Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2025/00030

 

П.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00292 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.*******,

Хариуцагч Т.*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3,777,150 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******ыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

П.******* миний бие Т. *******д 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зодуулсан. Тэрээр тухайн өдөр Т.******* согтуу байсан, надтай үл ялих асуудлаар санал зөрөлдөж, маргалдсаны улмаас миний үүдэн шүдэнд, толгой хэсэг рүү цохиж, намайг унахад цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үйлдлийн улмаас миний үүдэн нэг шүд цаашаа цөмрөн орж, хөдөлгөөн орж, зовуурьтай болсон. Улмаар шүд буглаж, буйл хөндүүрлэх болсон тул 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авхуулсан. Одоо онгорхой шүдтэй болсон байна.

Миний бие Т.*******д дээрх байдлаар зодуулсны улмаас тархи толгой байнгын өвдөх болсон тул 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт очиж "Интермэд" эмнэлэгт үзлэгт хамрагдаж эмчилгээ бичүүлж авсан. Одоогоор мөнгөний боломж байхгүй тул эмчилгээгээ эхлүүлж чадахгүй нөхцөл байдалд байна. Миний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул Т.*******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоол гарсан. Т.*******д Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх болсон талаар уг тогтоолд дурдсан байна.

Т.*******д зодуулсан зөрчлийн улмаас надад дараах эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой зардал гарсан. Үүнд: Эмнэлгийн үзлэг, нурууны зураг авхуулсан 224,300 төгрөг, тархины зураг авхуулсан 480,000 төгрөг, хэвлийн эхо 44,000 төгрөг, "Харзтай" эмнэлгийн үзлэг, зураг 50,000 төгрөг, шүд бугласан эмийн үнэ 19,450 төгрөг, шүд авхуулсан 35,000 төгрөг, шинжилгээний төлбөр 56,000 төгрөг, тархи толгойн эмчилгээнд зориулж эмчийн бичиж өгсөн эмчилгээний төлбөр 483,000 төгрөг, нийт эмчилгээний зардалд 1,391,750 төгрөг, замын зардал нийт 285,400 төгрөг, хиймэл шүд нөхөн хийлгэх зардал 2,100,000 төгрөг,

Т.*******гийн намайг зодсон үйлдлийн улмаас надад учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахын тулд надад учирсан хохиролд нийт 3,777,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хүнийг зодсон хэрэг тарьчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй, буруугүй мэтээр явж байгаад үнэхээр гомдолтой байна. Энэхүү нэхэмжлэлийг даруй шийдэж иргэн П. ******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Миний бие нь П.*******од гэмтэл учруулаагүй. Цагдаагаас шалгаад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж үзээд зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэж дүгнэн торгосон. Шүүхээс дахин шалгуулахаар болсон Цагдаагийн байгууллага дахин шалгаад гэмтлийн зэргийг тогтоогдоогүй тул торгосон. Иймд П. *******ын нэхэмжилсэн 3,777,150 төгрөг төлөх боломжгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00292 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Т.*******гоос 2.990.850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 786.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, ...шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Т.******* би анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр 2,990,850 төгрөгийг П.*******од гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Учир нь миний бие 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр П.*******ын биед гэмтэл учруулахгүй зодсон нь үнэн. Тэгэхдээ би түүний нүүрэн тус газар цохиогүй бөгөөд гуя руу өшиглөсөн үйлдэл бол байгаа. Тэгээд Цагдаагийн байгууллагаас шалгаад гуя руу өшиглөсөн үйлдэлд 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Гэтэл анхан шатны шүүхээс П.*******ын нүүрэн тус газар цохиж, шүдийг гэмтээсэн гэж дүгнээгүй атлаа шууд эрүүл мэндэд 2,990,850 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь өрөөсгөл юм.

Учир нь П.******* нь тухай өдрөөс хойш хэд хоногийн дараа цагдаад гомдол гаргасан, 3-4 хоног хаагуур явсан, юу болсон талаар тодорхойгүй, намайг түүний гуя руу өшиглөсөн талаар гэрчүүд мэдүүлдэг, мөн архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, өөр хүн эсхүл өөрөө унаж гэмтсэн байх боломжтой.

Цагдаагаас Т.******* нь П.*******ын гуя руу өшиглөсөн талаар тогтоосон, бусдын биед халдсан гэж торгосныг шүүхээс шүд рүү цохисон үйлдэл хийсэн мэт хохирол гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хэрэг материалд үнэлэлт дүгнэлт хийлгүй нэхэмжилсэн мөнгийг гаргуулж, Т.******* миний гаргасан зөрчил П.*******ын биед учирсан хохирол хоёрын хоорондох шалтгаант холбоог дүгнэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд миний бие дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хариуцагч худал гомдол гаргасан байна. Би хариуцагчид зодуулсны дараагаар хамрынхаа цусыг ч тогтоогүй байхад Шаамар сумын цагдаагийн газар очсон. Тухайн үед хэсгийн төлөөлөгч нь байхгүй байсан бөгөөд маргааш гомдлоо бичээд ир гэхээр нь маргааш нь гомдлоо өгсөн. Би 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байхдаа унаж, таталт өгсөн бөгөөд сумын эмч ирж үзсэн баримт нь хэрэгт байна. Мөн хариуцагчийн зүгээс намайг ална гээд мотоциклтой араас хөөж байсан. Сүүлийн шинжээч намайг үзээгүй бөгөөд тухайн үед миний шүд буглачихсан байсан. Одоо бол уначихсан, хийлгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй П.*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг 49 дүгээр точигт оршин суух П.******* нь мөн аймгийн Шаамар сумын 2 дугаар багт оршин суух Т.*******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол хор уршиг 3,777,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Т.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч Т.*******гийн ...Би П.*******ын биед гэмтэл учруулаагүй, үүнийг хэрэг шалгах явцад тогтоогдсон учраас намайг 100,000 төгрөгөөр торгосон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 4.Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Т.*******д зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хохирол учраагүй буюу гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлогдсон хариуцагч Т.******* нь хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодох буюу Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100,000 төгрөгөөр торгуулсан нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хэргийн материалуудаар тогтоогдсон, Т.******* гэм буруугийн талаар маргалдсан нь хуулийн үндэслэлгүй байна.

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн өөрт нь учирсан хохирол хор уршгийг арилгах буюу хиймэл шүд хийлгэх зардалд 2,100,000 төгрөг шаардлагатай байгаа талаарх шүдний эмчийн тодорхойлолт, нурууны зураг авхуулсан зардал 224,300 төгрөг, тархины зураг авхуулсан 480,000 төгрөг, хэвлийн эхоны баримт 44,000 төгрөг, шүд авсан үнэ 35,000 төгрөг, эмийн үнэ 19,450 төгрөг, шинжилгээний төлбөр 56,000 төгрөг, эмийн үнэ 483,000 төгрөг, замын зардал 285,400 төгрөгийн баримтуудад анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж 2,990,850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 786,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн нурууны зураг авхуулсан 224,300 төгрөг, хэвлийн эход харуулсан 44,000 төгрөгийн зардал нь хариуцагчийн үйлдэлтэй холбоотойгоор гаргасан зардал гэж үзэх боломжгүй гэж, тархи толгойны эмчилгээнд гарсан зардал 483,000 төгрөг, замын зардал 35,000 төгрөгийн холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 786,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны 316/ШШ2025/00292 дугаартай шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасныг мөн шүүх тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1-т заалтыг баримтлан шийдвэрлээгүй нь хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй алдаа байх боловч давж заалдах шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Т.*******гоос 2,990,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 786,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1.-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай. гэж тус тус өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар зохигчид нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2-т дах хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зааснаар гомдол гаргахгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Б.ЭРДЭНЭХИШИГ