Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 208/Ма2025/00029

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 150/ШШ2025/00073 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагч С.*******

Нэхэмжлэлийн шаардлага: 52,165,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Эд хөрөнгөнд учирсан хохирлын төлбөр, 19,665,000 төгрөг, миний техникийг ашиглан олсон ашгийн тал хувь болох 32,500,000 төгрөг нийт 52,165,000 төгрөг гаргуулах

2. Миний бие Д.******* нь 2021 оны 09-р сарын 07-ны өдөр ХАА-г дэмжих сантай БелТТ-21/112-04 тоот Трактор, хөдөө аж ахуйн техник зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 135,000,000 төгрөгний үнэ бүхий газар тариалангийн техник хэрэгсэл авсан. Тухайн техник хэрэгсэл нагац ах болох М.*******ын маань эзэмшилд байх үед С.******* нь худалдан авахаар санал гарган Сэлэнгэ аймгийн Орхон суманд очиж уулзсан байсан. Ингээд ах маань надаас С.*******т зарах эсэх талаар асуусан ба миний бие урьдчилгаа 35.000.00 төгрөг өгөөд техникүүдээ авч болно 2022.09.09-нд төлөх зээлийн төлөлтийг хугацаанд нь хийснээр нэр дээр чинь зээлийг шилжүүлж өгье гэж тохирон түүнд бүх техникээ хүлээлгэн өгсөн. Гэтэл С.******* урьдчилгаа мөнгөө 3 хувааж төлөн техник хэрэгслийг маань хавар, намар хэрэглэчихээд 2022.09.09-ний өдөр төлөх зээлийн төлөлтийг хийгээгүй. ХАА-г дэмжих сангаас надруу удаа дараа ярьж зээлээ төлөхийг шаардаж байсан тул миний бие өөрөө зээлээ төлж барагдуулсан. Ингээд нагац ах М.*******таа "С.*******аас техникүүдээ аваарай, би өөрөө зээлээ төлөөд дууссан... гэж хэлсэн. Ингээд ах маань С.*******аас техникүүдээ авах гэтэл өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж авсан байсан. Гэтэл буцаан авсан техникүүд маань маш их эвдрэлтэй байсан тул бидний хувьд маш их хохиролтой зүйл болсон. Тухайлбал хадуур бол миний өөрийн хадуур биш хүний хуучин сэг өгсөн байсан, тармуурны ихэнх шүд хугарсан, хаман боогч ажиллахгүй болсон, тракторын хянахын самбар нь ажиллахгүй, хүч дамжуулагч нь эвдэрсэн гэх мэт эвдрэлгүй шинэ техникээ өгөөд ямар ч хэрэглэх боломжгүй хуучин эвдрэлтэй техник хэрэгсэл буцаан авч маш ихээр хохироод байна. Ингээд бид ХАА-н текникүүддээ эвдрэл хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагад хандан гаргуулсан. 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 2277 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-аар уг ХАА-н техник хэрэгслийн нийт 15 төрлийн эд ангид их хэмжээний эвдрэл учирсан болох нь тогтоогдож нийт 19.665.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Би техникүүдээ цоо шинээр нь ТЭДС-аас зээлээр худалдан авсан ба нагац ах маань мэддэг чаддаг хүнээр нь тохиргоо хийлгэж хөдөлгөн 5 га газар л ногоон тэжээл хадахад ашигласан. Шинээрээ шахуу техникээ С.*******т өгөөд жил тойрон хэрэглүүлээд авахдаа энэ хэмжээний эвдрэлтэй болгон буцаан авсан.

Мөн С.******* нь жил тойрон миний техникийг хэрэглэхдээ эрт ургацын төмс хураан авч зарж ашиг олсон, 65 мянган боодол өвс хадаж, боож Хөвсгөл аймаг руу аваачиж зарж 65 сая төгрөгний ашиг олсон бөгөөд энэ талаараа өөрөө бидэнд хэлж удахгүй төлөлтөө хийнэ гэж хүлээлгэж байсан юм.

Иймд С.*******аас миний техникүүдэд учруулсан эвдрэл хохирлын үнэ болох 19,665,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж, мөн дээр нь миний техник хэрэгслийг үнэ төлбөргүй ашиглан олсон орлого болох 65,000,000 төгрөгний тал хувь болох 32,500,000 төгрөгийг, нийт 52,165,000 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.М.******* нь тус шүүхэд надад холбогдуулан удаа дараа их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нэг утга агуулга бүхий маргааны нэхэмжлэлийг гаргаж байна. Тухайн гаргаж буй нэхэмжлэлийг урьд нь тус шүүхээр шийдвэрлэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн миний биеийг цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулж, прокурорын байгууллагаас намайг ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл хийгээгүй гэдгийг тогтоож, тус байгууллагаас намайг гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй гэсэн шийдвэр гарсан бөгөөд тус шийдвэрүүд ч өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Би хариуцагч М.*******тай 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдөр трактор техник зарна гэхээр нь очиж наймаа хийхээр уулзаж байсан. М.******* манай хүүгийн трактор байгаа гэж хэлж байсан. Манай хүү Хөдөө аж ахуй дэмжих сангаас трактор техник авсан, одоо энийг хэрэглэхээргүй болчхоод зарах гэж байна гэж хэлж байсан. Би 06 дугаар сарын 28-ний өдөр хамгийн сүүлд мөнгөн гүйлгээгээ хийсэн. Би 35,000,000 төгрөгөөс 8,500,000 төгрөгийг 06 дугаар сарын 28-ний өдөр хийгээд трактор, техникээ авч байсан. 09 дүгээр сарын 02-ны өдөр М.******* надаас 32,000,000 төгрөг нэхсэн. Би Хөдөө аж ахуй дэмжих сангаас асуухад 27,400,000 төгрөг гэж хэлсэн. Надаас энэ хүн 5,000,000 төгрөг илүү нэхсэн. Энэ маргаанаас болж бид трактор, техникээ буцаахаар болсон. Энэ асуудлыг шүүх шийдээд дууссан байгаа. ******* гэж надаас мөнгө нэхэмжилж байгаа хүнийг би танихгүй, хараагүй, өөртөө нь би уулзаж байгаагүй. Тэгэхээр энэ *******гийн нэхэмжилж байгаа мөнгийг би төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 150/ШШ2025/00073 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан үндэслэлгүй тул С.*******т холбогдох 52,165,000 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуульч, өмгөөлөгч Д.Ариунтуяа миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М *******ын хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03-р сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116 2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх хуулийн заалтад нийцээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д *******гийн хувьд өөрийнх нь өмчлөлийн хөрөнгө болох трактор, хөдөө аж ахуйн техник хэрэгслийг хариуцагч С.*******т ашиглуулан маш их хэмжээний эвдрэл, гэмтэлтэй болгон буцаан авсан тул учирсан хохирлоо Иргэний хуулийн 493 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжилж шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч нь 2021 онд ХАА-г дэмжих сантай Трактор, хөдөө аж ахуйн техник зээлээр худалдах. худалдан авах гэрээ байгуулан трактор техник хэрэгслүүдийг худалдан авсан ба хариуцагч С.*******т шилжүүлэх үед уг техникүүд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М *******ын эзэмшилд байсан бөгөөд талууд энэ тал дээр огт маргадаггүй юм.

Нэхэмжлэгч Д ******* нь ХАА-г дэмжих санд зээлээ бүрэн төлж дууссан тул 2024 оны 12-р сарын 27-ны өдөр тракторынхоо техникийн гэрчилгээг гаргуулан авч өөрийн өмчлөлийнх болгон бүртгүүлсэн байна: Үүнээс өмнө буюу 2024 оны 10-р сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ******* нь өөрийн эзэмшилд байх дээрх трактор болон техник хэрэгслүүдэд ямар хэмжээний эвдрэл гэмтэл хохирол учирсан болохыг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагад хандан хохирлын үнэлгээ гаргуулсан Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 2277 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-аар уг техник хэрэгслүүдэд 15 нэр төрлийн иийт 19,665,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Ашид билгүүн ХХК-иин үнэлгээний тайланд Беларусь маркийн трактор, тармуур, хадуур пресс зэрэг хөдөө аж ахуйн техник хэрэгслийн эзэмшигч нь М.******* гэсэн нь маргаан бүхий тракторын өмчлөгч нь Д.******* гэж техникийн тодорхойлолтод бичсэнтэй зөрсөн, мөн тракторын иж бүрдэл М.*******ын эзэмшилд шилжсэн талаар нотлох баримтгүй байна /ШШ-ийн 9-р тал/ хэмээн дүгнэсэн нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Учир нь өмчлөх эрх нь өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийн нийлбэр бөгөөд өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг бусдын эзэмшилд өгөх эрхтэй, хэн нэгэн өмчлөх эрхгүй ч эзэмших эрхийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр эдлэх эрхтэй юм.

Уг трактор, техник хэрэгсэл иь 2021 оиы 10-р сараас эхлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ын эзэмшилд байсан талаар мөн М.******* нь С.*******т худалдахаар тохиролцон техникийг шилжүүлж, төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандан С.*******аас эвдрэлтэй техникүүдээ буцаан эзэмшилдээ авсан талаар хэрэгт авагдсан 2024 оны 03-р сарын 14-ний өдрийн 67 дугаартай шүүхийн шийдвэр, 2 удаагийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Прокурорын тогтоол, техник хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн зохигчдын тайлбар зэргээр хангалттай нотлогддог. Уг техник хэрэгслүүдийн хувьд нэхэмжлэгч Д.******* нь өмчлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ******* нь эзэмшигч болох нь хөдөлбөргүйгээр нотлогддог бөгөөд энэ талаар маргаан гараагүйн дээр эзэмшигч, өмчлөгч хоёр нь хоёр өөр этгээд байх нь уг үнэлгээний тайланг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл огт биш юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Захиалагч гэж энэ хууль болон гэрээнд заасан тохиолдолд өөрийн болон бусдын өмнөөс хөрөнгө үнэлүүлэх, захиалга өгсөн этгээдийг ойлгоно ." гэж заасан бөгөөд энэ нь хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр захиалга өгч буй этгээд нь заавал тухайн хөрөнгийн хувьд өмчлөгч байхыг шаардахгүй гэх агуулга юм. Өөрөөр хэлбэл өөрийн өмчлөлийн хөрөнгөө үнэлүүлэх болон бусдын өмчлөлийн хөрөнгийг үнэлүүлэхээр бусдын өмнөөс захилга өгч болно гэсэн ойлголт юм. Эзэмшигч М.*******ын хувьд эзэмшилдээ байгаа Д.*******гийн өмчлөлийн трактор техник хэрэгслийг хохирлын үнэлгээг гаргуулахаар үнэлгээний байгууллагад захилга гарган хандсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үр шим буюу ХАА-н техник хэрэгслийг ашиглаад олсон орлогоос тал хувийг нь гаргуулахаар нэхэмжилсэн Маргаан бүхий хөдөө аж ахуйн техник нь ажил гүйцэтгэж. ур шим ашиг өгөх зориулалттай бөгөөд хариуцагч нь анх тохирсон хугацаандаа техникийн төлбөрийг өгөхгүй удааж байх үедээ "... 10.000 боодол өвс хадаж Хөвсгөл аймаг руу аваачиж зарсан. 65 000.000 төгрөг болно. үүнээс төлбөрөө хийе..." хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* болон түүний ах М.Цагаанбаатар нарт хэлж. итгэл төрүүлэн хүлээлгэж байсан гэдэг Үүнд үндэслэн уг олсон гэх орлогын 50 хувь болох 32 500 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор буюу тухайн орлого хариуцагч С.*******ын дансанд орсон эсэх талаар тодруулахаар арилжааны банкууд дахь түүний эзэмшдэг данснуудын хуулгыг гаргуулж, нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгөхийг хүсэж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа шийдвэртээ уг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй /ШШ-ийн 10-р тал/ хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт цуглуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй бөгөөд гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд нотлох баримтаар тогтоогдож буй ХАА-н трактор техник хэрэгсэлд учирсан хохирол болох 19665000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03-р сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн техникийг манай дүү ашиглаж чадахгүй учраас амьдралаа дээшлүүл гэж өгсөн. Миний зүгээс трактор жолоодож чадахгүй бөгөөд техникийг ах та буцааж ав гэж хэлсэн. Гэтэл С.******* авъя гэж надаас гуйсан. Тиймээс байр нь барьцаанд байгаа учраас 3 жилийн төлөлтийг нь С.******* хийхээр тохиролцоод 35 сая төгрөгийг ахынхаа данс руу шилжүүлээд, одоо надад хамааралгүй шүү гэж хэлсэн. Гэтэл хариуцагч мөнгөө төлөхөө больсон. ... Миний шинэ машиныг авч жил ашиглаж эвдэрхий машин өгчхөөд урьдчилгаагаа авъя гэж байгааг гайхаж байна. Тэгэхээр миний зүгээс орлого хохирол зэргийг хаяад зөвхөн буцааж авсан техникийн эвдрэл гэмтлийн үнэлгээ болох 19 сая төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлттэй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр итгэмжлэл хүчингүй байна гэж намайг шүүх хуралдаанд суулгаагүй. Тэгснээ дараагийн шүүх хурал дээр энэ итгэмжлэл нь хүчинтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр анхан шатны шүүх нэг талыг хэт барьж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Д.*******гийн хүсэл зориг уу?, М.*******ын эрх ашиг сонирхол уу. М.*******тай холбоотой асуудлыг шүүх шийдээд ахин шүүхээр хэлэлцэгдээд дууссан. Манай үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар М.*******тай эрх зүйн харилцаанд ороогүй. Гарын үсэг зураагүй итгэмжлэл өгсөн учраас эхний удаа шүүх хуралдаанаас гаргасан. 2 ч удаа анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Техник нь хэний өмчлөлд байгаа талаар асуудал үүсээд хэргийг хэрэгсэхгүй болгоход тухайн шийдвэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөд 2024 оны эзэмшлийн гэрчилгээний дагуу ахин нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр тухайн цаг хугацаанд маргаан бүхий техник нь Тариалан эрхлэн сангийн өмчлөлд байсан учраас тухайн цаг хугацаанд техникд гэмтэл учирсан байсан бол төлбөрийг тариалан эрхлэлтийн газар нэхэмжлэх байсан. ...Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чаддаггүй бөгөөд М.*******тай холбоотой хэрэгт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр үйлчилж байгаа гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.

3.Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 09-р сарын 07-ны өдөр ХАА-г дэмжих сантай БелТТ-21/112-04 тоот "Трактор, хөдөө аж ахуйн техник зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулан 135,000,000 төгрөгний үнэ бүхий газар тариалангийн техник хэрэгсэл авсан бөгөөд өөрийн нагац ах М.*******ын эзэмшилд шилжүүлсэн бөгөөд энэ үед хариуцагч С.******* нь худалдан авахаар санал гаргаж урьдчилгаа 35.000.00 төгрөг төлж үлдэх төлбөрийг ХАА-г дэмжих санд төлөхөөр тохиролцжээ. Хариуцагч С.******* нь техникүүдийг хүлээн авч тохиролцсоны дагуу техникийн үнэ 35.000.000 төгрөгийг М.*******ын дансанд шилжүүлж техникийг хүлээн авсан байна. Ингэснээр нэхэмжлэгч Д.******* нь өөрийн нагац ах М.*******аар дамжуулан хариуцагч С.*******тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй талаар маргаан гарч улмаар нэхэмжлэгч нь нагац ах М.*******аар дамжуулан хариуцагч С.*******аас худалдсан хөдөө аж ахуйн техникүүдийг буцаан авах талаар хуулийн байгууллагад хандаж худалдсан техникүүдийг буцаан авчээ.

Ийнхүү техникийг буцаан авснаар нэхэмжлэгчээс хариуцагч С.******* нь техникийг эвдсэн, техникийн эд ангийг сольсон байх тул түүнийг хэвийн үйл ажиллагаанд оруулахад гарсан зардал буюу хохирол арилгуулах, мөн техникийн ашиглан тодорхой хэмжээний ашиг олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж түүнд холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 19.665.000 төгрөг, техник ашиглаж олсон ашиг 32.500.000 төгрөг нийт 52.165.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.4.Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.******* гэдэг хүнийг танихгүй, М.******* гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан, техникийг буцаан авсан боловч мөнгийг буцаан өгөөгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй гэжээ.

 

5.Хэрэгт авагдсан баримтаар:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 493 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эзэмшигчээс үүсэх үр дагаврыг шаардаж байгаа гэж тодорхойлж байгаа боловч хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчдын хооронд үүссэн маргаан нь Иргэний хулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах худалдах авах тухай гэрээс худалдагч тал болох нэхэмжлэгч Д.******* нь худалдан авагч С.*******ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээс Иргэний хуулийн 225 дүгээр зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шаардсан буюу мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар үүргээ дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх шаардлага гаргасан гэж үзлээ.

6.Дээрхи үйл баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба зохигчид нь гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй харин гэрээнээс татгалзсантай холбоотой эд хөрөнгөд учирсан хохирол арилгуулах, эд хөрөнгийг ашиглаж олсон ашгийг гаргуулах буюу гэрээ татгалзсанаас үүсэх үр дагаврын талаар маргасан гэж үзэхээр байна.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж хариуцагч С.******* нь 2022 оны 05 сард техникийг хүлээн авч техникийн урьдчилгаа 35.000.000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн бөгөөд техникийг худалдагчийн шаардлагаар хариуцагчаас 2022 оны 11 сард техникийг нэхэмжлэгчийн нагац ах М.******* нь буцаан авчээ.

Техникийг буцаан авах үед их хэмжээний эвдрэлтэй техникийн зарим иж бүрдэл нь дутуу байсан гэж нэхэмжлэгчээс маргаж, улмаар буцаан авсан техникт гаргасан хохирлыг тогтоолгохоор хөрөнгө үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-д хандаж улмаар 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 2277 дугаартай "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан" гаргажээ. Тус тайлангаар ХАА-н техник хэрэгслийн нийт 15 төрлийн эд ангид 19.665.000 төгрөгийн хохирол учирсан эвдрэл учирсан гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нар нь техникт учирсан хохирол болох 19.665.000 төгрөгийн хохирлоо дээрхи шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарладаг.

Техникүүдийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.******* нь 2022 оны 11 сард хүлээн авсан гэж тайлбарладаг боловч техникийг хэрхэн хүлээн авсан, хүлээлцсэн техникийн шинж чанарын талаар зохигчид ярилцаагүй байх ба техникийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмчлөлдөө хүлээн авснаас хойш 2 жилийн дараа 2024 оны 10 сард хөрөнгийн элэгдэл хорогдол, гэмтлийг тогтоолгохоор "Ашид билгүүн" ХХК-нд хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэсэн байх ба хариуцагч С.*******аас хүлээн авсан техникт "Ашид билгүүн" ХХК үзлэг хийж шинжилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, дээрхи шинжээчийн дүгнэлтээр хариуцагч С.******* нь техникт хохирол учруулсан гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.*******гээс хариуцагч С.******* нь техникийг худалдан авч нэг жилийн хугацаанд миний техникийг хэрэглэхдээ эрт ургацын төмс хураан авч зарж ашиг олсон, 65 мянган боодол өвс хадаж, боож Хөвсгөл аймаг руу аваачиж зарж 65 сая төгрөгний ашиг олсон тул ашгийн 50 хувийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлж байгаа боловч хариуцагчийг ийм хэмжээний ашиг олсон гэдэг нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх зохигчдоос ирүүлсэн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой хэрэгт хамааралтай талаас нь үнэлж талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэдэг тул нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

7.Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр түүний хариуцагч С.*******т холбогдуулан гаргасан 52.165.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн зохих заалтыг тодорхой тайлбарлаж хэрэглээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 150/ШШ2025/00073 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар хариуцагч С.*******т холбогдох 52,165,000 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн тогтоох хэсэгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 256.275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Г.ДАВААРЕНЧИН