлэгчид хохирол учруулсан зүйл байхгүй. Тиймээс Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.******* хариу тайлбартаа:

Р.******* би Б.*******д ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй, түүний газраас самар түүж бэлтгэсэн зүйл байхгүй. Намайг хууль бус үйлдэл хийсэн эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаад бусдад хохирол учруулсан, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл хийгээгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 316/ШШ2025/00137 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "*******тэйн *******" ХХК-ийн хариуцагч ******* ******* /РД: **************/, ******* ******* /РД: **************/ нарт холбогдуулан гаргасан "Р.*******аас 15,000,000 төгрөг, Р.*******ас 30,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай" нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Манай "*******тэйн *******" ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн Р.*******, Р.******* нарт холбогдуулан гаргасан 45 сая төгрөгийн нэхэмжлэл, бас олон удаагийн самар түүх үйлдлээр байгаль орчинд үлэмж хэмжээний хог хаягдал үүсгэж байгаль орчинд хор хохирол учруулсныг шүүхээр нэхэмжилсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дах Сум Дундын Иргэний хэргийн анхан шатны 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 316/ШШ2025/00137 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч манай талын нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг биелүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулснаас үүдэн шийдвэр нь ингэж гарлаа.

Угаасаа энэ хэрэгт холбоотой манай хамаатан болох *******, Б хэмээх нараас гэрчийн мэдүүлэг авах, Р.******* тэдэнд хичнээн тонн самар бэлтгэж өгснийг тооцож гаргах, бас ******* нь тэр самар гарсан өвлийнхөө 12 сарын 30 хүртэл бусад хүмүүсээр самар түүлгэн тэд нь "******* нэгдсэн зар" фейсбүүк хуудсан дээр бичсэнийг нотлох баримтаар хэрэгт оруулсан байтал шүүхэд гаргасан нотлох баримтын хүсэлтийг хийлгэлгүйгээр хурал явуулж, бас Галсандагвын самар түүж байсан дээрх баримтыг үл авч үзэн хариуцагч талд давуу байдал үүсгэж шүүхийн шийдвэр гаргалаа.

Мөн байгаль орчинд хог хаягдал үүсгэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хэлэлцсэнгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр шүүхэд зайлшгүй гаргаж өгөх нотлох баримтыг бүрдүүлээгүй шүүх хуралдаан явууллаа.

Эдгээр нотлох баримт нь Р.******* болон Р.******* нарын манай компанийн ойн сан болох 103-р хэсэглэл буюу Хэрцээс самар түүж бусдад худалдан борлуулж ашиг олсны гол нотлох баримт болох юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж давж заалдаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.

...Хамгийн гол нь миний зүгээс анхан шатны шүүх дээр нотлох баримт гаргуулах, н.Б, н.******* хоёрыг гэрчээр асуулгаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Хариуцагч нар нь манай ойн сангаас самар түүгээд тухайн 2 хүнд худалддаг байсан. Анх н.******* надад 10,000,000 төгрөг өгнө гэж ярьсан байсан ч сүүлдээ өгөхгүй гээд манай хамаатнууд надаас 10,000,000 төгрөгөө нэхээд эхэлсэн. н.******* манай ойн сангаас 8 тонн гаруй самрыг худалдсан. Энэ мөнгөний маргаанд 2 хариуцагчийн гэр бүл хамааралтай учраас хариуцагчийн гэр бүлийнхнийг нь хамтран хариуцагчаар татах шаардлагатай. Хариуцагч нар нь манай ойн сангаас самар түүгээд өөр хүмүүст зарж байсан гэдгийг нотлохын тулд гэр бүлийн хүнийг нь хамтран хариуцагчаар татан, дансны хуулгыг нь гаргуулах шаардлагатай байна. Тиймээс эдгээр нотлох баримтыг бүрдүүлэх үүднээс хэргийг анхан шатны шүүхэд буцаах хүсэлттэй байна. Хариуцагч нар нь өмнө нь манай ойн санд зөвшөөрөлгүйгээр орж самар түүж байсан. Мөн олон иргэд оруулж их хэмжээний хог хаягдал хаяж байсан. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэрэгт нотлох баримтуудыг бүрдүүлэн хэргийг дахин шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гомдол нь ойлгомжгүй, юу ямар мөнгө нэхээд байгаа нь тодорхойгүй учраас хууль зүйн тайлбар өгөх ямар боломжгүй. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа н.******* манай хамаатанд самар түүж өгөх ёстой байсан бөгөөд 10,000,000 төгрөг өгөх ёстой байсан тэр мөнгийг нь би авмаар байна. Мөн ******* 10,000,000 төгрөг хийсэн юм чинь н.******* түүнээс илүү мөнгө хийсэн байх гэсэн тайлбар нь огт ойлгомжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дан нэхэмжлэгч талын хүсэлтээр явж байсан бөгөөд нотлох баримт нь бүрдээгүй болохоор нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар хэзээ билээ манай ойн санд хог хаясан тэр мөнгийг нь би гаргуулж авна гэсэн хүсэлт гаргахаар нь шүүх хэрэгт хамааралгүй байна гэж үзээд хангаагүй. Гэтэл тухайн шийдвэрт нь гомдол гаргаад л явж байна. Хариуцагч нарын зүгээс гаргасан тайлбартаа бид нар нэхэмжлэгчийн ойн санд самар түүхээр нэг удаа очиход ямар ч самар байхгүй учраас самар түүгээгүй гэдэг. Мөн энэ асуудлаар цагдаагийн байгууллага шалгаад самар түүгээгүй байна, асуудалгүй гээд тогтоочихсон. Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж шалгуулсан ч ижил хариу өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тэр баримтаа ч авахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй. Хавтаст хэрэгт хэн бичсэн нь мэдэгдэхгүй зар авч ирээд тухайн баримтыг үнэлүүлэх хүсэлт гаргасан. Хавтаст хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэргийг анхан шатны шүүх рүү буцахаар нь хүмүүсийг хамтран хариуцагч татаад, хамаатан нараасаа нотлох баримт аваад хариуцагч нараас мөнгө гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч төлөөлөгч Б.*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******тэйн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч *******тэйн ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн Р.*******, Р.******* нарт холбогдуулан гэрээний үүрэг Р.*******аас 15,000,000 төгрөг, Р.*******ас 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь *******тэйн ******* ХХК-ийн гэрээгээр эзэмшдэг ойн санд ургасан самрыг бэлтгүүлэхээр хариуцагч нартай тохиролцож самрыг түүж бэлтгэж олсон ашгийн 30 хувийг өгөхөөр тохиролцсон боловч тохиролцооны дагуу мөнгөө төлөөгүй тул хариуцагч нараас тохиролцсон мөнгөө авах хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарладаг бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу шаардах эрхтэй боловч *******тэйн ******* ХХК-ийн захирал Б.******* нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх нотлох баримт бүрэн бүрдээгүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь түүний эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

4. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар:

Нэхэмжлэгч *******тэйн ******* ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан, найман гишүүнтэй, захирал Б.******* нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, тус компани нь мал аж ахуй, байгалийн баялаг ашиглах, жимс ногоо боловсруулах, хадгалах, мод модон эдлэл үйлдвэрлэх, гадаад дотоод худалдаа, үсчин гоо сайхны үйлчилгээ, бөөний худалдааны үйлчилгээ эрхлэх зэрэг 7 төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэл дэх бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдсон байна.

Нэхэмжлэгч *******тэйн ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* сумын засаг даргатай Хуш модны самар түүж бэлтгэх гэрээ /хх-ийн 24-28 тал/ байгуулсан ба уг гэрээний дагуу 30 тн самрыг ******* сумын нутаг дэвсгэр болох Хэрц гэх газрын 103 дугаар хэсэглэлээс түүж бэлтгэхээр тохиролцсон байна.

Уг гэрээний дагуу самар түүж бэлтгүүлэхээр ******* сумын иргэн Р.*******, Р.******* нартай Бригадын ахлагч /жолоочтой/ байгуулах хөдөлмөрийн гэрээг /хх-ийн 14 тал/ байгуулсан ба Р.*******тай /хх-ийн 13 тал/ 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Р.*******тай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар тохиролцсон байна.

Хариуцагч Р.*******тай байгуулсан гэрээний агуулга нь ...Тухайн компаний газраас самрыг бэлтгэж уулын үнээр захиралтай тооцоо нийлэх ба ашгийн 30 хувийг захирал Б.*******д өгнө... гэж, Р.*******тай байгуулсан гэрээний агуулга нь ...Р.******* нь *******тэйн ******* ХХК болон бусад компаний самрыг бэлтгэж нийлүүлэхдээ уулын үнээр худалдан авч, ******* сум дахь төвийн ханшаар нийлүүлэх ба зөрүү үнийн дүнгийн 70/30 хувь гэж тохиролцон Б.*******тэй хувааж авна.. гэж, тус тус тохиролцсон байдал дээрх гэрээгээр нотлогджээ.

Дээрх хуш модны самар бэлтгэх гэрээ, бригадын ахлагчтай хийх гэрээнүүдийн дагуу самар бэлтгүүлэхээр нэр бүхий хүмүүсийг хилийн зурвас бүсэд нэвтрүүлэхээр Хилийн цэргийн 0243 дугаар ангид *******тэйн ******* ХХК нь удаа дараа хүсэлт гаргаж нэрсийн жагсаалтыг гаргаж, мөн 2022 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд сумын орлогод ургамал ашигласны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, самрын үнийг тушааж байсан банкны орлогын ордерын хуулбар баримтуудыг ирүүлсэн.

Түүнчлэн *******тэйн ******* ХХК-ий захирал Б.******* нь он сар өдөр тодорхойгүйгээр ******* сумын экологийн цагдаа Н.Эрдэнэбаатарт хандан Р.*******, Р.******* нар нь өөртэй нь байгуулсан гэрээгээ зөрчиж самар нийлүүлээгүй, хулгайгаар самар бэлтгэсэн гэсэн утга бүхий өргөдөл гаргуулж шалгуулсан, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Б.Оаас 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 413 тоот хариу мэдэгдэх хуудсаар Р.******* нар нь тухайн компаний эзэмшлийн ойн сан болох Хэрц гэх газраас хуш модны самар түүсэн нь тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт саналаа хүргүүлсэн талаар мэдэгдсэн байна. /хх-ийн 42 тал/

Хариуцагч Р.******* Р.******* нар нь шүүхэд Б.*******гийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, хүнд ойлгогдохооргүй байна. Бид хүнд ямар нэгэн байдлаар хууль зөрчиж нэхэмжлэгчид хохирол учруулсан зүйл байхгүй гэсэн тайлбарыг ирүүлжээ.

*******тэйн ******* ХХК нь 2022 онд ******* сумын засаг даргатай ******* сумын нутаг дэвсгэр Хэрц гэх газрын 103 дугаар хэсэглэлээс 30 тн самрыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бэлтгэх, түүнд тохирсон хураамж төлбөрийг зохих байгууллагуудад төлөхөөр, гэрээний дагуу уг хураамж төлбөрүүдээ төлсөн, уг самраа бэлтгүүлэхээр хариуцагч Р.*******, Р.******* нартай тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Харин зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж үзэхэд дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч нар Хэрцийн 103 дугаар хэсэглэлийн ойн санд нэвтэрч ямар хугацаанд хир их хэмжээний буюу хэдэн тонн хуш модны самар бэлтгэсэн эсэх нь тодорхойгүй, самраа уулын үнээр тооцно гэж байгаа боловч энэ нь хэдэн төгрөг болох, мөн бэлтгэн нийлүүлэх тохирсон хэмжээний самрыг хариуцагч нар бэлтгэсэн эсэх, бэлтгэх самраас хэдий хэмжээний самрыг нийлүүлсэн, ******* сумын төвд самрыг тээвэрлэн авчирсан тохиолдолд хэдэн төгрөгөөр тооцох, хариуцагч нар нь хэдий хэмжээний самар бэлтгэж хэдэн төгрөгийн цэвэр ашиг олсон болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******тэйн ******* ХХК нь /захирал Б.*******/ гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Р.*******аас 15,000,000 төгрөг, Р.*******ас 30,000,000 төгрөг тус тус гаргуулах шаардлага нь нотлоогүй, хариуцагч нарын самар түүж бэлтгэсэн орлогыг хэрхэн, ямар тооцоо судалгаанд үндэслэсэн тогтоож улмаар ашиг олсон гэж нэхэмжилж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй дээрхи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба түүний шаардлага хийсвэрлэн бодсон, их ашиг олсон гэж үзэж таамагласан байдалтай байна.

*******тэйн ******* ХХК нь яг ямар үйл ажиллагааг явуулдаг эсэх нь тодорхойгүй, тогтмол үйл ажиллагаа явуулж жил бүр Татварын байгууллагад тайлангаа гаргаж өгч байсан баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул компани олох байсан орлого ашгаа алдсан гэдгийг шүүхээс дүгнэн үзэх боломжгүй байна.

6. Давж заалдах гомдлын талаар:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, нотлох баримтыг хангалттай бүрдүүлэх эрхийг хангаагүй тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь:

*******тэйн ******* ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан ба үүнээс хойш анхан шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн ба уг хугацаанд нэхэмжлэгч компанийн захирал Б.******* нь удаа дараа хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх шийдвэрлэж ирсэн бөгөөд гэрч н.*******, н. нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуралдааны шатанд уг хүсэлтээ урьд нь гаргах бололцоотой байсан үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, тэрээр нотлох баримт шинээр гаргаж өгөх, гэрч асуулгах боломж түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хангалттай байсан хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нотлох баримт гаргах эрхийг шүүхээс хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

7. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 316ШШ2025/00137 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 316ШШ2025/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 382,950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Б.ЭРДЭНЭХИШИГ