Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                  Нарийн бичгийн дарга                                С.Төртулах

                  Улсын яллагч                                             Э.Гантулга

                             Шүүгдэгч                                                         У.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.Эт холбогдох эрүүгийн 1932000000110 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Ууганбаярын Э.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

У.Э нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 153-154 дэх км-н заалтын орчим “Тoyota Prius 20” маркийн “23-01” УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Б.Бтын жолоодож явсан “14-00” СЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Б.Бтын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э мэдүүлэхдээ: ...  мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны орой 18 цаг өнгөрч байхад Загдалаас гэрлүүгээ харихаар сумын төвөөр дамжин өнгөрсөн. Төв засмал замаар явж байтал араас нэг машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ намайг шүргэж унагасан. Тэгээд нөгөө машин маань цаашаа нилээн явж байгаад замын баруун гар тал руу шахаж зогсоод жолооч нь гээд нэг охин бууж над дээр ирсэн. Тухайн үед надаас юу болсон, бие нь яаж байгаа талаар асууж байсан. Намайг хөлөө хөдөлгөж үзэхэд хөл маань зүгээр харин зүүн эгэм хөндүүрлэж өвдөж байсан. Би өөрийнхөө эзэмшлийн Хайрхан маркын “14-00” СЭЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан. Уг мотоциклийг би 3 жилийн өмнө Баянгол сумын иргэн Г.Сг гэх хүнээс 400000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р хуудас/

Гэрч Д.Эт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин Эийн хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу харихаар явсан. Энэ үед манай охин машинаа бариад би хажуугийн суудал дээр унтаж явсан. Тэгээд нэг мэдэхэд түр тар болоод яг юу болсныг нь мэдээгүй. Тэгсэн манай охин яана аа, яана аа гээд байхаар нь би юу болсны асуусан чинь би машинаа замаас чөлөөлөөдөхье гээд замын хажуу тал руу шахаж зогсоод машинаасаа бууж гүйсэн. Намайг араас нь машинаас буугаад харахад нилээн зайтай газар замын хажууд мотоцикльтой хүн унасан байдалтай жолооч нь мотоциклийнхоо хажууд сууж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/

Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №428 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Б.Бтын биед зүүн эгэмний сэтэрхийтэй хугарал, цээжний баруун дээд хэсэг, бүсэлхий, зүүн өвдөг, баруун шилбэ, шагайнд цус хуралт, зулгаралт, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 43-р хуудас/

Техникийн шинжээчийн №12 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 35-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газрын схем зураг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-16-р хуудас/

Зээлийн гэрээ /ХХ-ийн 73-74-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч У.Эийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /66 дугаар хуудас/, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Э нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 153-154 дэх км-н заалтын орчим “Тoyota Prius 20” маркийн “23-01” УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Б.Бтын жолоодож явсан “14-00” СЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Б.Бтын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Бтын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны орой 18 цаг өнгөрч байхад Загдалаас гэрлүүгээ харихаар сумын төвөөр дамжин өнгөрсөн. Төв засмал замаар явж байтал араас нэг машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ намайг шүргэж унагасан. Тэгээд нөгөө машин маань цаашаа нилээн явж байгаад замын баруун гар тал руу шахаж зогсоод жолооч нь гээд нэг охин бууж над дээр ирсэн. Тухайн үед надаас юу болсон, бие нь яаж байгаа талаар асууж байсан. Намайг хөлөө хөдөлгөж үзэхэд хөл маань зүгээр харин зүүн эгэм хөндүүрлэж өвдөж байсан. Би өөрийнхөө эзэмшлийн Хайрхан маркын “14-00” СЭЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан. Уг мотоциклийг би 3 жилийн өмнө Баянгол сумын иргэн Г.Сг гэх хүнээс 400000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан гэсэн ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р хуудас/, Гэрч Д.Этийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин Эийн хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу харихаар явсан. Энэ үед манай охин машинаа бариад би хажуугийн суудал дээр унтаж явсан. Тэгээд нэг мэдэхэд түр тар болоод яг юу болсныг нь мэдээгүй. Тэгсэн манай охин яана аа, яана аа гээд байхаар нь би юу болсны асуусан чинь би машинаа замаас чөлөөлөөдөхье гээд замын хажуу тал руу шахаж зогсоод машинаасаа бууж гүйсэн. Намайг араас нь машинаас буугаад харахад нилээн зайтай газар замын хажууд мотоцикльтой хүн унасан байдалтай жолооч нь мотоциклийнхоо хажууд сууж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/, Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №428 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 43-р хуудас/, Техникийн шинжээчийн №12 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 35-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газрын схем зураг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-16-р хуудас/, Зээлийн гэрээ /ХХ-ийн 73-74-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч У.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч У.Э нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 153-154 дэх км-н заалтын орчим “Тoyota Prius 20” маркийн “23-01” УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Б.Бтын жолоодож явсан “14-00” СЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Б.Бтын биед зүүн эгэмний сэтэрхийтэй хугарал, цээжний баруун дээд хэсэг, бүсэлхий, зүүн өвдөг, баруун шилбэ, шагайнд цус хуралт, зулгаралт, хагалгааны дараах байдалтай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч У.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Б.Бт нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна /ХХ-н 95 дугаар хуудас/.

Энэ хэргийн улмаас У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, У.Эийн №1260956 дугаартай жолоочийн түр зөвшөөрөл, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүй, У.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ууганбаярын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эийг хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэргийн улмаас У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдсугай. 

            5. У.Эийн №1260956 дугаартай жолоочийн түр зөвшөөрөл, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигчид нь буцаан олгож зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Эт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.